Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны хороолол 17-р байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕЭ85052275, Уран самба овогт Адьяасүрэнгийн Лхагвын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Өнөр хотхоны 39-р байрны 239 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЖ87092374, Боржигон овогт Баярын Ононд холбогдох,

17 995 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Лхагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагч Б.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 17 995 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Ононтой харилцан тохирч, түүний  Танд хүрэх гэрэл ХХК-д 2016-08-01 өдрөөс 2016-12-31 өдрийг дуусталх хугацаанд инженерээр хамтран ажиллаж, Эрдэнэт орчлон ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр барилгын ажил эрхэлсэн. Энэ хугацаанд би хувиасаа 26 046 160 төгрөгийг гаргаж, компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд зарцуулсан. Тооцоог бид 2017-02-21 өдөр нийлсэн.Хамтран ажилласан 5 сарын хугацаанд миний цалинг 10 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд ашгийг хуваах тохиролцоотой байсан.Дээрх хөрөнгө оруулалт дээр намайг дагаж барилгын ажилд ажилласан Оюунбаатар, Тогоохүү 2-ын 2017 оны 12-р сарын сүүлийн цалин 701 500 төгрөгийг олгоогүйг би олгосон. Мөн Онон Юнителээс лизингээр авсан утасны төхөөрөмжийн мөнгө 1 380 000 төгрөгийг би төлсөн, Онон хоолны тооцоо хийх гээд дансаар надаас авсан 50 000 төгрөг, тогоочоос авсан 5 кг буузны үнэ 25 000 төгрөгтэй нийлээд 28 202 680  төгрөг би түүнээс авах ёстой.  Ингээд нийтдээ 38 200 000 төгрөгийг Б.Онон надад төлж барагдуулахаар 2017-02-22 өдөр баталгаа гаргаж өгсөн. Ерөнхий гүйцэтгэгч Эрдэнэт орчлон ХХК-ийн захирал Г.Баярцэцэг нь Б.Ононгийн хадам ээж бөгөөд манай гүйцэтгэсэн ажлын хөлс 38 000 000 төгрөг өгснийг мөн барилгын ажилд зарцуулсан.   Баталгаа гаргасан өдрөөс хойш 2017-03-02 өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 6 сард 16 300 000 төгрөгт тооцож,   Тоёото приус 30 маркийн автомашиныг өгсөн.Алдангийг 2017-06-10 өдрөөс тооцоход нэхэмжлэл гаргах хүртэл 275 хоногт 7 095 000 төгрөг болсон. Үүнээс 2017-09-11 өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг хасаад, одоо үндсэн хөрөнгө оруулалт 12 900 000 төгрөг, алданги 5 095 000 төгрөг, нийт 17 995 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч А.Лхагва нь 2016-08-01 өдрөөс 2016-12-31 өдрийг дуусталх хугацаанд хамтран ажиллахдаа ажлын хөлс 10 000 000 төгрөгийг өгөөгүй мэт бичсэнийг зөвшөөрөхгүй байна.

Миний бие 2016-07-05 өдөр Эрдэнэт орчлон ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороонд байрлах, барилгын хүзүүвчний дотор заслын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд А.Лхагва инженерээр ажилласан бөгөөд нэг сарын цалинг 1 000 000 төгрөг байхаар тохирсон. Ажилласан хугацааны ажлын хөлс 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн ажил гүйцэтгэхэд А.Лхагва өөрийн зүгээс 22 046 160 төгрөгийг хэсэгчлэн гаргаж  гаргаж, ажилчдын цалин, хоол хүнс, багаж хэрэгсэл авч үйл ажиллагааг явуулсан гэдгийг зөвшөөрч байна. Ажилд хэрэглэхээр 4 000 000 төгрөгөөр микроавтобус авсантай нийлээд 26 046 160 төгрөг болсон. Ажил дуусаад микроавтобусыг надад үлдээгээд явсан.

 Тухайн үед надаар дамжигдаагүй, өөрөө багаж хэрэгсэл авсан байсан тул би хэдэн төгрөг юунд зарцуулсныг асуухад 28 200 000 төгрөг болсон гэсний дагуу баталгааг гаргаж өгсөн. Одоо ч бид энэ ажилд хэдэн төгрөг зарцуулсан дээр тооцоогоо нийлээгүй байгаа.Баталгаа гаргаж өгснөөс хойш 2017-03-02 өдөр 9 000 000 төгрөг, машин 16 300 000 төгрөгт, 09 сарын 11 өдөр 2 000 000 төгрөгийг түүнд өгсөн. Микроавтобусыг буцааж аваач гэсэн чинь үгүй гэсэн. Цалинг 10 000 000 төгрөг гэж тохирсон зүйл байхгүй. Түүний оруулсан 22 046 160 төгрөг, цалин 5 000 000 төгрөгийн хамт 27 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Одоо гар утасны төхөөрмжийн мөнгө 1 380 000 төгрөг, микроавтобусны үнэ 4 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хоолны мөнгө, буузны мөнгө гэдгийг мэдэхгүй. Иймд зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хэрэгт авагдсан  хариуцагч  нэхэмжлэгчид өгсөн баталгаа, Хаан банк дахь нэхэмжлэгчийн  дансны дэлгэрэнгүй хуулгууд, шүүхээс зохигчийн утсаар харилцан ярилцсан ярианы бичлэг, facebook messenger-ээр 2017-09-09, 2018-01-13 өдөр харилцсан бичвэрт CD-г сонсож, зохигчийн оролцуулан шүүх хийсэн үзлэг, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актууд, нэхэмжлэлийн тооцоолол, цалингийн хүснэгт, 2016 оны 08 сараас 12 саруудад барилгын ажилд зарцуулсан хөрөнгө, зардлын тооцоо, гэрч А.Амармандах, Д.Оюунбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар хариуцагч Б.Ононгийн хадам ээжийн компани болох Эрдэнэт орчлон ХХК-ийн гүйцэтгэж байсан, Хан-Уул дүүрэг, 11-р хороонд байрлах, барилгын ажлаас барилгын  хүзүүвчний дотор заслын ажлыг ашиг олох зорилгоор, хуулийн этгээд байгуулахгүйгээр , хариуцагчийн компани болох Танд хүрэх гэрэл ХХК-ийн нэрээр  гүйцэтгэхэд  хамтарч ажиллахаар 2016 оны 07 сард амаар харилцан тохирч, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсан байна.

Гэрээний дагуу 2016-08-01 өдрөс 2016-12-31 өдрийг хүртэл хугацаанд  зохигч ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч инженерээр ажиллаж,  ажлын санхүүжилтэнд  шаардагдсан   26 046 160 төгрөгийг өөрөөсөө гаргасан, ажлын явц дунд   хийсэн ажлын гүйцэтгэлээр Эрдэнэт орчлон ХХК-иас олгосон  санхүүжилт 38 000 000 төгрөгийг болон хариуцагч Б.Ононгоос гаргасан 136 000 төгрөгийг буюу нийт 64 182 160 төгрөгийг зарцуулж, 100 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн  талаар зохигч маргахгүй байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оныг дуусгаад хамтран ажиллах гэрээнээс гарснаар   мөн хуулийн 479.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хамтын ажиллагаа дуусгавар болсон байна.

Хариуцагч нь  нэхэмжлэгчийн ажилласан дээрх хугацаанд түүнд сард нэг сая төгрөгийн цалин олгохоор  түүнтэй тохирсон болон нэхэмжлэгч сард хоёр сая төгрөгийг цалинд авахаар хариуцагчтай тохирсон тухай  тайлбараа зохигч нотлоогүй.

Нэхэмжлэгч 26 046160 төгрөгийн  санхүүжилтээс гадна Д.Оюунбаатар, Тогоохүү нарт 2016 оны 12 сарын сүүлээр олговол зохих байсан цалин 701500 төгрөгийг хариуцагч олгоогүй тул 2017 оны 03 сард нэхэмжлэгч тэдгээр хүмүүст цалинг нь олгосон нь тогтоогдож байх бөгөөд  2016-10-25 өдөр Юнителээс лизингээр Б.Ононд гар утасны төхөөрөмж авч өгсөн 1 380 000 төгрөгийг төлөхөөр хариуцагч зөвшөөрч байгаа байх тул хариуцагч нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөр 28 127 660 төгрөг   хариуцагч 27 300 000 төгрөгийг мөнгөөр болон эд хөрөнгөөр нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид цалин 5 000 000 төгрөг олгосон тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Гэрээнд өөрөөр тохироогүй бол хамтран ажиллагч талууд  Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу хамтны үйл ажиллагаанаас олсон ашгийг  талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилах юм.

Хэдийгээр хариуцагч 5 380 000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, маргаж  байгаа  боловч үйл ажиллагаанаас олсон 30 гаруй сая төгрөгийн ашиг, нэхэмжлэгчийн зарцуулсан зардал зэргийг  зохигч хэлэлцсэний үндсэн дээр  хариуцагч нэхэмжлэгчид түүний гаргасан зардал, ногдох ашгийг тооцон,  38 200 000 төгрөгийг төлөх  талаар 2017-02-22 өдөр  баталгаа гаргасан байх үндэслэлтэй байна. Тэрээр татгалзлаа нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу дээрх баталгаагаар тохирсон төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн 10 900 000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зохигч 38 200 000 төгрөгийг төлөх тухай баталгаанд төлбөрийг төлөх хуваарь, хугацааг тохирч, тохирсон хугацаанд хариуцагч үүргээ эс биелүүлбэл алдангийг 0,2 хувиар  төлөхөөр бичгээр тохирсон байх боловч уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасан торгууль, алдангийн алийг тохирсон нь тодорхойгүй, алдангийн зохицуулалтад  зохигчийн тохиролцоо нийцээгүй байх тул алданги гаргуулахаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу    улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 247 925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  189 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.