Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02476

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02476

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цагаан цамхаг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрэл ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 222 226 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Цагаанцамхаг ХХК нь Эрэл ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/2015 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр 5-р блокын дотор заслын /хана, багана, фирм/ цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 80 000 000 төгрөгөөр 100 хувь хийж гүйцэтгэсэн, мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015  дугаар гэрээний дагуу үйлдвэрийн 1-4-р блокын дотор заслын болон цамхагийн цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 400 000 000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 80 хувь буюу 320 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 дугаар гэрээний нэмэлт гэрээгээр 01 цементийн агуулах болон 8 силосын гадна засал, элс, хайрга, дайрга дамжуулах налуу конвейрийн иж бүрэн заслын ажлын нийт гэрээний үнийн дүн 117 000 000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 90 хувь хийж 105 300 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тус байгууллагын хяналтын инженер Д.Гүндэгмаагийн зааварчлагын дагуу гэрээнээс гадуур нэмэлтээр 11 027 м.кв талбайн таазанд цагаан замаскны ажлыг материал болоод ажлын хөлстэйгээр хийж, мөн 1*1,5 хэмжээтэй 9 ширхэг цонхны нүх ухаж, цонх хийж суулгах ажлыг нийт 49 299 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Мөн нэмэлтээр гадна заслын Силос 2 хүзүүвчний хуучин барилгыг нурааж, шинээр сэндвич барилга барих ажлыг 15 268 500 төгрөгний өртгөөр хийж гүйцэтгэсэн. Ингээд нийт 569 867 500 төгрөгийн ажил хийснээс 347 641 000 төгрөгийг бэлэн болон данс, мөн бараа материалаар хүлээн авсан. Бид удаа дараа санхүүжилт хийхийг хүссэн боловч хариуцагч үндэслэлгүйгээр нэг талын санаачлагаар гэрээг цуцлаж, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд хариуцагч Эрэл ХХК-аас ажил гүйцэтгэсний төлбөр 222 226 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Эрэл ХХК-ийн тайлбарт: Цагаан цамхаг ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 03/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 №1 нэмэлт гэрээгээр талууд Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-5-р блокын дотор засал /хана, багана, фирм, тааз, цамхагийн дотор заслыг/ иж бүрнээр нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор засварлан өгөхөөр, цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конверийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор засаж ажлын үр дүнг чанар стандартын шаардлага хангаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан болно. Гэтэл гүйцэтгэгч Цагаан цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлуудыг бүрэн дуусгаж гэрээт хугацаанд хүлээлгэн өгөлгүй, 1-5-р блокны дотор заслын гүйцэтгэсэн ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой, гэрээний үүргээ биелүүлээгүй. Цагаан цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ 23 хоног хэтрүүлж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хамтарсан ажлын комисс-оор Цагаан цамхаг ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 20 хоногоор нэмэлт хугацааг өгсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиалагч, гүйцэтгэгч талын эрх бүхий албан тушаалтнууд Хамтарсан ажлын комисс 1-4 блокын засал, чимэглэлийн ажлын гүйцэтгэл шалгаж комиссын №2 протоколоор Цагаан цамхаг ХХК нийт ажлыг 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгснөөр гэрээг цуцалсан. Цагаан цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгснөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Захиалагч Эрэл ХХК-ийн зүгээс албан ёсоор актаар гүйцэтгэсэн ажлыг 2015 оны 12 дугаар 09-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхийг 879 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Нэмэлт ажлын төсөвт өртгийг тохирч гэрээ бичгээр байгуулан талууд талбайн ажлын журналд тэмдэглэж ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөл авснаар гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр болох учиртай гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Цагаан цамхаг ХХК нь нийт ажлын гүйцэтгэлийг 50 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгсөн тул гэрээгээр тохиролцсон 597 000 000 төгрөгийн ажлаас гүйцэтгэгчийн ажлын хөлсийг 50 хувиар тооцож 298 500 000 төгрөг төлөх ёстой боловч Эрэл ХХК-ийн зүгээс 347 641 000 төгрөгийн санхүүжилт хийсэн. Иймд манай компаниас илүү төлсөн санхүүжилт 49 141 000 төгрөгийг Цагаан цамхаг ХХК-аас нэхэмжлэх болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч Эрэл ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 262 677 төгрөгийг нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК-д олгож, үлдэх 106 963 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 1 269 090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Эрэл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 734 263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК-д олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Баян модот ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс болох 10 794 000 төгрөгийн 5 591 292 төгрөгийг хариуцагч Эрэл ХХК-аас гаргуулан, үлдэх 5 202 708 төгрөгийг нэхэмжлэгч Цагаанцамхаг ХХК-аас гаргуулан Баян модот ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452580794 тоот дансанд оруулах, Барилгын төсөвчин, үнэлгээчдийн холбоо ТББ-ын шинжээчийн ажлын хөлс /шүүхээс төлсөн/ 1 800 000 төгрөгийн 932 400 төгрөгийг хариуцагч Эрэл ХХК-аас гаргуулан, үлдэх 867 600 төгрөгийг нэхэмжлэгч Цагаанцамхаг ХХК-иас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005405 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Талууд 2015 оны 08 сарын 20-ны өдрийн 03-2015 тоот гэрээний нэмэлтээр цементийн агуулах болон 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конвейрийн иж бүрэн гадна заслын ажлыг 117 000 000 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэхээр тохиролцсоноос хуучин барилга нураах, сендвичээр дахин байшин барих тухай тохиролцоо байхгүй. Харин гадна заслын ажлыг хийхэд хуучин барилгыг нураах зайлшгүй шаардлага гарсан тул талууд энэ талаар тохиролцож нураасан. Мөн захиалагчийн хүсэлтээр сендвичэн барилга барьсан. 11027 м.кв цагаан замаск болон 9 цонхны тухайд мөн захиалагчийн хүсэлтээр хийсэн. Захиалагч нь сендвичэн барилгын каркас төмөр болон сендвичийг нийлүүлж, гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Шүүх талуудын хооронд нэмэлт ажил хийхээр тохиролцсон нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт нийт 4 удаа шинжээч томилогдохдоо үнийн дүн ажлын хэмжээ, чанарын талаар ижил дүгнэлт гаргасан ба 33 797 900 төгрөгийн доголдолтой гэх шинжээчийн дүгнэлтийг сүүлийн шинжээч анх удаа гаргасан. Уг дүгнэлтэд хариуцагч байгууллагын үйлдсэн актыг үндэслэсэн. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон актын 3-т замаска татах ажилд 27 837 200 төгрөгийн зардал гарна гэж тооцсон нь бодит байдалд илт нийцэхгүй байна. тус акт нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт байх ба нэхэмжлэгч уг акттай танилцаж байгаагүй, зөвшөөрөхгүй. Дээрх үндэслэлээр шийдвэрт 106 963 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2015 тоот дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 №1 нэмэлт гэрээгээр талууд Эрэл ХХК-ийн байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-5 дугаар блокийн дотор заслыг иж бүрнээр нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор засварлан өгөхөөр, Цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конверийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор засаж ажлын үр дүнг чанар стандартын шаардлага хангаж хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон боловч Цагаан цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээт ажлыг бүрэн дуусгаж хугацаандаа хүлээлгэж өгөөгүй улмаар 1-5 дугаар блокны дотор заслын гүйцэтгэсэн ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой буюу хана таазанд татсан замаск нурж унасан, хананд шаардлага дутуу хийсэн, метал гадаргуу, багана, хана будаг хийгээгүй, эмульс ховхорч унасан, фермийн будгийн нөхөөс дутуу хийсэн, төмөр бетон пальк, хучилтын хавтангийн дагуух эмульс бүрэн хийгдээгүй, хийгдсэн эмульс нь нурж унасан гэх мэт маш олон хэсгийн бүх ажлууд нь бүрэн гүйцэт дуусаагүй, хийсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Энэ үйл баримт нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч нарын хамтарсан ажлын комиссын №2 тоот протоколоор нэхэмжлэгч нь нийт ажлаас, ажлын гүйцэтгэлд чанарын шаардлага хангасан 50 хувийн ажлыг тооцож, 30 хувийн ажлыг чанарын шаардлага хангаагүй гэж тогтоосон. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу чанарын шаардлага хангаагүй гэх 30 хувийн ажиллагааг тодруулаагүй учир бид энэ асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шинжээч томилсон шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн. Зөрүүтэй 4 шинжээчийн дүгнэлтээс болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд тус тус заасан шүүх үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК нь хариуцагч Эрэл ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 222 226 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг боловч нэхэмжлэгч Цагаан цамхаг ХХК гэрээнд заасан ажлыг хэдэн хувьтай хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хүлээн авахад чанарын доголдол илэрсэн эсэхэд эргэлзээгүй дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 5 дугаар блокын дотор заслын цогц ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 80 000 000 төгрөг төлөхөөр,

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр, нэхэмжлэгч нь Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-4 дүгээр блокын дотор заслын болон цамхагийн цогц ажлыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 400 000 000 төгрөг төлөхөөр,

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр, нэхэмжлэгч нь Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн цементийн агуулах болох 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конвейрийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 117 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр 100 хувийн гүйцэтгэлтэй 80 000 000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр 80 хувийн гүйцэтгэлтэй 320 000 000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр 90 хувийн гүйцэтгэлтэй 105 300 000 төгрөгийн, гэрээнээс гадуур нэмэлтээр нийт 64 567 500 төгрөгийн, нийт 569 867 500 төгрөгийн ажил хийснээс хариуцагч нь 347 641 000 төгрөг төлж, үлдэгдэл 222 226 500 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

Талууд ажлын гүйцэтгэл болон нийт гүйцэтгэсэн ажлын хэдэн хувь доголдолтой байсан эсэхэд маргадаг бөгөөд Цагаан цамхаг ХХК-ийн БҮК-1 үйлдвэрийн 1-5 дугаар блокын дотор иж бүрэн заслын ажлыг хэдэн хувьтай гүйцэтгэсэн, БҮК-1 үйлдвэрийн цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конвейрийн иж бүрэн гадна заслын ажлыг хэдэн хувьтай гүйцэтгэсэн, гэрээнээс гадуур ажил хийж гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн ажил нь барилгын стандарт, норм хангаж байгаа эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шүүх Барилгын хөгжлийн төв, Баян модот ХХК, Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоог тус тус шинжээчээр томилсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх ба шинжээч Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбооны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд ... чанарын гологдлыг арилгахад зарцуулагдах 33 797 900 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн нийт дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж дурдсан байх боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол болон зардлын тооцоог тухайлан заагаагүй байна.

Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан дүгнэлт гаргах байтал хариуцагч Эрэл ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн ... 33 797 900 төгрөгийг гэрээт ажлын дүнгээс суутгахаар шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БҮК-1-ийн барилгын заслал чимэглэлийн ажилд гарсан гологдол ажлын актыг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж ирүүлсэн баримтад тулгуурлан гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар ...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, ... эсхүл үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шүүх шинжээчийн дүгнэлтийг тодруулах, нэмэлт шинжилгээ хийлгэх, дахин шинжээч томилох ажиллагааг хийх ёстой. Энэ нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа бүрдүүлж оролцох хэргийн оролцогчийн эрхийг хангахад чиглэгдэнэ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар, нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хэдэн хувьтай хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажилд үр дүнгийн доголдол бий эсэхэд дүгнэлт өгөх боломжтой бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 692 770 төгрөг, хариуцагчийн 734 264 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ