Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 250

 

Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Ё.Ц-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, М.Алтанцэцэг, хохирогч Х.Г-н өмгөөлөгч Д.Мядагбадам, хохирогч А.Ц-н өмгөөлөгч Р.Энхтүвшин, хохирогч Г.П, З.Т нарын өмгөөлөгч М.Хувцагаан, хохирогч Б.Б, Ч.О, Д.Г, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар магадлалтай, Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох 20831293 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Ё.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 43 настай, эмэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 141/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Б.У,

2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б.Х,

3. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 49 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Ч овогт Ё.Ц,

4. Монгол Улсын иргэн 1974 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан, С овогт Н.М,

5. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогт С.Т,

6. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овгийн С.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-г бусадтай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Эксим Финанс” ББСБ-ыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар  “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Прокуророос шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Н.М, С.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, Н.М, С.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.У-г 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Х-г 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ё.Ц-г 7 /долоон/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Т-г 3 /гурван/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б-г 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч: Б.У-н 808 /найман зуун найм/ хоног, Ё.Ц-н 840 /найман зуун дөч/ хоног, Б.Х-н 214 /хоёр зуун арван дөрөв/ хоног, С.Т-н 28 /хорин найм/ хоног, С.Б-н 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.У-с нийт 219,634,500 төгрөг гаргуулж, 7,490,000 төгрөгийг хохирогч Ч.Г-д, 20,040,000 төгрөгийг хохирогч Ч.Н-д, 10,000,000 төгрөгийг хохирогч Д.Х-д, 30,000,000 төгрөгийг хохирогч Д.Г-д, 5,126,000 төгрөгийг хохирогч Ж.М-т, 25,060,000 төгрөгийг хохирогч М.М-т, 23,280,000 төгрөгийг хохирогч “Макс-Импекс” ХХК-нд, 19,500,000 төгрөгийг хохирогч Н.Э-д, 29,820,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15,568,500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 33,750,000 төгрөгийг хохирогч Д.Ц-т,

шүүгдэгч Б.Х-с нийт 255,390,000 төгрөг гаргуулж, 40,000,000 төгрөгийг хохирогч “Капитал банк”-нд, 25,000,000 төгрөгийг хохирогч Э.Н-д, 33,800,000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13,500,000 төгрөгийг хохирогч С.Б-т, 12,000,000 төгрөгийг хохирогч “Мон сан алдар” ХЗХ-д, 51,840,000 төгрөгийг хохирогч С.Б-д, 42,000,000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 22,250,000 төгрөгийг хохирогч “Хас банк”-нд, 15,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.М-д,

шүүгдэгч Ё.Ц-с нийт 78,586,000 төгрөг гаргуулж, 5,000,000 төгрөгийг хохирогч Т.Г-н хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15,568,500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 20,000,000 төгрөгийг хохирогч А.Ц-т, 10,000,000 төгрөгийг хохирогч Ц.Э-т, 11,250,000 төгрөгийг хохирогч О.Д-д, 3,700,000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13,067,500 төгрөгийг хохирогч О.Г-д,

шүүгдэгч С.Т-с нийт 10,250,000 төгрөг гаргуулж, 6,000,000 төгрөгийг хохирогч Ц.Г-д, 4,250,000 төгрөгийг хохирогч Б.Б-д,

шүүгдэгч С.Б-с нийт 17,750,000 төгрөг гаргуулж, 10,500,000 төгрөгийг хохирогч Ц.Г-д, 7,250,000 төгрөгийг хохирогч Б.Б-д тус тус олгуулж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хохирогч н.О-н Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 4 м.кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг,

Хохирогч Ч.Л, Л.Х, Л.Б нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 54 дүгээр байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг,

Хохирогч Х.Г-н Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 49-68 тоот орон сууцны өмчлөх эрхийг,

Хохирогч Г.П-н Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус сэргээж, өмчлөх эрх сэргээсэнтэй холбоотой бусад асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг оролцогч нарт мэдэгдэж, хохирогч нарын өмчлөх эрхийг сэргээсэнтэй холбоотойгоор иргэний хариуцагч Х.Гансүхээс 27,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д, иргэний хариуцагч Л.Б-с 7,946,782 төгрөг гаргуулж хохирогч “Хас банк”-нд тус тус олгуулж, нэр бүхий хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Б.У-н 808 /найман зуун найм/ хоног, ...” гэснийг “...Б.У-н 828 /найман зуун хорин найм/ хоног, ...” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...шүүгдэгч Б.У-с нийт 219,634,500 төгрөг гаргуулж, ...33,750,000 төгрөгийг хохирогч Д.Ц-т,...” гэснийг “...шүүгдэгч Б.Уээс 208,884,500 /хоёр зуун найман сая найман зуун наян дөрвөн мянган таван зуу/ төгрөг гаргуулж, ...23,000,000 төгрөгийг хохирогч Д.Ц-т,...” гэж, “...хохирогч Э.Н-д...” гэснийг “...хохирогч Б.Н-д...” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие тус хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэргийн үнэн зөвийг олж тогтоолгүй хавтгайруулан ялласанд гомдолтой. Би 59 настай, өөрийн 84 настай өвчтэй ээжийгээ асран хамгаалан нөхрийн хамт амьдардаг. Ээж маань намайг хоригдсоны дараа сэтгэл санааны цочролд орж хүнд байдалтай үлдсэн. Би тархины цусан хангамжийн дутагдлаас болж байнга толгой дүүрч өвддөг. Зүрхний хэм алдагдлаас болж артерийн даралт 180-200 хүртэл ихсэж, бие маань их зовууртай байдаг. Эмээр л хүнд өдрийг аргацааж байна. Би Нарантуул худалдааны төв дээр 2 лангуу түрээсэлдэг байсан боловч хэрэгт холбогдсоны улмаас цаашид ажиллуулах боломжгүй болсон. Миний бие анх өөрийн ээж, дүү нартайгаа ярилцаж өөрийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл судлаад зээлийн батлан даагчаар өөрийн эх н.Ц, дүү Б.У нараар баталгаа гаргуулж 7-8 сая төгрөгийн зээл гаргуулахаар ярилцаад зарын дагуу нэг эмэгтэй хүнтэй 8065661. дугаарын утсаар холбогдсон. Түүнтэй уулзахаар болж ээжийнхээ хамт С, Т гэх хүмүүстэй 25 дугаар эмийн сангийн орчим уулзсан. Т нь өөрийгөө банканд ажилладаг, надад таньдаг хүмүүс маш их байдаг гэсэн. Харин С нь танил тал мөн л их байдаг гэсэн. Би өөрийн материалаа үзүүлээд 7-8 сая төгрөгийн зээл авч болох эсэхийг асуухад “болно, болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ эгч минь” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа тэдгээр хүмүүс надаас байрны гэрчилгээ, хорооны тодорхойлолт, үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг авсан... Миний бие Т, С нарт, зар мэдээ сонинд итгэсний улмаас тэдэнтэй санаатайгаар үгсэн хуйвалдаж, бусдыг хохироосон гэж буруутгагдан онц хүнд гэмт хэрэгтэн болоод ял авсандаа маш их гомдолтой байна. Тэдэнтэй анх уулзах болсон гол зорилго бол бага хувийн хүүтэй бизнесийн зээл түргэн шуурхай гаргуулах гэж л байсан болохоос биш бүлэглэн бусдыг залилан мэхлэх гэсэн санаа зорилго байгаагүй. Миний итгэлийг ашиглаж бусдыг залилчхаад энэ үйлдлээ нуух зорилгоор намайг татан оролцуулсан. Хуурамч итгэмжлэл хийж өгсөн нь нотлогдсон. Тухайн өдөр би хохирогч нартай уулзаж нэг ч төгрөг аваагүй байхад Т-н үгээр намайг буруутгасан нь шударга бус байна. Мөн Г-с би албан ёсоор гэрээ хийж нэг ч төгрөг аваагүй байхад Т-ай хамтран 40 сая төгрөгийг авсан гэж буруутган хохирол төлбөрийг надаар төлүүлэхээр шийдвэр гаргасан. Би Г-г огт танихгүй. Г нь надад мөнгө өгөөгүй, Т-т мөнгө өгсөн гэдгээ өөрөө нотлон мэдүүлдэг. Мөнгө өгч авсан гэх өдөр би ач охиныхоо өдөрлөгт оролцоод гэртээ харьсан. Намайг цэцэрлэг дээр байсныг олон хүн гэрчилдэг. Т-н илт намайг гүжирдэн худал мэдүүлж байгаа нь нотлогддог. Т нь 40 сая төгрөгийн 37 саяыг нь надад өгч Нарантуул захын лангууны түрээсэнд бөөнд нь өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл Нарантуул захын Санхүүгийн албанаас гаргасан тодорхойлолтод “Бид лангууны түрээсээ сар сард нь авдаг. Бөөнд нь огт авдаггүй” гэсэн бөгөөд түүний надад өгсөн гэх мэдүүлэг няцаагдаж байна. Хуулийн байгууллага хэт нэг талыг барьсан. Г-д гомдолтой байна. Мөн Б-тай албан ёсоор бичиг баримтыг шилжүүлэн өгч аваагүй байхад намайг илт гүжирдэн Т-н өрийг төлүүлэх зорилгоор машины төлбөрт буруутгасан. Т анхнаасаа энэ хэрэгт миний баримт материалыг ашиглаж, бусдыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Би шүүх хурал завсарлаад хохирол төлөх 5 хоногийн дотор Б-д 2 сая төгрөг, Г-д 3 сая төгрөгийг тэтгэврийн зээлээ авч төлсөн. Би 700,000 төгрөгийг С, Т нараас нэхэмжилж байна. Мөн байрны бичиг баримтаа яаралтай гаргуулж авмаар байна. Би Б, Г нараас нэг ч төгрөг аваагүй, харин гардаж авсан Т уг хохирлыг төлөх ёстой. Тамир, С нарын буруутай үйлдлээс болж гэмт хэрэгтэн болсондоо гомдолтой байна. Тиймээс миний үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгч С.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би анх 2014 онд С-тай зээл гаргана гэсэн зарын дагуу холбогдож танилцсан. Би С-гаас хохирлоо авахын тулд дагаж яваад эцэст нь хоригдол болоод сууж байна. Энэ хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Би Ё.Ц, Б.Х, Б.У, Б.Э, Н.М нарыг огт танихгүй. Миний холбоотой хүмүүс нь Д.С, С.Б нар юм. Д.С нь Б.У-тэй нэг үйлдэл, Б.Х-тэй нэг үйлдэл, надтай хоёр үйлдлээр холбоотой байхад С-г тусгаарласныг хууль зөрчсөн, ноцтой алдаа гэж үзэж байна. Мөн 18,500,000 төгрөгийн төлбөрийг Б бид хоёрт хувь тэнцүүлэн хуваасанд гомдолтой байна. Үлэмж их орчим Банк бус санхүүгийн байгууллага болон тухайн үед мөнгө зээлж авсан гэх 40-50 настай 2 эмэгтэйг олж тогтоолгож үнэн зөвөөр шийдвэрлэж, энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Г-н хохирлын асуудал дээр ээдрээ төвөгтэй байдлууд маш олон байгаа. 40 сая төгрөг аваад 35 сая төгрөгийг Б аваад явсан байдаг. С нэг сая төгрөгийг зээлийн зуучлагч гэх Т-т, хоёр сая төгрөгийг надад өгсөн. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 40,000,000 төгрөгийг С, Б бид гуравт тэнцүү хувааж, надад 13 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б нь өөрөө зээл авахын тулд энэ бүх үйл ажиллагаанд оролцсон. Миний гол буруу нь энэ хүний гуйлтаар дүүгийнх нь өмнөөс гарын үсэг зурж зээлийг нь бүтээж өгөөд мөнгө хүлээлцэхдээ гарын үсэг зуруулж аваагүйдээ л харамсаж байна. Б-н өмгөөлөгч Т нь Б-г Нарантуул зах дээр 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг талаар хэлдэг. Гэтэл бодит байдал дээр анх уулзахад ажилгүй, тухайн үед банканд зээлтэй байсан. Б нь 35 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авч яваад тухайн өдрөө, эсхүл маргааш нь Хас Банк дахь зээлээ төлсөн эсэхийг мөрдөгч тогтоох ёстой байсан. Б нь өнөөдрийг хүртэл мөнгө аваагүй гэж худлаа хэлдэг. Надтай хамт гэр бүл маань давхар яллуулж, аав маань 2017 онд нас барсан. Миний хувьд Н, Э, Т, Э нарын төлбөр дээр нотариатаар баталгаажуулж зээлсэн мөнгөө иргэний шүүхээр захирамж гаргуулж бүрэн төлж дууссан ба үйлдэл холбогдол дээр маргаантай зүйл байхгүй. Хоёр шатны шүүх бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаж, хүнд ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд мөрдөн байцаалтад буцааж миний үйлдэл болон төлөх үнийн дүнг үнэн зөв тогтоолгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ё.Ц нь хяналтын шатны шүүхэд “...Би ийм хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж, харамсаж байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог ямар ч нотлох баримтгүй, нягтлан шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Би Б-с зээл авахдаа өөрийн амьдардаг ээжийнхээ нэр дээр байдаг хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж зээл авсан. Нотлох баримт гэж байгаа зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд өөрийн ээжээс авсан итгэмжлэл зэрэг нь бүгд Иргэний хуулийн дагуу хийгдсэн. Анхнаасаа залилан мэхлэх ямар ч зорилгогүй байсан. Бүх гэрээ эрхийн зөрчилгүй хийгдсэн. А.Ц-с 40 сая төгрөгийг Д.С өөрийн дансандаа байршуулж дансаараа авч зарцуулсан. Тус хэрэгт 2014 оноос хойш ямар ч шалгах ажиллагаа хийгээгүй байж хохирлын тооцоог хоёр хуваан 20 сая төгрөгийг намайг төлөхөөр шийдвэрлэсэн. Мөн О гэх хүнийг шалгах шаардлагатай. Энэ үйлдэлд Төрийн банкны буруутай үйл ажиллагаа байсан бөгөөд цахим иргэний үнэмлэхгүй байхад данснаас нь мөнгийг нь гаргасан. Ямар ч нотлох баримтгүй байхад намайг гэм буруутайд тооцож, хохирлын тооцоог хувааж шийтгэсэнд гомдолтой байна. 2013 онд Х.Г-н орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж түүнд 8 сая төгрөг зээлдүүлсэн. Энэ үйлдэлд С бид хоёр буруутай ч Г өөрөө Э-с 20 сая төгрөг зээлдэж С бид хоёроос зээлсэн нийт 28 сая төгрөгийг Эрдэнэбатад төлж орон сууцаа эргүүлэн авах байсан боловч 2014 онд анх өргөдөл гаргаж цагдаагийн байгууллагад хандсан өдрөөсөө хойш нэг ч удаа ирээгүй байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хурлаас хойш ирж, Г-с 28 сая төгрөгийг гаргуулж Э-д өгөхөөр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Г төлөх төлбөрөө Эрдэнэбатад төлөөд орон сууцаа шилжүүлэн авч би Э-д төлөх 25 сая төгрөгөө төлж үүнээс үлдсэн 10 сая төгрөгөө төлөхөө илэрхийлсэн. О.Г-н 29,755,000 төгрөгийг залилсан гэх боловч энэ үйлдэл нь мөн С-тай холбоотой. Үүнд хохирлын үнийн зөрүүг сайн гаргаж чадаагүй. О.Г-г нэг удаа дуудаж мэдүүлэг аваад С бид хоёроос бас нэг удаа мэдүүлэг аваад яллагдагчаар татсан. О.Д-н 30 сая төгрөгийг залилсан гэх үйлдэлд С-г ямар байр тавьж барьцаалж байгааг мэдээгүй. С-н үйлдлийг тусгаарласан нь хууль зөрчсөн. С нь Х, Б, Т, У, Ц гэх бүх холбогдогч нартай хамааралтай байхад түүний хэргийг тусгаарласан нь хэргийг улам ээдрээ түвэгтэй болгож байна. Миний хувьд У, С нартай л холбогдолтой. Бусадтай нь ямар ч холбогдолгүй. Хэрэв С-н хэргийг тусгаарласан бол шүүхийн харьяалал өөрчлөгдөх ёстой байтал Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ хэрэг олон жил үргэлжилсэн болохоор шүүх, прокурор, мөрдөгч нар нь маш хариуцлагагүй хандсан. Тиймээс шалгаж тодруулах ажиллагааг сайтар хийгээгүйн улмаас хохирлын тооцоо болон үйлдлийн маргаантай шийдвэр гарсаар байна. Мөрдөгч прокурор нар нь шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийдэггүй. Тус хэрэг удаашралтай явах болсон шалтгаан нь зөвхөн шүүгдэгч нарын буруугаас бус прокурор, мөрдөгч нарын хайхрамжгүй хандсанаас болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаана уу” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.  

 

Шүүгдэгч Б.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн тул гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай захирамж, шийдвэрүүдийг одоог хүртэл биелүүлээгүй. Миний өмгөөлөгчийн хүсэлт, гомдлыг хүлээж авалгүй 5 жил боллоо. Мөн нэг гэмт хэрэг дээр гурван тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас болж би гурван удаа шүүхээр орж, гурван удаа ял авахад хүрээд байна. Эдгээр хэргүүдийг нэгтгүүлэн нэг шүүх хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан боловч хүлээж аваагүй нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан. Энэ нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах тухай хуулийн зарчмыг хоёр шатны шүүх үл харгалзан миний тусдаа байгаа хэргүүдийг тус тусад нь шүүхээр шийдвэрлэж, эдлэх ялыг нэгтгэх боломжтой хэмээн үзэж байгаа нь мөн л Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаагийн илрэл бөгөөд цаашлаад хууль хэрэглээний зөрчилтэй байдал үүсэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор надад ял оногдуулбал миний эрх зүйн байдал илтэд дордоно. Надад 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэтэл надад зүйлчилсэн тус гэмт хэргийн дээд хэмжээ нь 8 жил, доод хэмжээ нь 2 жил байгаа юм. Мөн надад холбогдох хэргийг харьяаллын бус шүүхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би У нарын гэх хэрэгтэй зөвхөн С-тай нэг хэргээр л холбоотой. С-д холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарласан. Түүнчлэн “Эксим финакс” ББСБ-тай холбоотой хэргийг маань анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон. Тийм болохоор би У нарын хэргийн хэнтэй ч холбоогүй юм. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлынхоо дийлэнх хэсгийг төлсөн. 770,920,000 төгрөгийн хохирлоос 173,264,190 төгрөг болж багассан. Мөн би хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн. Миний 300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,565 кг хагас эрдэнийн анар чулууг битүүмжилсэн бөгөөд тус чулууг зарж борлуулвал дээрх хохирлоо бүрэн төлөх хангалттай боломж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хангалтгүй. Миний гаргасан хүсэлтүүдэд үндэслэл бүхий хангалттай дүгнэлтийг хийж чадаагүй орхигдуулсан. Бие биетэйгээ холбоогүй, тус тусдаа хэргийг нэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь хууль зөрчөөд зогсохгүй шүүхээс оногдуулсан ялын бодлогод шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх надад их хатуу ял оногдуулсан нь надтай хамааралгүй олон хүний хамт шүүсэн нь нөлөөлсөн байх. Хоёр шатны шүүх хүндрүүлэх байдлуудыг илүү харгалзаад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт анхаарч үзээгүй. Төлбөрийн баримтуудыг мөн анхаарч үзээгүй бөгөөд төлөгдсөн хохирлыг хасч тооцвол миний хохирлын хэмжээ 173,264,190 төгрөг болох ёстой. Гэрч, хохирогч нарын чухам аль мэдүүлэгт юу гэж хэлснийг үндэслэн ингэж дүгнэх болсон нь тодорхойгүй байна. С-н хэргүүдийг нэгтгэхгүй бол түүний эрх зүйн байдал дордоно, харин Хишигсүрэнгийн хэргүүдийг нэгтгэхгүй байлаа ч түүний эрх зүйн байдал нь дордохгүй гэж нэг ижил асуудал дээр хоёр өөр байр суурьнаас хандсан шийдвэр гаргасан. С-н эрх зүйн байдал дордох эсэх асуудал дээр хуулийн зүйл заалт баримтлан тайлбарласан боловч миний эрх зүйн байдал яагаад дордохгүй талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн 537, 209, 210, 94 тоот дугаар тогтоол, шийдвэрүүдийн биелэлтийг хангуулж, миний шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгүүлэх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгохоор тус хэргийг эсхүл надад холбогдох хэсгийг тусгаарлаж, прокурорт буцааж өгнө үү” гэсэн байна.

 

          Мөн шүүгдэгч Б.У хяналтын шатны шүүхэд “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн гол холбогдогч Ч.Б-н үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ял завшуулж, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна. Улмаар түүнтэй хамтарсан үйлдэл холбогдлын хохирлын бүх тооцоо над дээр ирж, өндөр хэмжээний хорих ял оногдсон. Ч.Б бид хоёрын холбоотой 11 хохирогчоос 8 хохирогчийг хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулсан. Тэдгээр хохирогч нарт энэ талаар мэдэгдээгүй. Мөн холбогдох гэрээг би огт байгуулаагүй бөгөөд тухайн гарын үсэг нь минийх биш гэдгийг удаа дараа хэлж байсан. Гарын үсгийг шалгуулах хүсэлтэй байгаа. “Макс импекс” ХХ-иас Ч.Б бид хоёрыг хамт байж байхад 6,000,000 төгрөгийг өгсөн нотлох баримт хэрэгт байдаг. Тиймээс тус компанийн нийт төлбөр болох 23,280,000 төгрөгийг бид хоёр тэнцүү хувааж төлөх ёстой. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Д.Г-н барьцаанд бүртгэлтэй 2 өрөө байрыг битүүмжлэлээс чөлөөлсөн нь буруу шийдвэр болсон. Ч.Б нь 13,180,000 төгрөгийг, би 16,820,000 төгрөг төлөх ёстой. Ч.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Мөн хохирогч Ч.Н нь Ч.Б-н төрсөн ах бөгөөд түүнийг хэрэгсэхгүй болгосноор би 20,040,000 төгрөг үлдээсэн. Гэтэл Ч.Н нь намайг танихгүй гэж удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд надаас нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй болохоор үнийн дүн үнэн зөвөөр тогтоогдохгүй байгаа юм. Хоёр шатны шүүх энэ хэргийг удааширсан гэх утгаар нь хэт яллах талыг баримталсан. Хэрэг удсан байж болно. Гэхдээ үнэн зөвөөр л шийдэгдэх ёстой. Маргаантай үнийн зөрүү, хохирол тооцооны эргэлзээтэй байдлууд байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул энэ хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, бүх холбогдогч нараас тайлбар, мэдүүлэг авснаар хохирлын тооцоо зөвөөр гарах болно. Хоёр шатны шүүх хохирогч Ж.М-н хохирлын тооцоог буруу гаргасан. Мөн хохирогч М.М нь хаяг дээрээ амьдардаггүй, утас нь холбогдохгүй байсан болохоор түүнтэй холбогдож чадаагүй. Харин хохирогч Энхбатын тухайд би 25,000,000 төгрөгийг аваад 22,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Үүнээс 6,800,000 төгрөгийг Ч.Х төлөхөө илэрхийлсэн тул би 15,200,000 төгрөгийг төлөх ёстой. Мөн яллах дүгнэлтэд хохирогч Т-т 40,000,000 төгрөг гэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хохирлын тооцоог буруу гаргасан. Чухамдаа би түүнд 14,320,000 төгрөгийг төлөх ёстой юм. Хохирогч Л, Ц нарын хувьд миний ямар ч оролцоо байхгүй. Шүүхийн захирамжид дурдсан ажиллагаануудыг огт хийдэггүй. Хамгийн сүүлийн үйлдэл болох Х.Б-тай иргэний шүүхийн захирамжтай хохирол төлбөр төлөгдсөн байхад эрүүгийн журмаар дахин ялласанд гомдолтой байна. Мөн энэ хэрэгт хамааралгүй буюу Ерөнхийлөгчтэй холбоотой баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа нь прокурор хэрхэн хяналт тавьж байгааг харуулж байна. Хэргийн харьяаллыг буруу тогтоосон. Энэ хэргийн хамгийн сүүлийн үйлдэл Чингэлтэй дүүрэгт болсон. Би Ц-тай 3, С-тай 1 үйлдлээр яллах дүгнэлтэд бичигдсэн. Гэтэл С-г тусгаарлаад огт хамааралгүй Т, Б, Х нартай хамт яллах нь буруу юм. Эдгээр хүмүүсийг би танихгүй. С нь Ц-тай 6, Т-тай 2, С.Б-тай 1, Б.Х-тэй 1, надтай 1 үйлдэлтэй гэж яллах дүгнэлтэд байхад түүнийг тусгаарласан нь учир дутагдалтай. Ч.Б-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүний барьцааг суллаж түүнд өгсөнд, Д.С-д зээлсэн мөнгөө эргүүлэн авсны төлөө дахин өрөнд орж, хохирогч нарын хохирлын тооцоо буруу гарсанд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хянан шалгаж, хохирогч нараас дахин мэдүүлэг авч мөрдөн байцаалтад буцааж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Г.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсвэл нөлөөлж болохуйц хохирол байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Б.Х-н хувьд хариуцлагыг хөнгөрүүлэн үзвэл зохих нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр тус зүйл ангийн хорих ялын дээд хэмжээ болох 8 жилд тулган 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэт хүнд ял оноож, хууль буруу хэрэглэсэн. Б.Х нь Анхан шатны шүүх хурлаас өмнө хохирогч Ш.Б, Б.Б, Э.Б, Г.Г, Б.М нарын хохирлыг бүрэн төлсөн. Б.Б, Б.Б, С.Б, “Хас банк” нарт хохирлын зарим хэсгийг Давж заалдах шатны шүүх хурлын өмнө Б.Б-д 20,000,000 төгрөг, С.Б-д 51,840,000 төгрөг төлж одоо 183,550,000 төгрөгийн хохирол үлдсэн. Мөн шүүх хохирогч Л.Б-с “Хас банк”-нд 7,946,782 төгрөгийг төлүүлэхээр шийдсэн атлаа шүүгдэгч нараас гаргуулан төлүүлэх үлдэгдэл төлбөрийн хэмжээг бас буруу тооцсон. “Хас банк”-аас авсан 52,000,000 төгрөгөөс 7,946,782 төгрөгийг хасвал 44,053,218 төгрөг үлдэж, нэг хүнээс 22,026,609 төгрөг төлөгдөхөөр байтал 22,250,000 төгрөг төлүүлэхээр шийдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг үндэслэн Б.Х-н 200,000,000 төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа нь үндсэн хохирлыг төлж барагдуулахад хүрэлцэхүйц байгааг харгалзан үзэж хорих ялын хугацааг багасгах эсхүл торгуулийн ял эдлүүлэх боломжтой. Б.Х-н холбогдсон, яллагдагчаар татагдсан тусдаа яллагдаж байгаа хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэхгүйгээр хууль буруу хэрэглэсэн. Б.Х нь энэ хэргийг үйлдсэнээс хойш 2015, 2016 онуудад Б.Б, С.Б нарыг залилах гэмт хэргүүд үйлдсэн ба хамгийн сүүлийн үйлдэл нь 2015.08.18-ны өдөр үйлдэгдсэн байдаг тул Х.Нямсүрэнг залилсан хэргийг үргэлжилсэн гэмт хэргийн нэг үйлдэл гэж үзэж 20831293 дугаартай хэрэгт нэгтгэж нэг удаа ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. “Хас банк”-ийг залилахад Б.Х, Б.Э-тай хэрхэн яаж бүлэглэсэн, Б.О-г Н.М залилахад Б.Х ямар байдлаар оролцсон талаар хангалттай хөтөлбөргүй нотолсон баримт байхгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу зарим хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн, тодорхой хэмжээгээр төлсөн баримт, Хас банкны зээлийн төлбөрөөс хасагдвал зохих мөнгө тогтоогдсон байхад шийтгэх тогтоолд дурдсан хохирлын хэмжээнээс хасаж тооцсонгүй. Б.Х-г, шүүгдэгч Б.Э, Н.М нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн. Гэтэл Б.Э, Н.М нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй. Б.Х Чингэлтэй, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгагдаж байгаа тухай хангалттай нотлох баримтыг бичгээр гаргаж өгсөн. Хамгийн гол нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан хэрэг алга болсон бөгөөд уг асуудлаар шүүх хэргийг нэгтгэн шалгуулахаар 4-5 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Алга болсон хэргийг шалгаж байсан мөрдөгчид эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай болохыг нь тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаарх баримтыг хангалттай гаргаж өгсөн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх алга болсон хэрэг олдвол нэгтгэн шалгах шаардлагатай байдлаар дүгнэсэн. Мөрдөгч хэргийг алга болгосон тогтоогдож, нөхөн бүрдүүлэх ажиллагаа явагдаж, яллагдагчаар татсан тогтоолыг нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх буюу тусдаа ял авах нөхцөл байдлыг бүрдүүлснийг зөвшөөрөхгүй. Д.С-н өөр хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай гэж тусгаарласан байж Б.Х-г ялгаварлаж байгааг ойлгохгүй байна. Тогтоол гарахаас өмнө хэргийг нэгтгэхгүй байсаар дараа нь ямар заалтыг баримталж хэргийг шийдвэрлэх нь ойлгомжгүй. Тийм учраас “иргэн н.Н-с 23,000,000 төгрөгийг залилсан” гэх хэргийг энэ хэрэгт нэгтгэн шалгах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй. Мөн иргэн Г.О-г шүүгдэгч Н.М-тэй бүлэглэж залилсан гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэнд санал нийлэхгүй байна. Учир нь шүүгдэгч Н.М-н мэдүүлгээс өөр баримт байхгүй. Хохирогч Г.О нь шүүхэд гурван удаа мэдүүлэхдээ “Б.Х-г Н.М-тэй хамт явж байхыг нь харсан болохоос түүнээс мөнгө аваагүй, өгөөгүй, нэхэмжлэхгүй, надад хамаагүй” гэж мэдүүлсэн. Зөвхөн Н.М-н Н.О-с авсан мөнгийг хувааж хэрэглэсэн гэх үндэслэлээр бичгийн нотлох баримтгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь хууль буруу хэрэглэсэн. Мөн Б.Э-тай бүлэглэж банкийг залилсан гэх дүгнэлт нь хууль зөрчсөн буюу нотлох баримт байхгүй. “Хас банк”-ийн төлөөлөгч, ажилтнууд Б.Э-г танихгүй. Харин Б.Х-тэй хамтран оролцсон Г.О-г шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Энэ нь шийтгэх тогтоол гарахад нөлөөлсөн хүчин зүйл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6, 1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан буюу шүүгдэгч Н.М-н мэдүүлгийг үндэслэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар .шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой болж чадаагүй буюу хохирогч Л.Б-н Хас банк ХХК-нд төлөх төлбөрийг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй. Хохирогч Л.Б-н төлсөн гэх мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн мөнгөнөөс хассан ч шийтгэх тогтоолд заасан төлбөр гарахгүй. Б.Х, Л.Б нар дундаасаа “Хас банк” ХХК-нд 6,976,000 төгрөг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн. Төлсөн төлбөрийг хасаж тооцоогүйгээс Б.Х-д оногдох төлбөр өндөр гарсан. Г.П-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээсэн боловч тухайн хаягт байрлах гурван төрлийн үл хөдлөх хөрөнгийг нэр зааж дурдаагүйгээс шийтгэх тогтоол ойлгомжгүй, биелүүлэхэд төвөгтэй байдал үүссэн учир хууль зөрчигдсөн. Мөн иргэний журмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад шийтгэх тогтоолоор давхар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хохирогч Б.Н, С.Б, Г.Г, “Мон сант алдар” ХЗХ нарт хуурамч эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалж тэдгээрийг залилсан гэх боловч хуурамч гэрчилгээнүүд гэх зүйл нь хэрэгт авагдаагүй. Нэг хаягт байрлах үл хөдлөхөд 7 төрлийн гэрчилгээ үйлдэж барьцаалснаас мөрдөн байцаагч төөрөлдсөн. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дугаартай дүгнэлт нь Г.Г-г залилсан асуудлаар гарсан бус “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршоонд барьцаалсан үл хөдлөхийн гэрчилгээний тухай дүгнэлт юм. Гэтэл шүүх адил хаягт байрлах гэрчилгээнүүдэд төөрөлдөж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Дээрх ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу шийтгэх тогтоолд “иргэний хариуцагчаар Л.Б, Х.Г иргэний хариуцагчаар татсан” гэж дурдсан боловч иргэний хариуцагчаар татсан тогтоолууд хэрэгт авагдаагүй. Л.Б, Б.Х нарын хооронд үүссэн асуудлаар гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоолд иш татаж бичихдээ 39 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан гэх боловч эх хувь нь байхгүй. Тэгэхээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг дурдаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Б.Х бусад шүүгдэгч нарын хэнтэй нь ч бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй байхад хамт шийдвэрлэсэн. Иймд Б.Х, Н.М, Б.Э нарын хэргийг энэ хэргээс тусгаарлахад бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй. Улсын Дээд шүүхийг хууль мөрдөхийг хүсье” гэсэн байна.

 

Шүүгдэгч Ё.Ц-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэт яллах талыг баримталж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийлгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл тус бүрээр гэмт буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга байх зарчмыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, мөн зүйлийн 154.5-д энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана гэж заасан. Б.Б нь барьцаанд байсныг тодорхой мэдэж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар залилах санаа зорилго байгаагүй, харин иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэг барьцааны зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох талаар хуульчилсан байх ба Ё.Ц нь барьцаанд тавьсан нөхцөл байдлыг нуун, аливаа эрхийн зөрчилгүй гэж төөрөгдөлд оруулан хохирогч Б.Б-г хуурч, гэрээгээр халхавчлан залилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэв бусдыг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан бол өөрийнхөө төрсөн ээжийн амьдардаг хашаа байшинг барьцаалж, уг асуудалд оролцуулахгүй байх байсан. Ц-н дээрх үйлдэл нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго агуулагдаагүй, тухайн үеийн нөхцөл байдлын улмаас зээлж авсан мөнгөө хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн А.Ц-с 40,000,000 төгрөгийг залилсан гэх хэрэгт миний үйлчлүүлэгч холбогдолгүй. Д.С гэх хүн А.Ц-тэй холбогдож, мөнгийг Д.С-н дансанд хийсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг дээрх үйлдэлд оролцсон мэтээр дүгнэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн М-Ойлоос шатахуун нийлүүлэх асуудлыг н.О хариуцаж, шатахуунаа нийлүүлсэн байдаг. Гэтэл н.О гэх хүнийг одоог хүртэл нэг ч удаа байцаалт авч мухарлаагүй, хэргийн нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна. Б.У-тэй бүлэглэн 2011.08 сард “Түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар Т.Г-с 40.000.000 төгрөгийг залилсан үйлдэлд миний үйлчлүүлэгч Ё.Ц нь оролцоогүй, тус гэмт хэргийг Б.У нь ганцаараа үйлдсэн байхад миний үйлчлүүлэгчтэй бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.19-ний өдрийн №139 дугаартай магадлалаар эрүүгийн 20831293 дугаартай хэргээс яллагдагч Д.С-д холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээс шийдсэн. Миний үйлчлүүлэгч Ё.Ц болон тус шүүгдэгч Б.У нарын үйлдлийг тэдгээрийн үйлдэлд ямар ч хамааралгүй шүүгдэгч Б.Э, Б.Х, С.Б, Н.М, С.Тнарын үйлдсэн үйлдлүүдтэй нэгтгэн шийдвэрлэж буй нь Ё.Ц, Б.У нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хоорондоо ямар ч хамааралгүй, үйлдэл холбогдлыг болон гэмт хэрэг хамтран үйлдээгүй холбогдогчдын хэргийг нэгтгэсэн нь хэргийг улам ээдрээ төвөгтэй болгож, миний үйлчлүүлэгч Ё.Ц-н эрх ашгийг хохироож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж хуульчилсан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан. Гэвч хуульд зааснаар тус тогтоолыг хяналтын шатны шүүх хуралдаанд өгөх боломжгүй байна. Иймд нэг гэмт хэрэгт нэг ял шийтгүүлэх зарчмын дагуу хэргийг нэгтгэж шалгуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн хэргийг нэгтгэх боломжгүй бол шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч 78,000,000 төгрөгийн хохирол төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Харин оролцоогүй, нотлогдохгүй байгаа үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан буюу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр гаргаж байна. Анхан шатны шүүхээс С.Б-г өөрийн төрсөн эцэг эх дүү түүний охин Б.У нарын нэр дээрх байрыг барьцаанд тавьж зээл авах зорилгоор өмчлөгч нарт хэлэлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан, түүний нэрийн өмнөөс зээл хөөцөлдүүлэн хуурамч итгэмжлэл хийлгүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Харин ч С.Б нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанаас тогтвортой байдлаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан бөгөөд түүний гаргасан мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогддог. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Т, яллагдагч Д.С нар нь С.Б-г давхар залилан мэхэлж байсан болох нь хангалттай тогтоогддог. Мөн С.Б нь хохирогч Ц.Г-с С.Т, Д.С нарыг 40 сая төгрөг зээлүүлсэн талаар ч мэдээгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрт нь үл таних залуучууд ирж зээлүүлсэн мөнгөний хүү нэхэхэд мэдсэн байдаг. Анх зар мэдээгээр банкны зээл гаргаж өгнө гэж хэлээд гэрт нь ирж зураг дарахад гэрч Б.У, гэрч Ч.Ц нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор болон мөрдөн байцаагчид гаргасан удаа дараагийн хүсэлтүүд биелэгдээгүйн улмаас С.Б-н өгсөн мэдүүлгүүд нотлогдохгүй байсан хэдий ч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон. “Нарантуул групп” ХХК-ийн 972 тоот албан бичгээр С.Б нь жинсэн өмдний хоёр лангууг 1999 оноос 2016 оны 05 дугаар сар хүртэл түрээсэлсэн болох нь нотлогдсон. Мөн “Зар мэдээ” сонины 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/18 тоот тодорхойлолтоор “зээл гаргаж өгнө” гэсэн зар өгсөн байсан болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч С.Б-т мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан хэдий ч шүүгдэгч С.Т, Д.С нарын хохирогч Б.Б, Ц.Г нарын авсан мөнгөнөөс 1 төгрөг ч аваагүй, тэрээр хохирогч Б.Б-н машиныг авахад хамт байсан үйлдэлдээ гэмшиж байгаа харин Ц.Г-с мөнгө авахад байгаагүй бөгөөд шүүгдэгч С.Т, Д.С нараас зээл авахаа болилоо гээд байрныхаа бичиг баримтыг удаа дараа шаардсан боловч авч чадаагүй, мөн зээлийн бичиг баримт бүрдүүлэхээр өөрөөсөө мөнгө өгөөд нэхэж байгаад буцаан 300 мянган төгрөг авсан нь түүний Хаан банкан дахь дансны хуулгуудаар нотлогддог. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс нотариатын хууль бус үйлдэл гаргаж арга хэмжээ авахуулсан талаарх баримтуудыг бичгийн баримтаар гаргаж өгсөн байхад хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. С.Б нь гэмт хэрэг үйлдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.Б нь “Залилах” гэмт хэргийг үйлдээгүй болох нь нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүгдэгч С.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “С.Т нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр н.Н-той зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөг авсан. Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 29, 2 дугаар сарын 07-ны өдрийн хооронд н.Э нь н.Т-н данс руу мөнгө шилжүүлээд н.Э-д дамжуулсан. н.Э нь эвлэрүүлэн зуучлалын байгууллагад нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага барагдуулсан. н.Т, н.Э нарт 1,020,000 С.Т төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон. Харин залилан мэхлэх гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн тогтоож чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйл, 1.5-р зүйлийн 1;2 дахь хэсэг, Эрүүгийн Хуулийн 2.1-р зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2-р зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-с “Тоёото марк-Экс зио" маркийн автомашиныг Б.У нэрээр залилан авсан нь тогтоогдсон боловч хохирлын бусад бодит үйл баримтыг тогтоогоогүй. Б.Б-с авсан автомашиныг "Үлэмж Их Оргил" ББСБ-д 8,000,000 төгрөгөөр тавьж зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй бөгөөд гэрчийн мэдүүлгүүдийг мухарлан шалгаж, таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Мөн хуулийн байгууллагаас битүүмжилсэн байсан автомашиныг 8,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байхад "Үлэм Их оргил" ББСБ-ыг хариуцагчаар татаагүй энэ талаар удаа дараа шүүх хурал дээр мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж шүүх ч хүсэлтийг хүлээн авч мөрдөн байцаалтад буцааж байсан боловч ямар ч ажиллагаа хийхгүйгээр дахин шүүхэд ирүүлсэн. Шүүхийн тогтоолыг биелүүлээгүй байхад дараагийн шүүх бүрэлдэхүүн өмнөх шүүхийн шийдвэрээ үгүйсгэж шийдвэрлэсэн. С.Т-ын энэ үйлдэл дээр мөрдөн байцаалт дутуу хийгдсэнийг шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, шүүх дүгнэсэн боловч дутуу нотлох баримттай хэргийг шийдвэрлэлээ. Энэ нь хууль зөрчсөн. Иймээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ хэргийг шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр удаа дараа буцааж байсан. Гэвч захирамжид заасан ажиллагаануудыг хийгээгүй, хохирогч, шүүгдэгч нарыг байцаагаагүй, тэдэн хэргийн материал танилцуулаагүй. Дээрх асуудлаар гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг огт шийдвэрлээгүй. Мөн шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэт яллах талыг баримталж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлтгүй, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдэл тус бүрээр гэм буруутайд тооцсон нь илт иргэний хэргийн шинжтэй, Б.У-н огт оролцоогүй гэх хэргүүдэд нотлох ажиллагааг бүрэн хийлгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Мөн түүний бага насны хүүхэдтэй, хувийн, ар гэрийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзаагүй. Иргэн Д.Ц-г залилсан гэх хэрэгт Б.У огт оролцоогүй байхад яллах дүгнэлтэд дурдсан байдлаар ял оногдуулсан. Мөн зээлийн төлбөрийг төлүүлэхээр гарсан иргэний хэргийн хүчин төгөлдөр шийдвэрийг харгалзалгүй шийдвэрлэсэн буюу бусад үйлдлүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүй байх зорилгоор гэм буруутайд тооцож Б.У-н хувийн байдлыг илт дордуулсан. Хэрэгт яллагдагчаар татагдвал зохих зарим хүмүүсийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөрчсөн. Ч.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байсан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож түүний төлөх ёстой хохирлыг Б.У төлөхөөр тооцоологдсон. Макс импекс ХХК, Ч.Н, Ж.М нарыг залилсан үйлдлийн хамгийн идэвхтэй гүйцэтгэгч нь Ч.Б юм. Б.У-г Д.С, Ё.Ц нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж хэргүүдийг нэгтгэсэн бөгөөд бусад шүүгдэгч нартай огт хамааралгүй юм. Гэтэл Д.С-н хэргийг тусгаарлаж, ямар хамааралгүй шүүгдэгч нарын хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн асуудал юм. Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын тооцоо зөрүүтэй, төлбөр төлөгдсөн ихэнх баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, хохирогч нарыг байцаагаагүйгээс төлбөрийн маргаан эцэслэн шийдвэрлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, мөнгө хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй. Б.У-н нөхөр Г.Т-г 2010 онд батлан даалтанд гаргахдаа барьцаа 1,000,000 төгрөг хураан авсан талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд уг мөнгө хаана байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй. Дээрх асуудлаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй нь хууль зөрчсөн асуудал юм. Анхан шатны шүүх Б.У-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл,  бага насны хүүхдүүд нь асран хамгаалагчгүй үлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг тодорхой хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзаж үзээгүй, хэт яллах талыг баримталж хүнд ял оногдуулсан. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүгдэгч Б.У болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдолтой санал нэг байна. Хэргийн бодит байдлыг нотлох баримт зөрүүтэй байхад хэргийг буруу шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг хангаж байна. Жишээ нь Ч.Б-н үйлдлийг анхаарч үзээгүй. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдлыг анхаарсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон буюу 2017 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн Х.Б хохирогчтой хэрэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхад хүсэлтийг хэлэлцэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.7 дугаар зүйлд заасан тогтоолд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүгнэлтгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай” гэв.

 

Хохирогч З.Т, Г.П нарын өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудтай танилцсан. Би энэ хэрэгт нийтдээ 9 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд явагдах ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Б.У болон түүний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтыг хасуулах хүсэлт гаргаж байгаагүй. 2008 оноос хойш шалгагдаж буй хэргийг эрүү, иргэний маргаанаа ялгаж чадахгүй байна гэж байхгүй. Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахтай холбоотой асуудлууд байгаа. Миний үйлчлүүлэгч Т.Г нь Б.У, Б.Х нарт залилуулсны улмаас сэтгэл санааны гүн дарамтанд орж, орох оронгүй гудамжинд явж байгаад сэтгэцийн өвчтэй болж нас барсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч А.Ц-н өмгөөлөгч Р.Энхтүвшин шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Учир нь Ё.Ц нь Д.С-н залилах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж А.Ц-г залилахад үйлдлээрээ нэгдэж оролцсон. Иймд Ё.Цгийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын хувьд шүүх анхаарах зүйлс байна. Арилжааны банк нийтэд болон харилцагчийнхаа өмнө үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.2.1, 16 дугаар зүйлийн 16.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.3-т тус тус зааснаас үзэхэд А.Ц-г хохироход банк тодорхой хэмжээний буруутай байна. Иймд 4,000,000 төгрөгийн хохирлыг банкнаас гаргуулах үндэслэлтэй учир зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Ял шийтгэлийн хувьд санал байхгүй гэв.

 

Хохирогч Х.Г-н өмгөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Х.Г нь Төмөр замд байрлах 3 өрөө байрныхаа өмчлөх эрхээр хохирсон. Түүний байрыг шүүгдэгч Ё.Ц хуурамч итгэмжлэлээр н.Э-д, н.Э-с Б.Б-д худалдсан байдаг. Б.Б нь Х.Г-г албадан нүүлгэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Саяхан болж өнгөрсөн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаан дээр миний бие өмчлөх эрх сэргэсэн байдлыг хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У, Ё.Ц, С.Б, С.Т, Н.М, Б.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гарсан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь хуульд шинээр нэмэгдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, үүрэг оролцоо зэргийг нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Сгийн үйлдлийг прокурорт буцаасан талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх зүйл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Ё.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

1. Шүүгдэгч Б.У нь Д.Г-с 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна” гэж зээлэх нэрийдлээр 30,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилж, 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.М-с 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байгаа” гэж хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг хуурч мэхлэх аргаар залилж, 28,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Т.М-с 2008 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд “алтны компанид ус нийлүүлдэг” гэж итгэл эвдэх аргаар 52 удаагийн үйлдлээр нийт 551,192,200 төгрөгийг авснаас 443,464,500 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 107,727,700 төгрөгийг өгөлгүй залилсан,

- З.А-с 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “бизнесээ өргөжүүлнэ” гэж итгэл эвдэх аргаар 47,000,000 төгрөгийг авснаас 10,800,000 төгрөгийг буцаан өгч, 36,200,000 төгрөгийг өгөлгүй залилсан,

- Э.Э-с “иргэн Э.Хулангийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авна” гэж итгэл эвдэх аргаар 25,000,000 төгрөгийг залилсан,

- Д.Х-с 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо” гэж итгэл эвдэх аргаар 10,000,000 төгрөгийг залилсан,

- Ч.Г-с 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7,490,000 төгрөгийг зээлэх нэрээр итгэл эвдэх аргаар залилсан,

- Макс импекс ХХК-иас 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд борлуулагч Б.Б-с 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар залилж, 29,280,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Н-с 2008 оны 06 дугаар сард тэтгэврийн зээлийг барьцаалан 2,000,000 төгрөг, мөн 2008 оны 09 дүгээр сард түүний орон сууцыг “Тэлмэн Хас” ББСБ-д барьцаалуулж 20,000,000 төгрөгийн зээл авахуулж, итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар нийт 22,000,000 төгрөгийг залилсан,

- Ж.М-с 2008 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хамтдаа бизнес хийнэ” гэж итгэл эвдэх аргаар 23,300,000 төгрөгийг хуурч мэхлэх замаар залилсан,

- Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 73 байрны 82 тоот 57 м.кв 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж итгүүлэн 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, хүүнд нь оршин суулгахаар тохиролцож 15,000,000 төгрөгийг залилсан,

- шүүгдэгч Ё.Ц-тай бүлэглэн Т.Г-с 2011 оны 08 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

- Ч.О-с 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэл эвдэн итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Д.Л-с 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түлшний наймаа хийнэ гэж итгэл эвдэх аргаар 37,137,100 төгрөгийг залилсан,

- Д.С, М.И нартай бүлэглэн “Гүнзэгэстэй” ХХК-ний захирал Д.Ц-т 128,000 литр түлш худалдахаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17,500,000 төгрөгийн төлбөрийг “Хаан банк”-ны дансаар авсны дагуу 14,000 литр түлш нийлүүлэн итгэл олж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “түлш хямд үнээр зарна” гэж хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Хас банк”-ны дансаар 70,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Х нь худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.П-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг “Капитал банк”-нд барьцаанд тавьж, 40,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж, 46,812,396 төгрөгийн хохирол учруулсан,

- 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Ш.Б-н өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж 13,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын дундуур 650,000 төгрөг, нийт 13,650,000 төгрөгийг залилсан,

- 2013 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан “манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банканд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.Н-д барьцаанд тавьж, 25,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

- 2015 оны 04 дүгээр сард С.Б-д “Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаран сая төгрөгийн тендер авсан” гэж хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл төрүүлэн, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, нийт 113,340,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг залилсан,

- 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан” гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл төрүүлж, Б.Б-с 98,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг залилсан,  

- 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Банзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 1716 дугаар байрны 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээн дээрх тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хохирогч Б.Б-д барьцаалан хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

- 2013 оны 12 дугаар сард М.У-н Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 1716 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн, ашиглаж барьцаалан Г.Г-с 25,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

- 2010-2012 оны хооронд "бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.Б-с Сүхбаатар дүүргийн нутагт 13,300,000 төгрөг, 3,500,000 төгрөг, 11,000,000 төгрөг буюу нийт 27,800,000 төгрөгийг залилсан,

- 2014 оны 04 дүгээр сард “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.М-с 20,000,000 төгрөгийг залилсан,

- Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171/6 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хуурамчаар гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Б-с 17,500,000 төгрөгийг залилсан,

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сард С.Б-н Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дахь хэсэг, Хоршооллын хотхон 48 дугаар байрны 15 тоот орон сууцыг Турван титэм” ББСБ-д 35,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, 13,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж ашиглан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршооноос 15,000,000 төгрөгийг залилсан,

- Б.Э-тай бүлэглэн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавьж бага хүүтэй зээл авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар Б.Э-н нэр дээр шилжүүлэн, залилж, 135,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2011 оны 04 дүгээр сард Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Хас банк”-нд барьцаанд тавин залилж, 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2010 оны 5, 6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж хуурч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан Г.П-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг залилж, 107,630,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Н.М-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү- 2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.О-т үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан,

- Д.С-тай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эксим финанс” ББСБ-аас хуурамч гэрчилгээ ашиглаж, 0088 УБВ улсын дугаартай “Тоёото ланд крузер-200” маркийн автомашиныг барьцаанд тавьж 20,000,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч Ё.Ц нь Б.Б-с 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,300 ам.доллар буюу 4,578,024 төгрөг, нийт 12,578,024 төгрөгийг залилсан,

- 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Ц-н Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38/а байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг С.Түвшинбаярт барьцаалж авсан 10,000,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилсан,

- Д.С-тай бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн банк”-ны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж А.Ц-с хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

- 2014 оны 05 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Б-с хуурч мэхлэх аргаар “Хаан банк”-ны дансаар дамжуулан 14,657,200 төгрөгийг залилсан,

- 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө” гэж Х.Г-с 8,000,000 төгрөгийн зээл чөлөөлөн өгч, түүний барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг нь барьцаанд авч хуурч мэхлэх аргаар бусдад 107,000,000 төгрөгөөр зарж борлуулан залилсан,

- 2013 оны 10 дугаар сард Х.Г-н өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49- 68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Гансүх миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя” гэж хуурч мэхлэх аргаар Ц.Э-с 60.000.000 төгрөгийг залилсан, -2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, О.Д-д барьцаалан хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан,

- 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр О.Г-д “хямд үнэтэй түлш худалдана” гэж хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дорнын-Их транс” компанийн дансаар 29,755,000 төгрөгийг залилсан,

- Шүүгдэгч Б.У-тэй бүлэглэн Т.Г-с 2011 оны 08 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

- Ч.О-с 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэл эвдэн итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Д.Л-с 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийнэ” гэж итгэл эвдэх аргаар 37,137,100 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч Н.М нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.О-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 2,000,000 төгрөгийг залилсан,

- 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 35 сая төгрөгийг зээлж аваад Баянзүрх дүүргийн 4 дүгэзр хороо 114-48 тоот орон сууцыг барьцаалсан боловч уг орон сууцыг өмнө 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.М-тай байгуулсан 40 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалсан байсан бөгөөд энэ байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад эрхийн зөрчилтэй эд хөрөнгө барьцаалж, уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй нөхцөл байдалд Ж.Б-г оруулж, түүнээс 35,000,000 төгрөгийг залилсан,

- Б.Х-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.О-т үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

5. Шүүгдэгч С.Т нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Н-с “манай н.Б гэдэг ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг, би өөрөө банканд ажилладаг тул жижиг, дунд үйлдвэрийн зээл хурдан бүтээж өгнө” гэж хэлэн, хуурч мэхлэх аргаар 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийн залилсан,

- С.Б, Д.С нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.У-н нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.У нэрээр танилцуулан Ц.Г-с 40,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

- С.Б-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Б-с “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.У гэгчийн нэр дээр байгуулан авч, уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан,

- Д.С-тай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн Б.Э-с 2,500,000 төгрөг, Б.Т, Б.Э нараас нийт 2,020,000 төгрөгийг залилсан,

 

6. Шүүгдэгч С.Б нь С.Т, Д.С нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.У-н нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.У нэрээр танилцуулан Ц.Г-с 40,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

- С.Т-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Б-с “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.У гэгчийн нэр дээр байгуулан авч, улмаар уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, Н.М, С.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай агийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах агуулгатай байна.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул гомдлуудын дээрх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх төдий бус мөн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, С.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг дээрх хэрэгт зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр тэдний гэмт үйлдэлд өгсөн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон бодит оролцоог харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тус тусын гэм бурууд тохирсон гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Ё.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Ж.Болдбаатар нь “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.Э “шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгчтэйгээ оролцох шаардлагатай байна” гэх хүсэлтийг тус тус ирүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.Э, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох 20831293 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг тусгаарлаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар магадлалын шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Тнарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Ё.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.У, Б.Э, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг тусгаарлаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, товыг дахин мэдэгдэхийг шүүгчийн туслах П.Тулгад даалгасугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР