Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00010

 

А.Л- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1742 дугаар магадлалтай,

А.Л- нэхэмжлэлтэй

Б.О-д холбогдох, 

17.995.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Д.Н- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Б.О-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Б.О-той харилцан тохирч, түүний Танд хүрэх гэрэл ХХК-д 2016 оны 8 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд инженерээр хамтран ажиллаж, Эрдэнэт орчлон ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр барилгын ажил эрхэлсэн. Энэ хугацаанд би хувиасаа 26.046.160 төгрөг гаргаж, компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд зарцуулсан. Тооцоог бид 2017 оны 02 сарын 21-ний өдөр нийлсэн. Хамтран ажилласан 5 сарын хугацаанд миний цалинг 10.000.000 төгрөг байхаар тохирсон бөгөөд ашгийг хуваах тохиролцоотой байсан. Дээрх хөрөнгө оруулалт дээр барилгын ажилд ажилласан Оюунбаатар, Тогоохүү нарын 2017 оны 12 сарын сүүлийн цалин 701.500 төгрөг олгоогүйг би олгосон. Мөн Б.О-гийн юнителээс лизингээр авсан төхөөрөмжийн үнэ 1.380.000 төгрөгийг төлсөн. Б.О- хоолны тооцоо хийх гээд дансаар надаас 50.000 төгрөг, тогоочоос авсан 5 кг буузны үнэ 25.000 төгрөг, нийт 28.202.680 төгрөгийг авах ёстой. Ингээд нийтдээ 38.200.000 төгрөгийг Б.О- төлж барагдуулахаар 2017 оны 02 сарын 22-ны өдөр баталгаа гаргаж өгсөн. Ерөнхий гүйцэтгэгч Эрдэнэт орчлон ХХК-ийн захирал Г.Баярцэцэг нь Б.О-гийн хадам ээж бөгөөд манай гүйцэтгэсэн ажлын хөлс 38.000.000 төгрөг өгснийг мөн барилгын ажилд зарцуулсан. Баталгаа гаргасан өдрөөс хойш 2017 оны 3 сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 6 сард 16.300.000 төгрөгт тооцож Тоёото приус 30 маркийн автомашин өгсөн. Алдангийг 2017 оны 6 сарын 10-ны өдрөөс тооцоход нэхэмжлэл гаргах хүртэл 275 хоногт 7.095.000 төгрөг болсон. Үүнээс 2017 оны 9 сарын 11-ний өдөр төлсөн 2.000.000 төгрөгийг хасаад, одоо үндсэн хөрөнгө оруулалт 12.900.000 төгрөг, алданги 5.095.000 төгрөг, нийт 17.995.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 7 сарын 05-ны өдөр Эрдэнэт орчлон ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, барилгын хүзүүвчний дотор заслын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд А.Л- инженерээр ажилласан бөгөөд нэг сарын цалинг 1.000.000 төгрөг байхаар тохирсон. Ажилласан хугацааны ажлын хөлс 5.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн ажил гүйцэтгэхэд А.Л- өөрийн зүгээс 22.046.160 төгрөгийг хэсэгчлэн гаргаж ажилчдын цалин, хоол хүнс, багаж хэрэгсэл авч үйл ажиллагааг явуулсан гэдгийг зөвшөөрч байна. Ажилд хэрэглэхээр 4.000.000 төгрөгөөр микроавтобус авсантай нийлээд 26.046.160 төгрөг болсон. Ажил дуусаад микроавтобусыг надад үлдээгээд явсан. Тухайн үед надаар дамжигдаагүй, өөрөө багаж хэрэгсэл авсан байсан тул би хэдэн төгрөг юунд зарцуулсныг асуухад 28.200.000 төгрөг болсон гэсний дагуу баталгааг гаргаж өгсөн. Баталгаа гаргаж өгснөөс хойш 2017 оны 3 сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөг, машинд тооцож 16.300.000 төгрөг, 9 сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг өгсөн. Цалинг 10.000.000 төгрөг гэж тохирсон зүйл байхгүй. Түүний оруулсан 22.046.160 төгрөг, цалин 5.000.000 төгрөгийн хамт 27.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Одоо гар утасны төхөөрөмжийн мөнгө 1.380.000 төгрөг, микроавтобусны үнэ 4.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Хоолны мөнгө, буузны мөнгө гэдгийг мэдэхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.О-гоос 10.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л-д олгож, нэхэмжлэлээс 7.095.000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 247.925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 189.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1693 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Н- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие А.Л-тай 5 сарын хугацаанд 10 сая төгрөгөөр цалинг тохирч ажиллуулаагүй. Харин цалинг сарын 1 сая төгрөгөөр тохирч инженерээр ажиллуулсан. А.Л- инженерээр ажиллах явцад өөрийн хүмүүсийг ажиллуулж байсан. Ажлын явцын дунд захиалагч Эрдэнэт Орчлон ХХК-аас гэрээний дагуу мөнгө орж ирээгүйгээс тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал авах шаардлага гарахад А.Л-ас мөнгө авч материал аваад Эрдэнэт Орчлон ХХК-аас мөнгө орж ирэхээр өгөхөөр тохирсон. Уг нь А.Л- нь өөрөөсөө гаргасан мөнгө болон авсан эд зүйлээ надаар баталгаажуулах ёстой боловч ингээгүй. А.Л- 2017 оны 02 сарын 22-ны өдөр надтай уулзаж өөрөөсөө 38.200.000 төгрөг гаргаж материал авсан гэж итгүүлсэн учир би А.Л- гаргасан баримтыг тулгаж үзээгүй түүний хүсэлтээр 38.200.000 төгрөгийг өгнө гэж бичиж өгсөн. Ингээд би А.Л-д 2017 оны 3 сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 6 сард 16.300.000 төгрөг, 2014 оны 9 сард 2.000.000 төгрөг төлж байтал байнга дарамталж, утсаар бичлэг хийж, бичлэг чинь байгаа гэх мэт янз бүрийн авир гаргаж байсан төдийгүй миний машины дугуйг зориуд хагалж, тормосыг тасалсан. Энэ бүгдээс би А.Л- оруулсан мөнгийг тооцож үзэхэд А.Л- 22.300.000 төгрөг өөрөөсөө гаргасан байсан тул энэ мөнгийг төлсөн. Мөн 5 сарын цалин 5.000.000 төгрөг нийт 27.300.000 төлсөн. А.Л- өөрийн оруулсан 22.300.000 төгрөг дээр надтай маргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх А.Лхагвыг 26.046.160 төгрөгийг хамтран ажил гүйцэтгэхэд оруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх 10.900.000 төгрөгийг гэрээнээс гарсан ашиг гэж дүгнэж А.Л-д олгохоор шийдвэрлэж байна уу, эсвэл А.Л- нэхэмжилсэн цалин 10.000.000 төгрөг гэж үзэж нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж байна уу гэдгийг шүүхийн шийдвэрүүдээс ойлгохгүй байна. А.Л- шүүхэд анх цалин 10.000.000 төгрөгөөр тохирсон энэ төлбөрөө өгөхгүй байгаа мэт гүтгэн нэхэмжлэл гаргасан. Би А.Л-д түүний оруулсан мөнгө 22.300.000 төгрөг, цалин 5.000.000 төгрөг нийт 27.300.000 төгрөг өгсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхэдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасны дагуу баталгаагаар тохирсон төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн 10.900.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй л гэж шийдсэн. А.Л- бидний хооронд хамтран ажиллах гэрээ хэлцэл байгаагүй. Хэрэв хамтран ажиллах тохиролцоо байсан бол ямар хэмжээний ажлыг гүйцэтгэж, ямар ашиг олсон, энэ ашгаас А.Л- ямар хэмжээгээр авах эрхтэй болохыг шүүх дүгнэх ёстой. Намайг цалин өгөхгүй байгаа мэт шүүхэд нэхэмжлэл өгсөн атал яг шүүхэд тайлбар хийхдээ хамтран ажилласан ашиг мэт тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Хэрэв А.Л- хамтарч ажиллаж, үүнээс ашиг гарсан гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Мөн шүүхэд энэ тухай нэхэмжлэлдээ бичсэн бол надад энэ ажлын гүйцэтгэгчээс орж ирсэн төлбөр зэрэг баримтуудыг гарган өгч шийдвэрлүүлэх боломжтой байхад зөвхөн цалин 10.000.000 төгрөг өгөхгүй байгаа мэт нэхэмжлэлдээ бичсэн тул би энэ хэмжээнд баримтаа бүрдүүлж шүүх хуралд оролцсон. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ хамтын ажиллагаанаас бий болсон хөрөнгийг төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хувиарлана гэсэн Иргэний хуулийг баримталсан. Хэрэв оруулсан хөрөнгөнд хувь тэнцүүлэн ашгийг хуваах бол түүний оруулсан 22.300.000 төгрөгөнд тооцож шүүх ашгийг хувиарлах ёстой. Гэтэл хэрэгт ашгийг нотолсон баримт байхгүй. Би ашиг өгөхөөр баталгаа гаргаагүй. А.Л- гаргасан мөнгийг төлөх баталгаа гаргасан. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжилсэн цалинг 10.000.000 төгрөгөөр тохирсон үүнийг өгөхгүй байгаа гэдгийг шүүхэд нотолж чадаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Л- хариуцагч Б.О-гоос төлбөр төлөх баталгааны дагуу үлдэгдэл төлбөр 12.900.000 төгрөг, алданги 5.095.000 төгрөг, бүгд 17.995.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, “тооцоо нийлэх шаардлагатай” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигч Эрдэнэт орчлон ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гүйцэтгэж байсан барилгын ажлаас барилгын хүзүүвчийн ажлыг “Танд хүрэх гэрэл” ХХК-ийн нэрээр гүйцэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцсон, энэ үйл баримтад маргаагүй байна.

Зохигчийн тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний шинжтэй болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Хамтын үйл ажиллагаанд зарцуулахад шаардлагатай нэхэмжлэгч А.Л-ас  гаргасан зардал болон уг үйл ажиллагаанаас олсон ашгийн хамт нийт 38.200.000  төгрөгийг төлөх баталгааг хариуцагч Б.О- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг мөнгөөс 27.300.000 төгрөг төлөгдсөн нь тогтоогдсон байна.

Хариуцагч татгалзлаа нотлоогүй бөгөөд үлдэх 10.900.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Алданги гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээгээр алданги тохирсон гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01928 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 189.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээо үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ