Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00359

 

Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Биэтифик зоне” ХХК-д холбогдох,

14 096 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь “Биэтифик зоне” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж 40 дүгээр байр 51 тоот 135 м.кв талбайтай орон сууцанд интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61 468 111,5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. “Биэтифик зоне” ХХК нь Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул дутуу орхисон засварын ажил дээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгосон.“Биэтифик зоне” ХХК-иас Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс дутуу орхисон ажлын хөлс 11 196 060 төгрөг, мөн уг үнэлгээг гаргахад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д төлсөн ажлын хөлс 700 000 төгрөг, “Биэтифик зоне” ХХК нь байранд засвар хийж байхдаа хаалга захиалж авчихаад Д.Буяндэлгэрээр хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг төлүүлсэн тул уг 2 200 000 төгрөг, нийт 14 096 060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:…Д.Буяндэлгэр нь ихэнх материалдаа өөрөө хамт явж, төсөвт өртөгт орсон үнэлгээтэй материал бус түүнээс хэт давсан үнэтэй материалуудыг сонгон авсан. Түүнээс шалтгаалан гэрээнд тохирсон үнийн эцсийн дүн ажил дуусахад 71 492 708 төгрөг болон хувирсан. Д.Буяндэлгэр өөрийн энэ өндөр хэрэглээгээ зохицуулж чадалгүй гэрээний дүнг өсгөсөн, эргээд өөрөө зохисгүй хэрэглээнийхээ буруутан болсонд манай байгууллага огтхон ч хамааралгүй юм. Мөн гэрээнд тохирсон ажлуудаас гадна олон тооны ажлууд нэмж хийлгэсэн нь тухайн гэрээт ажлыг хугацаанд нь дуусгах ямар ч боломжгүй байсан гэдгийг илтгэж байгаа юм. Гүйцэтгэлийн ажил дуусахад нийт ажлын төрөл 77, нийт ашиглагдсан материалын төрөл 321 болж тоо хэмжээ нь ихэссэн бөгөөд дээрх зарим гүйцэтгэлийн ажил, материалын дүнгээс 3 938 158,99 төгрөгийг хугацааны алдагдалд төлөхөөр санал болгосон боловч дээрээс нь дахин өөрийн дураар аман байдлаар алдангийн дүн зохион гаргаж, бидэнд шууд тулгаж, дээрх дүн дээрээс нэмж хассанаар манай байгууллага 5 000 000 орчим төгрөгийн алданги хүлээсэн. Гэвч энэхүү ажлын бодит алданги нь 3 907 440 төгрөг байсан. Мөн дутуу орхисон гэх ажлуудын материалын мөнгө, гүйцэтгэлийн ажлын хөлс зэргийг эцсийн үлдэгдэл тооцоог хийхдээ нэхэмжлэгч талаас тооцож аваагүй болно. Хийгдээгүй ажлуудын оронд бид дүйцэхүйц гүйцэтгэлийг мөн дээрх тооцоо дүн, үнэлгээнд алинд нь ч оруулалгүйгээр үнэгүй хийж өгсөн. ...Мөн гал тогооны арын зурагтай шил гэх ажил нь Монголдоо шилэн дээрх хэвлэлтээрээ хамгийн туршлагатай “Шилэн хийц” ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч мөн л зөвшөөрөөгүй болно. Манай байгууллага нэхэмжлэгчээс гадаадаас материал судалж, тухайн материалыг өөрсдийн биеэр очиж тээвэрлэн авчирч, Монгол Улсын хил гаалиар оруулан авч, гүйцэтгэлийн ажилдаа ашиглана гэж ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Нэхэмжлэгч өөрөө ихэнх материалдаа хамт явж, худалдан авсан учир, бүх шат дамжлага, материалын тоо ширхэгийг байнга хянаж байсан учир хөрөнгийн үнэлгээ нь албаар хийсэн худал зохиомол зүйл гэж үзэж байна.Манай байгууллага гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 гэсэн заалтуудыг огтхон ч зөрчөөгүй. Манай байгууллага гэрээний 1.2-д заасан манай талаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэх боломжгүй ажлаас татгалзах эрхээ эдэлсэн. Мөн баталгаа олгосон 1 жилийн хугацаанд манай байгууллагаас дөрвөн ч удаа очиж, эвдэрсэн крант солих, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлж байсан. Дараа дараагийн дуудлага нь захиалагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан эвдрэл гарсан байсан учир манай ажилчид үнэгүй засвар хийж өгөхөөс татгалзсан байсан. Түүнчлэн хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг Д.Буяндэлгэрээр төлүүлсэн гэдэг нь мөн л худал зохиомол зүйл юм. Үнэн үйл явдал нь гэвэл, барилгын гүйцэтгэлийн ажил дууссаны дараа нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гадаадаас нөхрөөсөө мөнгө авахаар хүлээх зуур манай байгууллага 1 100 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулан авсан төдийхөн зүйл юм. Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь гэрээний 3.3, 3.4 гэсэн заалтуудыг зөрчсөн.Иймд манай байгууллага 14 096 060 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 352.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Биэтифик зоне” ХХК-иас 52 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Буяндэлгэрт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 440 төгрөгийн 228 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Биэтифик зоне” ХХК-аас 2 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Буяндэлгэрт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “352.4” гэснийг хасч, “2 405 000” гэснийг “11 896 060” гэж, “үлдэх“ гэсний дараа “2 200 000 төгрөгийн” гэж нэмж, 2 дахь заалтын “2 405 000” гэснийг “205 287” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Буяндэлгэрийн төлсөн 202 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь “Биэтифик зоне” ХХК-ийн өөрийнх нь гаргасан тодорхойлолт болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийсэн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бол хариуцагч нь татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэгч талын гаргасан баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ гэжээ. Гэвч хариуцагч Л.Энхтөр миний бие тус үнэлгээг шалгуулан дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч үүнээс өөр тус үнэлгээнээс татгалзах нотолгоо байгаа гэж шүүхэд гаргасан тайлбарт оруулсан, мөн дээрх анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед хүсэлтээ хэлсэн боловч боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Тус нотолгоог хариуцагч “Биэтифик зоне” ХХК-ийн захирал Л.Энхтөр миний бие баримтаар гаргах ямар ч боломжгүй байгаа хүндэтгэх шалтгаан байгаа. Уг шалтгаан нь тус үнэлгээнд талбайн м2-аас барилгын материалыг илүү төсөвлөсөн гэж тооцсон гэх бүх барилгын материалд нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь өөрөө хамт явалцаж худалдаж авсан. 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнд багтан ашиглагдсан болон тус гүйцэтгэлийн ажил дуусахад нэмэгдлээр худалдан авсан бүх барилгын материалын зарлагын баримтыг гүйцэтгэлийн ажлын эцсийн үлдэгдэл төлбөр төлөхөөсөө өмнө нэхэмжлэгч Д.Буяндэлгэр шалгах зорилгоор Л.Энхтөр надаас аваад одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа болно.2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнд багтсан боловч нэхэмжлэгч Д.Буяндэлгэрийн хүсэлтээр хийгдээгүй, эцсийн тооцооноос хасагдаж, манай байгууллагад төлөгдөөгүй бүх гүйцэтгэлийн ажил болон барилгын материалуудын зардлыг тус үнэлгээнд багтааж манай байгууллагаас нэхэмжилсэн байна. Мөн материалын багахан хэмжээний хаягдал хорогдол, нэхэмжлэгч санаачлагаараа илүү авч өөртөө нөөцөлсөн материал, барилгын засал чимэглэлийн ажлын норм норматив, зааврын дагуу хийснийг гажуудуулж, тэгж хийх шаардлагагүй байсан гэж зарим материалыг эцсийн тооцооны төсвөөс хасч, нэхэмжлэлд нэмсэн зэргээс харахад тус үнэлгээг бүхэлд нь магадгүй гэсэн таамаг, таавраар мэргэжлийн бус гаргасан нь харагдаж байгаа юм. Энэ нь тус үнэлгээний газар туршлагагүй хүнээр ажлаа хийлгэсэн, эсвэл будилсан гэж бодож үзэхэд байж боломгүй их мэргэжлийн бус алдаа гаргасан байна. Үүнийг манай байгууллага нэхэмжлэгч Д.Буяндэлгэр болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК гэх 2 талууд хуувилдан будилсан мэт харагдах боловч албаар ийм Монгол Улсын шүүхийг үл тоосон бусармаг зүйл хийсэн гэж бид үзэж байгаа болно. Манай “Биэтифик зоне” ХХК “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар гаргуулсан үнэлгээг шалгуулан дахин дүгнэлт гаргуулж няцааж чадаагүйгээс өөр учир шалтгаан нь нэхэмжлэгч тал шүүхэд гол нотлох баримт болох барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг гаргаж өгөлгүй нуун дарагдуулснаас болсон гэж үзэж байна. Иймээс шүүх байгууллага тэдгээр зарлагын баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулсны дараа миний бие шүүх хуралд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар гаргуулсан үнэлгээний нэгж бүрийг няцаах баримтуудыг дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй байна.Дээрх бүрэн үндэслэлтэй, баримттай тайлбарууд нь тус зарлагын баримтуудыг шүүхэд дэлгэн харуулснаар нууж хаах зүйлгүй шүүх хурал анхнаасаа шударга явагдаж, шүүх байгууллага ч нарийн шүүх боломжтой болох юм. Тиймээс “Биэтифик зоне” ХХК-ийн захирал Л.Энхтөр миний бие Монгол Улсын дээд шүүхээс энэхүү хэргийг эхнээс нь шүүлгэх буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлүүлэхээр буцаалгах хүсэлтэй байна гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч мөн зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Хариуцагч “Биэтифик зоне” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байх ба шүүх хүсэлтийн дагуу шинжээч томилсон байна \хх-ийн 119, 121-124 дүгээр тал\.

Зохигчдын хооронд интерьер дизайн хийлгэх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ гэрээний харилцаанаас үүдэлтэй эрх зүйн маргаанд томилогдож буй шинжээч нь барилга байгууламжийн дотоод заслын чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай болно. Гэтэл анхан шатны шүүх шинжээчээр “Инженер геодези” ХХК-ийг томилсон нь ойлгомжгүй болсноос гадна шинжээчээр томилогдсон компани нь орон сууцны засварт ашигласан материал, интерьер дизайнтай холбоотой үнэлгээний талаар дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдэгдсэн \хх-ийн 127 дугаар тал\ байхад шүүх шинжээчээр өөр этгээдийг томилохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээр хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар нотлох баримтыг хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан тохиолдолд шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог бөгөөд давж заалдах шатны шүүх энэ зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ёстой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлээгүй, залруулах хуульд заасан арга хэмжээ аваагүй байна.

Хариуцагч “Биэтифик зоне” ХХК ажил гүйцэтгэхэд материал авсан бүх баримтыг  нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх ба шүүх хүсэлтийг хангахгүй орхисон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул хүсэлтийг хангаагүй шүүхийн үндэслэл тодорхой бус байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, талуудын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг шүүх зохих журмаар хангаагүй нөхцөлд хяналтын шатны шүүх маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 205 287 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН