Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2020/00060

 

 

Мөнхийн эрхи ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Хоёр мөнх зул ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Мөнхийн эрхи ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хоёр мөнх зул ХХК-д холбогдох,

Зээлийн төлбөр 75.397.340 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян, хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хоёр мөнх зул ХХК-ийн захирал болох Н.Мөнхтуяа нь Мөнхийн эрхи ББСБ" ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22 тоот зээлийн гэрээгээр 40 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Уртцагааны гудамж хаягт байршилтай 24 м.кв талбайтай, 3 танхимтай, улсын бүртгэлийн Ү-2101003144 дугаартай, гэрчилгээний №0010814 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьцаалж зээл авсан. Хоёр мөнх зул ХХК-ний захирал болох Н.Мөнхтуяа нь 2017 оны 04 дугаар сараас эхлэн үндсэн зээл, зээлийн хүүг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн хугацаа дууссан, зээл, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч Найзтайгаа хамтарч ажиллаж байтал, бараа шатаж ажил бүтэлгүйтэж, тэр олдохоо байсан, түүнийг олж байж төлнө. Учир нь би зээл аваагүй, Г.Отгонхүүд авч өгсөн гэсэн тайлбарыг өгч байсан. Н.Мөнхтуяа нь анх зээл авахдаа ОХУ-аас бараа оруулж ирж, худалдаа хийдэг тул, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой бараа таталт хийнэ хэмээн хүсэлт гаргаж авч байсан болно. Гэвч Хоёр мөнх зул ХХК-ний захирал болох Н.Мөнхтуяа нь өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж, тодорхой арга хэмжээ авахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж манай байгууллагын ажилд сөргөөр нөлөөлж байна. Хоёр мөнх зул ХХК-ний захирал болох Н.Мөнхтуяатай уулзаж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эвлэрэн барагдуулах тухай санал тавьсан боловч бидний саналыг хүлээн аваагүй болно. Иймд Хоёр мөнх зул ХХК-ний захирал болох Н.Мөнхтуяагаас үндсэн зээлийн төлбөрт 40.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүүд 32.272.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.125.340 төгрөг буюу нийт 75.397.340 төгрөгийг зээлдэгчийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Уртцагааны гудамж хаягт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга болон түүний бусад хөрөнгө, орлогоос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хоёр мөнх зул ХХК нь 2013 онд иргэн Ц.Ганхуягаас зээл авч, төлбөрийг барагдуулсан байдаг. Энэ тухай баримт хавтаст хэрэгт байгаа болно. Өнөөдөр манай байгууллага 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хоёр мөнхзул ХХК-д олгосон 40.000.000 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 75.397.340 төгрөгийг нэхэмжилсэн асуудлаар иргэний хэрэг үүсэн тус шүүхээр хэлэлцэгдэж байх бөгөөд энэхүү асуудалтай шууд холбоотойгоор хариуцагчийн манай ББСБ-с зээл хүссэн өргөдөл, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээл, барьцааны гэрээ, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн мэдүүлгийн хуудас, зээл олгосон баримт зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Ц.Мөнхтуяа нь Хоёр мөнхзул ХХК-ийг байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь удирдаж буйн хувьд өөрийн гараар зээл хүсч бичсэн өргөдөл нь хэргийн материалд эх хувиар байдаг. Өргөдөл дээрх гарын үсэг нь Хоёр мөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяагийнх мөн гэдгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Хоёр мөнхзул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа нь Иргэний хуульд заасны дагуу зээл авах тухай хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, холбогдох гэрээнд гарын үсэг зурж, ийнхүү хүчин төгөлдөр болсон зээлийн болон барьцааны гэрээгээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Манай ББСБ нь эдгээр бүх бичиг баримтыг үндэслэн кассын бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн зээлийг олгосон, холбогдох тайланд тусгасан. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсгүүдийг иш татсан байна. Манай ББСБ болон бусад ББСБ-ууд нь Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомж, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журам, зааврыг удирдлага болгож өдөр тутмын үйл ажиллгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг үндэслэн ББСБ-ын дансны жагсаалт, ББСБ-ын НББ-ийг хөтлөх үлгэрчилсэн заавар-уудыг тус тус баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон байдаг. Манай ББСБ нь дээр дурьдсан заавруудын дагуу ажиллаж зээлийг олгосон. Н.Мөнхтуяа нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38 дугаар зүйлийн 38.4-т заасан заалтуудыг байнга зөрчиж, Манай ББСБ болон хууль, шүүхийн байгууллагын хүмүүсийг төөрөгдүүлж залилан мэхлэх үйлдэлдээ гаршин хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хийж бусдыг хохироосоор байна. мөн биднээс зээлж авсан мөнгөө бусдад хүү нэмж өгдөг талаар шүүх хурал дээр яригдсан бөгөөд манай ББСБ-тай адил хохирсон Цогзол Финанс ББСБ ХХК-ийн иргэний хэрэг тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Дээрх тайлбарыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хариуцагч Хоёр мөнх зул ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цоож шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Хоёр мөнх зул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяа нь 2013 оны 12 сарын 03-ны өдөр иргэн Ц.Ганхуягтай Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Уртцагааны гудамж, 24 кв.м талбайтай, 3 танхимтай худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барьцаалан 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй, барьцааны гэрээг байгуулан 40.000.000 төгрөгийг зээлэн авсан. Н.Мөнхтуяа нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, зөвхөн зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд 2014 оны 12 сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дуусахын өмнө буюу 2014 оны 11 сарын 13-ны өдөр Хоёр мөнхзул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяагийн хүсэлтийн дагуу тус зээл, барьцааны гэрээний хугацааг сунгаж зээлийн нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хугацааг 12 сараар сунгасан. Н.Мөнхтуяа нь нэмэлт гэрээний хугацаа дуусах үед мөн л үндсэн зээлээс төлөлгүй, зөвхөн зээлийн хүүгээ төлсөн байдаг. Ингээд гэрээний талууд тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж Хоёр мөнхзул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяагийн хүсэлтийн дагуу Мөнхийн эрхи ББСБ-аас 40.000.000 сая төгрөгийн зээл авч зээл, барьцааны гэрээ байгуулсан. Эдгээр байдлууд нь зээлдэгчийн хүсэлт, 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Хоёр мөнхзул ХХК-ний захирал Н.Мөнхтуяа, Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээ, Хоёр мөнхзул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяад мөнгө хүлээлгэн өгсөн тухай гарын үсэг, тамгаар баталгаажсан баримт, 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Хоёр мөнхзул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяа, иргэн Ц.Ганхуягтай байгуулсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээ зэрэг баримтуудаас тодорхой харагдана. Хоёр мөнхзул ХХК -ийн захирал Н.Мөнхтуяа нь өөрөө хүсэж, дээрх зээлүүдийг авч гэрээ азйдзг бөгөөд шүүхэд зээл авахыг хүсээгүй, аваагүй гэж тайлбар гаргасанд үнэхээр гайхаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Ганхуяг гэх хувь хүнтэй зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөг авсан. 2016 онд зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан. Харин Мөнхийн эрхи ББСБ ХХК-тай гэрээ байгуулах хүсэл зориг надад байгаагүй, нэхэмжлэгчээс ямар ч мөнгө хүлээж аваагүй болно. Зээлийн гэрээний үүрэгт 2013 оноос хойш нийт 60 сая гаруй сая төгрөг төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Ганхуяг гэх хувь хүнтэй зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөг авч Г.Отгонхүүд өгсөн. 2016 онд зээлдүүлэгч Ц.Ганхуягийн эхнэр Н.Энхтуяагийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулсан. Харин Мөнхийн эрхи ББСБ ХХК-тай гэрээ байгуулах хүсэл зориг надад байгаагүй, нэхэмжлэгчээс ямар ч мөнгө хүлээж аваагүй болно. Зээлийн гэрээний үүрэгт 2013 оноос нийт 60 гаруй сая төгрөг төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие Г.Отгонхүүгийн хамт 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мөнхийн эрхи ББСБ ХХК-н байранд зээл хүсэж очсон. Тухайн үед эдийн засагч, нягтлан бодогч гэх Эрдэнэтийн охин байсан. Мөнхийн эрхи ББСБ ХХК-аас 40 сая төгрөгний зээл хүсэхэд маргааш ирж ав гэсэн бөгөөд маргааш нь очиж уулзаад Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн эдийн засагч, нягтлан бодогчтой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, намайг нотариатаар дагуулан орж гэрээнүүдээ батлуулж Ц.Ганхуяг захирал сүүлд ирж гарын үсэг зурна гэж хэлсэн. Эдийн засагч зээлийн болон барьцааны гэрээг батлуулж, Г.Отгонхүү бид хоёртой Эрдэнэтэд ирж улсын бүртгэлээр орж байсан. Тухайн үед эдийн засагчийн буцах зардлыг нь өгөөд, гэрээнүүдээ өгөөд буцааж байсан. Миний бие Ц.Ганхуягыг огт хараагүй, огт танихгүй байсан. Мөнгийг бол тухайн эдийн засагчаас бэлнээр авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-нд Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн Төрийн банкны 34000386990 дугаар дансанд хүү гэж 1.653.300 төгрөг тушаасан. 2014 оны 02 дугаар сарын 03-наас Мөнхийн эрхи ББСБ" ХХК-ийн эдийн засагч манай захирал Ц.Ганхуягийн Хаан банкны 5030392018 тоот дансанд зээлийн хүүгээ хийж байгаарай гэж хэлсний дагуу сар бүр нэг ч хоног хэтрээгүй төлөлтөө хийж байсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хугацаа дуусах болсон учир Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн эдийн засагч руу утсаар ярихад захирал Ц.Ганхуягтай ирж уулз, зээлийн болон барьцааны гэрээгээ шинээр байгуул гэсэн. Ингээд Ц.Ганхуягтай уулзаж, зээлийн болон барьцааны гэрээгээ шинээр байгуулсан. Мөн сар бүр нэг ч өдөр хэтрүүлэлгүй хүүг төлж байгаад дахин 2015 оны 12 дугаар сарын 03-нд Улаанбаатар хот орж, Ц.Ганхуягтай дахин шинээр 40 сая төгрөгний зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Хүүг мөн нэг ч хоног хэтрүүлэхгүй сар бүрийн 3-нд төлж байгаад 2016 оны 12 дугаар сарын 05-нд Мөнхийн эрхи ББСБ ХХК-д дээр очиход О.Амархүү гэдэг эдийн засагч байсан бөгөөд Ц.Ганхуяг захирал бөөрний дутагдалд ороод сахар нь ихэсээд бие нь маш муу байгаа ирж чадахгүй, Энхтуяа захирал бээжин явж химийн эмчилгээнд орж байгаа нэг удаагийн төлбөр нь 40 сая төгрөг болж байгаа зээлийн гэрээг сунгамааргүй байна, бид маш их мөнгө хэрэгтэй байна гээд та түр хүлээж бай гээд Н.Энхтуяа руу ярьсан. Тэгээд Н.Энхтуяатай яриад таныг маш сайн зээлийн хүүгээ төлж байгаа учир зээлийн болон барьцааны гэрээг Мөнхийн эрхи ББСБ ХХК-иар байгуулж өөрчлөөд гэрээний хугацааг 2 жил болгоод бичиж байхад Н.Энхтуяа орж ирж зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зураад Ц.Ганхуягийн зээлийн гэрээнд хүүний үлдэгдэл байвал тооцоод аваарай гэж Б.Амархүүд хэлж байсан. Б.Амархүү бодоод 173.500 төгрөг надаас бэлнээр авсан. Н.Энхтуяа гарч яваад Г.Отгонхүү бид хоёр Б.Амархүүтэй явж нотариатаар очиж батлуулж, Эрдэнэтэд ирж улсын бүртгэлээр ороод зээлийн болон барьцааны гэрээний нэг хувийг Г.Отгонхүү буцаад хүргэж өгсөн. Мөнхийн эрхи ББСБ ХХК-аас ямар ч мөнгө аваагүй зөвхөн Ц.Ганхуягтай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг өөрчилсөн. Г.Отгонхүү, Б.Амархүү нар нь тухайн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 03-наас Мөнхийн эрхи ББСБ ХХК, Ц.Ганхуяг, Н.Энхтуяа нарын дансанд 2017 оны 06 сарын 30-ныг хүртэл нийт 76 сая төгрөг төлсөн. Энэ мөнгийг ББСБ дахин 4 хувийн хүүтэй дамжуулж, хүүлхэд зөвхөн хүү нь 180 сая төгрөг болсон. Мөнхийн эрхи ББСБ нь өдрийн мөнгөний чиглэлд үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байна. Надад гомдолтой, хохиролтой байна гэжээ.

Хариуцагч Хоёр мөнх зул ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Н.Мөнхтуяа нь Г.Отгонхүүгийн хамт 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн байранд зээл хүсэж очсон. Тухайн үед эдийн засагч, нягтлан бодогч гэх охин маргааш ирж аваарай гэсэн. Ингээд маргааш нь Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн эдийн засагч, нягтлан бодогчтой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, намайг нотариатаар дагуулан орж гэрээнүүдээ батлуулж Ц.Ганхуяг захирал сүүлд ирж гарын үсэг зурна гэж хэлсэн. Ингээд Мөнхийн эрхи ББСБ ХХК-аас зээлж хүсэж очсон боловч Ц.Ганхуяг гэх тус компанийн захиралтай иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулж, 2014, 2015 онуудад гэрээгээ сунгаж, тус хугацаанд сар бүр тогтмол зээлийн хүүгээ хугацаанд нь төлж байсан. Гэрээний хугацаа дуусаж, 2016 оны 12 дугаар сарын 05- Мөнхий эрхи ББСБ ХХК-д дээр очиход О.Амархүү гэдэг эдийн засагч байсан бөгөөд Ц.Ганхуяг захирал бөөрний дутагдалд ороод сахар нь ихэсээд бие нь маш муу байгаа ирж чадахгүй, Энхтуяа захирал бээжин явж химийн эмчилгээнд орж байгаа нэг удаагийн төлбөр нь 40 сая төгрөг болж байгаа зээлийн гэрээг сунгамааргүй байна, бид нарт маш их мөнгө хэрэгтэй байна гээд та түр хүлэж бай гээд Н.Энхтуяаруу ярьсан. Тэгээд Н.Энхтуяатай яриад таныг маш сайн зээлийн хүүгээ төлж байнаа учир зээлийн болон гэрээг ******* ХХК-иар байгуулж өөрчлөөд гэрээний хугацааг 2 жил болгоно гэж хэлсэн. Ингээд Н.Энхтуяа орж ирж зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зураад Ц.Ганхуягийн зээлийн гэрээнд хүүний үлдэгдэл байвал тооцоод аваарай гэж Б.Амархүүд хэлж байсан. Б.Амархүү бодоод 173.500 төгрөг надаас бэлнээр авсан. Тухайн үед миний бие ямар ч мөнгө хүлээж аваагүй, Мөнхийн эрхи ББСБ ХХК ямар ч мөнгө надад хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхий бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх .... үүргийг тус тус хүлээнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ... өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан Зээлдүүлэгч нь зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус хуульчилсан. Тус хуулийн заалтуудаас харвал зээлдүүлэгч Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн данс нээж, зээл олгох бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл Мөнхийн эрхи ББСБ ХХК-аас зээлдэгч Хоёр мөнхзул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа ямар ч мөнгө хүлээж аваагүй байдаг. Зээлдэгч нь холбогдох хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй буюу хууль зөрчиж хэлцэл хийсэн. Мөн Ц.Ганхуягтай байгуулсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн зээлийн гэрээг байгуулсан. Маргаан бүхий зээлийн гэрээгээр талууд ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй зөвхөн хэлцлийн дүр үзүүлэхийг л эрмэлзсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал тайлбараар нотлогддог. Иймээс Мөнхийн эрхи ББСБ ХХК, Хоёр мөнхзул ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 22 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү? гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.3, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Мөнхийн Эрхи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мөнхийн Эрхи ББСБ ХХК болон Хоёр Мөнх зул ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534.936 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Хоёр мөнх зул ХХК-ний захирал Н.Мөнхтуяа болон Мөнхийн эрхи ББСБ-тай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагын хүрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн 22 тоот зээлийн гэрээгээр 40 000 000 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр Хоёр мөнх зул ХХК-д олгосон болох нь дараах баримтуудаар тогтоогддог. Зээл болон барьцааны гэрээ (2016.12.05-ны өдрийн 22 тоот), Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (2016.12.05-ны өдрийн), Кассын орлогын ордер (2016.12.05-ны өдрийн), Хоёр Мөнх Зул ХХК-ны захирал Н.Мөнхтуяагийн гараар бичсэн өргөдөл (2016.12.05), Мөнхийн Эрх ББСБ-ын санхүүгийн тайлан, Шинжээчийн дүгнэлт 2019.07.30-ны өдрийн 3491, Үүрэг дуусгавар болсон тухай, Мөнхийн Эрх ББСБ-ын банк дах харилцах дансны хуулга, Мөнхийн Эрх ББСБ-ын 2016 оны 12 сарын кассын тайлан. Гэтэл анхан шатны шүүх бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хариуцагч Хоёр мөнх зул ХХК-ний захирал Мөнхтуяагийн өмнө буюу 2013 онд иргэн Ганхуягтай байгуулж үүрэг нь дуусгавар болсон зээлийн гэрээний асуудалтай хольж хутгаж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалалмж , төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь манай ББСБ-нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу Хоёр мөнх зул" ХХК-д зээлийг олгосон бөгөөд ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол улсад дагаж мөрдөж байгаа аливаа хууль дүрэм журамд нийцүүлэн ББСБ-уудын дагаж мөрдөх ёстой журам зааврыг баталж, хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг. ББСБ- нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 4.1.10-т банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн СЗХ-оос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсноор ойлгоно гэж заасан бөгөөд уг заалт, мөн Нягтлан бодох бүртгэлийн хуулийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 01 дугаар сарын 31 -ны өдрийн 02 тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалт, 2008 оны 1 дугаар сарын 31 -ны өдрийн 05 тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар-ыг баталж банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар-ын Б-3 Зээл хэсэгт Зээл гэж ББСБ-аас тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаа, батлан даалттайгаар мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх үйл ажиллагааг хэлнэ, Б-З зээлийн бүртгэл хэсэгт Зээл олгоход Зээлийн холбогдох данс, Мөнгө хөрөнгийн данс хооронд гүйлгээ хийнэ гэж тусгажээ. Мөн уг зааврын Б-1 Мөнгөн хөрөнгө хэсэгт Мөнгөн хөрөнгө нь байгууллагын касс болон банкин дах харилцах хадгаламжийн дансанд байгаа төгрөг гадаад валютаас бүрдэнэ, А-2 дансны нэгдсэн жагсаалт хэсэгт Дансны дугаар нь 7 хүртэлх оронтой тоо байна. Эхний 4 орон нь дансны төрөл, бүлэг, зүйлийг тодорхойлно. Сүүлийн 3 оронг ББСБ өөрөө тогтоох бөгөөд тэдгээр нь нэрийн дансны дугаарыг илэрхийлнэ гэж тусгасан. Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалтанд касс дахь төгрөгийн бэлэн мөнгийг 1101 гэж, төгрөгийн хувийн секторын зээлийг 1303 гэж эхний 4 оронг кодлон баталсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалт, Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар-ын дагуу Хоёр мөнхзул ХХК-д 130301 гэсэн 6 оронтой зээлийн данс нээж, уг зээлийн дансны дугаарыг 2016 оны 8-р сарын 1-ны өдрийн 032/16 тоот зээлийн гэрээний 2.1.4-т тусгаж, 130301 дугаартай зээлийн данснаас 110101 дугаартай манай ББСБ-ын төгрөгийн бэлэн мөнгөний данснаас зээл олгосон болох нь дээр дурдсан баримт-аар нотлогдож байна. Иймд нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон бодит байдалд тулгуурлаагүй хэт нэг талыг барьсан шудрага бус шийдвэрийг хүчингүй болгож Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1.-д зааснаар шүүх хэргийн оролцогч нарын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 40.2.-т зааснаар нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс нь хуулийн хүрээнд үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлд заасан холбогдох заалтуудыг зөрчсөнөөр хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарч чадаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Маргааны гол зүйл болон болсон хэргийн тухайд нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ нь хариуцагч Хоёрмөнх зул ХХК-наас зээлийн гэрээний эргэн төлөх хувиар удаа дараа зөрчигдсөний улмаас, 2016 оны 12-р сарын 05 ны өдрийн 22 тоот Зээлийн гэрээний үүрэгт 75.397.340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Иргэний хуулийн 9-р зүйлд заасны дагуу зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, эрхээ хамгаалуулах, гэрээнд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, хууль болон гэрээнд заасан хүү, анз төлүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч, Хариуцагч нар Иргэний хуулийн 15-р бүлэг болон иргэний хуулийн ерөнхий ангийн 39-41 дүгээр зүйлд заасан хэлцлийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдал, төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш, үүргийн гүйцэтгэл, нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлаггүйгээр гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг үндэслэн зээл, барьцааны гэрээнүүд хийгдэж хариуцагчид зээл олгосон байдаг. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын талаар болон сөрөг нэхэмжлэлд шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд тодорхой тайлбар хийж Зээлдэгчийн хариуцлагын талаар иргэний хуулийн 284, 453-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндсэн шаардлагыг ханган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж тайлбарласан. Хариуцагч Н.Мөнхтуяа нь Иргэний хуулийн 451, 452 р зүйлд зааснаар 2016 оны 12-р сарын 05 ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн Иргэний хуулийн 156.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө зээл авах хүсэлт гаргаж, улсын бүртгэлийн газарт очиж бүртгүүлэн зээлээ авч, зээлийн шимтгэл болон хүүгээ төлж байсан байдаг. Энэ талаар хавтас хэргийн материалд хөдлөшгүй нотлох дараах баримтууд байдаг. Зээлдэгчийн хариуцлагын талаар иргэний хуулийн 284, 453-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндсэн шаардлагыг ханган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж тайлбарласан. Хариуцагч Н.Мөнхтуяа нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн Иргэний хуулийн 156.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө зээл авах хүсэлт гаргаж, улсын бүртгэлийн газарт очиж бүртгүүлэн зээлээ авч, зээлийн шимтгэл болон хүүгээ төлж байсан байдаг. Энэ талаар хавтас хэргийн материалд хөдлөшгүй нотлох дараах баримтууд байдаг. Хариуцагч Н.Мөнхтуяа нь зээлээ бэлэн мөнгөөр аваад юунд зарцуулсан нь тухайн хувь хүний өөрийнхөн эрх бөгөөд зээл авсан гэдэг нь дээрхи баримтуудаар нотлогдож байдаг бөгөөд өөрөө хэлэхдээ цааш нь ББСБ-аас зээлж авсан мөнгөө бусдад хүү нэмж өгдөг талаар шүүх хурал дээр өөрөө болон гэрч Ч.Отгонхүү нар ярьж, манай ББСБ-тай адил хохирсон Цогзол Финанс ББСБ ХХК-ийн иргэний хэрэг тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Хариуцагч Н. Мөнхтуяа нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38 дугаар зүйлийн 38.4-т заасан заалтуудыг байнга зөрчиж, манай үйлчлүүлэгч болох ББСБ болон хууль, шүүхийн байгууллагын хүмүүсийг төөрөгдүүлж залилан мэхлэх үйлдэлдээ гаршин хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хийж бусдыг хохироосоор байгааг дурьдах нь зүйтэй байх.

Хариуцагчийн гаргасан Сөрөг нэхэмжлэлийн тухайд Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Хоёр мөнхзул ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх 2018 оны 10-р сарын 16 ны өдөр хүлээн авч, 2018 оны 10-р сарын 23 ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар 30 хоног, онцгой нөхцөлд 1 удаа 30 хоногоор сунгах боловч хариуцагчийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтүүдийн улмаас өнөөдрийг хүртэл маш их хугацаа алдаж нэхэмжпэгчийн эрх ашиг хохирч байгаа талаар өмнөх шүүх хурлуудад хэлж тэмдэглэлд тусгуулж байсан. Хариуцагч нь мөнгийг үнэгүйдүүлэх, хэргийг удаашируулах, цаг хугацаа хожиж өөрсдөдөө ашигтай байдал бий болгох үүднээс хуурамч мэдээлэл, тайлбар гаргаж, хуулийг үл ойшоон, бусдыг төөрөгдүүлж, удаа дараа янз бүрийн хүсэлт гаргаж байсны эцэст 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбарыг гаргасан байдаг. Хоёр мөнхзул ХХК-ний захирал Н.Мөнхтуяа нь 2013 онд иргэн Ц.Ганхуягаас зээл, барьцааны гэрээ байгуулж зээл авч, зээлийн үүргийн гүйцэтгэлээ дуусгасан байдаг. Маргааны гол зүйл болох манай үйлчлүүлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК- наас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хоёр мөнхзул ХХК-д Зээл, барьцааны гэрээний үндсэн дээр олгогдсон 40,000,000 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 75,397,340 төгрөгийг хуульд зааснаар нэхэмжилсэн асуудлаар иргэний хэрэг үүсэн тус шүүхээр хэлэлцэгдэж байхад, хэрэгт огт холбогдолгүй 2013 оны 12-р сарын 03 ны өдрийн хувь хүнтэй хийж, үүргийн гүйцэтгэл нь хангагдсан зээлийн гэрээтэй холбогдуулан сөрөг нэхэмлэл гаргаж байгааг эс зөвшөөрсөн.

Мөн хариуцагч нь Сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсгүүдийг иш татсан тухайд шүүх хурал дээр нэхэмжлэгч компани энэ заалтуудыг зөрчсөн асуудал огт байхгүй талаар хуульд заасны дагуу дэлгэрэнгүй тайлбар хийсэн. ББСБ-ууд нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсад дагаж мөрдөж байгаа аливаа хууль дүрэм журамд нийцүүлэн ББСБ-уудын дагаж мөрдөх ёстой журам зааврыг батлаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг.байгууллага. ББСБ-ууд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульийг дагаж мөолөх ёстой байдаг. Энэ хуулийн 4.1.10 т банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө гэж олон улсын жишигт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсноор олгон гэж заасан бөгөөд уг заалт, мөн Нягтлан бодох бүртгэлийн хуулийг үндэслэн Санхүүгийн зохижуулах хороо 2001 оны 1-р сарын 31-ны өдрийн 02 тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалт, 2008 оны 1-р сарн 31 ны өдрийн 05 тоот тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврыг батлаж банк бус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3 Зээл хэсэгт Зээл гэж ББСБ-аас тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаа, батлан даалттайгаар мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх үйл ажиллагааг хэлнэ, Б-3.1 зээлийн бүртгэл хэсэгт Зээл олгоход Зээлийн холбогдох данс , Мөнгө хөрөнгийн данс хооронд гүйлгээ хийн гэж тусгажээ. Мөн зөөврын Б-1 мөнгөн хөрөнгө хэсэгт Мөнгөн хөрнгө нь байгууллагын касс болон банкин дах харилцах хадгаламжийн дансанд байгаа төгрөг гадаад валютаас бүрдэнэ, А-2 дансны нэгдсэн жагсаалт хэсэгт Дансны дугаар нь 7 хүртлэх оронтой тоо байна. Эхний 4 орон нь дансны төрөл, бүлэг, зүйлийг тодорхойлно. Сүүлийн 3 оронг ББСБ өөрөө тогтоох бөгөөд тэдгээр нь нэрийн дансны дугаарыг илэрхийлнэ гэж тусгасан. Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалтанд касс дахь төгрөгийн бэлэн мөнгийг 1101 гэж, төгрөгийн хувийн секторын зээлийг 1303 гэж эхний 4 оронг кодлон баталсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын дансны жагсаалт, Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын дагуу Хоёр мөнхзул ХХК-д 133031622 гэсэн 7 оронтой данс зээлийн данс нээж, уг зээлийн дансны дугаарыг 2016 оны 12-р сарын 05 н өдрийн 22 тоот зээлийн гэрээний дагуу төгрөгний бэлэн мөнгөний данснаас зээл олгосон. Энэ нь кассын бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдож байгаа талаар баримтын эх хувийг анхан шатны шүүх хуралд хэлцүүлгийн шатанд дэлгэрэнгүй тайлбарласан боловч шүүгч үүнийг ойлголгүй нотлох баримтанд үнэлэлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон.

Дээрхи тайлбар болон гомдолд дурьдсаны дагуу хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарч чадаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс 2020 оны 02-р сарын 13 ны өдрийн Орхон аймаг дахь сус дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШШ/2020/00255 тоот шидвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ нь хариуцагч Хоёр мөнх зул ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, хүү 32.272.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.125.340 төгрөг, нийт 75.397.340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Хоёр мөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Ганхуягтай зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй авсан. Үндсэн зээлээ төлж чадахгүй хүүгээ төлөөд явсан. Энэ гэрээ үргэлжилж сунгагдаад 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөнхийн эрхи ББСБ-ын нэрээр гэрээ хийсэн. Тэр өдөр мөнгө аваагүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Хоёр мөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ц.Ганхуягтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Энэ зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин байгуулж 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 40 сая төгрөг сарын 4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалттайгаар гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Ц.Ганхуягтай Хоёр мөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа анх 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 40 сая төгрөгийг 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан байх бөгөөд энэ гэрээний зээлийн хүү нь төлөгдөж үндсэн үндсэн зээл төлөгдөөгүй байсаар зээлийн гэрээгээ талууд тохиролцож сунгасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнхийн эрхи ББСБ-ын нэр дээр гэрээгээ шинэчлэн хийсэн болох нь зээлийн гэрээнүүдээр тогтоогджээ. /хх-6-11, 118-127 дахь тал/

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 40 сая төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгахаар тохиролцсон байх ба хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээр нотлогдсон байна.

Иргэн Ц.Ганхуяг нь Мөнхийн эрхи ББСБ-ын үүсгэн байгуулагч байсан ба тухайн үед биеийн байдал нь муу байснаас зээлийн гэрээгээ ББСБ-ын нэрээр өөрчлөн байгуулсан гэж үзэх боломжтой. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт байгаа боловч үүрэг дуусгавар болсон тухай албан бичиг нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр огноологдсон, улсын бүртгэлд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан /хх-86-88/ зэргээр цаг хугацааны хувьд зөрүүтэй, зээл авахаас өмнө хийгдэх ажиллагаанууд зээлийн дараа хийгдсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул 2013 оны 12 дугаар сарын 03-нд авсан зээл төлөгдөөгүй учраас шинээр сунгагдсан гэж үзэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хоёр мөнх зул ХХК-ийн иргэн Ц.Ганхуягтай байгуулсан гэрээ нь анхнаасаа Мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн нэрээр байгуулагдах ёстой гэрээ байсан тул энэ зөрчлийг залруулах үүднээс Хоёр мөнх зул ХХК, Мөнхийн эрхи банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болгон өөрчилсөн өмнөх гэрээний үүргийг шилжүүлж сунгахдаа хэдэн төгрөгийн зээл төлсөн, тухайн үед үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт хэдэн төгрөгийн төлбөртэй байгааг нарийвчлан тооцохгүйгээр 40 сая төгрөг шинээр олгож, хүлээн авч үүрэг хүлээсэн байдлаар гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэж дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Мөнхийн эрхи ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Мөнхийн эрхи банк бус санхүүгийн байгууллага ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хоёр мөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяад зээлийн гэрээгээр 40 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534.936 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМ