Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 250/б

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Э, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар магадлалтай, Б.У, Б.Э, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох 20831293 дугаартай эрүүгийн хэргээс Б.Э-д холбогдох хэсгийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Э овогт Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г бусадтай бүлэглэн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Б, Б.Л, Л.Х нарыг залилсан, мөн 2010 оны 05 дугаар сард хохирогч Г.П-г залилсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Прокуророос шүүгдэгч Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.Э-с нийт 22,250,000 төгрөгийг “Хас Банк”-нд олгохоор” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э гаргасан гомдолдоо “Магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Магадлалд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, намайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэргийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон эсэх талаар гаргасан гомдлын үндэслэлд зохих хариулт өгч чадаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийг зөрчсөн буюу хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх ёстой. Магадлалд миний гэм буруутай болохыг холбогдох нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дурджээ. Гэвч эдгээр баримтууд миний гэм буруутайг нотолж чадах эсэх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж тодруулсан, хуульд заасан арга, хэрэгслээр бүрэн гүйцэд нотлогдсон баримт мөн эсэх талаар гомдол гаргасан боловч ямар ч хариулт аваагүй. Хохирогч Э.М, гэрч Л.Ш, Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж гэсэн нотлох баримтуудаар миний гэм буруу нотлогдохгүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Яагаад гэвэл эдгээр баримт дотор намайг буруутгах нэг үг ч байхгүй. Тэгэхээр үлдсэн нэг нотлох баримт болох гэрч О-н мэдүүлэгт үндэслэн намайг гэм буруутайд тооцсон гэж таамаглаж байна. Хохирогч Э.М болон гэрч Л.Ш нарын мэдүүлгүүдэд намайг буруутгах нэг ч үг байхгүй, миний нэрийг ч дурдаагүй, надаас болж төөрөгдсөн тухай хэн нь ч, юу ч мэдүүлээгүй, түүнчлэн миний бие эдгээр хүмүүсийг огт танихгүй, эдгээр хүмүүс болон бусад Хас банкны ажилтнуудтай нүүр тулан уулзах нь байтугай утсаар ч ярьж байгаагүй, ямар нэгэн тайлбар бичгээр гаргаж өгч байгаагүй. Ямар үйлдлээс болоод дээрх хүмүүс төөрөгдөх болов гэдгийг би одоо ч ойлгохгүй хэвээр байгаа. Эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгийг уншиж үзвэл чухам хэн банкны мэргэжилтнүүдийг төөрөгдөлд оруулж байсан нь тодорхой харагдана. Тогтоолд “нэгдмэл санаа зорилго”-оор гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь эхнэр нөхөр хоёр юм чинь нэг санаатай байсан байж таарна гэсэн байдлаар хэргийг нялзааж байна. н.Х бид хоёр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ямар нотлох баримтад үндэслэн тогтоож байгааг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдаагүй. Гэрч н.О-н мэдүүлэг бол зохиомол мэдүүлэг бөгөөд н.О нь энэ хэрэг явдалд зохих хэмжээгээр оролцож, н.Х-д тусалж, дэмжиж байсан. Тэр энэ хэргээс өөрийгөө авч гарахын тулд намайг гүтгэж, миний хийгээгүйг хийсэн, хэлээгүйг хэлсэн болгож худал мэдүүлэг өгсөн. Шүүх намайг гэм буруутай гэж үзэхэд баримт нотолгоо хангалтгүй байна гэж үзээд шийдвэр гаргаж, прокурорт буцааж байсан боловч энэхүү заалт огт биелээгүй, энэ талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийгдээгүй. Бодит байдал дээр н.О-н мэдүүлэгт дурдсан үйл явдал болоогүй гэж шүүх дүгнэсэн атлаа түүний мэдүүлгийг нотлох баримтаар аваад миний болон н.Х-н мэдүүлгийг анхааран үзээгүй. Түүнчлэн, н.О нь нотариатч буюу хуульч хүн бөгөөд түүний мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авагдсан тул нотлох баримтаар тооцох ёсгүй. Миний бие тухайн байрыг н.О-т шилжүүлээгүй бөгөөд надаас н.О-т, н.О-с н.Х-д тэр байр шилжсэн гэдгийг тухайн үед мэдээгүй. Дараа нь н.Х надад энэ бүхнийг хэлсэн. Энэ бүхнийг сонсож мэдээд ярьснаараа би гэмт хэрэгтэн болох ёсгүй. Мөн н.Х нь н.Э энэ хэрэгт огт оролцоогүй бөгөөд н.О нотариатч байсан болохоор нэр шилжүүлэх ажлыг зохицуулсан гэж удаа дараа мэдүүлсэн. н.О бид хоёрын хооронд байгуулсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг шинжлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг би өмнө нь нэг бус удаа гаргаж байсан ба давж заалдах шатны шүүхэд ч энэ хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг маань хангаагүй. Шийтгэх тогтоолд Хас банканд 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа н.Х-с 22,250,000 төгрөг, н.Э-с 22,250,000 төгрөг, н.Б-с 7,946,782 төгрөг буюу нийт 52,446,782 төгрөг гаргуулан Хас банканд олгуулах шийдвэр гаргасан алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй. Мөн н.Х-н банканд төлсөн 10,285,810 төгрөгийг яагаад хохирлын дүнгээс хасахгүй байгаа тухай ямар нэг тайлбар хийсэнгүй. Энэ мөнгийг Хас банканд өгсөн нь тодорхой. Хохирлын мөнгөн дүн буруу байгаа талаар гаргасан миний гомдлыг няцаан үгүйсгэж буй үндэслэлээ дурдаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд намайг гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүчингүй болгох буюу хэргийн бодит байдлыг үнэн зөв, гүйцэд тогтоолгохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э-н гаргасан гомдлыг үндэслэн Б.У, Б.Х, Б.Э, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь Б.Х-тэй бүлэглэн 2011 оны 04 дүгээр сард Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Хас банк”-нд барьцаанд тавин залилж 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-г бусадтай бүлэглэн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Б, Б.Л, Л.Х нарыг залилсан гэх мөн 2010 оны 05 дугаар сард хохирогч Г.П-г залилсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар  “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-н хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа гомдол нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах агуулгатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн шүүгдэгч Б.Э-н гаргасан “Б.Х банкинд 10,285,810 төгрөг төлсөн тул хохирлоос хасаж тооцох ёстой” гэх гомдлын тухайд шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирол, төлбөрөөс энэ хэмжээгээр төлсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүнээс хохирол төлөгдсөн байдал зэрэгт анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг өөрчлөх шалтгаан болохгүй юм. Хэрэв хэрэгт гаргаж өгөөгүй боловч хохирлоос ямар нэгэн байдлаар төлсөн тухай баримт өөрт буй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нийт төлөх ёстой төлбөрөөс жич тооцуулах боломжтой. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчөөгүй байх тул тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Б.Э-г гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Э-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг хянан шийдвэрлэхдээ хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар магадлалын шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН