Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00012

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00012

 

 

 

 

 

 

 

 

 

Эксим финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Нармандах, Ч.Цэвэлмаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19 568 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Нармандах, Ч.Цэвэлмаа нар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дараа нь дахин нэмэлт гэрээ байгуулж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 13 000 000 төгрөгийн зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Сүүлд нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлээгүй шууд зээлийн хүүд тооцож авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн нийт төлбөрийн үүргээс үндсэн зээл 13 000 000 төгрөгийг огт төлөөгүй. Иймээс үндсэн зээл болон 2018 оны 01 дүгээр сараас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт, нийт 19 568 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Нармандахын тайлбарт: Бид нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй. Хүү төлөөд байхад хасагдаж тооцогдсон зүйлгүй. Мөн сүүлд нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийнхөө дансанд байлгаж байгаад 1 000 000 гаруй төгрөгийг эхний хүүд, үлдэгдэл 500 000 төгрөгийг дараа сарын хүүд авсан. Гэрээний дагуу өөрийн дансаараа дамжуулан, 8 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг авсан. 2 000 000 төгрөгийг аваагүй учраас 13 000 000 төгрөгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Ч.Цэвэлмаа шүүхэд тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Нармандах, Ч.Цэвэлмаа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 15 116 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 451 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 2-А байрны 57 тоот хаягт байрлах Ү-2205003959 Улсын бүртгэлийн дугаартай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 233 533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Эксим ББСБ ХХК-ийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, зээлийн тооцооллыг буруу хийсэн. Иргэн Г.Нармандах нь зээлийн хүү төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байсан бөгөөд зээлийн хүү төлөх мөнгөгүй байгаагаа илэрхийлж 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад биеэр ирж зээлийн нэмэлт гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг төлөгдөөгүй байсан 2017 оны 05 дугаар сараас 07-р сарын зээлийн хүүнд суутгуулах хүсэлт гаргасан болно. Шүүх 2 000 000 төгрөгийн зээл нэмж олгосон гэж үзэхгүй байгаа бол ийм хэмжээний зээлийн хүү төлөгдөөгүй гэж үзэн манай байгууллагын зээлийн хүүгийн авлага дээр нэмэгдэх үндэслэлтэй. Хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 413 000 төгрөг, нийт 813 000 төгрөг төлөхийг хүүг зөвшөөрсөн мэдэгдэл юм. Хариуцагч тал төлбөрийн баримтаа шүүхэд нотлоогүй дээрх төлбөрүүдийг хүлээн авсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэгдсэн. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт тус төлбөрүүдийг илүү төлсөн хүү гэж үзэн үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцон буруу шийдвэрлэсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу төлбөрийн баримтуудыг дахин шалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Нармандах, Ч.Цэвэлмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 568 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг нэмж 11 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг нэмж 13 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан байх ба үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 2-А байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 2 000 000 төгрөг шилжүүлээгүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэрээр 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нийт 11 000 000 төгрөг зээлдэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэгтгэн бичгийн гэрээ байгуулсан, талууд уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүснэ.

Зээлдэгчийн гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргийг хэргийн 12 дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн тооцоолон үзэхэд тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 7 125 000 төгрөг, нийт 18 125 000 төгрөг төлөхөөр байна.

Хариуцагчийн ... зээлийн үүрэгт бэлнээр болон дансаар 5 017 000 төгрөг, нэхэмжлэгч компанийн захиралд 813 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул төлөгдсөн 5 830 000 төгрөгийг зээлийн хүүгээс хасч тооцоход тэрээр зээлийн хүүд 1 295 000 төгрөгийн үлдэгдэлтэй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 2.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүд нийт 3 432 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Нармандах, Ч.Цэвэлмаа нараас үндсэн зээл, зээлийн хүүд 12 295 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүд 3 432 000 төгрөг, нийт 15 727 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 841 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 15 116 520 төгрөг гэснийг 15 727 000 төгрөг гэж, 4 451 480 төгрөг гэснийг 3 841 000 төгрөгт холбогдох хэсгийг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 233 533 төгрөг гэснийг 236 585 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ