Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00571

 

Ц Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2476 дугаар магадлалтай, 

Ц Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 222.226.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн өмгөөлөгч С.Э нар нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц Ц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Э ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/2015 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр 5-р блокын дотор заслын /хана, багана, фирм/ цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 80.000.000 төгрөгөөр 100 хувь хийж гүйцэтгэсэн, мөн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015  дугаар гэрээний дагуу үйлдвэрийн 1-4-р блокын дотор заслын болон цамхагийн цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 400.000.000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 80 хувь буюу 320.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 дугаар гэрээний нэмэлт гэрээгээр 01 цементийн агуулах болон 8 силосын гадна засал, элс, хайрга, дайрга дамжуулах налуу конвейрийн иж бүрэн заслын ажлын нийт гэрээний үнийн дүн 117.000.000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 90 хувь хийж 105.300.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тус байгууллагын хяналтын инженер Д.Гүндэгмаагийн зааварчлагын дагуу гэрээнээс гадуур нэмэлтээр 11.027 м.кв талбайн таазанд цагаан замаскны ажлыг материал болоод ажлын хөлстэйгээр хийж, мөн 1*1,5 хэмжээтэй 9 ширхэг цонхны нүх ухаж, цонх хийж суулгах ажлыг нийт 49.299.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Мөн нэмэлтээр гадна заслын Силос 2 хүзүүвчний хуучин барилгыг нурааж, шинээр сэндвич барилга барих ажлыг 15.268.500 төгрөгний өртгөөр хийж гүйцэтгэсэн. Ингээд нийт 569.867.500 төгрөгийн ажил хийснээс 347.641.000 төгрөгийг бэлэн болон данс, мөн бараа материалаар хүлээн авсан. Бид удаа дараа санхүүжилт хийхийг хүссэн боловч хариуцагч үндэслэлгүйгээр нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд хариуцагч Э ХХК-аас ажил гүйцэтгэсний төлбөр 222.226.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Ц Ц ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 №1 нэмэлт гэрээгээр талууд Э ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-5-р блокын дотор засал /хана, багана, фирм, тааз, цамхагийн дотор заслыг/ иж бүрнээр нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор засварлан өгөхөөр, цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конверийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор засаж ажлын үр дүнг чанар стандартын шаардлага хангаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан болно. Гэтэл гүйцэтгэгч Ц Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлуудыг бүрэн дуусгаж гэрээт хугацаанд хүлээлгэн өгөлгүй, 1-5-р блокны дотор заслын гүйцэтгэсэн ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой, гэрээний үүргээ биелүүлээгүй. Ц Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ 23 хоног хэтрүүлж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтарсан ажлын комиссоор Ц Ц ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 20 хоногоор нэмэлт хугацааг өгсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч талын эрх бүхий албан тушаалтнууд хамтарсан ажлын комисс 1-4 блокын засал, чимэглэлийн ажлын гүйцэтгэл шалгаж комиссын №2 протоколоор Ц Ц ХХК нийт ажлыг 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгснөөр гэрээг цуцалсан. Ц Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгснөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Захиалагч Э ХХК-ийн зүгээс албан ёсоор актаар гүйцэтгэсэн ажлыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхийг 879 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу нэмэлт ажлын төсөвт өртгийг тохирч гэрээ бичгээр байгуулан талууд талбайн ажлын журналд тэмдэглэж ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөл авснаар гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр болох учиртай гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Ц Ц ХХК нь нийт ажлын гүйцэтгэлийг 50 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгсөн тул гэрээгээр тохиролцсон 597.000.000 төгрөгийн ажлаас гүйцэтгэгчийн ажлын хөлсийг 50 хувиар тооцож 298.500.000 төгрөг төлөх ёстой боловч Э ХХК-ийн зүгээс 347.641.000 төгрөгийн санхүүжилт хийсэн. Иймд манай компаниас илүү төлсөн санхүүжилт 49.141.000 төгрөгийг Ц Ц ХХК-аас нэхэмжлэх болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 115.262.677 төгрөгийг нэхэмжлэгч Ц Ц ХХК-д олгож, үлдэх 106.963.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 1.269.090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 734.263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц Ц ХХК-д олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Баян модот ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс болох 10.794.000 төгрөгийн 5.591.292 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулан, үлдэх 5.202.708 төгрөгийг нэхэмжлэгч Цагаанцамхаг ХХК-аас гаргуулан Баян модот ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452580794 тоот дансанд оруулах, Барилгын төсөвчин, үнэлгээчдийн холбоо ТББ-ын шинжээчийн ажлын хөлс /шүүхээс төлсөн/ 1.800.000 төгрөгийн 932.400 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулан, үлдэх 867.600 төгрөгийг нэхэмжлэгч Цагаанцамхаг ХХК-иас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005405 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2476 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 692.770 төгрөг, хариуцагчийн 734.264 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх хариуцагчаас өөрийн байгууллагын хуулбар үнэн бүхий тэмдэг бүхий баримтад тулгуурлан гарсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 33.797.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасныг баримталсангүй. Энэхүү 33.797.000 төгрөгийн чанарын доголдлын талаар хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ямар нэгэн баримт бичиг өмнө нь гаргаж өгч байгаагүй, өмнөх 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарахад ч үүнтэй холбоотой баримт байгаагүй, ийм зүйл яригдаж байгаагүй. Ажил гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд ч энэ асуудлаар акт тавьсан, маргаан үүсгэсэн зүйл байхгүй юм. Иймд хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан судлах замаар аль нэгэн дүгнэлт, дүгнэлтийн хэсгийг шийдвэрийн үндэслэл болгох, үндэслэл болгохгүй байх эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байжээ. Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийн 33.797.000 төгрөгтэй холбогдох хэсгийг буруу гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын хангагдах хэсэгт уг үнийн дүнг нэмж шийдвэрлэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн өөр нэгэн үндэслэл нь Ц Ц ХХК гэрээнд заасан ажлыг хэдэн хувьтай гүйцэтгэсэн, чанарын доголдол илэрсэн эсэхэд эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн. Гэтэл энэ хэрэгт нийт 4 удаа шинжээч томилогдохдоо ажлын хэмжээ, үнийн дүн, чанарын талаар ерөнхийдөө ижил дүгнэлт гаргаж байсан. Гүйцэтгэлийн хэмжээг гэрээт болон гэрээгүй ажил тус бүр дээр авч үзвэл 2015 оны 01 дүгээр сарын 21-ний гэрээгээр 5-р блокийн ажлыг Барилгын хөгжлийн төв 100 хувийн гүйцэтгэл, Баян модот ХХК 100 хувийн гүйцэтгэл 80.000.000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо 99.3 хувийн гүйцэтгэл 79.440.654 төгрөг, нэхэмжлэгчийн тооцоолол 80.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний гэрээгээр 1-4-р блокийн ажлыг Барилгын хөгжлийн төв 1, 2, 3 дугаар блок 80 хувь, 4 дүгээр блок 100 хувийн гүйцэтгэл, Баян модот ХХК 80 хувийн гүйцэтгэл 320.000.000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо 77.9 хувийн гүйцэтгэл 311.401.477 төгрөг, нэхэмжлэгчийн тооцоолол 320.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр гадна заслын ажлыг Барилгын хөгжлийн төв үндсэн хийгдэх ажил дууссан, Баян модот ХХК 90 хувийн гүйцэтгэл 105.300.000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо 97.55 хувийн гүйцэтгэл 107.115.896 төгрөг, нэхэмжлэгчийн тооцоолол 105.300.000 төгрөг, гэрээнээс гадуур тааз замаск, цонх, хуучин барилга нураах, сэндвичэн барилгын ажлыг Барилгын хөгжлийн төв 37.597.013 төгрөг, Баян модот ХХК 42.052.636 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо 54.727.613 төгрөг, нэхэмжлэгчийн тооцоолол 64.585.500 төгрөг, нийт Баян модот ХХК 547.379.636 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо 552.685.640 төгрөг, нэхэмжлэгчийн тооцоолол 569.885.500 төгрөг болж байна.

Барилгын хөгжлийн төвийн дахин шинжээчээр томилогдож хийсэн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн тул энд оруулаагүй. Гүйцэтгэлийн чанарын хувьд зөвхөн тааз замаскадах ажил 90% чанартай, гүйцэтгэсэн ажлын 10 орчим хувьд ховхорсон, бусад ажил нь чанарын шаардлага хангасан гэж шинжээч нар санал нэгтэй дүгнэсэн. Э ХХК нь Ц Ц ХХК-д нийт 347.641.000 төгрөг төлсөн тул төлөөгүй үлдэгдэл 222.226.500 төгрөг нэхэмжилж байгаа. Дээрх шинжээчдийн дүгнэлтээс үзвэл ажлын гүйцэтгэл болон чанарын талаар шинжээчдийн дүгнэлтэд ноцтой зөрүү байхгүй, гагцхүү ажлын төсөв, үнэлгээнээс шалтгаалан өөр өөр үнийн дүн гарч байна. Эдгээр байдал нь хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ц Ц ХХК нь 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Э ХХК-иас авч чадалгүй өнөөг хүрч, шүүхэд хандсан боловч Э ХХК-ийн хүсэлтээр 4 удаагийн шинжээч томилогдсон, шинжээчийн төлбөрийг Э XXК төлөхгүй хэргийг удаашруулсаар өнөөг хүрлээ. Хариуцагч байгууллагын 30% гүйцэтгэл чанар стандартын шаардлага хангасан эсэх тал дээр шинжээч дүгнэлт бүрэн гаргаагүй гэж маргадаг. Шинжээчийн дүгнэлтүүд тус бүрт чанар стандартын шаардлагын талаар дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэж байгаа болон нотлох баримт өөр хоорондоо бие биенээ үгүйсгэж бүрэн бус зэрэг үйл баримт байхгүй байсаар байхад шүүх дээрх үйл баримтуудыг харьцуулж үзэлгүй илтэд үндэслэлгүй шийдсэн. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц Ц ХХК, Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 222.226.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

1. Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн, “...Ц Ц ХХК гэрээнд заасан ажлыг хэдэн хувьтай хийж гүйцэтгэсэн, ажлыг хүлээн авахад чанарын доголдол илэрсэн эсэхэд хэргийн баримтын хэмжээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлт учир дутагдалтай байна.

а.Ц Ц ХХК нь Э ХХК-с ажлын хөлс 222.226.500 төгрөг шаардахдаа, зохигчийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 01/2015 тоот гэрээгээр БҮК-1-ийн 5-р блокийн дотор заслын цогц ажлыг 80.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч, ажлыг 100 хувь гүйцэтгэсэн, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 тоот гэрээний дагуу 1-4-р блокийн дотор заслын болон цамхагийн цогц ажлыг 400.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээс 80 хувь буюу 320.000.000 төгрөгийн, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот нэмэлт гэрээгээр цементийн агуулах болон 8 силосын гадна засал, элс, хайрга, дайрга дамжуулах налуу конвейнерийн иж бүрэн заслыг 117.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээс 90 хувь буюу 105.300.0000 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэсэн, түүнчлэн захиалагчийн хүсэлтээр 49.299.000 төгрөгийн нэмэлт ажлыг хийж, нийт 569.867.500 төгрөгийн ажил гүйцэтгэн 347.641.000 төгрөг хүлээн авсан тул үлдэх хөлсийг гаргуулах” гэснийг хариуцагч “...3 удаагийн гэрээний дагуу 50 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлыг хүлээлгэн өгсөн тул нийт ажлын хөлс 298.500.000 төгрөг төлөхөөс 49.141.000 төгрөг илүү олгосон..., нэмэлт ажил тохиролцоогүй, нэхэмжлэгчийн нэмэлт гэсэн ажил нь гэрээгээр гүйцэтгэх ажил...” гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Харин өөрөө цуглуулах боломжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг буюу ...шинжилгээ хийлгэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Хэргийн баримтаас үзвэл Ц Ц ХХК нь 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хэдэн хувьтай гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил чанар стандартад нийцсэн эсэх, гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэсэн эсэх, уг ажлыг хэрхэн  гүйцэтгэснийг тогтоолгох зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүх 7 удаа шинжээч томилсноос шинжээчийн 4 удаагийн дүгнэлт гарчээ. Үүнд:

...Шүүгчийн 2016.03.22-ны өдрийн 102/ШЗ2016/10204 дүгээр захирамжаар “Барилгын хөгжлийн төв”-ийг шинжээчээр томилсон, /1-хх-43-47-р тал/ шинжээчийн дүгнэлтэд БҮК-1 барилгын 1, 2, 3-р блокийн дотор заслын ажил 80 хувь, 4, 5-р блокийн ажил 90 хувь, зарим ажил доголдолтой боловч хэн алины буруугаас шалтгаалсан, 8 силосын үндсэн ажил хийгдсэн, дээвэр хийгдээгүй, засал хийгдээгүй, гэрээгүй хийгдсэн ажил байгаа эсэхийг тогтоох боломжгүй гэсэн,/1-хх-52-55-р тал/

Дээрх дүгнэлтийг “...дүгнэлт нь бие биеэ үгүйсгэсэн салаа утгатай,... бүрэн дүүрэн эргэлзээгүй байх шаардлага хангаагүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч дахин шинжээч томилохыг хүссэний дагуу /1-хх-90-91-р тал/ ...шүүгчийн 2016.08.08-ны өдрийн 183/ШЗ2016/02144 дүгээр захирамжаар “Барилгын хөгжлийн төв”-ийг дахин шинжээчээр томилсон байна./1-хх-101-103-р тал/

Шинжээч БҮК-1 барилгын блок-1, 2, 3-ын заслын ажлын гүйцэтгэл 75 хувь, үүнээс 50 хувь нь чанарын шаардлага хангаагүй тул заслын ажлыг дахин хийх, блок-4, 5-ын иж бүрэн засварын ажлыг 100 хувь гэж үзэж болох боловч гүйцэтгэл дутуу, хийсэн ажил нь эхнээсээ нурж, ховхорсон, шаардлагатай арга хэмжээг аваагүй чанарын шаардлага хангалтгүй байгаа тул 60 хувь, 8 силосын ажил 70 хувь, үүнээс 40 хувь нь чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт ирүүлжээ./1-хх113-116/

Энэхүү дүгнэлтийг “...шинжээч нар өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан...” үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасны /хх123-р тал/ зэрэгцээ хариуцагч талаас, өмнө нь 183/ШЗ2016/02144 дүгээр захирамжаар шинжээч томилсон боловч анхны дүгнэлт гаргасан шинжээчид дахин дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүйгээс захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзснийг шүүх хүлээн авч, дахин шинжээч томилжээ. /хх-128-р тал/

...Шүүгчийн 2016.12.13-ны өдрийн 183/ШЗ2016/07002 дугаар захирамжаар “Барилгын хөгжлийн төв”-ийг дахин шинжээчээр томилсон байх боловч /1-хх-132-133-р тал/ тус төв 2017.02.03-ны өдрийн 3/252 тоотоор шинжилгээ хийхээс татгалзсан байна.

...Шүүгчийн 2017.04.11-ний өдрийн 183/ШЗ2017/04221 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”-г шинжээчээр томилсон /1-хх-175-р тал/ бөгөөд тус холбоо мөн шинжээчээр ажиллахаас татгалзжээ.

...Шүүгчийн 2017.05.16-ны өдрийн 183/ШЗ2017/05586 дугаар захирамжаар “Баян Модот” ХХК-ийн шинжээчдийн бүрэлдэхүүнийг шинжээчээр томилсны дагуу тус компани дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан байна./1-хх-184-185-р тал/

Баян модот ХХК нь 5-р блокийн ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй 80.000.000 төгрөг, 1-4-р блокийн ажлыг 80 хувь буюу 320.000.000 төгрөг, нэмэлт гэрээгээр гадна заслын ажлыг 90 хувь буюу 105.300.000 төгрөг, гэрээнээс гадуур тааз замаск, цонх, хуучин барилга нураах, сэндвичэн барилгын ажлыг 42.052.636 төгрөг, нийт 547.379.636 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосон байна. /1-хх-193-249/

“Баян модот” ХХК-ийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, 2017.11.16-ны өдрийн 183/ШЗ2017/12339 дүгээр захирамжаар “Барилгын хөгжлийн төв”-ийн шинжээчдийн бүрэлдэхүүнийг шинжээчээр томилсон боловч /2-хх-17-18-р тал/ тухайн байгууллага 2017.12.21-ний өдрийн 3/2970 тоот албан бичгээр өмнө 2 удаа дүгнэлт гаргасан гэж шинжээчээр ажиллахаас татгалзсан байна. /2-хх-35-р тал/

...Шүүгчийн 2018.01.19-ний өдрийн захирамжаар “Барилгын төсөвчдийн холбоо”-ны шинжээчдийн бүрэлдэхүүнийг шинжээчээр томилсон, энэ дагуу тус төв 2018.04.25-ны өдөр дүгнэлт гаргажээ./2-хх-48-49-р тал/

...Шүүгчийн 2018.06.29-ний өдрийн 183/ШЗ2018/08112 тоот захирамжаар хариуцагчийн хүсэлтээр “Барилгын төсөвчдийн холбоо”-г шинжээчээр томилж нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн хэдий ч /2-хх-192-193-р тал/ энэ захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу тус шүүхийн 2018.07.19-ний өдрийн 183/ШТ2018/00338 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ./2-хх-206-р тал/

Дээрх нөхцөл байдлаас анхан шатны шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэн хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

б.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хоёр тал акт үйлдэн Ц Ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахад тухайн ажлаас дутуу, чанарын шаардлага хангаагүй байсан, үүнийг мөн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон байх тул давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэхэд дүгнэлт хийх боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Доголдлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг шүүх зохигчийн тайлбар, хэргийн нотлох баримтад үндэслэн дүгнэсэн, тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Эдгээр үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.

2.Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.2, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх” ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний  хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээгээр Ц Ц ХХК нь нийт 597.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ.

а.Эхний буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 оны гэрээгээр Ц Ц ХХК нь БҮК-1-ийн 5-р блокийн дотор заслын цогц ажлыг гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд 80.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн, уг ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч ажлын хөлсийг гэрээнд заасан хэмжээгээр шаардах эрхтэй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

б.Хоёрдох буюу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 тоот гэрээгээр Ц Ц ХХК нь БҮК-1-ийн 1-4 дүгээр блокийн дотор заслын болон цамхагийн ажлыг хийж гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд 400.000.000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.  Нэхэмжлэгч ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч эдгээр ажлын 30 хувь нь доголдолтой гэж маргасан байна. Анхан шатны шүүх, ...шүүгчийн 2018 оны 183/ШЗ2018/01457 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2018.06.13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн, мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэсэн ажлыг 77.9 хувь буюу 311.401.577 төгрөгийн ажил хийгдсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

03/2015 тоот гэрээний захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан  4.1, 4.2, 4.3, 4.4-ийн заалтад  “...барилгын ажлын хэмжээ, ажлын чанар, материалын зарцуулалтад үе шатны техникийн хяналт байнга тавин үе шатны ажил бүрийг гүйцэтгэгчээс хүлээн авч гүйцэтгэгчийн гаргасан далд ажлын актыг баталгаажуулна, ...зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийсэн ажлыг засах, гүйцээн хийхийг шаардах, ...хяналт тавих ажилтныг томилж ажиллуулна...” гэж, ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаархи 5.1, 5.2-т  “...гүйцэтгэсэн ажил бүрт далд ажлын үе шатны актыг мэргэжлийн түвшинд захиалагчийн хяналт гүйцэтгэгч нарыг байлцуулан бичиж зохих бичиг баримт бүрдүүлэн захиалагчид хүлээлгэн өгнө...”, гэж тус тус заажээ.

Гэрээнд ажлын гүйцэтгэлийн явц, чанарын талаар захиалагч болон гүйцэтгэгч харилцан акт үйлдэж хяналт тавихыг заасан боловч ажлын гүйцэтгэл, ажлын талбайн журнал, үүрэг даалгаврыг 2 тал баталгаажуулж баримтжуулсан материал байхгүй, анхнаасаа ажлыг хэрхэн яаж гүйцэтгэх, засвар хийх объектын нарийвчилсан тоо хэмжээ, зураг төсөл, төсвийн тооцоог нарийн төлөвлөөгүй, захиалагч талаас засварын ажлын даалгавар байхгүй, ажлын тоо хэмжээг ерөнхий объёмоор, тойм төсвөөр тооцсон нь тогтоогдсон байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн 80 хувийн гүйцэтгэлийн ажлын хөлс 320.000.000 төгрөг нэхэмжилснээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 77.9 хувьд ногдох 311.401.577 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн  нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

в.2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр Ц Ц ХХК нь БҮК-1-ийн үйлдвэрийн цементийн агуулах болох 8 силосын гадна заслын иж бүрэн ажлыг гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд 117.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч ажлын 90 хувийг гүйцэтгэсэн гэснийг хариуцагч 80 хувь гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын 30 хувь шаардлага хангаагүй, доголдолтой гэж маргажээ. Анхан шатны шүүх,... шүүгчийн 2018 оны 183/ШЗ2018/01457 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2018.06.13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн, мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр дээрх ажлын гүйцэтгэсэн төсвийг 107.155.896 төгрөг гэж тогтоосныг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 105.300.000 төгрөг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй байна.

г.Нэмэлт ажлын хөлс 64.597.500 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1, 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т заасныг зөв  тайлбарлан, талууд нэмэлт ажил хийхээр тохиролцсон нь тогтоогдоогүй гэж дүгнэснийг  үгүйсгэх боломжгүй байна.

Иймд шүүх дээрх 3 удаагийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 496.701.577 төгрөгөөс төлөгдсөн 347.641.000 төгрөгийг хасч, зөрүү 149.060.577 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

д.Талуудын БҮК-1-ийн 1-4-р блокийн барилгын ажлын гүйцэтгэлийг тогтоосон   2015.11.25-ны болон 2015.12.25-ний өдрүүдийн 01, 02-тоот актуудаар барилгын ажлын  гүйцэтгэл 80 хувь  боловч дутуу, чанаргүй ажлууд байгааг хэн аль нь хүлээн зөвшөөрчээ.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулж, 33.797.900 төгрөгийг, нэхэмжлэгчид олговол зохих ажлын хөлс 149.060.577 төгрөгөөс хасч тооцжээ.

Шүүх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 795 тоот албан бичгээр “Барилгын төсөвчдийн холбоо”-г шинжээчээр томилж, хавтаст хэргийн баримтыг шинжээчид хүргүүлсэн, шинжээч дүгнэлт гаргахад хариуцагч Э ХХК-с нэмэлт баримт, зардлын тооцоо өгсөн, үүнд, БҮК-1-ийн 1-4-р блок болон цамхагийн заслын ажлын явцад гарсан ажлын гүйцэтгэлийн алдаа, чанарын шаардлага хангаагүй ажлуудыг чанарын гологдлыг  тооцож хариуцагч акт үйлдсэн нь  2-р хавтаст хэргийн 72-р талд авагджээ. Уг актад дутуу гүйцэтгэсэн, дахин засварлах шаардлагатай доголдолтой ажил бүрийг нэг бүрчлэн бичиж, төсвийг 33.797.900 төгрөгөөр тодорхойлсон байна. Дээрх баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй, үүнийг үндэслэн шинжээч 33.797.900 төгрөгийн ажил чанаргүй хийгдсэн гэж дүгнэснийг шүүх үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчихгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2476 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 692.800 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ