Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00191

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00191

 

 

 

Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин

нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар магадлалтай,

 

Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарын нэхэмжлэлтэй,

С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нарт холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах үндсэн,

3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Болортуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нар нь хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нарт холбогдуулан гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нараас 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч С.Үржинжаваас 191,744 төгрөг гаргуулж Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,808,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Шагдарсүрэн, С.Үржинжав нарын нэхэмжлэгч Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нараас 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөг, хариуцагч Н.Шагдарсүрэн, С.Үржинжав нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Үржинжаваас улсын тэмдэгтийн хураамж 6,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Болортуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Д.Болортуяа хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Орхон аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 55 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үндэслэх хэсэгт Орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцааг үндэслэл болгосон харин уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй, хэт нэг талд ашигтай байхаар тусгасан гэрээ байсан, нотариатаар батлуулаагүй, мөн надад танилцуулаагүй уншиж ч үзээгүй шүүх дээр ирээд л түрээс тооцохоор заасан байсныг мэдсэн үүнийгээ давж заалдах шатны шүүхэд хэлээд байхад анхнаасаа мэдсээр байж уг болзлыг зөвшөөрч гэрээ хийсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Надад тэр хүмүүсийн орон сууцанд амьдарч өөрийн мөнгөө хэмнэх гэсэн ямар ч бодол хүсэл байхгүй. Би халаалт байхгүй хүйтэн байна гээд хэлж, сар хөөцөлдөж яваад уг байр нь халаалт угаасаа муу хэдэн жил болж байгаа, үүнийг зун л сольж байж л шийдвэрлэх боломжтой гэдгийг мэдсэн юм. Үнэн байдал нь тодорхой болсон болохоор С.Үржинжав мөнгөө өгөхөөр болсон. Гэтэл шүүх энэ бүх үнэн шударга байх ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй шийдвэр гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, эрхийн доголдолтой орон сууц худалдсан нь гэрээг цуцлах гол үндэслэл болсон. Хэргийн маргаан бүхий уг орон сууц нь шугам эвдрэлтэй улмаас халаалт муу болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Мөн хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцааж өгч байсан зэрэг нь гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл тухайн орон сууц эрхийн доголдолтой байсан болохоор гэрээг цуцалж мөнгөө авч эхэлсэн боловч хариуцагч нар мөнгийг нь дутуу өгсөн болохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал тухайн байрыг аль хэдийн өөр бусдад зарсан байхад шүүх ИХ-ийн 496 дугаар зүйлд зааснаар амьдарч байсан хугацааны төлбөр гэж 1 сарын 300,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хүн хуурч мэхлэн халаалт муу байраа мэдсээр байр нууж зарсан, гэрээг нотариатаар батлуулаагүй байхад хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд Шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 00205 дугаар шийдвэр, Орхон аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 55 тоот магадлал зэргийг хүчингүй болгож, Д.Болортуяа миний нэхэмжлэлийг үнэн шударгаар дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нар хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нараас худалдан авсан орон сууцны үнэ гэж төлсөн мөнгөний үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Үржинжав, Н.Шагдарсүрэн нар бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр 2,820,000 төгрөг, СӨХ-ны мөнгө 108,256 төгрөг, 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крантны үнэ 71,744 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч С.Үржинжаваас 191,744 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,808,256 төгрөг болон хариуцагч Н.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч нарын 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Болортуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

 

7. Нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Үржинжаваас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 58а байрны 26 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2018.06.19-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 11,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 37,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулах, худалдан авагч байрны цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны зардлыг хариуцан төлөх, гэрээнээс буцах болвол сар бүр түрээсийг 300,000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар 2018.06.18-ны өдөр орон сууцанд нүүн орсон, гэрээгээр тохирсон урьдчилгаа мөнгийг хариуцагч С.Үржинжавд төлсөн ба 2019 оны 1 сар хүртэл хугацаанд нийт 20,600,000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн нь тогтоогдсон байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх дүгнэжээ.

 

8. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нар тухайн байранд амьдарч эхэлсэн боловч халаалт муутай, өвөлдөө амьдрахад хүйтэн байсан учраас хариуцагч С.Үржинжавт энэ тухай мэдэгдэж гэрээг цуцлахаар болсныг хариуцагч зөвшөөрч, 2019.03.01-ний өдрөөс 2019 оны 10 сарын хооронд 17,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгч барагдуулсан, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, түүнчлэн гэрээний зүйл болох орон сууц нь өвөлдөө халаалт муутай хүйтэн байсан нь Гэрэлт цом СӨХ, ОСНАА-н удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвийн албан бичиг зэрэг баримтаар тогтоогджээ.

 

9. Нэхэмжлэгч Д.Болортуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

9.1. Хариуцагч С.Үржинжав нь худалдаж буй хөрөнгийн талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нар ... байр нь халаалт муу, өвөлдөө маш хүйтэн болохыг өвөл болж халаалт ирэхэд мэдэж, байрыг буцаах талаар хариуцагч С.Үржинжавд мэдэгдсэн, тэрээр 17,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт цувуулан буцааж өгсөн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөөгүй талаар талууд маргаагүй байна.

 

9.2. Хоёр шатны шүүх ...орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3-т ....худалдан авагч буцах болбол амьдарч буй байрны гэрэл, цахилгаан, сөх-г хариуцна. Сар бүрийн түрээсийг 300,000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нарыг 2018.06.18-ны өдрөөс 2019.03.18-ны өдөр хүртэл 9 сарын төлбөрт 2,700,000 төгрөг, 2019 оны 1, 2 сарын СӨХ-ны төлбөр 108,256 төгрөг, нийт 2,808,256 төгрөгийг С.Үржинжав төлөх үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

 

9.3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд гэрээнээс татгалзах үндэслэлд нэхэмжлэгч тал бус харин хариуцагч тал энэ тогтоолын 8 болон 9.1-д зааснаар буруутай байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иймд хариуцагч С.Үржинжав 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нар амьдарч байсан хугацааны СӨХ-ны мөнгө 108,256 төгрөгийг төлөх ёстой тул 2,891,744 төгрөгийг хариуцагч С.Үржинжаваас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 108,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч С.Үржинжаваас 191,744 төгрөг гаргуулж Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,808,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч С.Үржинжаваас 2,891,744 төгрөг гаргуулж Д.Болортуяа, Б.Наранхүү, Б.Номин нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэж, шийдвэрийн 2 дахь заалтын 6402 гэснийг 61,218 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН