Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2201

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.Д” ХХК-д холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Н-д буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "М.Д" ХХК-иас өөрийн танил хүнээр уламжлан зээл хүссэн бөгөөд тухайн компаний төлөөлөл Б.Н-д зээл олгох боломжтой тухай ярьж ажлын байрандаа хүрч ирэхийг мэдэгдсэн. Ингээд Б.Н өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв байраа барьцаалан, 110 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсэн. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд "Орон сууц худалдах, худалдан авах" гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд орон сууцны худалдах үнийг тухайн компаниас Б.Н-д олгогдох зээлийн мөнгөн дүнг тавихыг шаардсаны дагуу зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ болох 110 000 000 төгрөг гэж бичиж гарын үсэг зурсныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч н.Дэлгэрсайхан батласнаар, миний 300 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц дээрх компанийн мэдэлд шилжсэн. Гэрээ байгуулагдсаны дагуу зээлийн мөнгө Б.Н-ийн эзэмшлийн Голомт банкны 1605029094 тоот данс руу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжин орсон. Гэвч тухайн үеэс хойш зээл олгогч тал зээлийн мөнгийг эгүүлэн төлөхийг үе үе утсаар ярьж шаарддаг байсан ч Б.Н-ийн санхүүгийн боломж муудсан тул зээлийг эгүүлэн төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 15/878 тоот мэдэгдлийг гэрийн хаягаар ирүүлсний дагуу холбогдох албан тушаалтантай нь ярихад зээлийн гэрээний дагуу авсан 110 000 000 төгрөг дээр нэмж 110 000 000 төгрөг төлсөн үед орон сууцыг буцаан шилжүүлэн өгнө гэж хариу хэлсэн. Улмаар миний бие 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр танай байгууллага надаас хэдэн төгрөг нэмж авч байж орон сууцыг эгүүлэн өгөх тухай лавлахад албан бичгээр доорх хариу ирүүлсэн. Б.Н-д зээл олгохдоо зөвхөн зээлийн мөнгө 110 000 000 төгрөгөөр байгууллагадаа шилжүүлэн авсан одоо амьдарч байгаа орон сууцыг 225 000 000 төгрөгөөр худалдах саналтай байгаа тухайгаа илэрхийлэн, уг байрны төлбөрийг "М.Д" ХХК-ийн Голомт банкны 1105040587 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 31-ний дотор шилжүүлнэ гэж дурдан санхүү эрхэлсэн захирал Э.Баянмөнх компаний санхүүгийн тамга дарж ирүүлсэн. Энэ компани орон сууцыг Б.Н-г ноцтой төөрөгдүүлэн, хууль зөрчин Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох болон хүчин төгөлдөр бус хэлцлийг хийж өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр халхавчлан шилжүүлэн авсан гэж үзэж байна. Б.Н болон "М.Д" ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу "М.Д" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв орон сууцыг Б.Н-д буцааж өгөхийг даалгаж өгнө үү. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах саналыг бидэнд гаргасан. Орон сууцны үнийг бид харилцан тохиролцон гаргасан үнийн дүн юм. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар бид түүнд мөнгө зээлээгүй. Манай компани зөвхөн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй учраас зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй бас боломжгүй юм. Хэрэв зээлийн гэрээ байгуулагдсан бол хүүтэй байх байсан. Б.Н-ийн зүгээс бидэнд хүүний төлбөрт нэг ч төгрөг өгч байгаагүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчээс шаардахад тухайн орон сууцыг нэхэмжлэгч мөнгөтэй болохоороо буцааж худалдаж авна гэж хэлсэн. Иймд найз нөхөд танил талаа бодоод түүнийг орон сууцаа буцаан худалдаж авах боломжийг харгалзан үзэж, хүлээсээр байсан. Гэтэл нэхэмжлэгч буцаан худалдаж авах эсэх нь тодорхойгүй байсаар 2015 оны 8 дугаар сар хүрсэн. Нэхэмжлэгч орон сууцыг буцаан худалдаж авах саналыг хүлээн авалгүйгээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй бөгөөд олон жилийн турш түүний нөхцөл байдлыг ойлгон харж үзсэн болно. Иймд бид өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Д” ХХК нь 2013 онд иргэн Б.Н-тай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв орон сууцыг худалдаж авахаар болж 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Үүний дагуу гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу түүний дансанд 110 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч одоог хүртэл уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэлтэй 116 м.кв байраа барьцаалан, 110 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэхэд зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсний дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ зээлийг авах үед Б.Н-д мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул арга буюу хариуцагчийн шаардлагыг зөвшөөрч 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан бөгөөд уг гэрээнд орон сууцны худалдах үнийг тухайн компаниас Б.Н-д олгогдох зээлийн мөнгөн дүнг тавихыг шаардсаны дагуу зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ 110 000 000 төгрөг гэж бичиж гарын үсэг зурсан. Б.Насанбуянгийн орон сууцны үнэ тухайн үеийн зах зээлийн хамгийн бага ханшаар бодоход /116 м2 х 2,500,000 төг/ 290 000 000 төгрөг байсан. Талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, зээлдүүлэх байсан. Зээл авсан, зээлээ бүрэн төлж чадаагүй байгаа нь үнэн. Б.Н нь зээлээс хэсэгчлэн төлж байсан. Энэ төлбөр хийсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч "М.Д" ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Н-д буцаан өгөхийг даалгаж, хариуцагч "М.Д" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М.Д" ХХК-иас 708 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, хариуцагч "М.Д" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу дээрх гэрээ нь худалдагч, худалдан авагч нарын хооронд байгуулагдсан бөгөөд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дээрх заалтаас гадна нэмэлт үйлдэл хийхийг шаарддаг. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд үүнтэй холбоотойгоор өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж шинэ өмчлөгчийн эрх үүсдэг. Үүний дагуу дээрх гэрээг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарснаар нэхэмжлэгч Б.Н-ийн өмчлөх эрх дуусгавар болсон. Нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх үйл явц журмыг зөрчсөн гэх баримт байхгүй, нэхэмжлэгч өөрийн биеэр дээрх үйлдлүүдэд оролцсон нь түүнийг өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадвар чадамжтай иргэн байх тул өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлан ойлгох чадвартай хүн байх тул тэрээр юу хийж, ямар хэлцэл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан гэж бид ойлгож байна. Харин түүнд ямар нэг хүч хэрэглэн, тулган шаардаж, эсхүл буруу ойлголт өгч хэлцлийн талаар төөрөгдүүлсэн аливаа үйлдэл хариуцагчийн зүгээс байхгүй. Хариуцагчаас орон сууцны үнийг байгуулагдсан өдөр шилжүүлэн өгсөн байхад түүнээс хойш өдийг хүртэл нэхэмжлэгч уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль бус үйлдэл болно. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч хариуцагчийн хэн нь хууль зөрчиж, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж байгаа гэдэг нь тодорхой харагдана. Нэхэмжлэлд дурдсан хууль зөрчсөн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч зээл авах биш анхнаасаа орон сууцаа худалдая гэсэн хүсэл зорилготой байсан. Хариуцагч зээлийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд биш учраас анхнаасаа зээлтэй холбоотой аливаа үйлдэл хийх боломжгүй. Тийм учраас түүнийг өөр хүсэл зорилго илэрхийлсэн, өөр хүсэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрөө зээл авах хүсэлтэй байсан гэдгээ нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ. Зээл авах үйлдлийг халхавчлан орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэдэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байдаг. Дээд шүүхийн тайлбарт уг хэлцлийг "...тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино." гэж тайлбарласан байдаг. Манай тохиолдолд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд өгсөн 110 000 000 төгрөгийг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг хариуцагчид буцаан өгөх үүрэг хүлээгээгүй, буцаан төлөх хугацаа тохиролцоогүй тийм учраас зээлийн гэрээг халхавчилсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг учраас түүнд хамаарах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулдаггүй, харин хэлцлээс үүссэн үр дагаврыг шаардах боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч “М.Д” ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Н-д буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талууд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Н өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг “М.Д” ХХК-д 110 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч “М.Д” ХХК 110 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д шилжүүлж, улмаар нэхэмжлэгч Б.Н нь худалдсан орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч “М.Д” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шилжсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хэргийн 7 дугаар тал дахь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэлд хариуцагч нь нэхэмжлэгчийг ирж уулзахыг мэдэгдсэн, хэргийн 8 дугаар тал дахь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэлд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 225 000 000 төгрөгөөр худалдах санал хүргүүлсэн зэрэг баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үгүйсгэх, нөхцөл байдал болохгүй. Түүнчлэн, хэргийн 70, 71 дүгээр тал дахь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б.Н-с “М.Д” ХХК-д зээлийг хэсэгчлэн төлсөн 200 000 төгрөг гэх орлогын баримт, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Н-с “М.Д” ХХК-д зээлийг хэсэгчлэн төлсөн 200 000 төгрөг гэх орлогын баримтууд нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бус, зээлийн гэрээ байгуулсныг хангалттай, эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

 

Хэргийн 9 дүгээр тал дахь дансны хуулгаас үзвэл 110 000 000 төгрөгийг “Мандал даатгал” ХХК үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үнэ гэх агуулгаар нэхэмжлэгч Б.Н-ийн дансанд шилжүүлсэн баримт авагдсан.

 

Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ гэж 110 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу эд хөрөнгө холбогдох бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт шилжүүлэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж гэрээний үүргээ хэн аль нь гүйцэтгэж уг гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Хариуцагчийн хувьд эд хөрөнгийн өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш эд хөрөнгийг чөлөөлүүлэх, шаардлага гаргаж байгаагүй нь худалдах, худалдан авах гэрээний харилцааг шууд үгүйсгэх нөхцөл байдал болох энэхүү хэлцлээр дараагийн хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөө хэний эзэмшил, ашиглалтанд байлгах, хэдийд чөлөөлөхийг  өөрөө шийдвэрлэх юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх, орон сууцны өмчлөлийг буцаан шаардах үндэслэл үүсээгүй байх тул 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг Б.Н-д буцаан өгөхийг даалгах тухай Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч “М.Д” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот 116 тоот орон сууцны өмчлөгч болсон боловч уг орон сууц өнөөг хүртэл нэхэмжлэгч Б.Н-ийн эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдснаар дээрх орон сууцны өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу хариуцагч “М.Д” ХХК-д шилжснээр нэхэмжлэгч Б.Н-ийн эзэмшил нь хууль бус болсон байна.

 

Гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч “М.Д” ХХК орон сууцыг эзэмших эрхтэй болсон тул Б.Н нь уг үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс хариуцагч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлгүй тул 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг Б.Н-д буцаан өгөхийг даалгах тухай Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “хариуцагч Мандал даатгал ХХК-иас 708 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож” гэснийг хасч, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч Б.Н-с 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч “М.Д” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М.Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14  хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ