| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/04068/И |
| Дугаар | 210/МА2018/00119 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2018/00119
| 2018 01 05 | 119 |
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03554 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хаан уул өргөө ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 100 623 873 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, Т.Одсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Хаан Уул Өргөө ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны барилгуудад дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 1137 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Уг орон сууцны барилгууд нь нийт 572,5 м.куб эзэлхүүнтэй, орон сууцны талбайгаар тооцдог хэмжээ 14611.81 м.кв, подвалийн хэмжээ 1001,5 м.кв, хэрэглээний халуун усыг 593 хүнээр 3.31 тооцогддог дулааны эрчим хүчний хэрэглээтэй юм. Тус компанийн захирал Д.Дарьсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар албан бичгээр ирүүлсэн төлбөр барагдуулах хүсэлтийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан. Хариуцагч нь дээрх хүсэлтийг гаргасны дараа хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө амласан хугацаандаа төлөлгүй 100 623 873 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь тус компанид эдийн засгийн хүндрэл учруулаад байна. Дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг халаалтаар хангах үйл ажиллагаа жил бүрийн 09 дүгээр сарын 15-наас дараа жилийн 05 дугаар сарын 01-ний хооронд, харин хэрэглээний халуун усаар хангах үйл ажиллагааны хувьд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.2, 31.3 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийг тус тус үндэслэн төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 100 623 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай Хаан Уул Өргөө ХХК нь 2016 онд орон сууцны үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан. Би орон сууцны үйл ажиллагаа явуулах тухайгаа тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайханд хэлж байсан. Жаргалсайхан дарга чи энэ ахынхаа компанийн байруудыг аваад яваач гэж санал тавьсан бөгөөд би авах хүсэлт гаргасан ба өрийг нь яах юм гэтэл чи авч бай ах нь төлнө гэсэн. Тухайн үед ЖМБО ХХК-ийн УБДС ТӨХК-д төлөх өр нь 70 311 000 төгрөг байсан би 2016 оны халаалт тавих үеэр график гаргаж өгсөн нь үнэн боловч тэр авлага бол байрууд нь шилжээд явсан бөгөөд шилжигдээгүй нэлээн өртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 13А,Б байрны айл өрхүүд болох 13а байрны 10 тоот Батбаатарын 4 765 300 төгрөг, 13б байрны 2 тоот Баясгалангийн 4 603 300 төгрөг, 13б байрны 8 тоот Ариунболдын 3 495 100 төгрөгийн өр төлбөртэй гэх айл өрх нь тухайн ЖМБО ХХК-д мөнгөө төлөхгүй СӨХ цуг байдаг учраас дээвэр гоожсон гээд зарга үүсгэсэн байдаг. Мөн 13 А, Б байрны айлуудад болон нийт орон сууцны өрхүүдэд захирлын тушаал гарган ЦТП-ийн мөнгө авсан ба хүмүүс үүнд нь дургүйцэн байрны төлбөрөө орлогын мэдүүлгээр тушаадаг болсон байсан учраас банкны файлыг албан тоотоор хасалт хийж өгөөгүй айл өрхүүд маш их олон байсан. Манайх өртэй айл өрхүүдээс өр төлбөрийг нэхсэн боловч тэр мөнгийг өгөхгүй одоо харин танайд төлөх мөнгийг өгье гээд оршин суугч хэлэхээр нь би аль ч үгүй салахын оронд гээд 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг төлүүлсэн. ЖМБО ХХК-ийн авлагыг авч чадаагүй тул би энэ өрийг төлөхөөс татгалзаж байна. Мөн 3 088 000 төгрөгийн өртэй гэх айл нь олдоогүй болно. Бид 2016 оны 5 дугаар сараас эхлэн үүссэн өр 15 698 350 төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ шугам хоолой засах дулааны тоолуур худалдан авах зэрэгт зарцуулсан. Тухайн үеийн ЖМБО ХХК нь бүтэн 10 жил болоход юу ч хийгээгүй бүх байруудын шугам хоолой цоорсон дандаа комутлаж аргацааж байсныг оршин суугчид мэднэ. ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайхан нь энэ дулааны өр болох 70 311 000 төгрөгийг өөрийн хувьдаа ашиглаж өр үүсгэсэн. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч Хаан уул өргөө ХХК-аас 61 163 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 39 460 773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан уул өргөө ХХК-аас 463 765 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс алданги 14 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө нь шүүхээр шийдүүлсэн маргааны үнийн дүнгээс алданги бодож нэхэмжилснийг дүгнээгүй. Тухайн нэхэмжилсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн материалаас харахад тухайн өр төлбөр хэдэн оны хэдэн сараас, хэдний хүртэл төлбөр болох, нэхэмжилж буй үндсэн дулааны төлбөр, алданги тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 100 623 873 төгрөг бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас гаргуулсан баримтаас харахад төлбөрийн үлдэгдэл 99 935 959 төгрөг байна. Мөн шүүх нэхэмжилсэн үнийн дүн 100 623 873 төгрөгөөс өмнө шүүхээр шийдэгдсэн 39 699 632 төгрөгийг хасч 60 924 241 төгрөг байхад 61 163 100 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь Хаан Уул Өргөө ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ЖМБО ХХК-ийн өрийг Хаан Уул Өргөө ХХК шилжүүлж авсан учраас Хаан Уул Өргөө ХХК-аас гаргуулна гэжээ. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд өр шилжих талаар зохицуулсан байдаг бөгөөд 124 дүгээр зүйлийн 124.1, 123.8-д зааснаар бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хэлнэ. Уг тохиролцоо нь үүргийн талаарх хэлцэлтэй хэлбэрийн хувьд адил байх ёстой. Дээрх хуулийн заалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч болох Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь өр шилжүүлэхийг ЖМБО ХХК-д албан ёсны баримтаар олгоогүй байна. Хэргийн материалд авагдсан өр шилжсэн гэж үзэж байгаа баримт нь ОСНАА-н ЖМБО ХХК-аас, ОСНАА-н Хаан Уул Өргөө ХХК-д байр хүлээлцсэн акт байх бөгөөд тухайн акт нь компанийг бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх удирдлагуудын хооронд хийгдээгүй байх бөгөөд ЖМБО ХХК-аас нарийн бичиг, диспетчер, Хаан Уул Өргөө ХХК-аас инженер, ня-бо нар гарын үсэг зурсан, тэдгээр хүмүүст компанийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон зүйл байдаггүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байх тул алданги 14 000 000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь хариуцагч Хаан уул өргөө ХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дулааны эрчим хүчний төлбөрт 100 623 873 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тодруулж, 99 208 797 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан актыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч уг төлбөр ямар хугацааг хамарч байгаа, үүнээс алдангийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байх тул хариуцагчийн өмнө нь шүүхээр шийдүүлсэн маргааны үнийн дүнгээс алданги бодож нэхэмжилснийг шүүх дүгнээгүй гэх гомдолд хариу өгөх боломжгүй байна.
Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх боловч үүнээс өмнөх гэрээнд алданги төлөх талаар талууд тохиолцсон эсэх талаар баримтгүй тул төлбөрийн үлдэгдэлд алданги тооцсон нь хуулийн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ