Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 337

 

                                                                  Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1023 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн   хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаар магадлалтай Б.Х-т холбогдох эрүүгийн 1809055010085 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төвд мэргэжилтэн ажилтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан Б овогт Б-ны Х

Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Пи Эм” цогцолборын гадна иргэн С.М-тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1023 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж 266 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.Х-т холбогдох бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэрэг нь 1 жил гаран хугацаанд хянагдсан байх бөгөөд хэргийг мөрдөн шалгахдаа хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй мөн шүүгдэгч Б.Х-ын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргасан тул анхан шатны шүүхээс хэрэгт дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай явагдсаар нэлээдгүй хугацааны дараа дахин хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Ийнхүү Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хурал зарлагдсан боловч шинжээч эмч ирээгүй, өөр шинжээч эмч дуудагдсан гэсэн шалтгааны улмаас хурал 2 удаа дараалан хойшлогдсон билээ.

Өмгөөлөгч миний хоолойн архаг ангина өвчин сэдэрч юм ярих боломжгүй болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.10, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн болно.

Гэтэл шүүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурлыг явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зүйл заалт зөрчигдөж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Хавтаст хэрэгт олон эргэлзээтэй, нөхцөл байдлыг дахин сайтар тодруулах шаардлага бүхий нотлох баримтууд авагдсан байдаг.

Дээрх нөхцөл байдал болон бусад өөр нөхцөл байдлууд, гэм буруугийн талаар маргах мэтгэлцэх шаардлагатай байсан боловч энэхүү шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөлөгчийн мэтгэлцэх, гэм буруугийн талаар маргах эрхийг хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй гэж үзэхэд хүндрэлтэй, шүүгдэгчийн гэм бурууг эцсийн байдлаар хөдөлбөргүй нотлох баримтаар нотолсон, хэргийн бодит байдлыг тогтоосон, гэм буруутай гэж нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай байсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ тодорхой хууль зүйн тайлбаргүй, дүгнэлтгүй, хуулийн зүйл, заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэн магадлалыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан тул шүүх хуралдааны ажиллагааг явуулсныг “буруутгах аргагүй” гэж дүгнэсэн ба шүүх хуралдаан явагдсан болон яагаад хойшилсон зэргийг нэг бүрчлэн тодруулж дүгнээгүй.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч Хандсүрэнгийн гаргасан хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн хуралд шинжээч эмчийг оролцуулна гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн. Гэм буруугийн хурлын өмнө өмгөөлөгч миний бие оролцож эхлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж байхгүй тул хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаж 1 удаа хойшлуулсан, дараагийн хурлуудад прокурор шүүхийн хэлэлцүүлгээр шинжээч эмч оролцуулах захирамж гарсан тул шинжээч эмчийг заавал оролцуулна гэж хойшлуулах хүсэлт гаргасан.

Мөн гэм буруугийн дараагийн хурал болоход өөр шинжээч эмчийг дуудсан /тухай үед ч мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэрхэн шийдвэрлэсэн захирамж байгаагүй/ тул дахин хойшлох болсон. Ийнхүү 20 хоногийн дараа өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт өгсөн боловч гэм буруугийн хурлыг явуулан анхан шатны шүүх шийдвэр гаргасан.

Дээрх байдлаас үзэхэд өмгөөлөгч миний зүгээс бус анхан шатны шүүхийн бэлтгэл ажиллагаанаас болж хуралдаан удаа дараа хойшилсон байхад дээрх хуулийн заалтыг буруутгах аргагүй юм гэж хууль зүйн үндэслэл, дүгнэлтгүй учир дутагдалтай байдлаар тайлбарлан өмгөөлөгчийн үйлдэлд тохирсон байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчилан зааж өгсөн боловч өмгөөлөгчгүй гэм буруугийн хуралдааныг явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалт зөрчигдөх болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх өмгөөлөгч миний давж заалдах журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ гэж заасан буюу гомдолд хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусмагц давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байтал 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хүргэгдэн ирсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тайлбарыг гаргасан боловч шүүх хоорондын энэхүү харилцааны талаар давж заалдах шатны шүүх ямар нэг байдлаар үнэлэлт дүгнэлт, хууль зүйн тайлбар хийгээгүй болно.

Хэрэв хуулийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд тухайн хэрэг хүргэгдэн ирсэн бол шүүгдэгчийн эрх зүйн байдалд ихээхэн нөлөөтэй байх байсан бөгөөд хэн нэгэн этгээдийн санаатай болон санамсаргүй, буруутай ажиллагааны улмаас хүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц байдал бий болсон нь харамсалтай байна.

Давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг хөөн хэлэлцэх хугацаатай хамаатуулан тухайн үед дөнгөж мөрдөгдөж эхэлж байгаа зүйл заалт, хуультай холбон тайлбарласан.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно гэж тус тус заасан зүйл заалтыг, 1.15-дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан зүйл заалтыг үл хайхран хуулийн энэрэнгүй, заавал шийтгэх бус нөхцөл байдлыг бий болгохыг үл зорьсон явдал болж байна.

Иймд магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэв.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.М-т хүч хэрэглэн халдсан Б.Х-ын үйлдлийг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шинжлэн судалж, хянан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Б.Х нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар хууль ёсны ба үндэслэлтэй  дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүх гэмт хэргийн өдүүлбэр болон хохирогчийн бие махбодид  учирсан гэмтлийн зэрэгт үндэслэн Б.Х-ын гэмт үйлдлийг зөв зүйлчилснээс гадна Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж түүнд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан бөгөөд Б.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нь шүүхээс товлосон хугацаанд хүрэлцэн ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй ба гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон тохиолдолд мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй юм.

Энэ тохиолдолд өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай буйгаа нотолсон баримт сэлтийг шүүхэд гарган өгөх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг шинжлэн судалсны эцэст шүүх дээрх нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоож, хэргийг хэлэлцэх ажиллагааг хойшлуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй билээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч өвчилсөн тухай эмчийн магадлагаа нь тухайн эмнэлгийн ерөнхий эмчийн гарын үсэггүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй хэдий ч анхан шатны шүүх түүнийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Эрдэнэтулга мөн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй явдлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж дүгнэж хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь нотлох баримтын шаардлага хангахгүй магадлагааг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх ажиллагааг хойшлуулсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал давтагдсан нь дээр дурдсан хуулийн зүйл хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарч байна гэж шүүх үзэж хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцжээ.

 Түүнчлэн шүүгдэгч Б.Х-ын хувийн болон холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6-н тохиолдлын аль нэгэнд хамаарч, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдох боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.

Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцдог билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн арван тохиолдлыг нэрлэн заасан байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох буюу өөрчилнө.  

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гомдолд дурдсан хэргийг давж заалдах шатны шүүхэд хуульд заасан хугацааг хэтрүүлэн хүргүүлсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн шинжтэй хэдий ч дээрх арван тохиолдлын алинд нь ч хамаарахгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулаагүй болон давж заалдах шатны шүүхэд хугацаа хэтрүүлэн хэргийг хүргүүлсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1023 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн   хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН