Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/MA2018/0374

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0374

Улаанбаатар хот

 

 

 

 

“M м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.М, гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэртэй, “M м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.4, 19.6, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “M м” ХХК-ийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус талбайд гаргасан “M м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн хуулийн 106.3.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “M м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “... нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай нь улсын тусгай хамгаалалттай Бүрдэнэ булаг нэртэй газартай 0.99 га, 11378 м.кв, 11177 м.кв хэмжээгээр давхцалтай гэсэн баримтуудаар ямар нэгэн хэмжээгээр л давхцалтай болох нь тогтоогдож байна, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх” гэж заасныг зөрчсөн” талаар дүгнэжээ.

Тэгвэл давхцалын хэмжээ яагаад зөрүүтэй байгаад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй бөгөөд уг шүүлтүүдийг хийж байгаа байгууллагуудын гаргаж байгаа “... шүүлтийг таслалаас хойш 2 оронгоор эсхүл 4 оронгоор шүүлт хийхэд зөрүүтэй гардаг” гэсэн тайлбарыг үндэслэж байгаа нь хэрхэвч бодит амьдралд нийцэхгүй байхын зэрэгцээ хэрэв таслалаас хойш 2 болон 4 оронгоор нарийвчилсан тохиолдолд таслалаас хойших орон л өөрчлөгдөх байтал яагаад урдах орон өөрчлөгдөж байгаад үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй.

Түүнчлэн давхцалтай байна гэж тогтоогоод байгаа эдгээр хэмжээнүүд ийнхүү өөрчлөгдөж байгаа нь бодит байдалтай үнэхээр нийцэж байгаа эсэхийг, ер нь газар дээрээ очоод үзвэл давхцал байхгүй байх ч боломжтойг харуулж байхад бодит байдал дээр нь хэмжилт хийх, дүгнэлт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг ийнхүү шийдвэрлэж байгаа нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

Мөн үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараах масштабаар тус тус үйлдэнэ”, 5.3.2-т “...бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар” гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд 0.99 га буюу өргөнөөрөө 3-4 метр, уртаараа 3.2 км үргэлжилсэн хэмжээтэй давхцал байна гэж үзэж байгаа тохиолдолд зураг зүйн шүүлтэд давхцалд тооцогдохгүй гэж маргасан байхад анхан шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагчаас тус компанийн тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбайд хуульд заасан дээрх масштабын дагуу шүүлт хийсэн эсэхэд мөн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Яагаад зураг зүйн шүүлтэд давхцалд тооцогдохгүй гэж маргаж байгаагаа нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасны дагуу тооцвол зургийн нарийвчлал нь 10 метрээс ихгүй байна гэсэн агуулгатай байх тул энэхүү маргааны тухайд давхцлын хэмжээ нь 3-4 метр байгаа гэдэг нь тогтоогдсон, мөн программ өөрөө шүүдэг, талбай үүсгэхээргүй нарийн зурвас газраар давхцалтай бол давхцалд тооцдоггүй гэх тайлбаруудыг үндэслэлээ болгон хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна.

Тиймээс 10 метр хүрээгүй давхцал бол хуулийн дагуу зураг зүйн шүүлт хийхэд давхцалд тооцогдохооргүй байхын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуульд зааснаар давхцаагүй байх шаардлага тавигддаг байхад бага хэмжээтэй бол олгодог гэдгээ хүлээн зөвшөөрч: мөн холбогдох баримт нь хэрэгт авагдсан байхад төрийн захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд тэгш бусаар хандаж, хууль зөрчиж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь хууль нийцэхгүй.

Мөн зөвхөн кадастрын зураг үйлдэх нөхцөлд л хэрэглэгддэг талаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн заалтууд нь зураг үйлдэх буюу зургийг хэвлэхэд ашиглана харин зургийн давхцал шалгах буюу шүүлт хийхэд энэ хуулийн заалт хамаагүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүлт хийгээд ийм үр дүнд хүрлээ гэдгийг зураг хэлбэрт шилжүүлж байгаа ажиллагаа яагаад хоорондоо хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

Гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан ажиллагааг буруу, хууль зөрчиж явууллаа гэдэг агуулгаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй байхад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэлгүйгээр шийдвэрлэж, хууль бус шийдвэр гаргасны үндсэн дээр буюу хууль бус захиргааны актыг үндэслэж, хууль бус шийдвэр гаргасан учраас гуравдагч этгээд “Ф” ХХК-д холбогдох шийдвэр хууль бус гэж маргасныг ялгаж салгаж дүгнэсэнгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч “M м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... ер нь газар дээрээ очоод үзвэл давхцал байхгүй байх ч боломжтойг харуулж байхад бодит байдал дээр нь хэмжилт хийх, дүгнэлт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг ийнхүү шийдвэрлэж байгаа нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт хийж байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “M м” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь улсын тусгай хамгаалалттай газартай 0,99 га талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон байх тул газар дээр нь хэмжилт хийж тогтооход өөр гарна” гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх гомдлыг хангах боломжгүй.

Мөн гомдолд “... Кадастрын зураглал ба газрын задастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-т зааснаар 10 м хүрээгүй давхцлыг давхцалд тооцохооргүй байхад зураг зүйн шүүлтийг хариуцагч буруу хийсэн, бага хэмжээний давхцлыг хүлээн зөвшөөрдөг талаар нотлох баримт хэрэгт өгсөн байхад захиргааны байгууллага хуулийн этгээдэд тэгш бусаар хандаж, хууль зөрчиж байгаа талаар дүгнэлт хийгээгүй ...” гэжээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас кадастрын мэдээллийн сангийн зураг зүйн шүүлт хийхдээ бүх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан талбайг нэг цахим системээр шалгадаг байх бөгөөд хуулийн этгээд тус бүрийн өргөдлийн талбайн зураглалын нарийвчлалыг “хориглосон” талбайн зураглалын нарийвчлалтай “10 метрийн өргөн” дотор давхцал байгаа эсэхийг шалган тогтоох боломжгүй юм.

Түүнчлэн бусад этгээдэд давхцалтай байхад тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус бөгөөд хууль бусаар үүссэн эрхтэй тэгш эрхийн зарчмыг баримталж хууль бусаар эрх олгохыг даалгах эрх зүйн үндэслэлгүй.

Мөн хариуцагчаас давхцал нь тодорхой талбай үүсгэхээргүй “... 0,1 метрийн өргөнтэй давхцал байсан учраас олгох боломжтой гэж үзсэн, харин нэхэмжлэгчийн хувьд 1-3 метрийн өргөн зурвасаар тодорхой талбай үүсгэхүйц хэмжээгээр давхцалтай байсан тул олгоогүй” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчээс ирүүлсэн зураг зүйн шүүлт хийсэн[1] баримтад заасан бусад этгээдтэй адил нөхцөл байдалд нэхэмжлэгч байгаагүй байна.

Иймд хариуцагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцсан гэж үзэж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “M м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “M м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “M м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас 128 дахь тал