Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00421

 

Б.Насанбуянгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00995 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Насанбуянгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдох,

Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны, 102 дугаар байрны 17 тоот 116 м.кв орон сууцыг Б.Насанбуянгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Насанбуян нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Мандал женерал даатгал” ХХК-иас өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 м2 байраа барьцаалан, 110 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэхэд зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсэн. Мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд үнийг зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ болох 110 000 000 төгрөг гэж бичиж гарын үсэг зурсныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Н.Дэлгэрсайхан баталснаар, 300 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц дээрхи компанийн мэдэлд шилжсэн.Гэрээ байгуулагдсаны дагуу зээлийн мөнгө Б.Насанбуянгийн Голомт банкны 1605029094 тоот данс руу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжин орж ирсэн. Зээлдүүлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны 15/878 тоот мэдэгдлийг гэрийн хаягаар ирүүлсэний дагуу холбогдох албан тушаалтантай нь ярихад зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн дээрээ нэмж 110 000 000 төгрөг төлсөн үед байрыг чинь буцаан шилжүүлэн өгнө гэж хэлсэн. Энэхүү иргэнийг ноцтой төөрөгдүүлэн, хууль зөрчиж зээлийн гэрээгээр халхавчлан хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь 2013 онд иргэн Б.Насанбуянтай харилцан тохиролцож сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр сууцны үнэ 110 000 000 төгрөгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн. Бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрөөс нь нэхэмжилж нэр дээрээ шилжүүлэх эрх иргэн Б.Насанбуянд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Хариуцагч одоог хүртэл уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м2 орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Б.Насанбуян нь өөрийн өмчлөлийн байраа барьцаалан, 110 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Байрны үнэ нь тухайн үеийн зах зээлийн хамгийн бага ханшаар бодоход 390 000 000 төгрөг байсан. Талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх байсан юм. Зээлээс хэсэгчлэн төлж байсан бөгөөд төлбөр хийсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00995 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д зааснаар Б.Насанбуянгийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “Мандал женерал даатгал” ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102-р байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м2 орон сууцыг Б.Насанбуянгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Насанбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 нэхэмжлэгч Б.Насанбуянгаас гаргуулж “Мандал женерал даатгал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Насанбуянгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан шатны шүүхээс үйл баримтуудыг бүгдийг тал бүрээс нь бодитой судалж, хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлсэн билээ.Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийг шаардлага болон үндэслэлээ нотлохдоо түүнд хандаж хариуцагчаас илгээсэн 2 албан бичиг болон зээлийн хэсэгчлэн төлөлт гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн дансанд хийсэн банкны баримтыг гаргасан. “Мандал Женерал Даатгал” ХХК-иас хариуцагч Б.Насанбуянд хандаж явуулсан эхний албан бичиг нь зөвхөн түүнийг ирж уулзахтай холбоотой бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн зээлийн эргэн төлөлтийн талаар бус уг байрыг чөлөөлөх, дотор нь байгаа эд зүйлийг гаргахтай холбоотой байсан. Учир нь нэхэмжлэгч уг орон сууцанд амьдрахгүй байгаа боловч түүний зарим нэг эд хогшил орон сууцанд байсаар байсан бөгөөд байраа чөлөөлж өгөхийг шаардаж түүнтэй холбоотой асуудлыг ярилцах гэхээр утсаа авахгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод байсан юм. Иймд бид албан ёсоор хариуцагчид хандахаас өөр аргагүй болж албан бичиг хүргүүлсэн юм.Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг уг орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, дотор нь амьдарсаар байгаа хэмээн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн зарим эд хогшил орон сууцанд байсаар байсан боловч уг байрны ашиглалтын зардлыг хариуцагч тал төлдөг байсан нь нотлогддог учраас нэхэмжлэгч тал уг орон сууцанд амьдарч, түүнийг эзэмшилдээ байлгаж байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.Харин 2 дахь удаагийн албан бичиг нь нэхэмжлэгч нь бидний хүргүүлсэн эхний албан бичгийн дагуу ирж уулзахдаа байраа буцаан худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул уг саналыг хүлээн авч, орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж буцаан худалдах санал тавьсан төдий юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үүнийг зээлийн эргэн төлөлтийг шаардсан баримт гэж үзэн хэргийн үйл баримтыг гуйвуулан дүгнээд байна.Бид анхнаасаа маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан болохоос биш түүнийг барьцаалж зээл авах эсхүл фидуцийн гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Тийм хүсэл зориг ч байгаагүй.Хэрэв нэхэмжлэгч үнэхээр зээл авсан юм бол түүний эргэн төлөлтийн талаар нэхэмжлэгч хариуцагч нарт харилцан тохиролцсон зүйл байх ёстой. Гэтэл ийнхүү харилцан тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд албаар хуурамч баримт бүрдүүлж, заль хэрэглээд байгаа юм. Бид түүний төлсөн мөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Учир нь бид нэхэмжлэгчээс аливаа зээлийн гэрээтэй холбоотой мөнгө авах учиргүй, тийм боломж, сонирхол ч байхгүй, яагаад ийм агуулга бүхий мөнгө төлсөн байгааг ч тайлбарлах аргагүй билээ. Харин давж заалдах шатны шүүхээс биднийг уг мөнгийг зээлийн эргэн төлөлтийн журмаар дансандаа шилжүүлж авчихаад, буцааж өгөх сонирхолгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал зээлийн эргэн төлөлт гэсэн утгатай мөнгийг бидний дансанд шилжүүлсэн мөртлөө анхан шатны шүүх дээр уг мөнгийг буцаан гаргуулахтай холбоотой нэхэмжлэл эсхүл хүсэлт гаргаагүй нь зөвхөн болж өнгөрсөн үйл явдлыг гуйвуулж, худалдах худалдан авах гэрээг зээлийн гэрээ байсан мэтээр харагдуулах зорилгоор хийсэн явцуу үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа юм. Анхан шатны шүүхийн дүгнэснээр уг банкны баримтыг цаг хугацаа болон хэргийн бусад нотлох баримттай харьцуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн баримт гэж үзэхгүй хэмээн үзсэн нь үндэслэл бүхий болсон.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхнаасаа тодорхойлж чадаагүй бөгөөд түүнийгээ нотлох баримт ч гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй....Ийм учраас орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл байгаагүй, зээлийн гэрээ байгуулсныг нотлох үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.Насанбуян нь хариуцагч “Мандал Женерал даатгал” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү шаардлагаа “намайг ноцтой төөрөгдүүлсэн”, “хууль зөрчсөн”, “зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн” гэх үндэслэлийг нэхэмжлэлдээ заажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай болох нь нэхэмжлэлээс тодорхой харагдахгүй байгааг дүгнэвэл Иргэний хуулийн өөр зохицуулалтад хамаарах, эрх зүйн хоёр өөр ойлголтыг зааглан ялгаагүй шинжтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын зарим нь эргэлзээтэй байгаа талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3., 56.5.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангажээ. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд маргааны үйл баримт бүрэн хэмжээгээр тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН