Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00055

 

 

*******, Б.Наранхүү, Б.Номин нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч С.Үржинжав,

Н.Шагдарсүрэн нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, Б.Наранхүү, Б.Номин нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч нарын худалдах, худалдан авах гэрээний төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч *******, Б.Наранхүү, Б.Номин нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн *******, Б.Наранхүү, Б.Номин бид 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хувь лизингээр СХД-ийн 6-р хороо Ханын материалын 58а байрны 29 м2 2 өрөө байрыг худалдан авч тухайн өдөрт нь Шагдарсүрэнд 11 сая төгрөгийг бэлнээр өгч, Хаан банкны 5093089326 тоот дансанд 3 сая, 7.700.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн ээмэг бөгжөө ломбарданд тавьж 300.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөнгө төлөхөөс өмнө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уг байранд нүүж орсон. Ингээд охин Дэлгэрзаяагийн 5021270325 тоот дансанд сар бүр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2.400.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1500000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 сард 600.000 төгрөгийг охин Номингоор тус тус шилжүүлүүлсэн. Гэтэл уг байр нь маш хүйтэн, хүн амьдрахад маш хэцүү болж бие өвдөж олон удаа эмнэлэгт хэвтсэн учир байрыг буцаахаар ярилцсан. 2019 оны 03 сард байрыг нь суллаж гарсан бөгөөд тухайн үед надад 11 сая төгрөгийг буцааж төлсөн. Үүнээс хойш буцааж төлсөөр 17.600.000 төгрөг төлсөн боловч 3 сая төгрөгийг дутуу төлсөн. Иймд дээрх хариуцагч нараас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжпэгч нар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201031513 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон. Орон сууцыг худалдан авах үнэ нь 48.000.000 сая төгрөг байхаар тохирч, урьдчилгаанд 11.000.000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр төлөх, үлдэгдэл 37.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч нар нь тухайн үед орон сууцыг өөрсдөө үзэж, боломжийн үнэтэй сайхан орон сууц байна. Бид 5-н шард амьдарч байсан энэ хавийн орон сууцнуудыг сайн мэднэ гэж хэлээд орон сууцыг авахаар болсон. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг бид харилцан тохиролцож хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан. Гэрээний 3-т Хэрэв худалдан авагч буцах болвол амьдарч буй байрны гэрэл, цахилгаан, сөх-г хариуцна. Сар бүрийн түрээсийг 300.000 төгрөгөөр тооцно. Худалдагч тал 2018 оны 05 дугаар сарын 31-г дуустал ус, дулаан, гэрэл, цахилгаан, сөх-н мөнгийг бүрэн төлж баримтыг шилжүүлнэ.. гэж тохиролцсон. Орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч нарт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч тэд орон сууцанд нүүж орж амьдарсан. Тэд орон сууцанд 8 сар 12 хоног амьдарсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүл гэсэн шаардлагыг тавьсан. Гэрээ ёсоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 37.000.000 төгрөгийг төлсний дараа шилжүүлэх нөхцлийг зөрчсөн шаардлага тавьсан. Үүнийг худалдагч тал болох бид зөвшөөрөөгүй тул орон сууц худалдах худалдах авах гэрээнээс өөрсдөө сайн дураараа татгалзсан. Ийнхүү орон сууцанд орсон өдрөөс хойш тэд 9 сар 12 хоног орон сууцанд амьдарч орон сууцыг орхиод явсан. Орон сууцанд амьдарч байхдаа гал тогтооны өрөөг орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн байсан ба ашиг орлого олсон байдаг. Мөн орон сууцнаас гарахдаа орон сууцыг бидэнд хүлээлгэн өгөөгүй төдийгүй 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогтооны тосгуур, крант 1 ширхэг зэргийг зөвшөөрөлгүй хууль бусаар авч явсан байсан. Нэхэмжлэгч нарын орон сууцанд амьдарсан хугацаа 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300.000 төгрөгөөр тооцож 2.820.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын орон сууцны цахилгаан, хог, сөх, ыдулааны мөнгө 108.256 төгрөг нийт 2.928.000 төгрөг, орон сууцны 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэрэгт 71.744 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг тэдэнтэй харилцан тохиролцож суутган авсан. Иймд нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Наранхүү, *******, Б.Номин нартай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот орон сууцыг худалдахаар тохиролцож төлбөрийг хэсэгчлэн авахаар тохиролцсон. Б.Наранхүү, *******, Б.Номин нар нь тохиролцсон ёсоор орон сууцанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орж амьдарч эхэлсэн ба 2019 оны 03 дугаар сар хүртэл нийт 9 сар 12 хоног амьдарсан. Тэд гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо зөрчиж төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулах гэрээгээ зөрчсөн шаардлага тавих болсон ба үүнийг худалдагч тал зөвшөөрөөгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс Б.Наранхүү, *******, Б.Номин нар сайн дураараа татгалзсан. Орон сууцанд амьдарч байхдаа гал тогооны өрөөг орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн байсан ба ашиг орлого олсон байдаг. Мөн орон сууцнаас гарахдаа орон сууцыг бидэнд хүлээлгэн өгөөгүй төдийгүй 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэргийг зөвшөөрөлгүй хууль бусаар авч явсан байсан. Б.Наранхүү, *******, Б.Номин нараас орон сууцанд амьдарсан хугацаа болох 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300.000 төгрөгөөр тооцож 2.820.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын орон сууцны цахилгаан, хог, сөх дулааны мөнгө 108.256 төгрөг, орон сууцны 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэрэгт 71.744 төгрөг нийт 3.000.000 төгрөг гаргуулан авна. Иймд нийт 3.000.000 төгрөгийг Б.Наранхүү, *******, Б.Номин нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Уг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид анх л 2018 оны 06 сарын 19-ний өдөр орон сууц худалдан авах гэрээгээр гэрээ байгуулсан. Гэтэл бидний худалдан авах гэсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот орон сууц нь хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн, орчин нь бохир, сан нь муу, халаалт муутай ч гэсэн худалдагч тал нуун дарагдуулж зарсан байсан. Ингээд хариуцагч нарт хэлж гэрээг цуцлах санал хүргүүлж мэдэгдсэн. Тэд хүлээн зөвшөөрч бидний өгсөн мөнгийг буцаан төлсөн. Гэтэл үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдүүлсэн. Арга буюу бид шүүх хандаж байна. Бид байр чөлөөлөх гэсэн боловч худалдагч тал мөнгийг өгч чадахгүй 1 сар хүлээгээч гэсэн. Ингэхдээ сарын хэрэглээний төлбөрийг авахгүй учир нь бид тэнд байгаагүй болохоор тэгж тохирсон. Харин би нэхэмжлэл гаргахаас өмнө анх манайд байраа зарахдаа хөшиг, чүүлээ авахгүй хаяж явахаар нь аваарай гэхэд хэрэггүй танайх хэрэглэвэл хэрэглээд үгүй бол хаячих гэхээр нь угааж дараагийн айлд нь хүлээлгэж өгсөн. Манайх гал тогооны өрөөг хүүхдийн өрөө болгож ашиглаад өөрсдийн ком тавилга тавихдаа тосгуур крант шинээр авсан. Мөн бид түрээслэж амьдраагүй тул амьдарч байсан хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч С.Үржинжаваас 191.744 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж *******, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.808.256 /хоёр сая найман зуун найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Шагдарсүрэн, С.Үржинжав нарын нэхэмжлэгч *******, Б.Наранхүү, Б.Номин нараас 3.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Б.Наранхүү, Б.Номин нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөг, хариуцагч Н.Шагдарсүрэн, С.Үржинжав нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Үржинжаваас улсын тэмдэгтийн хураамж 6402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д зааснар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам өрчсөн мөн хэт нэг талд үйлчилж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үндэслэх хэсэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцааг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Гэрээг хүчин төгөдөр бусд тооцох, эрхийн доголдолтой орон сууц худалдсан нь гэрэг цуцлах гол үндэслэл болсон. Хэргийн маргаан бүхий уг орон сууц нь шугам эвдрэлтэ улмаас халаалт муу болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Мөн хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцааж өгч байсан зэрэг нь гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхнаасаа нэхэмжлэгчийн хүсэл зориг нь бол байр худалдан авах зорилготой байсан. Гэтэл тухайн орон сууц эрхийн доголдолтой байсан болохоор гэрээг цуцлаж мөнгөө авч эхэлсэн боловч хариуцагч нар мөнгийг нь дутуу өгсөн болохоор нэхэмжлэл гаргасан, гэтэл хариуцагч тал тухайн байрыг аль хэдийн өөр бусдад зарсан байхад шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар амьдарч байсан хугацааны төлбөр гэж нэг сарын 300.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хүн хуурч мэхлэн халаат муу байраа мэдсээр байж нуун зарсан, гэрээг нотариатаар батлуулаагүй байхад хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаад гомдолтой байна. Иргэн бүр хуулийг дагаж мөрдөж, биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаж, эргэлзээгүй, талаас нь үнэлж дүгнэж чадсангүй. Иймд шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч *******, Б.Наранхүү, Б.Номин нар нь хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нараас худалдан авсан орон сууцны үнийн үлдэгдэл 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч нараас орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 2.820.000 төгрөг Сууц өмчлөгчдийн холбооны 108.256 төгрөг, хөшиг, тюль, гал тогооны тосгуур, крантны үнэ 71.744 төгрөг нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Үржинжаваас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо ханын материалын комбинат 58а байрны 26 тоот хаягт байрлах 29м2 талбай бүхий 2 өрөө байрыг 48 сая төгрөгөөр худалдан авахаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 11 сая төгрөг төлж үлдэгдэл 37 сая төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, худалдан авагч байрны цахилгаан сууц өмчлөгчдийн холбооны зардлыг хариуцан төлөх, гэрээнээс буцах болвол сар бүр түрээсийг 300.000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нар гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг хариуцагчаас хүлээн авч нүүн орсон, 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 11 сая төгрөгийг С.Үржинжавд төлсөн ба 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч нар орон сууцны үнэнд нийт 20.600.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд гэрээний дагуу нэхэмжлэгч нар тухайн байранд нүүн орж амьдарсан боловч байр халаалт муутай өвөлдөө амьдрахад хүйтэн тохь тух муу байсан учраас хариуцагч С.Үржинжавт энэ тухай мэдэгдэж худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар болсон, үүний дагуу хариуцагч С.Үржинжав саналыг зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын хооронд 17.600.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт цувуулан өгч барагдуулсан 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй болох, тухайн байр нь өвөлдөө халаалт муутай хүйтэн байсан нь Гэрэлт цом СӨХ, ОСНАА-н удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвийн албан бичиг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хариуцагч С.Үржинжав нь худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх, худалдагч нь худалдаж буй хөрөнгийн талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нар хариуцагчид байрыг хэзээ буцаан хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул байр худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 03 дугаар сард цуцлагдсан, нэхэмжлэгч нар хариуцагч С.Үржинжавтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3-т худалдан авагч буцах болвол амьдарч байсан байрны цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцан, сар бүрийн түрээсийг 300.000 төгрөгийг тооцно гэсний дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдах хүртэл буюу 2019 оны 03 дугаар сар хүртэл тухайн байранд амьдарсан хугацааны төлбөрийг сар бүр 300.000 төгрөгөөр тооцон 2.700.000 төгрөг төлөх, мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 108.256 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгч нарын байрны үнэнд төлсөн дүнгээс 3 сая төгрөгийг С.Үржинжав суутган авсан тул нэхэмжлэгч нарт төлөх 2.808.256 төгрөгийг хасч тооцон зөрүү 191.744 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлтэй Иргэний хуулийн 243, 256 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Мөн хариуцагч С.Үржинжавын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаар татагдсан Н.Шагдарсүрэн нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцоогүй зэрэг үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч *******гийн ... анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалж, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй ... гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 63.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ