Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2020/00095

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Нийгмийн

даатгалын хэлтэст холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас 1.142.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймгийн БОЭТ-ийн хөнгөвчлөх уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хэвтсний дараах олгогдох эмнэлгийн хуудсыг магадлагч эмч Б.Пүрвээ нь 2019 оны 12 дугаар сарын 16-нд эрх үүсэхгүй гэж цохолт хийсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2 зүйл өргөдөл өгсөн. Магадлагч эмч Б.Пүрвээгийн ёс зүйн талаар, Эмнэлэгийн хуудсаар олгогдох мөнгийг гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Гэтэл 1 дэх өргөдлийн хариу нь Б.Пүрвээ эмч маш сайн ажилтай, ёс зүйтэй хүн 2 дахь өргөдлийн хариу нь Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1631 дугаартай тоотоор хариу өгсөн юм. Энэ тоотын дагуу 2019 оны 12 дугаар сарын 28-нд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-нд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд ханд гэсэн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу тэр өдөр нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх зөвлөлд хандан өргөдөл өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 17-нд уг зөвлөл хуралдаж мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэн шийднэ гэж хэллээ. Ийнхүү уг эмнэлгийн хуудсаар олгогдох мөнгийг нэхэмжилж хоёр дахь удаа Нийгмийн даатгалын хэлтэст хандаж байгаа нь энэ. Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэгч нь Нийгмийн даатгалын хэлтэс өөрөө. Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, үйлчлэх хууль гаргачихаад эсрэгээрээ иргэнийг хохироох үйл ажиллагаа явуулж байна. Би энэ эмнэлгийн хуудсаар олгогдох мөнгийг бүтэн 4 сарын хугацаанд өргөдөл, гомдол, зарга хийхээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхгүй болж байна. Ер нь Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Пүрвээ нь Нийгмийн даатгалын хуулийг зөрчиж даатгуулагч иргэдийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхийг хязгаарлан хасаж байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 2019 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн 1.142.000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Б.Пүрвээ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******гийн гаргасан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцагдах эмнэлгийн хуудсаар олгогдох 1.142.000 төгрөгийг Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас.гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/Ш32020/01175 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэн уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь тус захирамж гарсан өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандсан ба Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношлогоо чанарын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох баримтуудыг албан бичгийн хамт Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас албан ёсны хариу, дүгнэлт ирүүлээгүй байгаа тул Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэр эцэслэн гараагүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхэд төрийг төлөөлж прокурор Л.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Иргэн Цэцэгмаа нь 2019 оны 12 дугаар сарын 2-ноос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хөнгөвчлөх, уламжлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Үүний улмаас Орхон аймгийн нийгмийн даатгалын сангаас 1.142.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд дүгнэлт хийгээд энэ хүн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, артерийн даралт хэвийн, оношийн баталгаа хангалтгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцээд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.-д заасныг баримтлан Нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас 1.142.000 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.958 /гучин нэгэн мянга есөн зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 31.958 /гучин нэгэн мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөн, түүнд хийгдэх эмчилгээ, шаардлагатай шинжилгээг бүрэн хийлгэх, эмнэлзүйн шинж тэмдэгт дүгнэлт өгөх нь эмчлэгч эмчийн ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас баталсан заавар журмын дагуу хийгдэх ажиллагаа болохоос эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн *******тай шууд хамааралгүй гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт нь хариуцагч байгууллагад ч мөн адил хамааралтай юм. Дээрх ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын тэр дундаа эмнэлгийн хуудас олгосон Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн ажил үүргийн хариуцлагын асуудал тул дээрх байгууллагын холбогдох эмнэлзүйн удирдамж мөрдөөгүй ажилласан, хэвтэн эмчлэх заалтгүй даатгуулагчийг хэвтүүлэн эмчлүүлсэн зөрчилтэй үйл ажиллагаанд нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний тэтгэмжийн мөнгө 1.142.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хөнгөвчлөх, уламжлалт эмчилгээний тасагт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж №1296696 дугаартай эмнэлгийн хуудас авсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Пүрвээ нь №1296696 дугаартай эмнэлгийн хуудсаар 1.142.857 төгрөгийн тэтгэмж авах эрх үүсээгүй ******* нь 2019 онд нийт 6 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн хуудас дахь өвчний онош, бодит үзлэг зөрүүтэй, онош батлах шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгох талаар урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад гомдол өргөдөл гаргаж байсан байх ба Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/232 дугаартай албан бичгээр ******* нь 2018 оноос 2019 онд нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл артерийн даралт ихсэх өвчин 2 зэрэг гэсэн дагалдах онош тавигдсан боловч оношийг баталгаажуулах үйл болон дүрс оношлогооны шаардлагатай шинжилгээг бүрэн хийгээгүй, үндсэн болон дагалдах оношийн үндэслэлд тусгаагүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны Заавар шинэчлэн батлах тухай А/286 дугаар удирдамжийг мөрдөөгүй, хэвтүүлэн эмчлэх заалтгүй гэсэн хариуг өгчээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т ... нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 хоногоос хэтрэхгүй байна. 19 дүгээр зүйлийн 19.3.-т даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлдөг даатгуулагчийн хувьд жилд хэдэн удаа хэвтэн эмчлүүлснээс үл хамааран эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шаардан авах эрхтэй болно.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/286 дугаар тушаалын хавсралт, Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн эмнэлзүйн заавар нь урьдчилан сэргийлэлт, оношилгоо, менежментийг сайжруулан зөв оновчтой явуулж, зүрх судасны өвчинд өртөх эрсдэл, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад эмч эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах зорилготой болохоор энэ эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо эмчилгээ хийх нь эмнэлгийн мэргэжилтний хийх ажиллагаа тул эмчлүүлэгчид зохих шинжилгээ хийгээгүй, онош баталгаажуулах үйл явц бүрэн хийгдээгүй эсэх нь хамааралгүй юм.

Анхан шатны шүүх энэ үндэслэлээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ