Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01742

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01742

 

 

 

 

 

 

 

 

 

А.Лхагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Лхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ононд холбогдох,

 

17 995 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батцэцэг, хариуцагч Б.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Лхагвын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Б.Ононтой харилцан тохирч, түүний Танд хүрэх гэрэл ХХК-д 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд инженерээр хамтран ажиллаж, Эрдэнэт орчлон ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр барилгын ажил эрхэлсэн. Энэ хугацаанд би хувиасаа 26 046 160 төгрөг гаргаж, компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд зарцуулсан. Тооцоог бид 2017 оны 02 сарын 21-ний өдөр нийлсэн. Хамтран ажилласан 5 сарын хугацаанд миний цалинг 10 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд ашгийг хуваах тохиролцоотой байсан. Дээрх хөрөнгө оруулалт дээр барилгын ажилд ажилласан Оюунбаатар, Тогоохүү нарын 2017 оны 12 сарын сүүлийн цалин 701 500 төгрөг олгоогүйг би олгосон. Мөн Б.Ононгийн Юнителээс лизингээр авсан төхөөрөмжийн үнэ 1 380 000 төгрөгийг би төлсөн, Б.Онон хоолны тооцоо хийх гээд дансаар надаас 50 000 төгрөг, тогоочоос авсан 5 кг буузны үнэ 25 000 төгрөг, нийт 28 202 680 төгрөгийг авах ёстой. Ингээд нийтдээ 38 200 000 төгрөгийг Б.Онон төлж барагдуулахаар 2017 оны 02 сарын 22-ны өдөр баталгаа гаргаж өгсөн. Ерөнхий гүйцэтгэгч Эрдэнэт орчлон ХХК-ийн захирал Г.Баярцэцэг нь Б.Ононгийн хадам ээж бөгөөд манай гүйцэтгэсэн ажлын хөлс 38 000 000 төгрөг өгснийг мөн барилгын ажилд зарцуулсан. Баталгаа гаргасан өдрөөс хойш 2017 оны 03 сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 6 сард 16 300 000 төгрөгт тооцож Тоёото приус 30 маркийн автомашин өгсөн. Алдангийг 2017 оны 06 сарын 10-ны өдрөөс тооцоход нэхэмжлэл гаргах хүртэл 275 хоногт 7 095 000 төгрөг болсон. Үүнээс 2017 оны 09 сарын 11-ний өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг хасаад, одоо үндсэн хөрөнгө оруулалт 12 900 000 төгрөг, алданги 5 095 000 төгрөг, нийт 17 995 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ононгийн тайлбарт: Миний бие 2016 оны 07 сарын 05-ны өдөр Эрдэнэт орчлон ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, барилгын хүзүүвчний дотор заслын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд А.Лхагва инженерээр ажилласан бөгөөд нэг сарын цалинг 1 000 000 төгрөг байхаар тохирсон. Ажилласан хугацааны ажлын хөлс 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн ажил гүйцэтгэхэд А.Лхагва өөрийн зүгээс 22 046 160 төгрөгийг хэсэгчлэн гаргаж ажилчдын цалин, хоол хүнс, багаж хэрэгсэл авч үйл ажиллагааг явуулсан гэдгийг зөвшөөрч байна. Ажилд хэрэглэхээр 4 000 000 төгрөгөөр микроавтобус авсантай нийлээд 26 046 160 төгрөг болсон. Ажил дуусаад микроавтобусыг надад үлдээгээд явсан. Тухайн үед надаар дамжигдаагүй, өөрөө багаж хэрэгсэл авсан байсан тул би хэдэн төгрөг юунд зарцуулсныг асуухад 28 200 000 төгрөг болсон гэсний дагуу баталгааг гаргаж өгсөн. Баталгаа гаргаж өгснөөс хойш 2017 оны 03 сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөг, машинд тооцож 16 300 000 төгрөг, 09 сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Цалинг 10 000 000 төгрөг гэж тохирсон зүйл байхгүй. Түүний оруулсан 22 046 160 төгрөг, цалин 5 000 000 төгрөгийн хамт 27 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Одоо гар утасны төхөөрөмжийн мөнгө 1 380 000 төгрөг, микроавтобусны үнэ 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Хоолны мөнгө, буузны мөнгө гэдгийг мэдэхгүй. Иймд зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Ононгоос 10 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Лхагвад олгож, нэхэмжлэлээс 7 095 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 247 925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 189 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас "5 сарын хугацааны цалинг 10 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэснийг эс зөвшөөрч шүүхэд тайлбар болон нотлох баримт гарган өгч мэтгэлцсэн. Би А.Лхагватай 5 сарын хугацаанд 10 000 000 төгрөгийн цалингаар тохирч ажиллуулаагүй. Харин цалинг сарын 1 000 000 төгрөгөөр тохирч инженерээр ажиллуулсан. А.Лхагва инженерээр ажиллах явцад өөрийн хүмүүсийг ажиллуулж байсан. Ажлын явцад захиалагч Эрдэнэт Орчлон ХХК-аас гэрээний дагуу мөнгө орж ирээгүйгээс тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал авах шаардлага гарахад А.Лхагваас мөнгө авч материал аваад Эрдэнэт Орчлон ХХК-аас мөнгө орж ирэхээр өгөхөөр тохирсон. Уг нь А.Лхагва нь өөрөөсөө гаргасан мөнгө болон авсан эд зүйлээ надаар баталгаажуулаагүй. А.Лхагва 2017 оны 02 сарын 22 өдөр надтай уулзаж өөрөөсөө 38 200 000 төгрөг гаргаж материал авсан гэж итгүүлснээр баталгаа бичиж өгсөн. Ингээд би А.Лхагвад 2017 оны 03 сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 06 сард 16 300 000 төгрөг, 2017 оны 09 сард 2 000 000 төгрөг нийт 27 300 000 төгрөг төлсөн. А.Лхагвын оруулсан мөнгийг тооцож үзэхэд 22 300 000 төгрөг өөрөөсөө гаргасан байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхэдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь заасны дагуу баталгаагаар тохирсон төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн 10 900 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэснийг эс зөвшөөрч байна. А.Лхагва бидний хооронд хамтран ажиллах гэрээ хэлцэл байгаагүй. Хэрэв хамтран ажиллах тохиролцоо байсан бол ямар хэмжээний ажлыг гүйцэтгэж, ямар ашиг олсон, энэ ашгаас А.Лхагва ямар хэмжээгээр авах эрхтэй болохыг шүүх дүгнэх ёстой. Намайг цалин өгөхгүй байгаа мэт шүүхэд нэхэмжлэл өгсөн атал яг шүүхэд тайлбар хийхдээ хамтран ажилласан ашиг мэт тайлбарлаж байгааг би зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэлдээ бичсэн бол надад энэ ажлын гүйцэтгэл, түүнээс орж ирсэн төлбөр зэрэг баримтуудыг гарган өгч шийдвэрлүүлэх боломжтой байхад зөвхөн цалин 10 000 000 төгрөг өгөхгүй байгаа мэт нэхэмжлэлдээ бичсэн тул би энэ хэмжээнд баримтаа бүрдүүлж шүүх хуралд оролцсон. Хэрэв оруулсан хөрөнгөнд хувь тэнцүүлэн ашгийг хуваах бол түүний оруулсан 22 300 000 төгрөгийн хэмжээнд тооцож шүүх ашгийг хуваарилах ёстой. Шүүх хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч А.Лхагва 17 995 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Онон эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчид Эрдэнэт орчлон ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гүйцэтгэж байсан барилгын ажлаас барилгын хүзүүвчний дотор заслын ажлыг Танд хүрэх гэрэл ХХК-ийн нэрээр гүйцэтгэхэд хамтарч ажиллахаар 2016 оны 07 сард харилцан тохирсон байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хамтран ажиллах гэрээний дагуу өгөх ёстой ашиг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн баталгаа гэх баримтыг үндэслэж байна гэж тайлбарладаг боловч талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан 38 200 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 12 900 000 төгрөгийг шаарджээ.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтны үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар талууд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч инженерээр ажиллаж, ажлын санхүүжилтэнд шаардагдсан 26 046 160 төгрөгийг гаргасан нь зохигчдын шүүх хуралдааны явцад өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх122 дугаар талын арын хуудас/

Тэрээр уг ажлын гүйцэтгэлд Эрдэнэт орчлон ХХК-аас ажлын хөлсөнд олгосон 38 000 000 төгрөг, хариуцагч Б.Ононгоос гаргасан 136 000 төгрөг, нийт 64 182 160 төгрөгийг зарцуулж, 100 000 000 гаруй төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба энэ нь хэргийн 63-72 дугаар талд авагдсан ажил хүлээлцсэн акт, 73 дугаар тал дахь нэхэмжлэгчийн 38 200 000 төгрөг төлөх тухай баталгааны дэлгэрэнгүй тооцоо, 126 дугаар тал дахь хариуцагчийн 100 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухай тайлбар зэргүүдээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэдийд ч гэрээнээс гарах эрхтэй, нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарснаар мөн хуулийн 479.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хамтын ажиллагаа дуусгавар болно.

Хэргийн 4 дүгээр талд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Ононгийн нийт 38 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлнө гэсэн баталгааны бичиг авагдсан байх боловч хариуцагчаас үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүх зохигчдыг хамтын ажиллагааны улмаас олсон ашиг, зардал, нэхэмжлэгчийн гаргасан зардал, ногдох ашиг зэргийг тооцоолон хариуцагч нь нэхэмжлэгчид 38 200 000 төгрөг төлөхөөр баталгаа гаргасан гэж үзснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно. Хариуцагч дээрх 38 200 000 төгрөгөөс 16 300 000 төгрөгт Тоёота приус-30 маркийн автомашин, 9 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг нийт 27 300 000 төлсөн нь зохигчдын тайлбар, банкны дансны хуулгаар тогтоогдсон.

Хамтран ажиллах гэрээний талууд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээд хамтын ажиллагааны явцад бий болсон ашгийг хувиарлах хуулийн зохицуулалттай бөгөөд, шүүх талуудыг цалин хөлсний талаар тохиролцсон баримтгүй, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу дээрх баталгаагаар тохирсон төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн 10 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ. Талуудын алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт нийцээгүй, шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хуульд нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ