Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 572

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б з” ХХК-д холбогдох

 

14 096 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний “Б з” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж 40 дүгээр байр 51 тоот, 135 м.кв талбайтай орон сууцанд Интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61 468 111,5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. Гэтэл “Б з” ХХК нь ажлын хөлсийг шалтаг тоочин бүгдийг урьдчилан авсан боловч засварын ажлаа дутуу хийж орхин явсан. Утсаар ярихад удахгүй янзалж өгнө гэж өнөөдрийг хүрсэн. “Б з” ХХК нь Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчсөн.

Ийм учраас манай зүгээс дутуу орхисон засварын ажил дээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгосон. “Б з” ХХК-аас Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс дутуу орхисон ажлын хөлс 11 196 060 төгрөг, мөн уг үнэлгээг гаргахад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д төлсөн ажлын хөлс 700 000 төгрөг, “Б з” ХХК нь байранд засвар хийж байхдаа хаалга захиалж авчихаад Д.Б-ээр хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг төлүүлсэн. Иймд “Б з” ХХК-aac Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол нийт 14 096 060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Б з” ХХК нь Д.Б-тэй 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, 40 дүгээр байр 51 тоот 135 м.кв талбайтай орон сууцанд интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61 468 111,5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. Гэтэл Д.Б- нь ихэнх материалдаа өөрөө хамт явж, төсөвт өртөгт орсон үнэлгээтэй материал бус түүнээс хэт давсан үнэтэй материалуудыг сонгон авсан.

Түүнээс шалтгаалан гэрээнд тохирсон үнийн эцсийн дүн ажил дуусахад 71 492 708 төгрөг болон хувирсан. Д.Б- өөрийн өндөр хэрэглээгээ зохицуулж чадалгүй гэрээний дүнг өсгөсөн, эргээд өөрөө зохисгүй хэрэглээнийхээ буруутан болсонд манай байгууллага огтхон ч хамааралгүй юм. Мөн гэрээнд тохирсон ажлуудаас гадна олон тооны ажлууд нэмж хийлгэсэн нь тухайн гэрээт ажлыг хугацаанд нь дуусгах ямар ч боломжгүй байсан гэдгийг илтгэж байгаа юм.

Гүйцэтгэлийн ажил дуусахад нийт ажлын төрөл 77, нийт ашиглагдсан материалын төрөл 321 болж тоо хэмжээ нь ихэссэн бөгөөд дээрх зарим гүйцэтгэлийн ажил, материалын дүнгээс 3 938 158,99 төгрөгийг хугацааны алдагдалд төлөхөөр санал болгосон боловч дахин өөрийн дураар аман байдлаар алдангийн дүн зохион гаргаж, бидэнд шууд тулгаж, дээрх дүн дээрээс нэмж хассанаар манай байгууллага 5 000 000 орчим төгрөгийн алданги хүлээсэн болно. Гэвч энэхүү ажлын бодит алданги нь 3 907 440 төгрөг байсан. Мөн дутуу орхисон гэх ажлуудын материалын мөнгө, гүйцэтгэлийн ажлын хөлс зэргийг эцсийн үлдэгдэл тооцоог хийхдээ нэхэмжлэгч талаас тооцож аваагүй. Тэдгээр хийгдээгүй ажлуудын оронд бид дүйцэхүйц гүйцэтгэлийг мөн дээрх тооцоо дүн, үнэлгээнд алинд нь ч оруулалгүйгээр үнэгүй хийж өгсөн болно. Яагаад хийгдээгүй орхигдсон бэ гэхээр, захиалагч буюу нэхэмжлэгч нь Монголд байхгүй материалыг өөрийн санаачлагаар зураг төсөлд тусгуулан, улмаар Хятад Улсад хүртэл харилцагч хүмүүсээрээ хайлгаснаар манай байгууллага тодорхой хэмжээний зардал гаргасан. Тухайн материал буюу мозайк нь нэхэмжлэгчийн орон сууцанд хэрэглэгдэхүйц бага хэмжээгээр орж ирэх боломжгүй байсан юм. Иймд монголд байгаа төстэй бүх материалыг үзүүлж санал болгосон боловч хийлгэхийг зөвшөөрөөгүй. Мөн гал тогооны арын зурагтай шил гэх ажил нь монголдоо шилэн дээрх хэвлэлтээрээ хамгийн туршлагатай “Шилэн хийц” ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч мөн л зөвшөөрөөгүй болно. Манай байгууллага нэхэмжлэгчээс гадаадаас материал судалж, тухайн материалыг өөрсдийн биеэр очиж тээвэрлэн авчирч, Монгол Улсын хил гаалиар оруулан авч, гүйцэтгэлийн ажилдаа ашиглана гэж ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Тийм учраас Монголд байгаа нөөц бололцоогоо ашиглахыг зөвшөөрч чадаагүй нэхэмжлэгчийн буруу нь манай байгууллагад хамааралгүй. Дээрх тайлбаруудаас харахад дутуу орхисон ажлын хөлс гэж байхгүй. Мөн гэрээнд тусгагдаагүй олон тооны нэмэлт ажлуудыг гүйцэтгэхээс татгалзаж болох байсан боловч захиалагчаа эн тэргүүнд тавин ажлаа үргэлжлүүлсэн болно. Мөн баталгаа олгосон 1 жилийн хугацаанд манай байгууллагаас 4 ч удаа очиж, эвдэрсэн крант солих, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлж байсан. Дараа дараагийн дуудлага нь захиалагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан эвдрэл гарсан байсан учир манай ажилчид үнэгүй засвар хийж өгөхөөс татгалзсан байсан. Нэхэмжлэгч талын буруутай үйлдэл нь зочны өрөөний ариун цэврийн өрөөнийхөө бүрэн автомат угаалгын машиныг нааш цааш нь хөдөлгөөн ихтэй байлгаснаас үүдэн халуун хүйтэн усны крант эвдрэл ихтэй байсан. Түүнчлэн хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг Д.Б-ээр төлүүлсэн гэдэг нь мөн л худал зүйл юм. Хэрэгт авагдсан хаалганы баримт миний гарын үсэгтэй байгаа. Иймд манай байгууллага Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол гэх 14 096 060 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б з ХХК /Beatific zone/-aac 7 569 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 440 төгрөгийн 228 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б з ХХК /B z/-aac 136 064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга хэрэгсэл, журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэрт гомдол гаргаж байна.

Д.Б-ийн орон сууцны ажлын гүйцэтгэлийн ажилд баталгаа гаргах нь гэсэн хариуцагчийн төлөөлөгч миний өөрийн гараар бичгээр үйлдсэн баталгааны дагуу тус баталгааны нэг, хоёр, тав, зургаа, долоо, найм зэргийг зөрчилгүй, заасан хугацаанд нь гүйцээж өгсөн бөгөөд эдгээр үлдэгдэл ажлуудыг асуудалгүй дуусгавар болгосны үндсэн дээр бусад үлдэгдэл ажил нь захиалагчаас тодорхойгүй хугацаагаар шалтгаалж байсан учраас манай байгууллага эцсийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгчээс авсан. Түүнчлэн баталгаат 1 жилийн хугацаандаа 4 удаа засвар хийж өгсөн. Мөн хоёрдугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн орон сууцны паркетан шаланд одоо хүртэл ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Гар бичмэл баталгааны гурав, дөрөвдүгээр зүйл нь нэхэмжлэгч тавилгаа одоо хүртэл хийлгээгүй байгаа гэсэн буруутай үйлдлээс нь шалтгаалан угсрагдаагүй. Тиймээс шийдвэрийн үндэслэх хэсгийн тав, зургаадугаар догол мөрний үндэслэлийг манай байгууллагын эсрэг буруугаар ашиглах нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Хариуцагчийн төлөөлөгч миний бие нь “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ыг томилоогүй, нэхэмжлэгч Д.Б- нь өөрийн гараар бичин томилохыг хүссэн хүсэлт нь өмнөх шүүх хурлын хавтас хэрэгт байгаа болно. Өмнөх тус хуралдаан дээр нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн үнэлгээнд талбайн м.кв-аас барилгын материалыг илүү төсөвлөсөн гэж тооцсон гэх бүх барилгын материалд нэхэмжлэгч нь өөрөө хамт явж худалдаж авсан. Үүнийг худалдан авсан зарлагын баримтаар нотлохоор нэхэмжлэгч талаас албадан гаргуулахаар хүсэлт гараар бичин өгсөн. Түүний дагуу зарлагын баримтыг нэхэмжлэгч тал гарган, хэрэгт өгсөн. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх болон Д.Б-ийн шүүхээр томилуулсан “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын 3 шинжээч хэн нь ч нэг ч удаа сөхөж хараагүй, дүн шинжилгээ хийгээгүйгээр барахгүй, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурал эхлэх үед тэдгээр зарлагын баримтыг албаар орхигдуулсан уу, эсвэл хариуцлагагүй үйлдэл үү гэдгийг дахин нягталж, тус зарлагын баримтуудыг нэхэмжлэгчтэй эцсийн тооцоо хийсэн тайлан төсөвтэй тулгаж, шинжээчийн эцсийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ хэлсэн боловч, огтхон ч авч хэлэлцээгүй. Түүгээр ч барахгүй тус 3 шинжээч нэхэмжлэгч болон хариуцагч талтай ганцаарчилан уулзахгүй гэсэн зүйлд талуудаас гарын үсэг зуруулан авсан боловч түүнийгээ зөрчсөн. Гэрээт ажлын обьектод дүн шинжилгээ хийсэн анхны өдрөө нарийн хэмжилт хийлгүй мэргэжлийн бус алдаа гарган, дахин очиж нарийн хэмжилт хийнэ гэсэн боловч очоогүй гэдэг нь хэрэгт өгөгдсөн үнэлгээнд нь 2 дахь удаагаа очиж нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн гэсэн тэмдэглэл байгаагүй зэрэг тус хэргийг дахин хэлэлцэхэд хүндэтгэх шалтгаанууд байгаа юм. Тиймээс, “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчид нь мэргэжлийн бус хүмүүс учраас мэдэхгүй зүйлүүд их байна, мөн нэхэмжлэгч, хариуцагч хоёрын гэрээт ажлын бусад зүйлийг мэдэхгүй учраас үнэлгээндээ тусгаагүй, обьект дээр нарийн дүн шинжилгээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн учир дутагдалтай тайлбаруудыг шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь тодоос тод сонссон хэрнээ чухалд тооцож үзээгүй. Үүнийг батлах баталгаа нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзнэ үү.

Тиймээс тус үнэлгээний газраар гаргуулсан үнэлгээг няцаах бүрэн үндэслэлтэй эцсийн төлбөрийн тооцоо хийсэн, шүүхийн хэрэгт хавсаргасан, интерьерийн гүйцэтгэлийн ажил болон зардлын жагсаалтыг батлах тэдгээр барилгын материал худалдаж авсан зарлагын баримтуудаар энэхүү шүүх хуралдааны шийдвэрийг учир дутагдалтай гэдгийг нотлох хүсэлтэй байна. Манай “Б з” ХХК нь “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан үнэлгээг няцааж чадаагүй. Нэхэмжлэгч тал шүүхэд гол нотлох баримт болох барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг гаргаж өгчихөөд байхад шүүх өөрөө болон шинжээчид давхар шалгаж үзээгүйгээс болсон гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр манай компанийг ажлаа дутуу хаяснаас гадна нийт төсвөөсөө мөнгө идсэн гэж үзэж байгаа юм бол яагаад тэдгээр баримтуудыг шинжээчид болон шүүх нотолгоо болгон ашиглаагүй юм бэ. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч, нэхэмжлэлийг шаардлагаас ямар хэсгийг хэрэгсэхгүй болгож байгааг тодорхой бичээгүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.    

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Б з” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой 14 096 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж 9 769 600 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, захиалагч олон тооны нэмэлт ажлууд хийлгэсэнтэй холбоотойгоор гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болж, ажлын хөлсний хэмжээ хэтэрсэн, тодорхой ажлууд дутуу үлдсэнийг хийж гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн, тэдгээр ажлыг гүйцээн хийж өгөх боломжтой гэжээ.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Интерьер дизайны ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 40 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 135 м.кв талбайтай орон сууцны интерьер дизайн, гал тогооны засвар, гадна засварын гүйцэтгэлийн ажлыг захиалагч буюу нэхэмжлэгчийн баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, гэрээт ажлын нийт төсвийн үнийн дүн 61 468 111 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон ажлын хөлс 61 468 111 төгрөгийг хариуцагч авсан талаар маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 5-7 дугаар тал/

 

Уг гэрээгээр ажлын нийт хөлс 61 468 111 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд харин хийх ажил тус бүрийн үнийг тусгайлан тохиролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, бараа материалын төрөл, хэмжээ, чанар, үнэ болон ажлын хөлс зэргийн хэмжээг нарийвчлан тогтоосон зүйлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө дээрх гэрээнд заасан ажлын хэмжээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргуулахад, дутуу ажлын хэмжээ 11 196 060 төгрөг гэснийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч маргасантай холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2017/08889 дугаар шүүгчийн захирамжаар “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилжээ. Уг мэргэжлийн байгууллага 2014 онд батлагдсан нэхэмжлэгчийн орон сууцны интерьерийн ажлын зураг төслийг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлаас дуусгаагүй буюу дутуу хийсэн ажил, түүний хөлсний  хэмжээг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр 7 569 600 төгрөг гэж тогтоожээ. /хэргийн 1 дэх хавтас 219, 235-246 дугаар тал/ Энэхүү шинжээчийн дүгнэлтийг гаргахад ашигласан интерьерийн ажлын зураг төслийн дагуу засварын ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч гэрээгээр тохиролцоогүй олон тооны ажлуудыг нэмж хийсэн болон өндөр үнэтэй материал худалдан авсантай холбоотойгоор ажлын хөлсний хэмжээ хэтэрсэн, нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд тооцон авсан 61 468 111 төгрөгөөс алданги тооцож, буцааж төлсөн, худалдан авсан материалын үлдэгдлийг /шалны паркет/ нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч уг тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч буюу захиалагч гэрээнд заасан ажлын үр дүнгийн талаар шаардлага гаргаж байгааг хариуцагч буюу гүйцэтгэгч үгүйсгэн маргаж буй тохиолдолд ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохыг өөрөө нотлох үүрэгтэй юм. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

 

Хариуцагч орон сууцны засварын зарим дутуу ажлын гүйцэтгэлийг арилгах хугацаа тогтоож баталгаа бичиж нэхэмжлэгчид өгсөн байгаагаас үзэхэд гэрээнд заасан зарим ажлыг дуусгахгүй дутуу гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүн, тоо хэмжээний хувьд биет байдлын доголдолгүй гэж үзэх боломжгүй тохиолдолд дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч мөн хуулийн 352.2.3-т зааснаар буцаан шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь нэхэмжлэгчид интерьер дизайны ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 7 569 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Мөн хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр талд авагдсан орлогын ордер тасалбар гэх баримтад 5 ширхэг хаалга, 1 ширхэг самбарын урьдчилгаа төлбөр 2 200 000 төгрөгийн тушаагч Л.Энхтөр гэж бичигдсэн байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэмжээг шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “үлдэх 2 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 064 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА   

                      

                                                                                                    С.ЭНХТӨР