Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00024

 

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00024

 

 

.....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч .....-ХХК-д холбогдох

 

14 096 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ....- нь ".....-" ХХК-тай 2014 оны 8 сарын 16-ны өдөр №14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХ гудамж ХХ дүгээр байр ХХ тоот 135 м.кв талбайтай орон сууцанд интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61 468 111,5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. ".....-" ХХК нь Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.6 дах заалтуудыг зөрчсөн тул дутуу орхисон засварын ажил дээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгосон. .....-" ХХК-иас Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс дутуу орхисон ажлын хөлс 11 196 060 төгрөг, мөн уг үнэлгээг гаргахад ХХХ ХХК-д төлсөн ажлын хөлс 700 000 төгрөг, ".....-" ХХК нь байранд засвар хийж байхдаа хаалга захиалж авчаад ....-ээр хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг төлүүлсэн тул уг 2 200 000 төгрөг, нийт 14 096 060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....- нь ихэнх материалдаа өөрөө хамт явж, төсөвт өртөгт орсон үнэлгээтэй материап бус түүнээс хэт давсан үнэтэй материалуудыг сонгон авсан. Түүнээс шалтгаалан гэрээнд тохирсон үнийн эцсийн дүн ажил дуусахад 71 492 708 төгрөг болон хувирсан. ....- өөрийн энэ өндөр хэрэглээгээ зохицуулж чадалгүй гэрээний дүнг өсгөсөн, эргээд өөрөө зохисгүй хэрэглээнийхээ буруутан болсонд манай байгууллага огтхон ч хамааралгүй юм. Мөн гэрээнд тохирсон ажлуудаас гадна олон тооны ажлууд нэмж хийлгэсэн нь тухайн гэрээт ажлыг хугацаанд нь дуусгах ямар ч боломжгүй байсан гэдгийг илтгэж байгаа юм. Гүйцэтгэлийн ажил дуусахад нийт ажлын төрөл 77, нийт ашиглагдсан материалын төрөл 321 болж тоо хэмжээ нь ихэссэн бөгөөд дээрх зарим гүйцэтгэлийн ажил, материалын дүнгээс 3 938 158,99 төгрөгийг хугацааны алдагдалд төлөхөөр санал болгосон боловч дээрээс нь дахин өөрийн дураар аман байдлаар алдангийн дүн зохион гаргаж, бидэнд шууд тулгаж, дээрх дүн дээрээс нэмж хассанаар манай байгууллага 5 000 000 орчим төгрөгийн алданги хүлээсэн. Гэвч энэхүү ажлын бодит алданги нь 3 907 440 төгрөг байсан. Мөн дутуу орхисон гэх ажлуудын материалын мөнгө, гүйцэтгэлийн ажлын хөлс зэргийг эцсийн үлдэгдэл тооцоог хийхдээ нэхэмжлэгч талаас тооцож аваагүй болно. Хийгдээгүй ажлуудын оронд бид дүйцэхүйц гүйцэтгэлийг мөн дээрх тооцоо дүн, үнэлгээнд алинд нь ч оруулалгүйгээр үнэгүй хийж өгсөн. Яагаад хийгдээгүй орхигдсон бэ гэхээр захиалагч буюу нэхэмжлэгч нь Монголд байхгүй материалыг өөрийн санаачлагаар зураг төсөлд тусгуулан, улмаар Хятад Улсад хүртэл харилцагч хүмүүсээрээ хайлгаснаар манай байгууллага тодорхой хэмжээний зардал гаргасан. Тухайн материал буюу мозайка нь нэхэмжлэгчийн орон сууцанд хэрэглэгдэхүйц бага хэмжээгээр орж ирэх боломжгүй байсан юм. Ийм учир монголд байгаа төстэй бүх материалыг үзүүлж санал болгосон боловч хийлгэхийг зөвшөөрөөгүй. Мөн гал тогооны арын зурагтай шил гэх ажил нь Монголдоо шилэн дээрх хэвлэлтээрээ хамгийн туршлагатай "Шилэн хийц" ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч мөн л зөвшөөрөөгүй болно. Манай байгууллага нэхэмжлэгчээс гадаадаас материал судалж, тухайн материалыг өөрсдийн биеэр очиж тээвэрлэн авчирч, Монгол Улсын хил гаалиар оруулан авч, гүйцэтгэлийн ажилдаа ашиглана гэж ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй.

Нэхэмжлэгч өөрөө ихэнх материалдаа хамт явж, худалдан авсан учир, бүх шат дамжлага, материалын тоо ширхэгийг байнга хянаж байсан учир хөрөнгийн үнэлгээ нь албаар хийсэн худал зохиомол зүйл гэж үзэж байна. Манай байгууллага гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 гэсэн заалтуудыг огтхон ч зөрчөөгүй. Яагаад гэвэл, манай байгууллага, гэрээний 1.2-д заасан манай талаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэх боломжгүй ажлаас татгалзах эрхээ эдэлсэн. Мөн баталгаа олгосон 1 жилийн хугацаанд манай байгууллагаас дөрвөн ч удаа очиж, эвдэрсэн крант солих, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлж байсан. Дараа дараагийн дуудлага нь захиалагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан эвдрэл гарсан байсан учир манай ажилчид үнэгүй засвар хийж өгөхөөс татгалзсан байсан. Түүнчлэн хаалганы мөнгө 2 200 000 төгрөгийг ....-ээр төлүүлсэн гэдэг нь мөн л худал зохиомол зүйл юм. Үнэн үйл явдал нь гэвэл, барилгын гүйцэтгэлийн ажил дууссаны дараа нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гадаадаас нөхрөөсөө мөнгө авахаар хүлээх зуур манай баигууллага 1 100 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулан авсан төдийхөн зүйл юм. Нэхэмжлэгч ....- нь гэрээний 3.3, 3.4 гэсэн заалтуудыг зөрчсөн. Иймд манай байгууллага 14 096 060 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 352.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч .....-ХХК-иас 52 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууяийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 440 төгрөгийн 228 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч .....-ХХК-аас 2 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх .....-ХХК-ийн захирал ХХХ-ийн ....- надад орон сууцны гүйцэтгэлийн баталгаа гаргах нь гэсэн баримтыг ажил хүлээлцсэн акт гэж дүгнэж, нэхэмжлэгч өөр бусад доголдлуудын талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4, 352.2-т тус тус зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн дүгнэсэн. .....-ХХК-ийн захирал ХХХ нь тухайн үед байрны дутуу хийсэн ажил болон хийгдээгүй ажлыг орхиж явсан. ....- миний бие .....-ХХК-ийн ажлын хаягаар нь удаа дараа очсон боловч нүүсэн байсан. Мөн утас руу нь залгахаар утасаа авахгүй, араас нь хөөцөлдсөний улмаас нэн тэргүүнд хийгдэх ажлыг баримтжуулан бичүүлж авсан боловч уг ажлаа хийгээгүй тул "ХХХ" ХХК-иар дутуу хийсэн ажил болон хийгдээгүй ажлыг үнэлүүлэн доголдолтой гүйцэтгэсэн ажилтай холбоотой Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3 дахь заалтад заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэн тэргүүнд хийгдэх ажлыг баримтжуулсан баримтыг ажил хүлээлцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 405 000 төгрөгийг хангаж, үлдэх 9 491 060 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

....- миний бие 2015 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл 2016 оны 10 сарын 11-ний өдөр шийдэгдсэн. Энэхүү хугацаанд манай талаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан зүйл байхгүй. Харин .....-ХХК-ийн захирал ХХХ нь шүүхийг үл хүндэтгэн удаа дараагийн шүүхийн дуудсан цаг болон шүүх хуралд хүрэлцэн ирдэггүй, энэ хүнээс болж хэрэг удааширч шийдэгдсэн нь .....-ХХК-ийн захирал ХХХ-ийн юманд хандах хандлага, аливаа юмыг үл оошоосон нь хавтас хэргээс харагдаж байгаа. Энэхүү байдал нь аливаа юмыг цаг хугацааанд нь хийх боломжгүй гэдгийг харуулсан юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ....- нь хариуцагч .....-ХХК-д холбогдуулж, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 11 196 060 төгрөгийг буцаан гаргуулах болон ажлын хөлсний үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 700 000 төгрөг, хаалганы үнэд илүү төлсөн 2 200 000 төгрөг зэрэг нийт 14 096 060 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч .....-ХХК нь нэхэмжлэгч ....-ийн өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ дүгээр байрны ХХ тоот хаягт байрлах ХХХХХХХ дүгээр байрны ХХ тоотод байрлах, 135 мкв талбайтай орон сууцны интерьер дизайн, гал тогооны засвар, гадна засварын гүйцэтгэлийн ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, ....- нь ажлын хөлс, материалын зардалд 61 468 111,5 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч ....- нь гэрээнд заасан ажлын хөлсийг хариуцагчид төлж үүргээ биелүүлсэн боловч хариуцагч .....-ХХК нь .......-ийн орон сууцны ажлын гүйцэтгэлийн ажилд баталгаа гаргах нь... гэсэн бичгийн баримтад нэрлэн заасан болон ХХХХ ХХК-ийн хийсэн үнэлгээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгээгүй дутуу орхисон болох нь тогтоогджээ \хх-ийн 10, 11-81 дугаар тал\.

Энэ тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ажил гүйцэтгэгчийн арилгах арга хэмжээ аваагүй доголдлыг өөрөө арилгаж, зардлаа ажил гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх эсхүл 352.2.3-т зааснаар ажлын хөлсийг бууруулах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан .....-ХХК-ийн өөрийнх нь гаргасан тодорхойлолт болон ХХХХ ХХК-ийн хийсэн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бол хариуцагч нь татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэгч талын гаргасан баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ-ийн хүсэлтээр дахин шинжээч томилж, ХХХХ ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэж татгалзсанаар дахин үнэлгээ хийгдээгүй, захирамжийн заалт биелэгдээгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хариуцагч талаас дахин энэ талаар хүсэлт гаргаагүй тул ХХХХ ХХК-ийн хийсэн үнэлгээг хариуцагч үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүх хариуцагч .....-ХХК нь дутуу орхисон ажлаа хүлээн зөвшөөрснөөс гадна нийт ажилд 1 жилийн дотор ямар нэгэн захиалагчаас шалтгаалаагүй чанарын алдаатай эвдрэл гэмтэл гарвал засварлаж өгөх үүрэг хүлээсэн байхад Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Харин 2 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд ХХХХ ХХК-ийн хийсэн үнэлгээгээр тогтоогдсон дуусгаагүй буюу дутуу хийсэн ажлын хөлс 11 196 060 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн зардал 700 000 төгрөгийн хамт хариуцагч .....-ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ....-т олгох нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 352.4 гэснийг хасч, 2 405 000 гэснийг 11 896 060 гэж, үлдэх гэсний дараа 2 200 000 төгрөгийн гэж нэмж, 2 дах заалтын 2 405 000 гэснийг 205 287 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ....-ийн төлсөн 202 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ