Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/02231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ц.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 10-46 тоотод байрлах, /

 

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах/

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрийн гүйцэтгэлд 222.226.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ц” ХХК нь “Э” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр 5-р блокын дотор заслын /хана, багана, фирм/ цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 80,000,000 төгрөгөөр 100 хувь хийж гүйцэтгэсэн, мөн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015  дугаар гэрээний дагуу үйлдвэрийн 1-4-р блокын дотор заслын болон цамхагийн цогц ажлыг нийт гэрээний үнийн дүн 400,000,000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 80 хувь буюу 320,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 дугаар гэрээний нэмэлт гэрээгээр 01 цементийн агуулах болон 8 силосын гадна засал, элс, хайрга, дайрга дамжуулах налуу конвейрийн иж бүрэн заслын ажлын нийт гэрээний үнийн дүн 117,000,000 төгрөгөөс ажлын гүйцэтгэл 90 хувь хийж 105,300,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тус байгууллагын хяналтын инженер Д.Гүндэгмаагын зааварчлагын дагуу гэрээнээс гадуур нэмэлтээр 11,027 м.кв талбайн таазанд цагаан замаскны ажлыг материал болоод ажлын хөлстэйгээр хийж, мөн 1*1,5 хэмжээтэй 9 ширхэг цонхны нүх ухаж, цонх хийж суулгах ажлыг нийт 49,299,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Мөн гэрээнээс гадуур нэмэлтээр гадна заслын Силос 2 хүзүүвчний хуучин барилгыг нурааж, шинээр сэндвич барилга барих ажлыг 15,268,500 төгрөгний өртгөөр хийж гүйцэтгэсэн. Ингээд нийт 569,867,500 төгрөгний ажил хийснээс 347,641,000 төгрөгийг бэлэн болон данс, мөн бараа материалаар хүлээн авсан. Бид удаа дараа санхүүжилт хийхээс хүссэн боловч хариуцагч үндэслэлгүйгээр нэг талын санаачлагаар гэрээг цуцлаж хийсэн ажлуудыг хүлээн зөвшөөрөхгүй манай байгууллагын хийж байсан ажлын талбараас албадан хөөж гарган үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд хариуцагч “Э” ХХК-иас ажил гүйцэтгэсний төлбөр 222,226,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ц” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 03/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 №1 нэмэлт гэрээгээр талууд “Э” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-5-р блокийн дотор засал /хана, багана, фирм, тааз, цамхагийн дотор заслыг/ иж бүрнээр нь 2015 оны 08 дугаар сарын 19-өөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн дотор засварлан өгөхөөр, цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конверийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор засаж ажлын үр дүнг чанар стандартын шаардлага хангаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан болно. Гэтэл гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлуудыг бүрэн дуусгаж гэрээт хугацаанд хүлээлгэн өгөлгүй, 1-5-р блокны дотор заслын гүйцэтгэсэн ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой буюу хана таазанд татсан замаск нурж унасан, хананд шавардлага дутуу хийсэн, метал гадаргуу, багана, хана будаг хийгээгүй, эмульс ховхорч унасан, фермийн будгийн нөхөөс дутуу хийсэн, төмөр бетон палк, хучилтын хавтангийн дагуух эмульс бүрэн хийгдээгүй, хийгдсэн эмульс нь нурж унасан гэх мэт маш олон хэсгийн бүх ажлууд нь бүрэн гүйцэт дуусаагүй, хийсэн ажлын үр дүн актаар хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

“Ц.Ц” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр 23 хоног хэтрүүлж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талууд уулзаж “Хамтарсан ажлын комисс” ажлын гүйцэтгэлийг дүгнэж хийгээгүй ажил, дутуу хийсэн ажил, чанар стандартын шаардлага хангаагүй ажил нэг бүрийг блок бүр дээр гаргаж улмаар “Ц.Ц” ХХК-д дахин нэмэлт хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 20 хоногоор дотоож өгсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиалагч, гүйцэтгэгч талын эрх бүхий албан тушаалтнууд “Хамтарсан ажлын комисс” 1-4 блокийн засал, чимэглэлийн ажлын гүйцэтгэл шалгаж комиссын №2 протоколоор “Ц.Ц” ХХК-ийн гүйцэтгэсэн нийт ажил 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгч гэрээг цуцалсан болно. Гэтэл гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгснөө бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэрнээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар бүх ажлаа гүйцэтгэж дууссан мэтээр ор үндэсгүй худал мэдүүлж мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нэг ч баримт гаргаж өгөөгүй ажлын гүйцэтгэлээ актаар хүлээлгэж өгөөгүй хэрнээ ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь ор үндэсгүй юм. Захиалагч “Э” ХХК-ийн зүгээс албан ёсоор актаар гүйцэтгэсэн ажлыг 2015 оны 12 дугаар 09-ний дотор хүлээлгэн өгөхийг 879 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Талуудын хооронд 2 удаагийн ажил дүгнэсэн протокол үйлдэгдэж гарын үсэг зурагдаж баталгаажсан баримт байх бөгөөд хамгийн сүүлчийн баримтаар гүйцэтгэгч “Ц.Ц ” ХХК нь 50 хувийн ажил гүйцэтгэсэн гэж захиалагч дүгнэж гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримтаар ажлыг дуусгаагүй мөн 80 хувийн гүйцэтгэл хийгээгүй гэдэг нь батлагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэлийн агуулагын 4-т дурдсан нэмэлт ажил хийхээр талууд тохиролцоогүй, энэ талаар гэрээ бичгээр байгуулаагүй, гүйцэтгэгч хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн болохоос нэмэлт ажил гүйцэтгээгүй болно. Хэрэв талууд нэмэлт ажил гүйцэтгэхээр бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Нэмэлт ажлын төсөвт өртгийг тохирч гэрээ бичгээр байгуулан талууд талбайн ажлын журналд тэмдэглэж ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөл авснаар гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр болох учиртай гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул барилгын тухай хуулийн 12.1-т заасныг зөрчиж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Нэхэмжлэлийн агуулгын 5-д дурдсан нэмэлт ажил гараагүй бөгөөд энэхүү ажлыг иж бүрэн цогцоор нь гүйцэтгэхээр “Ц.Ц” ХХК нь 03/2015 тоот гэрээний нэмэлт №1-т заасны дагуу “Цементийн агуулах, 8 силосны гадна засал, элс , хайрга, дайрга, дамжуулах налуу конвертийн иж бүрэн гадна заслын ажлыг гүйцэтгэхээр тохирсон байтал нэхэмжлэгч гэрээгээр хийх ёстой ажлыг нэмэлт ажил хийсэн мэтээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

“Э” ХХК нь нийт ажлыг гүйцэтгэлийг 50 хувийн гүйцэтгэлтэй “Ц.Ц” ХХК-иас хүлээн авсан тул нийт гэрээгээр тохиролцсон ажлын дүн 597.000.000 төгрөгний ажлаас гүйцэтгэгчийн ажлын хөлс 50 хувиар тооцож 298.500.000 төгрөгний ажил гүйцэтгэж улмаар “Э” ХХК-ийн зүгээс 347.641.000 төгрөгний санхүүжилт хийсэн байна. Иймд манай компаниас санхүүжилт болох 49.141.000 төгрөгийн “Ц.Ц” ХХК-иас нэхэмжлэх болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ц.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрийн гүйцэтгэлд 222.226.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. “Э” ХХК, “Ц.Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь үйлдвэрийн 5-р блокийн дотор заслын /хана, багана, фирм, тааз/ цогц ажлыг мэргэжлийн өндөр түвшинд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “Э “ХХК нь ажлын гүйцэтгэлийн хөлсөнд 80.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь 100 хувийн ажил гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй тул 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд захиалагч “Э” ХХК нь ажлын хөлс 80.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК-д төлөх үүрэгтэй юм.

 

2. “Э” ХХК, “Ц.Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн 1-4 дүгээр блокийн дотор заслын болон цамхагийн цогц ажлыг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч “Э” ХХК нь нийт ажлын хөлс 400.000.000 төгрөгийн 20 хувь болох 80.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 20 хувь болох 80.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, ажлын гүйцэтгэл 50 хувь хүрэхэд 80.000.000 төгрөгийг, ажлын гүйцэтгэлд 80 хувь хүрэхэд 80.000.000 төгрөгийг, ажлын гүйцэтгэл 100 хувь хүрэхэд 80.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч тал “...2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 80 хувийн ажил гүйцэтгэсэн тул уг гэрээний дүнгийн 80 хувь болох 320.000.000 төгрөгийг Э ХХК төлөх ёстой” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсныг хариуцагч тал “...2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ц.Ц ХХК нь 80 хувийн ажил гүйцэтгэлтэй боловч 30 хувийн ажил нь доголдолтой” гэж талууд мэтгэлцжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/01457 дугаар захирамжийн дагуу томилогдсон “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 109/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...4-р блокийн ажлын гүйцэтгэл 77.9 хувьтай, төсөвт өртөг 311.401.577 төгрөг” гэсний дагуу захиалагч “Э” ХХК нь  2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 311.401.577 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК-д төлөх нь зүйтэй болно.

 

3. “Э” ХХК, “Ц.Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “03/2015 тоот гэрээний нэмэлт”-ээр ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь “БҮК-1 үйлдвэрийн цементийн агуулах болох 8 силосны гадна засал, элс, хайрга, дайрга, дамжуулах налуу конвейэрийн иж бүрэн гадна заслын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч “Э” ХХК нь нийт ажлын хөлс 117.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт 20 хувь болох 23.400.000 төгрөгийг, ажлын гүйцэтгэл 30 хувь хүрэхэд 23.000.000 төгрөгийг, ажлын гүйцэтгэлд 50 хувь хүрэхэд 23.400.000 төгрөгийг, ажлын гүйцэтгл 80 хувь хүрэхэд 23.400.000 төгрөгийг, ажлын гүйцэтгл 100 хувь хүрэхэд 23.400.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас “...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот гэрээний нэмэлтээр 90 хувийн ажил гүйцэтгэсэн тул 105.300.000 төгрөгийг Э ХХК төлөх ёстой” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсныг хариуцагч “Э” ХХК-иас “...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот гэрээний нэмэлт гэрээний дагуу Ц.Ц ХХК нь 80 хувийн ажил гүйцэтгэсэн хэдий боловч уг ажлын 30 хувь нь доголдолтой” гэж талууд мэтгэлцэлжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/01457 дугаар захирамжийн дагуу томилогдсон “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 109/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот гэрээний нэмэлтээр гүйцэтгэсэн төсөвт өртөг 107.155.896 төгрөг” гэсний дагуу захиалагч “Э” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/2015 тоот нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 105.300.000 төгрөгийг “Э” ХХК нь төлөх нь зүйтэй гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-ийн “...гэрээнээс гадуур нэмэлтээр силос 2 хүзүүвчний хуучин барилгыг нурааж, шинээр сэндвич барилга барих ажлыг 15.262.500 төгрөгөөр хийсэн, 11.027 м.кв талбайн таазанд цагаан замаскны ажил болон 9 ширхэг цонхны нүх ухаж цонх хийж суулгах ажлыг 49.299.000 төгрөгөөр хийсэн тул  нийт 64.567.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Э” ХХК-иас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...уг ажил нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр 03/2015 тоот гэрээний нэмэлт гэрээний ажил бөгөөд хэрэв гэрээнээс гадуур ажил хийгдэх бол талууд тохиролцож, гэрээ хэлцэл байгуулж, нэмэлт ажил хийгдэх ёстой” гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” болон 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.3-т “гүйцэтгэгч захиалагчийн өгсөн захиалгын дагуу зөвшилцөж ажлаа эхлүүлэх үүрэгтэй” гэж заасан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1, 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар “...нэмэлтээр силос 2 хүзүүвчний хуучин барилгыг нурааж, шинээр сэндвич барилга барих ажлыг хийлгэх, 11.027 м.кв талбайн таазанд цагаан замаскны ажил хийлгэх, 9 ширхэг цонхны нүх ухаж цонх хийж суулгах”-аар талууд харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “...гэрээнээс гадуур нэмэлтээр хийлгэсэн ажлын хөлсөнд 64.567.500 төгрөг” гаргуулах тухай “Ц.Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Гэрээний хугацаа дуусгавар болоход ажил гүйцэтгэгч “Ц.Ц” ХХК нь ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй тул талууд акт үйлдэн нэмэлт хугацаа тогтоосон, энэ хугацаанд үлдсэн ажил нь 100 хувь хийж гүйцэтгэгдээгүй талаар, мөн захиалагч ажлын хөлсөнд 347.641.000 төгрөгийг “Ц.Ц” ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Иймд хариуцагч “Э” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 80.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 03/2015 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 311.401.577 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “03/2015 тоот гэрээний нэмэлт” үүргийн гүйцэтгэлд 105.300.000 төгрөг, нийт 496.701.577 төгрөг төлөхөөс “Э” ХХК-ийн төлсөн 347.641.000 төгрөгийг хасаж тооцон 149.060.577 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК нь шаардах эрхтэй юм.

Мөн хариуцагч “Э” ХХК-иас “...дээрх гэрээний 80 хувийн гүйцэтгэлийн 30 хувь нь чанарын доголтой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/01457 дугаар захирамжийн дагуу томилогдсон “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 109/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...ажил гүйцэтгэгч Ц.Ц ХХК-ийн хийсэн ажлын чанарын гологдол 33.797.900 төгрөгийн зардалд гарна” гэснийг үндэслэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөр зохих хөлсийг бууруулах” шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч “Э” ХХК-ийн “Ц.Ц” ХХК-д төлбөл зохих 149.060.577 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын доголдолд зарцуулагдах 33.797.900 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 115.262.677 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 115.262.677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106.963.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасны дагуу “Баян модот” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс болох 10.794.000 төгрөгийн 5.591.292 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан, үлдэх 5.202.708 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас гаргуулан “Баян модот” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452580794 тоот дансанд оруулах, “Барилгын төсөвчин, үнэлгээчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн ажлын хөлс /шүүхээс төлсөн/ 1.800.000 төгрөгийн 932.400 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан, үлдэх 867.600 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005405 тоот дансанд оруулахыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 115.262.677 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-д олгож, үлдэх 106.963.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 1.269.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 734.263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Баян модот” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс болох 10.794.000 төгрөгийн 5.591.292 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан, үлдэх 5.202.708 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас гаргуулан “Баян модот” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452580794 тоот дансанд оруулах, “Барилгын төсөвчин, үнэлгээчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн ажлын хөлс /шүүхээс төлсөн/ 1.800.000 төгрөгийн 932.400 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан, үлдэх 867.600 төгрөгийг нэхэмжлэгч “Ц.Ц” ХХК-иас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005405 тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД