Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2020/00064

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******лд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 168.626.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би *******тай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-18-26 тоот 29 м.кв талбай бүхий Ү-2101004679 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 40.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан бөгөөд өөрийнх нь хүсэлтээр хугацааг сунган 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зохих хүүг авсан. Үүнээс хойш хугацаа сунгаагүй ба гэрээний дагуу алданги 20.000.000 төгрөг болж нийт 60.000.000 төгрөг болсон. ******* надад хандаж дахин 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04 хүртэл зээл болон барьцааны гэрээ хийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, бага тойруу Нэгдсэн үндэстний гудамжинд орших 37-р байрны 4 тоот Цэрэндоржийн Болормаа /ЧА-70100566/-гийн өмчлөлийн 46 м.кв талбайтай 2 өрөө бүхий Ү-2203037880 улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг өөрийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу 3314 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээгээр, 3315 бүртгэлийн дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлж 55.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн бөгөөд хүүгээ өгч үндсэн зээлээ өгөөгүй, алданги 27.500.000 төгрөг болж нийт 82.500.000 төгрөг болсон. Итгэмжлэлийг нийслэлийн нотариатч авч үлдсэн болно. Мөн 2019 оны 03 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 05 хүртэл 7.400.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүү 1 332 000 төгрөг, алданги 3.700.000 төгрөг нийт 12.432.000 төгрөг болсон. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3 сарын хугацаатай 7.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээл хүүгээ мөн өгөөгүй. Үндсэн зээл 7.000.000 төгрөг, хүү 1.680.000 төгрөг /алданги тооцоогүй/ нийт 8.680.000 төгрөг болсон. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3 сарын хугацаатай 2.000.000 төгрөгийг хүүгүй авсан ба алданги 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг болсон. 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 хувийн хүүтэйгээр 2.000.000 төгрөгийг авсан бөгөөд алданги 1.000.000 төгрөг нийт 3.216.000 төгрөг болсон юм. Түүнтэй тохирохоор олон удаа уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй ба эвлэрүүлэн зуучлах албаар орохыг хүссэн боловч тэрээр зөвшөөрөөгүй шүүхэд ханд гэсэн тул би арга буюу тус шүүхэд хандаж байна. Иймд *******аас үндсэн зээл 111.400.000 төгрөг, алданги 57.216.000 төгрөг нийт 168.626.000 төгрөгийн 60.000.000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох 6-18-26 тоот орон сууцны үнийн дүнгээс, 82.500.000 төгрөгийг Улаанбаатар хот СБД, 6 дугаар хороо Нэгдсэн үндэсний гудамж 37-4 тоот 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд А.Лхамын надад холбогдуулан зээл болон зээлийн хүү 168.626.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь А.Лхам нь надад өгсөн мөнгөө буцааж бүгдийг нь авсан бөгөөд хангалттай хүү авч ашиг олсон. Хангалттай ашиг олсон атлаа дахиад хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөх боломжгүй. Түүний нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтуудыг миний бие өмнө нь танилцаагүй тул ямар учиртай баримтууд болохыг мэдэхгүй байна. Би нэхэмжлэгч *******д үндсэн зээлийн төлбөрт түүний эзэмшлийн Хаан банкан дахь 5127031439 тоот дансанд 91.620.000 төгрөг төлсөн. Мөн Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан. Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг байж болзошгүй нөхцөл байдал ногтоогдож байгаа бөгөөд ******* нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэн явуулах эрхгүй этгээд тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. *******тай би 2016 оноос хойш харилцаатай байгаа бөгөөд ******* нь надад мөнгө зээлдүүлэхдээ зээлийн гэрээ гэх нэртэй баримтан дээр хүү болон зээлийн хэмжээ, нөхцлийг бичилгүйгээр гарын үсэг зуруулан авдаг байсан бөгөөд дараа нь гэрээ нөхөөд хийе гэдэг байсан. 2016 онд би *******аас багагүй мөнгө зээлж буцаан төлсөн бөгөөд тус онд мөнгө зээлж авахад мөн л хоосон баримтанд гарын үсэг зуруулаад мөнгө өгдөг байсан. Ийнхүү бид нарын хооронд тодорхой итгэлцэл бий болсон. Гэтэл ******* нь хоосон баримтуудыг ашиглан нөхөн бичилт хийж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн байна. Би түүнээс 111.000.000 төгрөг авсан бөгөөд буцаагаад бэлнээр болон дансаар 93.640.000 төгрөгийг төлсөн байна. Иймд 17.360.000 төгрөгийг төлнө барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч *******аас 37.360.000 төгрөг /гучин долоон сая гурван зуун жаран мянга/ гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131.266.000 төгрөг /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаан мянга/ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн.1.001.080 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 344.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6-р хороо 37-р байр 04 тоот 2 өрөөг барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар тус тус шаардсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ******* намайг зохих этгээдийн зөвшөөрөлгүй зээлийн гэрээг хийсэн байна, тэрээр хариуцагчтай удаа дараагийн шинжтэй давтак зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн байна гэж бид 2 -ын хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус үзэн 131.266.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Би өөрийнхөө өмчлөл, эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгөө яаж захиран зарцуулах нь миний эрх бөгөөд би өөрийн өмч хөрөнгөө зарцуулахад хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Бусдын мөнгийг авч хадгалж, зээлийн үйл ажиллагаа явуулж хадгалсан мөнгөнд нь хүү тооцох зэрэг, банк болон ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаггүй. Би хэнээс зөвшөөрөл авах ёстой гэж Ариунжаргалын өмгөөлөгч М.Ганзориг гэгч нь СЗХ-нд болон Цагдаагийн газарт намайг бичиж өгсөн. Уг хорооноос болон Цагдаагийн газраас намайг та зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авч явуулах ёстой, бид таныг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, хуулийг зөрчлөө гэж үзэж, дүгнэлт гаргах ч юм уу, хариуцлага тооцоогүй Би аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэдэггүй. Тиймээс аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулинд заасан зохицуулалтыг иргэн ******* миний нэхэмжлэлд хэрэглэх боломжгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бидний дунд үүссэн. Энэ харилцааг Ариунжаргал хүссэн үедээ надад хандаж өөрийн хэрэгцээтэй болсон мөнгөө явдал, чирэгдэл багатай барьцаа өгөхгүй авч, миний итгэлийг олж байсантай холбоотой, Мөн банк болон ББСБ-с зээл авахад түүнд надаас авч хэрэгцээгээ хангаж байсан мөнгөний барыдаа хөрөнгийг нь багаар үнэлж, тэр хэмжээгээрээ авах мөнгөний дүн ч багасах тул Ариунжаргал өөрөө гуйж хүсч би түүнийг нь зөвшөөрч, бидний 2 талын санаа зориг нэгдэж, мөнгийг надаас зээлж авсан нь хэнд ч ойлгомжтой. Би хүний хэрэгцээг хангах үүрэггүй тул, өөрийнхөө хүлээх эрсдлийг хамгаалж зээлийн болон барьцааны гэрээг хийсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Барьцааны гэрээг зохих газарт нь бүртгүүлсэн тул зохих этгээдийн зөвшөөрлийг авсан гэж үзэж байна.

Энэ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг 6 сарын хугацааны хүүг төлсөн. Үндсэн мөнгөө төлөхгүй байсан тул хугацааг тухайн үед ярилцаад сунгаад явж байсан. Зээлийн гэрээнд заасан гол нөхцөл болох 6 сарын хүүг төлсөн. Хэрэв 40.000.000 төгрөг аваагүй 37.000.000 төгрөг авсан бол хүүг 2.400.000 төгрөгөөр тооцох ёсгүй шүү дээ. Сунгалтыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тооцохгүй гэж үзье гэхэд 40.000.000 төгрөгөөс 14.400.000 төгрөг хасахаар 25.600.000 төгрөг үүний алданги 12.800.000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлөх л ёстой. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс төлсөн 2018 оны 05 дугаар сарын 02-14-ныг хүртэл төлсөн 15.192.000 төгрөгнөөс гэрээний дагуу төлөх 14.400.000 төгрөгийг хүүнд тооцож хасаад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20.858.000 төгрөг өгсөн байна. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эгч Бадамхандын 2017 оны 04 дүгээр сарын 17-нд авсан мөнгийг төлсөн байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 25 хүртэл 26.678.000 төгрөг, 2019 оны 03, 04-р сар хүртэл 5.400.000 төгрөгийг оруулбал 32.078.000 төгрөг төлсөн байгаа.

Үүнийг тооцохоор 40.000.000-32.078.000=7.922.000 төгрөг үлдсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-нд шилжүүлсэн 20.000.000 төгрөг 6.750.000 төгрөг нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлж авсан 25 сая төгрөг зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон харилцааны тооцоо төлбөр үүнийг шүүх зөв тооцсон гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 12-нд 2 сая төгрөг хүүгүй 3 сарын хугацаатай зээлсэн уг хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 12-нд дуусч байгаа энэ зээлийг төлсөн гэж тооцьё.

Нийт 2018 оны 12 дугаар сарын 04-нд авсан 55.000.000 төгрөгний зээлийн хүүг 3 сарын хүүг би төлсөн гэж тооцсон. Хугацаа нь 03 дугаар сарын 04-нд дуусч байгаа 2019 оны 03 дугаар сарын 05-нд авсан 7.500.000 төгрөгийн зээлийг огт төлөөгүй. 2019 оны 04 дүгээр сарын 02-нд авсан 7 сая төгрөг зээлийг огт төлөөгүй байгаа, Иймд 55,000,000 төгрөгний зээлийн гэрээний үүрэг алдангийн хамт 82,500,000 төгрөг; 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны хүртэлх зээлийн гэрээний үүрэг 7.400.000 төгрөг алданги 3.700.000 төгрөг хүү 1.332.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7.000.000 төгрөгийн хүү 1.680.000 төгрөг нийт 121.345.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх байсан үүнээс 37.360.000 төгрөг хангасан тул одоо 83.985.000 төгрөгийг нэмж хангаж, барьцааны хөрөнгөөс 82.500.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 168.626.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-18-26 тоот 29 м2 талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо бага тойруу, нэгдсэн үндэстний гудамж 37-4 тоотод байрлах 45.66 м2 талбай бүхий Ц.Болормаагийн байрыг барьцаалж, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 7 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7.400.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ хийж зээлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д нийт 6 удаагийн зээлийн гэрээгээр нийт 111.400.000 төгрөг зээлдүүлсэн өөрийнх нь хүсэлтээр зээлийн гэрээг сунгаж байсан, үндсэн зээлд 111.400.000 төгрөг, алданги 57.216.000 төгрөг нийт 168.626.000 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бидний хооронд 2016-2017 оноос зээлийн гэрээний харилцаа үүсэж мөнгө авч өгч төлбөр тооцоогоо хийж байсан. *******ыг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгож байсан. Гэтэл тэрээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан тул бидний хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг дансаар болон бэлнээр эргүүлэн 93.640.000 төгрөг төлсөн. Одоо 17.360.000 төгрөг төлнө гэсэн тайлбар гарган маргаж мэтгэлцжээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа удаа дараагийн шинжтэй, давтан хийгддэг ******* нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг, иргэдтэй байгуулсан гэрээний үр шимийг хүртэж зээлийн үйл ажиллагаа явуулж буйг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуй нэгж үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авч улсад зохих татвар хураамж төлдөггүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 189.2., 189.3.-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийх нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.8.-д зохицуулсан бөгөөд ******* нь зохих этгээдийн зөвшөөрөл буюу Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж хэлцэл байгуулсан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч ******* нь иргэд хооронд зээлийн гэрээ байгуулж хүүтэй мөнгө зээлдүүлж хүүгээр ашиг орлого олдог энэ үйл ажиллагааг байнгын шинжтэй тогтвортой явуулдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэрээр хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мөн олсон ашиг орлогоосоо хүн амын орлогын албан татвар төлдөггүй, хуулинд заасан эрхээ эдэлж буй боловч хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлдэггүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч *******тай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч *******аас зээлж авсан үндсэн мөнгө болон буцаан төлсөн мөнгөний зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үндсэн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч *******аас 37.360.000 төгрөг /гучин долоон сая гурван зуун жаран мянга/ гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131.266.000 төгрөг /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаан мянга/ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.10., 56.5., 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч *******аас 37.360.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131.266.000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ