Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00604

 

“...финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03250 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...финанс ББСБ” ХХК

          Хариуцагч: Г.Н-

          Хариуцагч: Ч.Ц- нарт холбогдох

          19,568,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Н-, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Н-, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Н-, Ч.Ц- нар 2016-11-18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дараа нь дахин нэмэлт гэрээ байгуулж 2017-04-14-ний өдөр 3 сая төгрөг, 2017-06-14-ний өдөр 2 сая төгрөгөөр тус тус нэмж зээлэн, нийт 13 сая төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн нийт төлбөрийн үүргээс үндсэн зээл 13 сая төгрөгийг огт төлөөгүй. Иймээс үндсэн зээл, 2018-01-р сараас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 19,568,000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй. Хүү төлөөд байхад хасагдаж тооцогдсонгүй. 2 сая төгрөгийг надад өгөөгүй зээлийн хүүнд суутгаж авсан. 2016-12-18-ны өдөр 400,000 төгрөг, 2017-01-18-ны өдөр 413,000 төгрөгийг шилжүүлснийг хасаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт төлсөн 7,830,000 төгрөгийг хасаж өгнө үү. 11 сая төгрөгийн зээл авсан нь үнэн гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 102/ШШ2018/03250 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч нараас 15,116,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 4,451,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийг төлөөгүй тохиолдолд Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2 хороолол, ..-А байрны ... тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 15,727,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамж 236,585 төгрөг гаргуулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч Г.Н-, түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрийн тооцооллыг буруу хийсэн. Би ээж Ч.Ц-тай хамтарч БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, ..А байрны .. тоот орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 2016-11-18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. 2017-04-14-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээг 3 сая төгрөг, 2017-06-14-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгөөр нэмэгдүүлж нийт 13 сая төгрөгийн зээл авсан. 2 сая төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй, мөнгийг шилжүүлж өгөөгүй, байгууллагын данснаас шууд хүүд тооцож авсан. 2 сая төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч зөвшөөрсөн. ББСБ-ын захирал Д.Гантөгс  хариуцагчаас авсан 813,000 төгрөг, шилжүүлсэн 5,017,000 төгрөг, хүүд төлсөн 2 сая төгрөг нийт 7,830,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон. 2 сая төгрөгийг хүүд тооцон авсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.5-р зүйл “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих”, 11.5-р зүйл 3.3 дахь журмыг тус тус зөрчсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “...финанс ББСБ” ХХК 2018-09-24-ны өдөр шүүхэд хандан, Г.Н-, Ч.Ц- нараас нийт 19,568,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Нийслэлийн  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, ..-А байрны ... тоот 3 өрөө орон сууцаар  хангуулахыг шаардахдаа “...2016-11-18-ны өдөр 8 сая төгрөг, 2017-04-14-ны өдөр 3 сая төгрөг, 2017-06-14-ны өдөр 2 сая төгрөг зээлүүлсэн тул үндсэн зээл 13 сая төгрөг, хүү 5,473,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,094,667 төгрөг шаардаж байна...” гэсэн үндэслэл заасан байна. 

        Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг аваагүй уг мөнгийг шууд төлбөрт суутгасан... төлсөн мөнгийг хасаж тооцоогүй байна... нэхэмжилж буй мөнгө нь их гарсан байна..” гэжээ.

       Анхан шатны шүүх хариуцагч нараас нийт 15,116,520 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргахдаа “...зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг хариуцагч нарт бодитой шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэгч 11 сая төгрөг зээлүүлсэн гэж үзнэ... зээлдэгч нар нийт 7,830,000 төгрөг төлсөн ...иймд   үндсэн зээлд 10,186,332 төгрөг, хүүд 4,108,490 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 821,698 төгрөг  төлөх үүрэгтэй ...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх хариуцагч нарыг 15,727,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ “...хариуцагч нар нийт 11 сая төгрөг зээлж авсан байна... 2017-04-18-ны өдрөөс  2018-04-18-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 11 сая төгрөг, хүү 7,125,000 төгрөг нийт 18,125,000 төгрөг төлөхөөр байна.... зээлдэгч нар 5,830,000 төгрөг буцааж төлсөн байх тул уг мөнгийг хүүгээс хасч тооцно... нэмэгдүүлсэн хүүд 3,432,000 төгрөг гаргуулах нь зүйтэй... иймд үндсэн зээлд 11 сая төгрөг, хүү 1,295,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү 3,432,000 төгрөг гаргуулна...” гэжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 13,000,000 төгрөг нэхэмжилсэн, шүүх энэ шаардлагаас 11,000,000 төгрөгийг хангасан байна.    

        Г.Н-, Ч.Ц- нар “...финанс ББСБ” ХХК-иас 2016-11-18-ны өдөр 8,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2017-04-14-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2017-06-13-ны өдөр 2,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж гэрээ  байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, ..-А байрны .. тоот 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнээс үзвэл талууд зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

        Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль  нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

       “...финанс ББСБ” ХХК нь Г.Н-, Ч.Ц- нарт 2016-11-18-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017-04-14-ний өдөр 3,000,000 төгрөг олгосон, харин 2017-06-13-ны өдрийн гэрээний 2,000,000 төгрөгийг олголгүй өмнөх зээлийн төлбөрт суутган авсан үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг 11,000,000 төгрөг зээлүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байна.

        Зээлдүүлэгч 11,000,000 төгрөг зээлүүлсэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авсан ч төлбөрийг төлөөгүй байх тул зээлдэгч нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийг буцааж  төлөх үүрэгтэй.   

        2. Нэхэмжлэгч хүүд нийт 5,473,333 төгрөг шаардсан, давж заалдах шатны шүүх  1,295,000 төгрөг гаргуулсан байна. 

       11,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан 2017-04-18-ны өдрөөс 2018-04-18-ны өдөр хүртэл хугацааны хүүг давж заалдах шатны шүүх тооцсон байх бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

       Иймд 7,125,000 төгрөгөөс төлсөн 5,830,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,295,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. 

       3. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 1,094,667 төгрөг шаардсан бөгөөд үүнийг  нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлсон /хх2/ байна.

       Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заажээ. 

       Зээлдэгч хүүд 7,125,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 1,094,667 төгрөг нэхэмжилсэн байхад үүнээс илүү хэмжээгээр шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь дахь хэсэгт нийцээгүй байна.

       Иймд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 1,425,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр Г.Н-, Ч.Ц- нараас үндсэн зээл 11,000,000 төгрөг, хүү 1,295,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,425,000 төгрөг нийт 13,720,000 төгрөг гаргуулах өөрчлөлтийг магадлалд оруулав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “ 15 727 000 төгрөг..” гэснийг “...13,720,000 төгрөг...” гэж., “...3 841 000 төгрөгт холбогдох хэсгийг...” гэснийг “... 5,848,000 төгрөгт холбогдох хэсгийг...” гэж., “...236 585 төгрөг..” гэснийг “... 226,010 төгрөг...” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019-01-22-ны өдөр төлсөн 233,533 төгрөгийг Г.Н-ад захирамжаар буцааж олгосугай.

                                           

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР           

ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ