Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2020/01313

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01313

 

П.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Ш-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-, Ш.Б- нарт холбогдох

2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХХ ХХК анх 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан. 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүү Ш.Б-д АХХ ХХК-ийн эрхийг итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэлийн хугацаанд бусдад шилжүүлэх эрхгүйгээр хийсэн болно. Гэтэл манай хүү Ш.Б- С.Б-д компанийн хувьцааны 20 хувийг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хийсэн. Энэ нь Компанийн тухай хуулийн 5.4, Иргэний тухай хуулийн 26.4, 56.1.8 гэсэн заалтуудыг зөрчсөн. Миний хувьд С.Б-тай уулзаж байгаагүй огт танихгүй. Улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтуудыг авч үзэхэд Ш.Б-, С.Б- нар АХХ ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх хуурамч, хууль бус тогтоол шийдвэр гарган бидний гарын үсгийг дуурайлган зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. АХХ ХХК-ийн хувьцаанаас С.Баяртад 10 хувийг хууль ёсны дагуу шилжүүлэн өгч миний бие 90 хувийг, С.Баярт 10 хувийг тус тус эзэмшиж байсан. С.Б-д компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн баримт дээр гарын үсэг зураагүй. С.Б-, Ш.Б- нар байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцааг бэлэглэсэн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Одоо хувьцаа эзэмшигчийн хувиар шаардаж байна. Шинжээчийн 2842 тоот дүгнэлтээр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл дэх гарын үсэг хуурамч гэдгийг тогтоосон. Сүүлийн шинжилгээний тухайд итгэмжлэл дэх гарын үсэгт шинжилгээ хийсэн тул хэрэгт хамааралгүй. 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1/14 дугаартай итгэмжлэл болон уг дүгнэлттэй маргахгүй. Мөн 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнүүд дэх гарын үсэг Ш.Б-ынх гэдэгт маргахгүй. С.Б-гаас мөнгө зээлээгүй. 200 000 000 төгрөгөөр 20 хувийн хувьцааг худалдан авсан хэрнээ гэрээнд 200 000 төгрөг гэж бичин бэлэглэлийн гэрээ хийсэн тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т зааснаар дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Мөн Улсын бүртгэлд хувьцаа шилжүүлэн авсан бүртгэлийг хүчингүй болгон өөрчилж, П.Ш- 90 хувь, С.Баярт 10 хувийн хувьцаа эзэмшигч гэж өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие АХХ ХХК-ийн захирал П.Ш-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү шүүх хуралдаанд миний бие эрүүл мэндийн улмаас оролцож чадахгүй болохыг илэрхийлж байна. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцааг С.Б- миний бие 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. 2014 онд АХХ ХХК ашиг, орлого байхгүй, Өмнөговь аймагт Хайгуулын зэс, алтны ордны 16 000 га талбай бүхий X лицензтэй, Оюу толгойгоос 25 км зайтай 100 га хайрганы талбай бүхий X лицензтэй тус тус газар байгаа. Зэс, алтны ордын X лицензийг А болгож ашиглах асуудлыг Ш.Б-, П.Ш-, С.Баярт нар бид хариуцна. Харин хайрганы X лицензийг А лиценз болгох асуудлыг хариуцаад одоо компаний 20 хувийг эзэмш, хайрганы тусгай зөвшөөрлөө авсны дараа өөрийн 20 хувьд ногдох ашгаа АХХ ХХК-аас ав гэсэн. 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, АХХ ХХК-ийн MV-020435 дугаартай X лицензийн тусгай зөвшөөрлийг А лиценз болгох ажлыг хөөцөлдөж Ашигт малтмалын газарт холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. Ингээд MV-020435 дугаартай X лицензийг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр А лиценз болгож бүртгүүлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн №15/11 шийдвэрээр MV-020435 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лиценз, газрыг хувьцаа эзэмшигч С.Б- надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул тус компанид хөрөнгө оруулалт болгож өөрийн өмчлөлийн 60 000 000 төгрөгийн үнэ бүхий порше кайен маркийн 2005 оны 91-93УНМ улсын дугаартай автомашиныг АХХ ХХК-ийн өмчлөлд 2016 оны 9 сарын 6-ны өдөр АХХ ХХК-д шилжүүлэн өгсөн. С.Б- намайг тус компаний 20 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд тус компанийг ашигтай ажиллах бүх ажлыг хариуцан гүйцэтгэсний дагуу ашигт малтмалын А лицензийг ашигтай ажиллуулахын тулд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/01 дугаартай Хамтран ажиллах гэрээг МКАТ ХХК-тай байгуулж, тус компаниас манай хайрга боловсруулах, гаргах ажлын тоног төхөөрөмж болон тэсэлгээний ажилд 1 000 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн. Ийнхүү 2 компаний үйл ажиллагаа амжилттай явагдаж, жигдэрч байхдаа Оюутолгой ХХК-д хайрга нийлүүлэх гэрээг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу Оюу толгой ХХК-аас 2 000 000 000 орчим төгрөгийн ажлын хөлс 2018 онд АХХ ХХК-ийн Капитрон банкны дансаар орж ирсэн. С.Б- намайг АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс болиулах бүх ажиллагаа эхэлж, хууль ёсны дагуу өгсөн итгэмжлэл, шийдвэрээ үгүйсгэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр АХХ ХХК-иас 20 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүсгэн байгуулсан үеэс бүх ажлыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал гэдэг үүднээс Ш.Б- компаний бүх гадаад, дотоод асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Мөн 20 хувийг шилжүүлэхдээ бүрэн хууль ёсны компанийг төлөөлөх итгэмжлэлийн дагуу Ш.Б- П.Ш-ийн гарын үсгийг төлөөлөн зурах итгэмжлэлийн дагуу хийсэн. 20 хувийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Ш.Б- гарын үсэг зурсан нь өөрөө хууль ёсны дагуу хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул С.Б-, Ш.Б- нарт холбогдох 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч П.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Компанийн тухай хуулийн 70.1 болон иргэний хуулийн 56.1.3 дахь заалтуудыг буруу тайлбарласан. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг П.Ш- нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож бичсэн, шинжээч томилж тогтоож өгнө үү гэсэн байдаг. Үүнийг шүүгч нэхэмжлэлдээ биднийг дурьдаагүй гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм. Иргэний хуулийн 62.2, 108.3, 108.4 дэх заалтуудыг хэрэглээгүй. Дэмжих бичиг гэсэн нэрэн дор хэрэгт авагдаагүй баримтыг нэхэж буюу хэрэгт авагдаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлсэн нь буруу байх ба урд энэ хэргийг шийдсэн 2 шүүгч иргэний хуулийн 56.1.3, 56.1.10 -т заасанаар давхар тухайн хэлцлүүдийг хүчингүй болгож байсан. Мөн манай хувьцаа эзэмшигч нарын хүсэл зорилгоо илэрхийсэн гэж энэ шүүхээс үзсэн итгэмжлэлийг шүүгч эхлээд үнэхээр үнэн бодит эсэхийг шалгаагүй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсны дараа тогтоолд болон тогтоолын тэмдэглэлд тулгуурлан хэлцэл хийгдэх ёстой. АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр болсон. 2 итгэмжлэл нь 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хийгдсэн. Итгэмжлэл нь С.Б-гийн хийсэн үйлдэл ба энэхүү итгэмжлэлийг эрх олгогдоод байгаа Ш.Б- өөрөө болон эрх олгосон П.Ш-, С.Баярт, гэрч н.Энхцэцэг мэдээгүй. Энэ тухай гэрч С.Баярт шүүх хурал дээр ирж тодорхой хэлсэн байдаг. Шүүгч үүнийг анзаарч авч үзсэнгүй үнэлсэнгүй. Итгэмжлэл дээр бүртгэлийн дугаар 189 гэж байх ба шүүх хурлын дараа нийслэлийн архиваас нотириатачийн дэвтэрийн хуулгыг авахад 689 гэж дугаар байх ба хэзээ баталсан нь тодорхойгүй он сар өдөргүй тийм хуулбар ирсэн. Шүүгч өөрийнх нь захирамжинд дурьдагдаагүй байхад архиваас өөрийн санаачилгаар явуулсан итгэмжлэлийг үнэлээд итгэмжлэлийн нотириатын дэвтэрийн хуулбарт зурагдсан гарын үсэгнүүдийг тодруулалгүйгээр шийдсэн. С.Б-гийн эхнэр нь нотариатч бөгөөд нотариатч н.Сэржмядаг гэгч нь эхнэр С.Тунгалагтай нь найз юм. Итгэмжлэлийг шүүхэд хүчинтэй, хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоолгохоор хандах болно. Бидний зүгээс итгэмжлэлийг илтэд хууль бус, мэдэхгүй. Ийм итгэмжлэл хийх шаардлагагүй байсан учир нь 20 хувийн бэлэглэсэн эрх шилжүүлсэн гэрээ байгаа С.Б- үүнийгээ зөвтгөж залруулах гэж араас нь өмнө нь хийсэн мэт харагдуулахаар энэ итгэмжлэлийг хийсэн нь тодорхой байдаг. Эхлээд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол тэмдэглэл гарч байж түүнийгээ үндэслэн байж П.Ш- нь иргэн С.Б-тай 20 хувийн хувьцаагаа шилжүүлэх худалдах бэлэглэх гэрээ хийж болох байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, С.Б-гийн 20 хувийн хувьцааны бүртгэл, хэлцэлүүдийг Шүүхийн шинжилгээний хуурамч гарын үсгийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож, П.Ш- 90 хувь, С.Баярт 10 хувийн хувьцаатай гэсэн бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч П.Ш- 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш.Б- хүлээн зөвшөөрч, С.Б- эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр П.Ш-, С.Баярт нар АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг бүрэн төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Ш.Б-д 3 жилийн хугацаагаар олгожээ. Мөн 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1/14 дугаартай итгэмжлэлээр хувьцаа эзэмшигч П.Ш-, С.Баярт нар Хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ын даргын эрх эдэлж, үүрэг хүлээх, компанийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулах эрх-ийг Ш.Б-д гурван жилийн хугацаатай тус тус олгожээ. /1хх 167-170, 2хх 103/ Уг итгэмжлэл олгогдох үеийн байдлаар АХХ ХХК-ийн хувьцааны 90 хувийг П.Ш-, 10 хувийг С.Баярт нар эзэмшдэг байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. /1хх-8, 2хх-15, 86-87/

Хэрэгт АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот хурлын тэмдэглэл тус тус баримтаар авагджээ. /1хх-11,12, 2хх-91,92/

Улмаар А ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б-г нэмж, хувьцаа эзэмшигч П.Ш-ийн хувьцааг 90 хувь байсныг 70 хувь болгон, 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулжээ. /2хх 85-106/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2842 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл дэх хувьцаа эзэмшигч П.Ш-, С.Баярт нарын гарын үсэг тэдгээрийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг тогтоосон. /1хх 93-107/

Нэхэмжлэгч энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл хуурамч, мөн өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т зааснаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байна.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тухайлан хуульчилж өгсөн, хэрэгт авагдсан тус компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлэхэд хэрхэх талаар тухайлсан зохицуулалтгүй байх тул энэ хэргийн тухайд компани хоёр хувьцаа эзэмшигчтэй байсан, хоёр хувьцаа эзэмшигч аль алин нь хүсэл зоригоо илэрхийлэн өөрсдийгөө бүрэн төлөөлөх, хувьцааг бусдад шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр Ш.Б-д олгосон. Мөн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г хэлцэл хийгч тал болох Ш.Б-, С.Б- нар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хийсний дараа цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэлд тулгуурлан хүчин төгөлдөр эсэхэд шууд хамаатуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу хүргэгдсэн бүртгэлээр хувьцаа шилжиж бүртгэгдсэн боловч үндэслэл болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол дээр зурагдсан гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон тул эд хөрөнгө хуульд заасны дагуу шилжсэн гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт зааснаар С.Б-, Ш.Б- нарт холбогдох 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч П.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай гэж,

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД