Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00406

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00406

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б -инженеринг ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 124 791 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчВ.Э , Ч.М ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б -инженеринг ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 85 108 079 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Д.Б -инженеринг ХХК-д Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна.

Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85 108 079 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу алданги 39 683 321 төгрөг, нийт 124 791 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б -инженеринг ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Стандарт, хэмжил зүйн газарт лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг сунгуулах өргөдлөө 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/00292 тоот албан бичгээр өгсөн боловч үндэслэлгүйгээр гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэж 2019 оны 5 дугаар сараас лабораторийн маань үйл ажиллагааг зогсоож, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.

Үүнээс үүдээд бид Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл 85 108 079 төгрөг, алданги 39 683 321 төгрөг, нийт 124 791 400 төгрөгийн өр төлбөртэй болсон.

Манай байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авах хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан бөгөөд тухайн байгууллага манай байгууллагыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдалд өртөөгүй байна гэж үзсэн.

Тус компанийн ерөнхий захирал Ц.Насанбатад холбогдуулан Алтан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 59 726 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлээд байгаа байдлыг харгалзан үзнэ үү.

Иймд манай компанийн зүгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцсон 39 683 321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Б -инженеринг ХХК-аас 124 791 400 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.Б -инженеринг ХХК-аас 781 907 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ. О давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч төлөөлж даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа гэх хүн гарын үсэг зуран 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Ш.Алтанчимэгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус гэрчилгээнд нэмэлгээр өөрчилж бүртгэгдсэн ба үүнээс хойш улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадаагүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс алданги 39 683 321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Манай компанийн зүгээс тайлангаар гарсан үндсэн өр төлбөр болох 85 108 079 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг төлбөрийг төлөх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь манай компанийн усны тоолуурын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа дуусч Стандарт, хэмжил зүйн газраас үндэслэлгүйгээр сунгахаас татгалзсан байдаг ба үүнийг бид мэдэлгүйгээр явж байгаад Мэргэжлийн хяналтын газраас итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэж 2019 оны 5 дугаар сард лабораторийн үйл ажиллагааг зогсоож бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Компанийн зүгээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авах хүсэлтийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж гаргасан боловч тодорхой бус шалтгаанаар гэрчилгээ гаргаагүй юм. Үүнийг миний бие шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч анхан шатны шүүхийн шийдвэр дээр манай байгууллагыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөлд байдалд өртөөгүй байна гэж үзсэн /анхан шатны шүүхийн шийдвэрийн 3-р талын /4 дэх догол мөр/ гэж хэлсэн гэж огт хэлээгүй худлаа тайлбарыг нэмж бичсэнд гомдолтой байна. Дээрх үйл баримт нь өөрөө төрийн үйл ажиллагаанаас болж хувийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ноцтойгоор саад учруулсан тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Тиймээс алданги болох 39.683.321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Д.Б -инженеринг ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 85 108 079 төгрөг, алдангид 39 683 321 төгрөг, нийт 124 791 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Д.Б -инженеринг ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан шимтгэл төлөгч, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн үйл баримтад маргаангүй. Харин алдангийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1,2,25,26/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Хариуцагч Д.Б -инженеринг ХХК нь ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөх үүргээ зөрчсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байх тул алданги төлөх үүрэг дээрх хуульд заасны дагуу үүсчээ. /хх25-26/

Хариуцагч тал алдангиас татгалзаж буй үндэслэлээ ...усны тоолуурын лабораторийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, Стандарт, хэмжил зүйн газраас тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахаас татгалзсан учир компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон... гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч компани нь дээрх үндэслэлээр ажилчидтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул алдангиас чөлөөлөх хуулийн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 124 791 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд Н.Ариунааг мөн оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эгүүлэн томилжээ./хх4-6/ Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа хэдий ч Н.Ариунааг тус хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэж байгаа үйл баримтад талууд маргаагүй.

Иймээс нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан Н.Ариунааг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД