Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00420

 

Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Транс капитал ББСБ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 196 358 403 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэвэлмаа нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт 5 амины орон сууц барихаар төлөвлөж, эхний ээлжинд 2 амины орон сууц барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Транс Капитал” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,8%-ийн хүүтэйгээр авсан. Гэрээгээр 2015 оны 12 дугаар сарыг дуустал зээл, хүү нийт 20 511 414 төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй гэрээ дуусгавар болоогүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.Иймд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Транс капитал” ББСБ, Ц.Цэвэлмаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:“Транс капитал ББСБ” ХХК нь Ц.Цэвэлмаатай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15082226 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 150 000 000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Барьцаанд Ц.Цэвэлмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Мөн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан. Зээлдэгч зээл авснаас хойш үндсэн зээл 1 200 000 төгрөг, хүү 18 810 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500 901 төгрөг, нийт 20 511 414 төгрөг төлсөн.Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 148 800 000 төгрөг, хүү 39 610 752 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 922 150 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, нийт 196 358 304 төгрөгийн төлбөртэй байна.Иймд Ц.Цэвэлмаагаас зээлийн гэрээний үүрэгт 196 358 403 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Цэвэлмаа нь дээрх зээлийг 2 жилийн хугацаатай авсан. “Транс капитал” ББСБ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тооцооллын алдаа гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 140 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 584 162 төгрөгийн хүү илүү төлсөн гэж бүртгэжээ. Хүүг ашигласан хоногоор авдаг бөгөөд хүү илүү төлнө гэсэн ойлголт байхгүй юм. Мөн 2015 оны 12 дугаар сарын 27-нд 195 085 төгрөг, 12 дугаар сарын 30-нд 83 608 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 02-нд 222 208 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлүүлж байсан. Нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссан тохиолдолд зээлдэгчээс хуулийн дагуу төлүүлдэг торгуулийн хүү юм. “Транс капитал” ББСБ-ийн зээлийн тооцооллыг зөвтгөн тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 148 075 838 төгрөг, хүүгийн үлдэгдэл 39 473 675 төгрөг, болох бөгөөд нотариатын зардал 25 500 төгрөгийг нэмэхэд 187 575 013 төгрөг болж байна.Зээлдэгч Ц.Цэвэлмаа “Транс капитал” ББСБ-ын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарны 14-ний өдрийн зээлийн гэрээгээр Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 53 456 030 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Гэрээг цуцлах өдөр хүртэл Ц.Цэвэлмаа нь 18 587 252 төгрөгийн хүү төлсөн байх бөгөөд үлдэгдэл 34 868 778 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдаж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх ёсгүй.Иймд Ц.Цэвэлмаа нь зээлд 148 075 838 төгрөг, хүү 34 868 778 төгрөг, нотариатын зардал 25 500 төгрөг нийт 182 970 116 төгрөг төлөхөөр байна. Улс орны санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, Ц.Цэвэлмаагийн төлбөрийн чадвар муудсан, бусдад их хэмжээний өртэй байдлыг харгалзан үзэж төлөх ёстой хүү 34 868 778 төгрөгнөөс 14 868 778 төгрөгийг хасч хүүг 20 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Ц.Цэвэлмаа нь 168 101 338 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дүгээр шийдвэрээр Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Транс капитал” ББСБ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.,452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан зээлдэгч Ц.Цэвэлмаагаас 191 727 582,88 төгрөгийг гаргуулан “Транс капитал” ББСБ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 630 721 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч “Транс капитал” ББСБ-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 140 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 116 588 төгрөг гаргуулан “Транс капитал” ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1” гэж нэмж, “191 727 582.88” гэснийг “189 363 555” гэж, “4 630 721” гэснийг “6 994 848” гэж, 3 дахь заалтын “1 116 588” гэснийг “1 104 768” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “Транс капитал ББСБ” гэснийг “Транс капитал ББСБ ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэмэгдүүлсэн хүү төлөх нь зүйтэй хэмээн үзсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” хэмээн заасан байдаг. Хуулинд заасан зээл төлж дуусгах хугацаа гэдэг нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болохыг хуульчилсан байна.Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нийтдээ 20 511 414 төгрөг төлсөн ба анхнаасаа гэрээг цуцлах хүсэлгүй, гэрээг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байсан боловч талуудын байгуулсан зээлийн гэрээ нь нэг талын санаачлагаар цуцлагдсан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 195 тоот магадлалын “...нэмэгдүүлсэн хүүд 6 760 592 төгрөг”  гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээл олгох эрх бүхий этгээдээс олгосон зээлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт ташаа бичигдсэн хуулийн этгээдийн нэр, тооцооны зөрүү, хууль хэрэглээний дутагдал зэргийг залруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь хариуцагч “Транс капитал ББСБ” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, 150 000 000 төгрөгийн 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн үүргийн биелэлтийг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үндсэн нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болох бөгөөд ийнхүү “татан авах” гэсэн ойлголтыг мөн зүйлийн 106.5.-д зааснаар “нэхэмжлэлээсээ татгалзсан” гэж ойлгохоор зохицуулагджээ. Ийнхүү хариуцагчаас зөвшөөрөл авахгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь хариуцагчийн зүгээс хариу шаардлага гаргасан байдалтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч өөрийн шаардлагыг хянан шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс татгалзсаныг зөвшөөрөхгүй байх үндэслэлийг бий болгодог. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар “сөрөг нэхэмжлэл” гэдэг нь үндсэн нэхэмжлэлтэй хамт  шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг шаардлага тул нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй болох юм.

Харин нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь өөрийн үндсэн нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг энэ хэрэгт хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь үндсэн зээлд 148 075 838 төгрөг, хүү 34 868 778 төгрөг, нотариатын зардал 25 500 төгрөг, нийт 182 970 116 төгрөг төлөхөөр байгаа боловч улс орны санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, өөрийн төлбөрийн чадвар, бусдад их хэмжээний өртэй байдлыг харгалзан үзэхийг хүсч, төлөх ёстой хүү 34 868 778 төгрөгнөөс 14 868 778 төгрөгийг хасч, хүүг 20 000 000 төгрөгөөр тогтоож, 168 101 338 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн өр, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй буюу зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүй тул хариуцагч “Транс капитал ББСБ” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан байна. Ийнхүү хугацаанаас өмнө цуцлаж буй явдал нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь зээлийн гэрээний 3.1.7.-д “зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд“ нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх үүргийг зээлдэгч хүлээжээ. Иймд “зээл төлөх гэрээний үндсэн хугацаа дуусаагүй”, “гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан” учир нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй гэж үзсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН