Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/шш2020/00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Нэхэмжлэгч: Б.Н

Нэхэмжлэгч: Б.Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Ү

 

Хариуцагч: Н.Ш нарт холбогдох

 

3 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ү, Н.Ш нарын нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нарт холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Батчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б, Б.Н, Б.Н бид 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хувь лизингээр СХД-ийн 6-р хороо Ханын материалын 58а байрны 29 м2 2 өрөө байрыг худалдан авч тухайн өдөрт нь Ш-д 11 сая төгрөгийг бэлнээр өгч, Хаан банкны 5093089326 тоот дансанд 3 сая, 7 700 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн ээмэг бөгжөө ломбарданд тавьж 300 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөнгө төлөхөөс өмнө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уг байранд нүүж орсон. Ингээд охин Д-ийн 5021270325 тоот дансанд сар бүр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2 400 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1500000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 01 сард 600 000 төгрөгийг охин Н-оор тус тус шилжүүлүүлсэн. Гэтэл уг байр нь маш хүйтэн, хүн амьдрахад маш хэцүү болж бие өвдөж олон удаа эмнэлэгт хэвтсэн учир байрыг буцаахаар ярилцсан. 2019 оны 03 сард байрыг нь суллаж гарсан бөгөөд тухайн үед надад 11 сая төгрөгийг буцааж төлсөн. Үүнээс хойш буцааж төлсөөр 17 600 000 төгрөг төлсөн боловч 3 сая төгрөгийг дутуу төлсөн. Иймд дээрх хариуцагч нараас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ү, Н.Ш нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Д.Б -нарын 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гардан авч танилцаад үндэслэлгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжпэгч нар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201031513 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон. Орон сууцыг худалдан авах үнэ нь 48 000 000 сая төгрөг байхаар тохирч, урьдчилгаанд 11 000 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр төлөх, үлдэгдэл 37 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч нар нь тухайн үед орон сууцыг өөрсдөө үзэж, боломжийн үнэтэй сайхан орон сууц байна. Бид 5-н шард амьдарч байсан энэ хавийн орон сууцнуудыг сайн мэднэ гэж хэлээд орон сууцыг авахаар болсон. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг бид харилцан тохиролцож хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан. Гэрээний 3-т Хэрэв худалдан авагч буцах болвол амьдарч буй байрны гэрэл, цахилгаан, сөх-г хариуцна. Сар бүрийн түрээсийг 300 000 төгрөгөөр тооцно. Худалдагч тал 2018 оны 05 дугаар сарын 31-г дуустал ус, дулаан, гэрэл, цахилгаан, сөх-н мөнгийг бүрэн төлж баримтыг шилжүүлнэ.. гэж тохиролцсон. Орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч нарт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч тэд орон сууцанд нүүж орж амьдарсан. Тэд орон сууцанд 8 сар 12 хоног амьдарсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүл гэсэн шаардлагыг тавьсан. Гэрээ ёсоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 37 000 000 төгрөгийг төлсний дараа шилжүүлэх нөхцлийг зөрчсөн шаардлага тавьсан. Үүнийг худалдагч тал болох бид зөвшөөрөөгүй тул орон сууц худалдах худалдах авах гэрээнээс өөрсдөө сайн дураараа татгалзсан. Ийнхүү орон сууцанд орсон өдрөөс хойш тэд 9 сар 12 хоног орон сууцанд амьдарч орон сууцыг орхиод явсан. Орон сууцанд амьдарч байхдаа гал тогтооны өрөөг орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн байсан ба ашиг орлого олсон байдаг. Мөн орон сууцнаас гарахдаа орон сууцыг бидэнд хүлээлгэн өгөөгүй төдийгүй 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогтооны тосгуур, крант 1 ширхэг зэргийг зөвшөөрөлгүй хууль бусаар авч явсан байсан. Нэхэмжлэгч нарын орон сууцанд амьдарсан хугацаа 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300 000 төгрөгөөр тооцож 2 820 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын орон сууцны цахилгаан, хог, сөх, дулааны мөнгө 108 256 төгрөг нийт 2 928 000 төгрөг, орон сууцны 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэрэгт 71 744 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг тэдэнтэй харилцан тохиролцож суутган авсан. Иймд нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ү, Н.Ш нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Н, Д.Б, Б.Н- нартай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот орон сууцыг худалдахаар тохиролцож төлбөрийг хэсэгчлэн авахаар тохиролцсон. Б.Н, Д.Б, Б.Н- нар нь тохиролцсон ёсоор орон сууцанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орж амьдарч эхэлсэн ба 2019 оны 03 дугаар сар хүртэл нийт 9 сар 12 хоног амьдарсан. Тэд гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо зөрчиж төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулах гэрээгээ зөрчсөн шаардлага тавих болсон ба үүнийг худалдагч тал зөвшөөрөөгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс Б.Н, Д.Б, Б.Н- нар сайн дураараа татгалзсан. Орон сууцанд амьдарч байхдаа гал тогооны өрөөг орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн байсан ба ашиг орлого олсон байдаг. Мөн орон сууцнаас гарахдаа орон сууцыг бидэнд хүлээлгэн өгөөгүй төдийгүй 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэргийг зөвшөөрөлгүй хууль бусаар авч явсан байсан. Б.Н, Д.Б, Б.Н- нараас орон сууцанд амьдарсан хугацаа болох 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300 000 төгрөгөөр тооцож 2 820 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын орон сууцны цахилгаан, хог, сөх дулааны мөнгө 108 256 төгрөг, орон сууцны 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэрэгт 71 744 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулан авна. Иймд нийт 3 000 000 төгрөгийг Б.Н, Д.Б, Б.Н- нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б -сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Ш, С.Ү нарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид анх л 2018 оны 06 сарын 19-ний өдөр орон сууц худалдан авах гэрээгээр гэрээ байгуулсан. Гэтэл бидний худалдан авах гэсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот орон сууц нь хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн, орчин нь бохир, сан нь муу, халаалт муутай ч гэсэн худалдагч тал нуун дарагдуулж зарсан байсан. Ингээд хариуцагч нарт хэлж гэрээг цуцлах санал хүргүүлж мэдэгдсэн. Тэд хүлээн зөвшөөрч бидний өгсөн мөнгийг буцаан төлсөн. Гэтэл үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдүүлсэн. Арга буюу бид шүүх хандаж байна. Бид байр чөлөөлөх гэсэн боловч худалдагч тал мөнгийг өгч чадахгүй 1 сар хүлээгээч гэсэн. Ингэхдээ сарын хэрэглээний төлбөрийг авахгүй учир нь бид тэнд байгаагүй болохоор тэгж тохирсон. Харин би нэхэмжлэл гаргахаас өмнө анх манайд байраа зарахдаа хөшиг, чүүлээ авахгүй хаяж явахаар нь аваарай гэхэд хэрэггүй танайх хэрэглэвэл хэрэглээд үгүй бол хаячих гэхээр нь угааж дараагийн айлд нь хүлээлгэж өгсөн. Манайх гал тогооны өрөөг хүүхдийн өрөө болгож ашиглаад өөрсдийн ком тавилга тавихдаа тосгуур крант шинээр авсан. Мөн бид түрээслэж амьдраагүй тул амьдарч байсан хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б -нь хариуцагч Н.Шагдарсүрэн, С.Үржинжав нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг 6-р хорооны ханын материалын 58А тоот байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцож гэрээ хийсэн. Харилцан тохиролцохдоо 11.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгч гэрээ хийгээд, үлдэгдэл мөнгийг графикийн дагуу хувааж өгч байсан. Тухайн байр нь халаалт муу, маш хүйтэн хүн амьдрах боломжгүй байсан. Энэ тухайгаа хариуцагч нарт мэдэгдэж засан сайжруулж өгөхийг шаардсан. Тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэхэд анх баригдахдаа шугам хоолой муу, айл хоорондын шугамаа солих хэрэгтэй гэсэн. Үүнийг хариуцагч нарт хэлсэн дулаан үед байраа зарсан, хүйтэн болоход эд хөрөнгийн доголдол нь илэрсэн учраас гэрээгээ цуцлая мөнгөө авъя энэ байранд амьдарч чадахгүй гэсэн. Тэгээд энэ асуудлын талаар хариуцагч нартай ярилцаж мөнгөө авахаар болсон. Ингэж явсаар байгаад мөнгөө авч чадаагүй. Хариуцагч тал 2 сар түр хүлээж бай мөнгийг чинь олж өгнө гэсэн тэгээд бага багаар өгч одоо 3.000.000 төгрөг үлдсэн байгаа тэрийгээ нэхэмжилж байгаа. Хүйтэн байранд байснаас болж өвдсөн эмчилгээний зардал болон замын зардлаа нэхэмжлээгүй. Зөвхөн байр авахад өгсөн мөнгөө буцааж авах нэхэмжлэл гаргасан. Хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус, гэрээг цуцалсан учир үлдсэн мөнгө болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээнд тусгагдсанаар амьдарсан хугацаа буюу 9 сар 12 хоногийн мөнгийг хасаж тооцно гээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Б -нь эрүүл мэндээ бодоод байрыг орхиод гарч явсан. Өмнө нь хариуцагчид мэдэгдсэн болохоор гэрээ зөрчсөн зүйл байхгүй. Харин эрхийн доголдолтой зүйл худалдаж хүний бие,сэтгэл санаа, эрүүл мэндийг хохироож байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болно. ...Иргэд хоорондоо харилцан тохиролцож хийсэн гэрээнд ямар нэгэн эрхийн доголдолтой, ямар нэгэн саад гарсан тохиолдолд яах талаар заалт оруулаагүй зөвхөн худалдагч талд ашигтай байдлаар хийсэн, хэт нэг талыг барьсан гэрээ байгааг шүүх анхаарч үзнэ биз. Худалдах, худалдан авах гэрээнд ч бай, ипотекийн гэрээнд заасан байдаг ямар нэгэн байдлаар эрхийн доголдолтой хөрөнгө түүнтэй холбоотой барилгын чанар байдалд ямар нэгэн асуудал гарсан бол тухайн хүний худалдаж авах гэсэн зорилгыг үгүй хийдэг ба тэрнээс татгалзах эрхтэй. Тэгээд ид хүйтэн байхад нь гараагүй байж, дулаарахаар гараад явчихлаа гэж байна. энэ дээр тайлбар хийхэд энэ хүмүүс худалдаж авна гэж гэрээ хийгээд ид хүйтэн болоход нь мэдэгддэг, хүйтэн байна болъё гээд сар гаран хөөцөлдсөн. Халаалт жигд ирээгүй 10 сарын 15-аас тавигдах учир жигдрэх байх гэж хүлээж хугацаа алдсан. Энэ хооронд нь эмнэлэгт хэвтсэн. Тэгээд 11 сард эмнэлэгээс гарч ирээд яагаад халахгүй байна гээд СӨХ-д хандахад танай шугам чинь бөглөрсөн учраас шугам солихоос өөр аргагүй гэж хэлсэн. Үүнийг мэдсэнээс хойш 12 сард худалдагч тал буюу Н.Ү, С.Ш нарт мэдэгдсэн. Тэгээд уулзаад байрнаасаа гаръя, мөнгөө буцааж авъя гэхэд бид нарт та нарт өгөх мөнгө байхгүй байна гээд тодорхой хугацаа өгөөч гэсэн. Та нар мөнгөө цувуулж өгсөн шиг бид нар ч бас цувуулж өгнө гэсэн. Тэгээд ингэж явсаар байгаад 2 сард дахиад мессеж бичсэн. Ингэж явсаар байгаад 3 сар хүрсэн учраас гараад явсан. Ингээд гарч явахдаа бүх зүйлийг байсан хэвээр нь орхиод гарсан. Хөлслүүлж байсан гэж байна. Үгүй том өрөөгөө гал тогоондоо оруулж хүүхдүүдээ байлгаж байсныг нь хараад та нар орон сууцыг хөлслүүлж байна гэсэн. Гэтэл хүүхдүүд маань гал тогоонд байхад ч хэцүү хүйтэн байсан гэдгээ өөрсдөд нь хэлсэн. Үнэхээр хөлслүүлж байсан гэж байгаа бол нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж үзэж байна. Мөн тосгуур, крант алга болсон гэж байна. Үнэхээр энэ хүмүүст эд хөрөнгө хүлээлцсэн протокол хөтлөөд ийм юм алга болсон гээд гаргаад ирвэл хамаагүй хүлээн зөвшөөрч байна. Тэгэхэд тийм юм байхгүй, ямар нэг юм эвдэрсэн бол зураг нь хаана байна. Ийм нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч тал маань гал тогооны тавилгатайгаа ирээд тэрийгээ л авч явсан, ямар нэгэн хүний эд зүйлийг авч яваад эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй гэсэн тайлбар өгсөн. Дээр нь орон сууцанд амьдарсан төлбөр гээд байгаа хэрэглээний төлбөр 108.000 төгрөгийг таниас авахгүй та намайг түр хүлээчих гэсэн мессеж нь байдаг. Тэгэхээр энэ хэрэглээний зардал дээр харилцан тохиролцсон мессежүүдийг гаргаж өгөөд байгааг шүүх харгалзан үзээч гэж хүсэж байна. Тийм учраас хүчин төгөлдөр бус гэрээ байгааг харгалзан Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, Б.Н, Б.Н нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг 6-р хорооны ханын материалын 58А тоот байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцож орон сууцыг худалдан авах нийт үнэ нь 48.000.000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа 11.000.000 төгрөгийг өгч, гэрээ хийсэн өдрөөс хойш үлдэгдэл 37.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Тухайн үед орон сууцыг сайхан орон сууц байна. Бид нар 5-н шард амьдарч байсан. Энэ хавийн орон сууцыг сайн мэднэ гээд орон сууцыг авахаар болсон бид нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Гэрээний 3-т хэрэв худалдан авагч тал гэрээнээс буцах юм бол амьдарч байсан хугацааныхаа тог, ус, сөх-ны төлбөрийг хариуцаж, сар бүрийн түрээсийг 300,000 төгрөгөөр тооцно. Худалдан авагч тал 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс өмнө төлбөрийг бүрэн төлж дууссанаар байрны өмчлөх эрхийг шилжүүлнэ. Орон сууцны эзэмшлийг 2018 оны 06 сарын 18-нд хүлээлгэн өгч тэд нүүж ирж амьдарсан. Орон сууцад 9 сар 12 хоног амьдарсныхаа дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэрээгээр тохиоролцсон ёсоор бол орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үлдэгдэл төлбөрөө төлж дууссаны дараа шилжүүлнэ гэсэн гэрээг зөрчсөн шаардлага тавьсан. Үүнийг худалдагч тал болох бид зөвшөөрөөгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал өөрсдөө сайн дураараа татгалзсан. Орон сууцанд амьдарсанаас хойш нийт 9 сар 12 хоног амьдарч орон сууцыг орхин явсан. Орон сууцанд амьдарч байхдаа гал тогооны өрөөг хөлслүүлж байсан ба орлого олсон байдаг. Мөн орон сууцнаас гарахдаа орон сууцыг бидэнд хүлээлгэж өгөөгүйгээс гадна 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, нэг ширхэг крантыг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Нэхэмжлэгч талын орон сууцанд амьдарсан хугацаа 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300.000 төгрөгөөр тооцож, 2.820.000 төгрөг, 2019 оны 03 сарын орон сууцны цахилгаан, тог, СӨХ дулааны мөнгө 108.256 төгрөг нийт 2.928.256 төгрөг, хөшиг, чүүл гал тогооны тосгуур, 1 ширхэг крант зэрэгт 71.744 төгрөг нийт 3 сая төгрөгийг суутган авсан болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч тал нь 2018 оны 6 сарын 18-нд орон сууцанд ороод 2019 оны 3 сарын 30 хүртэл амьдарсан. Яг энэ амьдарсан хугацааны дотор ямар асуудал харагдаж байна гэхээр ид өвлийн хүйтэнд орон сууцанд амьдарч байсан. Үнэхээр хүн амьдрах боломжгүй байсан бол 12 сараас 2 сарын хооронд их хүйтний улиралд орон сууцыг орхиод явах байсан. Гэтэл хавар болсон хойно орон сууцыг орхиод явсан. Одоо нэхэмжлээд байгаа 3 сая төгрөгийн нэхэмжлэлд ямар нөхцөл байдал харагдаад байгаа вэ гэхээр бусдын орон сууцыг худалдах, худалдан авах гэдэг нэртэй гэрээ байгуулаад үнэ төлбөргүй ашиглаж, амьдраад нийтдээ 9 сар 12 хоног өөрөөсөө ямар ч зардал гаргахгүйгээр амьдрах хүсэл зориг нэхэмжлэгч нарт анхнаасаа гэрээг хийж байхад байсан юм байна гэж харж байгаа. Одоо гаргаж байгаа нэхэмжлэл нь юу вэ? гэхээр өгсөн мөнгөө бүгдийг нь буцааж авна гээд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нар орон сууцанд амьдраагүй бол мэдээж энэ орон сууцыг Н.Ү болон хариуцагч С.Ш нар хөлслүүлээд тодорхой ашиг орлого олох боломжтой байсан. Гэтэл энэ байдлыг нь хаасан. Худалдаж авна гээд худалдаж авахгүй гэрээнээс буцах юм бол сарын түрээсийг 300.000 төгрөгөөр тооцож мөнгөнөөсөө суутгуулна гэдэг агуулга бүхий заалтыг гэрээнд оруулсан байж одоо болохоор шүүхэд хандах байдлаар 9 сар 12 хоног амьдарсан хугацаандаа мөнгө төлөлгүйгээр амьдарч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлаар аргацаах хэрэгсэл байна гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. ... Орон сууц хүйтэн, чанар муу байсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэлж байна. Орон сууц айл хоорондын дундын холболт муу учраас орон сууцны халаалт муу ирээд байсан гэж. Тэгэхээр энд юу харагдаж байна гэхээр Н.Ү-ын орон сууц өмчлөгчийн буруутайгаар орон сууц халахгүй байгаа юм биш. Харин орон сууцны нийтийн өмчлөгчийн холболт бөглөрөлтөөс шалтгаалж дулаан муу ирж байсан байж болно. Энэ гэрээ хэлцлээс татгалзах, хүчин төгөлдөр буст тооцох тохиолдолд гэрээний аль нэг талын буруутай үйл ажиллагааг тогтоох ёстой. Гэтэл Н.Ү гэдэг хүн СӨХ-ны хариуцаж байгаа шугам хоолойг солино гэж байхгүй. Энэ бол сууц өмчлөгчдийн холбоо нь дундын эзэмшлийн шугам хоолойг солих ёстой. Харин орон сууцны доторх шугам хоолой нь муу байгаа, ус алдах гэх мэт, ийм зүйлийг Н.Ү-д хамаатуулж ярьж болно. Тэгэхээр доторх шугам хоолой тийм муу биш. Харин нийтийн эзэмшлийн шугам хоолой нь муу байгаад хүйтэн байсан байж болно. Гэхдээ хүн амьдрах боломжгүй агуй шиг юм бол биш. Халаалт ирдэг Н.Ү-өмнө нь орон сууцыг хүнд хөлслүүлж ашиг орлого олдог байсан. Зуны улиралд гэрээ хэлцэл хийсэн гээд байна өвөл болтол хүлээгээд хийнэ гэж байхгүй гэрээг хэзээ ч хийж болно. СӨХ-ноос шүүх дээр бичиг ирсэн байсан. Тэр нь дундын хоолой бөглөрч муудсан учраас халаалт муу ирдэг гэсэн агуулгатай тодорхойлолт ирсэн байна. Үнэхээр худалдаж авах гэж байгаа бол СӨХ-ноос ороод байрны талаарх мэдээллийг авч болох байсан. Гэтэл үүнийгээ худалдаж байгаа Н.Ү, С.Ш нарт хамаатуулж зун гэрээ хийхгүй, өвөл хийх байсан гэдэг агуулгатай зүйлийг тайлбарлаж байгаа нь буруу. Мөн гэрээн дээр Д.Б, Б.Н нар гарын үсэг зурсан байдаг. Орон сууцыг худалдаж авахаас татгалзах юм бол сарын 300.000 төгрөгөөр тооцно гэдгийг талуудын хүсэл зориг байдаг. Энэ бол гэрээний нөхцөл байдаг. Гэрээнд оролцож байгаа талууд өөрсдийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг хийнэ гэснийг тодорхойлоод заачихсан. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ нь бүхэлдээ хууль бус байна гээд хэн нэг нь гэрээнээс завшиж болохгүй. Гэрээний 3-т заасан байгаа нөхцөл бол Иргэний хуулийн 189-д заасан талуудын өөрсдийнх нь тодорхойлсон ойлголт зохицуулалт байгаа учраас үүнийг шүүх хүчин төгөлдөр бус, худалдах, худалдан авах гэрээнд түрээсийн гэрээтэй адилхан зохицуулалт оруулаад гэрээ цуцлах юм бол дараагийн үүсэх маргааныг гэрээний 3-т заасан нөхцлөөр шийдвэрлэнэ гээд заачихсан байгааг хүчин төгөлдөр бус байна гэж шийдвэрлэх юм бол хэт нэг талыг барьсан зүйл болно. Иргэний хуулийн 189-д гэрээний талууд гэрээгээр зохицуулах харилцаа ямар байх вэ? гэдгийг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох боломжтой гэсэн учраас гэрээний нөхцөлийг чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн хийнэ гэсэн заалт байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанаар нотлогдсон нотлох баримтууд зэргээс үзэхэд дараах зүйлсэд анхаарах шаардлагатай юм байна гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой баримт бичиг нь ямар шаардлага үндэслэлээр хийгдсэнийг тодруулах шаардлага гарч байна. Тэгэхээр гэрээтэй холбоотой гэрээний үүргийн асуудал ярих гэхээр хэлцэл гэдгийг Иргэний хуулийн ерөнхий ангид заасныг зайлшгүй ярих шаардлага гарч байна. Ү, Б 2-н хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Гэвч үүнийг орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлээд байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 236-р зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний зорилго агуулаагүй өөр гэрээний зорилго агуулсан гэрээ байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа мөн үү гэхээр мөн. Яагаад гэвэл Иргэний хуулийн 8-р зүйлд заасан энэхүү хэлцлийг хийх замаар талуудад эрх үүрэг үүсгэсэн юм байна. Энэ эрх үүрэг нь харин өмчлөх эрхийг шилжүүлэхэд чиглээгүй харин түүний төлбөр төлөх, төлбөрөө төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлж өгөх асуудлыг тохирч байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэхээсээ илүү орон сууц худалдах, худалдан авах урьдчилсан хэлцэл байна гэж өмгөөлөгчийнхөө хувьд дүгнэж байна. Иргэний хуулийн 39-р зүйлд иргэний хэрэг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл, үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж заасан байдаг.Тэгэхээр энэ гэрээ гээд байгаа зүйл нь хоёр талын ашиг сонирхолын үүднээс хамтарч хийсэн хэлцэл байна. Энэ хэлцлээр ямар харилцааг зохицуулахаар хийсэн бэ? гэдгийг харах хэрэгтэй байх. Үүнд: Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материалын 58а-26 тоотод байрлах 29 м2 2 өрөө орон сууцыг тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд, энэ хүмүүсийн эзэмшил,ашиглалтанд, шилжүүлж өгөх байсан. Харин нөгөө хүмүүс нь 2021 оны 1 сарын 1-нээс өмнө орон сууцны үнийг графикын дагуу буюу хэлцлийн дагуу төлснөөр гэрчилгээг шилжүүлж өгөхөөр хэлцлийг хийсэн. Хэлцэл тодорхой хугацаанд үргэлжилж байхдаа нэхэмжлэгч нарт нийт 20.600.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч тал татгалзлаа илэрхийлсэнээс хойш хариуцагч тал болох Ү нь 17.600.000 төгрөгийг нэхэмжлэгч Б-д буцааж өгсөн. Одоо харин 3.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа энэ нь маргаангүй. Хэлцэл хэзээ хүчин төгөлдөр болсон бэ? гэхээр Иргэний хуулийн 40-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг зөвшөөрсөний улмаас хэлцэл хүчин төгөлдөр болсон. Хэлцэл 2018 оны 6 сарын 19-ний өдөр хийгдсэн бөгөөд энэ хэлцэлд талууд өмчлөх эрхийг шийлжүүлэх биш харин өмчлөх эрхийг шилжүүлэхийн өмнөх урьдчилан хийсэн хэлцэл тийм учраас энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 255-р зүйлд эд хөрөнгийн эвдрэлтэй ба доголдолтой эд хөрөнгөд шаардлага гаргах эрхийг ямар үед гаргахыг заасан байдаг. Худалдан авагч энэ хуучин барилга гэдгийг мэднэ. Тийм учраас шинж чанарынхаа хувьд, харагдах байдлынхаа хувьд харагдах боломжтой барилга байсан. Энэ барилга нь хүйтэн байр уу дулаан байр уу гэдгийг нэхэмжлэгч өөрөө сууц өмчлөгчдийн холбооноос асууж мэдэх боломжтой байсан. Тэр өвдсөн гээд байгаа асуудал нь сэтгэл гутрал, бариа засал гэх мэт зүйлүүд байна. Харин энэ байранд амьдраад өвчтэй болсон гэх эмнэлгийн бичиг байхгүй байгаагаас гадна энэ хүн маань өөрөө бие муутай группт байдаг хүн юм байна. Тэгэхээр орон сууцыг ердийн орон сууцаар ашиглах боломжтой байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлд амьдарсан хугацааных нь төлбөр дээр нэмээд тухайн үед төлөөгүй байсан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг Үржинжав өөрөө төлсөн байгаа энэ зардлыг хасаж, мөн хөшигний асуудал дээр бол Үржинжавд өөрт нь хүлээлгэж өгөөгүй байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нар хариуцагч С.Ү, Н.Ш нараас худалдан авсан орон сууцны үнэнд төлсөн мөнгөний үлдэгдэл 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Ү, Н.Ш нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж, нэхэмжлэгч нарт холбогдуулан орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр 2 820 000 төгрөг, СӨХ-ны мөнгө 108 256 төгрөг, 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крантны үнэ 71 744 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нар хариуцагч С.Ү-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материалын комбинат 58/А байрны 26 тоот хаягт байрлах 29 м.кв 2 өрөө байрыг 48000000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 11 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 37 000 000 төгрөгийг тодорхой хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах, байрны үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нар нь 2018 оны 06 сарын 18-ны өдөр дээрх орон сууцыг хүлээн авч, орон сууцанд нүүж орж амьдарсан байх ба байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 06 сарын 19-нд 11 000 000 төгрөгийг төлж, дараа нь 2018 оны 07 сарын 24-нөөс 2019 оны 01 сар хүртэл хугацаанд 9 600 000 төгрөгийг төлж, нийт 20 600 000 төгрөгийг хариуцагч С.Ү-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээгээр тохиролцсоны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог хуулийн зохицуулалтад хамаарна.

 

Дээрх гэрээгээр хариуцагч С.Ү, Н.Ш нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн ба нэхэмжлэгч нар гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч орон сууцанд орж амьдарсан боловч уг байр нь халаалт муу, өвөлдөө маш хүйтэн болохыг өвөл болж халаалт ирэхэд мэдэж, байрыг буцаахаар болж худалдах, худалдан авах гэрээгээ цуцлах талаар хариуцагч С.Ү-д мэдэгдсэн байна.

 

Хариуцагч С.Ү ч гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нараас байрны үнэнд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөхөөр болж 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын хооронд 17 600 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт цувуулан буцааж өгсөн, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй... гэж заасан байх ба зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан цуцлах саналыг худалдан авагч тал гаргасныг худалдагч тал хүлээн авсан байна.

 

Шүүхэд нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаад, гэрээ цуцалсны улмаас гарах үр дагавар буюу байрны үнэнд шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан байх ба талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь эд хөрөнгийн доголдолтой буюу байр өвөлдөө маш хүйтэн, халаалт муу байсны улмаас гэрээ цуцлах үндэслэл болсон болох нь хэрэгт авагдсан Гэрэлт цом СӨХ-ны 2020 оны 01 сарын 09-ний 1 тоот албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-ийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичгүүдээр ирүүлсэн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр гэрээ цуцлах тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үргэлжлэх тул нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээг хэзээ цуцласан, гэрээ цуцласан хугацааг шүүхээс нарийвчлан тогтоох шаардлагатай юм.

 

Зохигчдын шүүхэд гаргаж байгаа тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээ цуцлах саналыг хариуцагч С.Ү хүлээн авч 2019 оны 03 сарын 01-нээс эхлэн байрны төлбөрт өгсөн мөнгийг буцааж өгч эхэлсэн, нэхэмжлэгч нар орон сууцыг 2019 оны 03 сард хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа, хэрэгт нотлох баримтаар авагдсан Гэрэлт цом СӨХ-ны 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 9 дугаартай ... иргэн Д.Б -нь СХД-ийн 6-р хороо 58а-ийн 26 тоотод 2018 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн болно гэх тодорхойлолтоор нэхэмжлэгч нар нь уг байранд 2018 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сар хүртэл амьдарсан болох нь тогтоогдож байгаа ба, нэхэмжлэгч нар хариуцагчид байрыг хэзээ хүлээлгэж өгсөн талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ 2019 оны 03 сард цуцлагдсан байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н, хариуцагч С.Ү нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3-т хэрэв худалдан авагч буцах болбол амьдарч буй байрны гэрэл, цахилгаан сөх-г хариуцна. Сар бүрийн түрээсийг 300000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсоны дагуу гэрээ цуцлагдах хүртэлх буюу байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд тухайн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг сар бүрийн 300000 төгрөгөөр тооцон төлөх, мөн тухайн байранд амьдарч байсан хугацааны СӨХ-нд төлөх төлбөрийг нэхэмжлэгч нар хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар Гэрэлт цом СӨХ-ны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч нараас орон сууцаа яг хэзээ буюу 2019 оны 03 сарын хэдний өдөр хүлээж авснаа нотлоогүй байх тул Д.Б, Б.Н, Б.Н нар нь 2018 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл 9 сар*300000 орон сууцанд амьдарсны төлбөрт 2700000 төгрөг, 2019 оны 1, 2 сарын СӨХ-ийн төлбөр 108256 төгрөг, нийт 2808256 төгрөгийг С.Ү-д төлөх үндэслэлтэй байсан байна.

Иймд хариуцагч С.Үржинжавын Д.Б, Б.Н, Б.Н нарын байрны үнэнд төлсөн мөнгөнөөс суутган авч үлдсэн 3 000 000 төгрөгнөөс дээрх төлөх ёстой 2808256 төгрөгийг хасч үлдэгдэл буюу 191744 төгрөгийг хариуцагч С.Ү-с гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2808256 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Н.Шагдарсүрэн нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцох эрхгүй, өөрөөр хэлбэл охин гэх Б.Д-гаас түүнийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдоогүй байхад гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч, хариуцагч Н.Ш нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна гэж үзэж хариуцагч Н.Шагдарсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч С.Ү, Н.Ш нар нь нэхэмжлэгч Б.Н, Д.Б, Б.Н- нараас орон сууцанд амьдарсан хугацаа болох 9 сар 12 хоногийн төлбөрт гэрээний 3-т заасан 300 000 төгрөгөөр тооцож 2 820 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын орон сууцны цахилгаан, хог, сөх дулааны мөнгө 108 256 төгрөг, орон сууцны 2 ширхэг хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант 1 ширхэг зэрэгт 71 744 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нарын хариуцагч С.Ү-д байрны үнэнд төлсөн мөнгөнөөс уг шаардлагадаа тооцож 3 000 000 төгрөгийг авч үлдсэн байх тул дахин шаардах эрхгүй, мөн хөшиг, чүүл, гал тогооны тосгуур, крант уг байранд байсан эсэх, уг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгсөн эсэх, ямар үнэлгээтэй болохыг нотлосон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөг, хариуцагч Н.Ш, С.Ү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ш, С.Ү нараас 6402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэрт заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч С.Ү-аас 191744 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж Д.Б, Б.Н, Б.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2808256 /хоёр сая найман зуун найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Ш-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Ш, С.Ү нарын нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нараас 3000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөг, хариуцагч Н.Ш, С.Ү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Ү-аас улсын тэмдэгтийн хураамж 6402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б, Б.Н, Б.Н нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ