Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01739

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01739

 

 

 

 

 

 

 

 

 

Азура архитектс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2018/01501 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Азура архитектс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ММС поларис ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59 534 673 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Азура-архитектс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ММС Поларис ХХК-тай ажил гүйцэтгэх 3 гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрэл нийлүүлсний төлбөрт нийт 50 747 430 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьер зураг төслийн ID 10/15 дугаартай гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8 682 743 төгрөг болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн актуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 104 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж, нийт 59 534 673 төгрөгийг шаардаж байна. Зохигчдын хооронд 2017 оны 02 сарын 16-ны өдөр Интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр манай компаниас Ibis Styles зочид буудлын 2 731.78 м.кв талбай бүхий барилгын тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг зурж өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажлын хөлс 160 000 000 төгрөг гэж тохиролцсон боловч талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж, НӨАТ-тай дүнгээр 57 884 950 төгрөгийг 4 хувааж авахаар тохиролцсон. Эхний 3 удаагийн төлбөрийг хариуцагч тал төлсөн, харин 4 дэх удаагийн төлбөр буюу 17 365 486 төгрөгийг төлөөгүй. Энэхүү үүргээ гүйцэтгээгүй 516 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцон алдангид 8 682 743 төгрөг, нийт 26 048 229 төгрөгийг нэхэмжилж байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компани хариуцагч байгууллагын барьж буй барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналтын ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэж, хариуцагч ММС поларис ХХК-аас гэрээний төлбөрт нийт 27 000 000 төгрөгийг 4 хуваан авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч байгууллага нь эхний 2 удаагийн төлбөрийг төлсөн боловч сүүлийн 2 удаагийн төлбөр буюу үлдэгдэл 19 800 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Манайх уг ажлыг туслан гүйцэтгэгчийн хамт хийж гүйцэтгэсэн. Зохиогчийн хяналтын ажлаа хийж дуусгаад интерьерийн ажлын зургийн хяналтын тайланг гаргаж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл төлбөр 19 800 000 төгрөгт гэрээний 5.2-т зааснаар хоног тутамд 0.02 хувийн алданги тооцож, алданги 1 306 800 төгрөгийн хамт 21 106 800 төгрөгийг нэхэмжилж байна.

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компаниас Ibis Styles зочид буудлын 13 давхрын интерьерийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хариуцагч ММС поларис ХХК-аас 12 980 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч байгууллага эхний удаагийн төлбөрийг бүрэн төлөөд 2 дахь төлбөр буюу 5 192 000 төгрөгийг төлөөгүй. Уг ажлын хүрээнд эхний 2 ажил буюу дотор зохион байгуулалтын болон концепцийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагчаас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул дараагийн ажлыг гүйцэтгээгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 5 536 000 төгрөгт гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож, алданги 2 768 000 төгрөг, нийт 8 304 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч ММС поларис ХХК нь Азура консалтинг ХХК-аар iGuzzini брэндийн гэрэлтүүлгүүдийг захиалан авчруулж худалдан авсан бөгөөд уг гэрлийнхээ үнийг төлсөн боловч гэрэлтүүлгийг авчрахад зарцуулсан гааль, тээврийн зардлаа төлөөгүй. Азура консалтинг ХХК нь Азура-архитектс ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулан авах итгэмжлэлийг олгосон. Энэхүү зардлын нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад тухайн үед явуулсан боловч төлөөгүй. Иймд худалдан авагч нь өөрийнхөө авчруулсан бараа, бүтээгдэхүүний гааль, тээврийн зардлыг төлөөгүй учир 3 971 144 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч ММС Поларис ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрүүдийг төлөлгүй манай компанид хохирол учруулж, улмаар манай компани шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор гүйцэтгэсэн ажлуудыг тухай бүрт нь хүлээлцэх акт үйлдсэнийг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгөхөд 104 500 төгрөгийн зардал гарсан. Иймд нотариатын зардал 104 500 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Ариунаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компани 46 672 630 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас танай харилцан хамаарал бүхий компани болох Данило пейнтинг монгол ХХК-аас авах авлага 11 828 960 төгрөгийг суутган тооцох хүсэлтэй байх тул хасч өгнө үү гэх гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Данило пейнтинг монгол ХХК нь манайхаас тусдаа компани учир бид зөвшөөрөөгүй. Хариуцагч байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохиогчийн хяналтын ажлын эхний төлбөр болох 4 950 000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Зохиогчийн хяналтын ажлын гэрээний 2 дахь төлбөр 4 950 000 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 2 450 000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төсөл зохиох ID-03/17 тоот гэрээний эхний төлбөр 3 550 000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Иймд хариуцагч ММС Поларис ХХК-аас нийт 59 534 673 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ММС поларис ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Азура архитектс ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай интерьерийн зураг төслийн гэрээний зохиогчийн хяналтыг хийхээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх тухай 2 гэрээ байгуулсан. Эхний зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт 46 200 000 төгрөг, 2 дахь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 29 700 000 төгрөг, нийт 75 900 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 46 544 000 төгрөг төлсөн. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд гүйцэтгэгч болох Азура архитектс ХХК нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн хүрээнд барилгын дотор заслын ажил хийгдэж буй эсэхэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэхүү хяналтыг 7 хоногт 2 удаа хийж гүйцэтгэн, үүргийнхээ биелэлтийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд дүгнэх үүрэг хүлээсэн. Мөн хийж гүйцэтгэсэн зохиогчийн хяналтынхаа дүгнэлтийг тухай бүр бичгээр үйлдэж захиалагч болох ММС Поларис ХХК-д хүргүүлэх үүрэгтэй. Харин Азура архитектс ХХК нь эдгээр гэрээний үүргүүдээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хяналтын ажлаа зохих ёсоор дүгнүүлж байгаагүй, зохиогчийн хяналтын дүгнэлтээ захиалагчид зохих ёсоор хүргүүлж байгаагүй, зохиогчийн хяналтаа гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгээгүй зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Ийнхүү гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор, чанартай гүйцэтгэхгүй байсан тул ММС Поларис ХХК нь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн тооцооллоос харахад ММС Поларис ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай зураг төслийн гэрээний төлбөрт шилжүүлж байсан төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт тооцон суутгасан байх бөгөөд өөрөөр хэлбэл бидний төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчилж өөрийн гүйцэтгээгүй үүргийнхээ төлбөрт шилжүүлэн тооцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг бүтэн төлсөн болгож тооцооллоо хийсэн байна. Ийнхүү шилжүүлж тооцсоноор зураг төслийн гэрээний үлдэгдэл ихэсч 17 365 486 төгрөг болсон. ММС Поларис ХХК-ийн хувьд ийнхүү шилжүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохиогчийн хяналтын гэрээний дагуу хийгдээгүй ажлын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийн үлдэгдэлд 19 800 000 төгрөг, алдангид 1 306 800 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү гэрээний хувьд гүйцэтгэгч Азура архитектс ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд биелүүлээгүй тул ММС Поларис ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. ГПэрээгээр алдангийн хувийг 0.002 хувиар тохирсон. ММС ПоларисХХК нь Азура архитектсХХК-ийн гүйцэтгэн хүлээлгэж өгсөн зураг төслийн дагуу барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч барилга ашиглалтанд орсоны дараа ч засалтай холбоотой алдаа, дутагдал их гарч, дахин засварлах, өөрчлөх асуудлууд их гарч байгаагийн улмаас үйл ажиллагаа доголдох, нэмэлт зардал их гарах зэргээр ММС Поларис ХХК-д хохирол учирч байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх болон дансны хуулгаас харахад Азура консалтинг ХХК-ийн нэхэмжлэхийн төлбөрийг бүрэн төлсөн нь харагдаж байна. ММС Поларис ХХК нь Азура архитектс ХХК-ийн холбоотой компани болох Данило Пейнтинг монгол ХХК-аас нийт 14 786 200 төгрөгийн будаг худалдан авахар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захиалга өгч төлбөрт нь 11 828 960 төгрөг төлсөн. Гэтэл Данило Пейнтинг монгол ХХК нь бараа хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан будгаа нийлүүлээгүй.

Талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл дүнг 52 622 680 төгрөг гэж тооцож, 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 06 дугаар арын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 53 969 468 төгрөг төлж, 1 646 782 төгрөгийг илүү төлсөн байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Пи Си Ди Пи гэх компанитай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээ нотлох баримтаа хэрэгт өгсөн. Манайх нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн зургийн дагуу хийж байгаа ажилд хяналт тавиулахаар тухайн байгууллагын чанар гүйцэтгэлд нь итгэж гэрээ байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлийн гэрээ нь НӨАТ орж тооцоод 27 700 000 төгрөг болж байгаа. Гэтэл Пи Си Ди Пи компанитай байгуулсан гэрээний үнийн дүн нь 5 650 000 төгрөг бөгөөд уг компани нь манайд уг ажлыг огт хүлээлгэж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын ажлын тайлан гэх баримтад талуудын хооронд байгуулагдсан ямар ч баримт, гарын үсэг байхгүй, хүлээлгэж өгсөн баримтгүй байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 7 хоногт 3 удаа буюу нийт 27 удаа, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 7 хоногт 2 удаа буюу 8 удаа, нийт 35 удаагийн зохиогчийн хяналт хийх болгонд акт үйлдэж, талууд оролцож зөрчил дутагдлаа тогтоож явах, гэрээний 3.3, 5.1-д заасныг биелүүлээгүй. Тэгэхээр зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, түүнчлэн байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч тал 3 үе шаттайгаар ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Гэвч манайд гэрээний дагуу тодорхой саналууд ирсэн боловч эцэслэн зургаа хэн ч батлаагүй. Энэ зургийг өнөөдрийг хүртэл хэн ч хүлээлгэж өгөөгүй учраас төлбөрийг төлөөгүй. Манайх ID10/15 тоот гэрээний төлбөрийг л төлж байснаас бусад гэрээний төлбөрийг төлөөгүй. Тэгэхээр зохиогчийн хяналтын гэрээ болон сүүлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ID-03/17 тоот гэрээнүүдийн төлбөрийг огт төлөөгүй. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 тоот гэрээний зүйлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний төлбөрөө төлсөн. Энэхүү гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг бусад гэрээнүүдэд хуваарилж бичилт хийгээд урьдчилан төлж байсан гэх зэрэг үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд нэхэмжлэгч тал манайд ажлаа хүлээлгэж өгөөгүй, иймд ажлаа хийсэн гэж үзэхгүй. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерын зураг төслийн гэрээний дагуу талуудын хооронд дотор зураг төслийн талаар саналууд явагдаад манайхыг төлбөрөө төлөхийг шаардсан. Бид нар өмнөх асуудлууд маргаантай байсан учраас татгалзсан. Мөн бид ямар ч урьдчилгаа төлбөр төлөөгүй.

Азура консалтинг ХХК-тай холбоотой гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээг байгуулж, бидний захиалсан гэрэлтүүлгийг хүлээлгэн өгсөн. Манайд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл ирүүлж 6 544 евро 02 цент нэхэмжилснийг манайх Хаан банкнаас Худалдаа хөгжлийн банк руу төгрөгөөр тооцон 17 745 085 төгрөгийг шилжүүлсэн. Захиалгын гэрээний хувьд бид нар НӨАТ-тэй дүн төлсөн. Гэтэл гэнэт талуудын хооронд тохиролцоогүй гааль, тээврийн зардал гэх 3 971 144.19 мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор 104 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд тул уг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд н хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ММС поларис ХХК-аас 18 154 827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Азура архитектс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 379 846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 570 120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ММС Поларис ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 248 724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Азура архитектс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2015 оны 11 сарын 13-ны өдөр интерьерийн зураг төслийн 10/15 тоот гэрээг байгуулж, 2016 оны 01 сарын 21-ний өдөр 01/16 тоот гэрээгээр нэмэлт оруулсан ба 2016 оны 06 сарын 22-ны өдөр төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр үлдэгдэл төлбөр НӨАТ-гүй дүнгээр 52 622 686 төгрөг, НӨАТ-тай 57 884 955 төгрөгийг 4 хувааж төлөхөөр тохирсон. Энэ үүргийн дагуу НӨАТ-тай төлбөрийн эхний 3 удаагийн төлбөрийг төлсөн байхад шүүх нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр НӨАТ-гүй дүнгээр төлөх ёстой хэмээн 18 154 827 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт 17 365 486 төгрөг, алданги 8 682 743 төгрөг, нийт 26 048 229 төгрөгийг төлөх ёстой.

2017 оны 01 сарын 25-ны өдөр барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ байгулан гэрээний дагуу зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн боловч захиалагч ММС поларис ХХК 19 800 000 төгрөгийг төлөөгүй. Улмаар гэрээний 5.2-т зааснаар 0.02 хувийн алданги 1 306 800 төгрөг төлөх үүрэгтэй. Шүүх уг үйл баримтад хамааралатй баримтуудыг үнлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2017 оны 02 сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн гэрээ байгуулж, манай компаниас дотор зохион байгуулалтын концепцийн зураг төсөл болон ажлыг зургийг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь 5 536 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 3.2-т зааснаар алдангид 2 768 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Талууд гэрээгээр ажлыг 3 үе шаттай хийж үе шат бүрт төлбөр төлөх, төлбөр төлөөгүй бол гүйцэтгэгч дараагийн ажлыг хийхгүй байхаар тохиролцсон байхад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж хуулийг буруу тайлбарласан. Мөн концепцийн зураг явуулсан үйл баримт тогтоогдсон, уг зургийг хариуцагчийн зүгээс концепцийн зураг биш гэж маргаагүй атал шүүх өөрийн дураар гүйцэтгэгчээр захиалагч руу явуулсан зургийг концепцийн зураг биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрэлтүүлгийг захиалгаар худалдан авсан бөгөөд 3 971 144 төгрөгийг төлөөөгүй. Шүүх Азура консалтинг ХХК нь Азура архитектс ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах авах итгэмжлэлийг манай компанид олгосныг эрх олгогдоогүй мэтээр дүгнэсэн. Хариуцагч нь нийт 46 776 286 төгрөгийг манай компанид төлөх тухай хүлээн зөвшөөрсөн албан бичгийг ирүүлснийг шүүх анхаараагүй. Хариуцагч үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн бол бид нотариатын зардалд 104 500 төгрөг төлөхгүй байсан. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Азура-архитектс ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55 459 029 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 971 144 төгрөг, нотариатын зардал 104 500 төгрөг, нийт 59 534 673 төгрөг хариуцагч ММС Поларис ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа, үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд 2015-2016 онуудад ажил гүйцэтгэх болон худалдан авах гэрээний харилцаатай байж хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийн талаар тооцоолол хийж харилцан шаардаж байсан байна.

 

Эхний буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь ibis Styles зочид буудлын 2731.78 м.кв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд 160 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд талууд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ibis Styles зочид буудлын 1402.89 м.кв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн дотор зохион байгуулалтын зургийг 7 000 000 төгрөгөөр нэмж гүйцэтгэхээр 01/16 тоот нэмэлт гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба захиалагч ажлын хөлсийг бүрэн гүйцэт төлөөгүй гэж төлбөрийн үлдэгдэл 17 365 486 төгрөгийг алдангийн 8 682 743 төгрөгийн хамт нийт 26 048 229 төгрөг шаарджээ.

 

Хэргийн 24 дүгээр тал дахь баримтаас үзэхэд талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интерьер зураг төслийн ID-10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулахдаа гэрээний үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг 52 622 686 төгрөгөөр тооцоолон, уг төлбөрийг ажлын гүйцэтгэлээс хамааран 4 хувааж төлөхөөр тохиролцсон байна. Тэрээр ажлын хөлсөнд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11 576 990 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11 516 990 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7 425 488 төгрөг, нийт 40 519 468 төлж, 12 103 218 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх төлбөрийн үлдэгдэлд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож, 17 365 486 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байгаа нь үндэслэл муутай байх ба шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч ММС Поларис ХХК 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 13 450 000 төгрөгийг талуудын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үүрэгт төлсөн тул гэрээгээр хүлээсэн 52 622 686 төгрөгийн төлбөр төлөх үүрэг биелэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хариуцагч талаас хийгдсэн төлбөрийг гэрээгээр төлбөр төлөхөөр тогтоосон хугацаа бүрээр тооцоолсон нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Иймд хариуцагч ММС Поларис ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 12 103 218 төгрөгийг нэхэмжлэгч Азура архитектс ХХК-д төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

2 дахь гэрээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19 800 000 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 1 306 800 төгрөг, нийт 21 106 800 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Энэ гэрээгээр нэхэмжлэгч нь Ibis Styles зочид буудлын 1 дүгээр давхрын цонх, буудлын лобби, ариун цэврийн өрөө, 6 дугаар давхрын зочид буудлын ресторан, лобби, хурлын өрөөнүүд, 7 дугаар давхрын зочид буудлын оффис, 8 дугаар давхрын лифт, 2 ширхэг стандарт өрөө, 1 ширхэг сьют өрөө, дотор зохион байгуулалтын 01/16 тоот гэрээний 1402.89 м.кв талбайд, зочид буудлын хэсэгт тус тус барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналт хийх, хариуцагч ажлын хөлсөнд 27 000 000+НӨАТ /10%/ төгрөг төлөхөөр тохиролцжээ. Азура архитектс ХХК нь дээрх ажлыг Пи Си Ди Пи ХХК-аар гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгтэй нийцсэн.

 

Гэрээний 3.1-д зааснаар талууд зохиогчийн хяналтыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 7 хоногт 3 удаа, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 7 хоногт 2 удаа хийхээр тохиолцсон боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт зохиогчийн хяналтын ажил зохион байгуулагдсан талаар талуудын уулзалтын протокол авагдсанаас 7 удаагийнх нь уулзалтын протоколд талуудын гарын үсэг зурагдаж баталгаажигдсан, туслан гүйцэтгэгч Пи Си Ди Пи ХХК-ийн интерьерийн ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэлд нийт 13 удаа зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэсэн гэж тайлагнасан байх ба тус компанийн инженер Ш.Энхтайван зохиогчийн хяналтын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн боловч бүрэн гүйцэд хийгээгүй талаар гэрчилсэн байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19 800 000 төгрөгийг төлөх үүрэггүй гэж үзсэн нь зөв байна.

 

3 дахь гэрээ буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээний үүрэгт 8 304 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч Ibis Styles зочид буудлын 203 м.кв талбай бүхий 13 давхрын лоунж барны интерьер дизайны зураг төслийн ажлын хүрээнд дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг тус тус хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд 11 800 000+НӨАТ 10% төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох Ibis Styles зочид буудлын 13 давхрын лоунж барны зохион байгуулалтын зураг болон концепцийн зургийн төслийг хийж гүйцэтгэн цахим шуудангаар илгээжээ.

 

Нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэл 5 536 000 төгрөг болон алдангид 2 768 000 төгрөг, нийт 8 304 000 төгрөг шаардсаныг эс зөвшөөрсөн, хариуцагчийн татгалзал үндэстэй байна. Нэхэмжлэгч Азура архитектс ХХК гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн зохион байгуулалтын зураг, концепцийн зургийн төслийг гүйцэтгэн захиалагчид хянуулахаар цахим шуудангаар илгээсэн нь шүүхээс цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх боловч үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар шүүх нотлох баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийж холбогдох нэхэмжлэлийг хээргсхэгүй болгосон нь зөв байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 971 144 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

ММС Поларис ХХК болон Азура консалтинг ХХК-ийн хооронд 2016 онд захиалгаар гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалан авчирсан iGuzzini фирмийн гэрэлтүүлгийг худалдан авах, төлбөрийг гэрэлтүүлгийг хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Нэхэмжлэгч Азура консалтинг ХХК нь iGuzzini фирмийн гэрэлтүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч ММС Поларис ХХК барааны үнэ 6544.02 евро буюу 17.475.085 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбар, эд зүйл хүлээлцсэн акт, төлбөрийн нэхэмжлэх, дансны хуулга зэргээр нотлогджээ.

 

Дээрх барааны гааль, тээврийн зардалд төлсөн 3 971 144 төгрөгийг нэхэмжлэх эрхийг Азура архитектс ХХК нь Азура консалтинг ХХК-аас шилжүүлэн авсан гэж шаардсаныг шүүх, гэрээний зүйлийг гадаад улсаас авчирахтай холбоотой гааль, тээврийн зардлыг хэн нь төлөх талаар талууд тохиролцоогүй, уг зардал нь эд хөрөнгө хүлээн авахтай холбоотой худалдан авагчийн төлөх зардалд хамаарахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Азура консалтинг ХХК-аас Азура архитектс ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл нь шаардах эрхээ шилжүүлсэн хэлцэл биш.

 

Түүнчлэн нотариатын үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй тул нотариатын зардалд 104 500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2 дахь хавтаст хэргийн 132 дугаар талд MMC Поларис ХХК-ийн 46 776 286 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн албан бичиг авагдсан байх боловч маргаан бүхий гэрээний төлбөртэй хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг албан бичигт 2 компанийн хооронд байгуулсан гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн дүнг 46 776 286 гэж тооцоолсныг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааруулан дүгнэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж нэхэмжлэлийн шаардлагаас 18 154 827 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2018/01501 дугаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ