| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 106/2020/0177/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 310
Ж.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 432 дугаар магадлалтай, Ж.Х-т холбогдох 2003000440060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Ж-ийн Х нь
2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Тоуоtа Рrius” маркийн 6959 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ш, Л.Енарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Ж.Х-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, хохирогч Б.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Н нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч А.Кадирбек миний бие шүүгдэгч Ж.Х-т холбогдох эрүүгийн 2003000440060 тоот хэрэгт Ж.Х-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 432 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйгээс, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гол зарчмыг зөрчсөн тул энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд “... шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч гэм буруугийн хэлбэр болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа шүүхэд илэрхийлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах санал гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй болно.
Угтаа бол анхан болон давж заалдах шатны шүүх, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж үүрэг хүлээлгэх саналтай холбоотой хуулийн дүгнэлт хийхдээ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд бол шүүгч өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой зүйл хэсэг болно. Шүүгдэгч Ж.Х хэдий хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор ургийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл ...шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлтээс харахад шүүх Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог, угтаа бол шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн ч болно, хэрэглэхгүй байсан ч болно гэх дүгнэлтийг хийсэн бол, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хэрэглэх асуудлыг шийдвэрлэнэ гэж дүгнэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхтэй холбоотой эрх зүйн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болох талаар дараах хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
Нэгдүгээрт: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэнэ гэх шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан хэм хэмжээгээр үгүйсгэгдэнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан ба уг зохицуулалтад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэрэглэж болно, эс хэрэглэнэ гэсэн харилцааг зохицуулаагүй, харин ч шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулахдаа уг зохицуулалтыг хэрэглэх талаар диспозитив байдлаар хуульчилсан болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хэрэглэх асуудлыг шийдвэрлэнэ гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг 4 гол шалгуурыг шүүх харгалздаг байхаар хуульчилсан. Угтаа бол анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй тухай дүгнэлтэд ...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүх түүнд тус зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг зөв дүгнэж хэрэглээгүй гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл ...тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэхдээ “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан арга хэмжээг хэрэглэхээр хуульчилсан байдаг.
Ж.Х-ын хувьд энэхүү хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх даа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогдсон байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг илт үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйд гомдолтой байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.Х-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан. Явган зорчигч нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогч Б.Ш-ы биед баруун дагз ясны суурь хэсгээс хөхлөг сэртэн, суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдлын цус харвалт, баруун гуянд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан. Ж.Х-т хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийг харгалзаж хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Хт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ж.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Тоуоtа Рrius” маркийн 6959 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ш, Л.Енарыг мөргөж, Б.Шы эрүүл мэндэд нь хүнд, Л.Еркегулийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Хын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Хын өмгөөлөгч А.Кадирбек “... шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг илт үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, ...иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Х-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.
Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.
Шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн, хохирогч Б.Ш, иргэний нэхэмжлэгч Л.Е гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байхаас гадна цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шинжээчийн 1172 дугаартай “... Б.Ш-ы биед баруун дагз ясны суурь хэсгээс хөхлөг сэртэн, суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдлын цус харвалт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, хохирогч Б.Шы хууль ёсны төлөөлөгч Х.Нархуланы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Б.Шы биеийн байдал муу, асаргаанд байгаа, цаашид дахин эмчилгээ хийлгэх нөхцөл байдал үүссэн” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Б.Шд учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй байх тул шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар /гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоол, магадлалдаа “... зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ш, Л.Е нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ” гэж бичсэн байх нь ойлгомжгүй болсон байгааг тэмдэглэж байна. Шүүгдэгч Ж.Х-ын үйлдлээс болж 2 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байгаа тул тус тусад нь буюу хохирогч Б.Шы эрүүл мэндэд нь хүнд хохирол, хохирогч Л.Е-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж бичих нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 432 дугаар магадлалд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 2, 3, 7 дахь заалтын хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.Х-ыг нэн даруй сулласугай.
3. Шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч А.Кадирбекийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН