| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 165/2019/0066/Э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 353
Д.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалтай Д.А-д холбогдох эрүүгийн 1817002210042 дугаартай хэргийг прокурор Ш.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Д-ийн А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-ийн гэрт нэвтэрч 2,235,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Д.А-ыг хохирогч Б.Н-ийн гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, “самсунг” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж 05 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчилж, уг шийтгэлийг биечлэн эдэлсэн 54 хоногийн хорих ялд нь дүйцүүлэн тооцож, 10 цагийн албадан сургалтанд хамруулах үүргийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалган шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Ш.Батсүх бичсэн эсэргүүцэлдээ: ”Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Д.А-ын анх гэрчээр өгсөн мэдүүлэгт “...2018 оны 10 сард тэнгэр муухайрч шороо шуурахаас өмнөхөн Н-ийн Баянтал суманд байдаг хашаанд нь очиж 8/8 харьцаатай торхийг нь лакаар будаж өгсөн юм. Тэрнээс хойш 10-д хоногийн дараа ...тоононы хамгийн зүүн талынх нь онгорхойгоор дотогш орсон юм. Тэгээд би гэрийн баруун урд хананы үзүүрт газарт байсан шар өнгөтэй нохой гутал, хойд талд байсан авдарны зүүн талд газар унасан байсан амсар нь сэтэрсэн жижиг гарын мөнгөн аяга байсныг аваад гэрийн тоононых нь орсон хэсгээрээ буцаад гарч явсан.... өмнө нь Н-ийн хашаан доторх торхыг будаж байхад кабель хураах гээд гэрлүү нь ороход Наранбаясгалангийн нохой гутал нь гэрийнхээ баруун урд талд нь байж байхыг би харсан байсан юм ...” гэж,
Шүүгдэгч Д.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт"... 2018 оны 10 сарын эхээр Н гуйхаар нь би тэдний Баянталд байдаг хашаанд нь очиж торх будсан. Тэгж торх будаж байхад Н-г хоол аваад ирье гээд явсан хойгуур нь би гэрт нь ганцаараа үлдсэн. Тэгээд гэрийн баруун урд хатавчинд байсан шар өнгийн нохой гутал, авдарны зүүн талд газар байсан мөнгөн аягыг аваад торх, хашаа хоёрын голд хураалттай байсан модны доогуур мөнгөн аягыг нь гутланд нь хийгээд нууж орхисон. ...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн мэдүүлгийг шалгахад "... хоолонд явсан хойгуур нь авсан ..." гэсэн мэдүүлэг нь хохирогч Б.Н-аас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгээр үгүйсгэгдсэн бөгөөд шүүгдэгч нь энэ талаар мөрдөн байцаалтын шатанд дахин маргаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 3-т заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн хуулийн шалгуурыг хангахгүй байгаа болно.
Харин шүүгдэгч Д.А-ын анх гэрчээр өгсөн “... өмнө нь торхыг будаж байхад кабель хураах гээд гэрлүү нь ороход Н-ийн нохой гутал нь гэрийнхээ баруун урд талд нь байж байхыг би харсан ... гэрийнх нь тоононы хамгийн зүүн талынх нь онгорхойгоор дотогш орсон юм. Тэгээд би гэрийн баруун урд хананы үзүүрт газарт байсан шар өнгөтэй нохой гутал, хойд талд байсан авдарны зүүн талд газар унасан байсан амсар нь сэтэрсэн жижиг гарын мөнгөн аяга байсныг аваад гэрийн тоононых нь орсон хэсгээрээ буцаад гарч явсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Н "... А нь манай гэрээс миний гутлыг авснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Бусад эд зүйлүүдийг А-оос асуухаар юу ч хэлэхгүй байгаа юм ...манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй ба тооноор хулгайч орсон болов уу гэж бодож байна ..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Б-ийн “... Нөхөр бид хоёр 2018 оны 08 сарын эхээр Баянтал сумын сүлд овоог тахих наадмын үеэр гэртээ ирэхэд манай гэрийн зурагт болон эд зүйлүүд бүрэн бүтэн байсан.... манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар тодорхой юм хэлээгүй ба тооноор орсон юм болов уу рам дээшээ сөхөгдсөн байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг болон бусад баримтууд нь харилцан хамаарал бүхий, хэргийн бодит байдалд нийцэх, үндэслэл бүхий нотлох баримтууд гэж үнэлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 3-т заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн хуулийн заалт, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх зөрүүтэй мэдүүлгийн алиныг нь үндэслэж "нэвтрээгүй” гэж үзсэн нь тодорхойгүй, алдагдсан гэх эд зүйлийг гэрээс хэрхэн гаргаж авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд /хохирогч, гэрч нарын мэдүүлэг .../-ыг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Мөн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нь анх гэрчээр өгсөн мэдүүлгээ мөрдөгч айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэдэг боловч энэ талаар гомдол, гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна" гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь энэ талаар шүүгдэгч Д.А-оос гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд мөрдөгч нь айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй . Энэ нь шүүгдэгч Д.А-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар ярина уу гэхэд өөрөөс нь хураан авсан эд зүйл болох шар өнгөтэй нохой гутал, мөнгөн аяга зэргийг авсан, өөр ямар нэгэн зүйл аваагүй талаараа мэдүүлсэн байх ба мөрдөгчөөс ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьсныг хөтөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д зааснаар Д.А-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд 10 цагийн албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, баривчлах шийтгэлийг түүний биечлэн эдэлсэн 54 хоногийн хорих ялд дүйцүүлэн тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой зааж өгсөн байхад хуулийн ямар зүйл заалтыг баримтлан Д.А албадлагын арга хэмжээ авч, баривчлах шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдаж шатны шүүхээс зөрчлийн шийтгэл оногдуулах эрх хэмжээг хуульчилж өгөөгүй байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 7-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэж заасан нь гагцхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед тухайн хүний саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцохоор хуульчилснаас бус баривчлах шийтгэл оногдуулсан этгээдэд эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон болон ял эдэлсэн хугацааг дүйцүүлэн тооцохоор зохицуулсан зохицуулалт байхгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай магадлалыг хянуулж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Нийтдээ 2,115,000 төгрөгийн 7 нэр төрлийн эд зүйл хулгайд алдсан талаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Гэтэл эдгээрээс “2 эд зүйл буюу мөнгөн аяга, гутал хулгайлсан нь тогтоогдсон, бусад эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоогүй байна” гэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мэт дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ “хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон боловч хохирлын хэмжээ хүрээгүй” үндэслэлээр Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баривчлах буюу сургалтанд хамруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулиар бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна гэж заасан нь хохирогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Мөн яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй буюу хэрэг гарсан цаг хугацаа, ямар аргаар хулгайлсан талаар нотолж чадаагүй байх тул хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Б.Н-ийн гэрээс эд хөрөнгө хулгайд алдагдсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой хэмээн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг харилцан хамаарлаар нь үнэлж дүгнэхэд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зарим буюу 8 нэр төрлийн 2,145,000 төгрөгийн эд хөрөнгийг шүүгдэгч хулгайлсан үйл баримт нотлогдоогүй тул шүүх энэхүү холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь холбогдлыг бус хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийг яаж үйлдсэн нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд харилцан зөрүүтэй дүгнэлт хийж, хоёр өөр шийдэл гаргасныг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналтын шатны шүүх хянан үзэж, магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр тогтоов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөлүүдийн нэг болох гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь гэмт үйлдлийн илрэн гарсан хэлбэр, арга, гэмт хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, ашигласан зэвсэг, хэрэгсэл зэргээс шууд хамаарч, үүгээрээ хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг онцлогтой билээ.
Тиймээс хууль тогтоогч нь нийгэмд аюултай тодорхой гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын буюу үйлдэл (эс үйлдэхүй), хохирлыг ихэвчлэн хуульчилдаг болно.
Тухайлбал, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн арга, орон зай, цаг хугацаа, нөхцөл байдал, ашигласан зэвсэг хэрэгсэл зэрэг нь тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтын диспозицэд заагдсан бол объектив талын заавал байх үндсэн шинжид хамаарч, үүнээс шалтгаалж хэргийн зүйлчлэл тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэнийг уг хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон бөгөөд анхан шатны шүүх Д.А-ыг энэ аргаар хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн аргаа өөр өөрөөр мэдүүлдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм.
Прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан аргаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэх ёстой боловч 90,000 төгрөгийн хохирол нь уг зүйлийн тайлбарт заасан хэмжээнд хүрэхгүй буюу гэмт хэргийн объектив талын шинжийг бүрдүүлэхгүй учир уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 7, 8, 9.2 дугаар зүйлийн 12, 13 дахь хэсгийн зохицуулалтаар анхан шатны шүүхээс гаргасан шийтгэврийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд гомдол, эсэргүүцэл бичиж болох бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39 дүгээр бүлгүүдэд заасан үндэслэл, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж, магадлал нь шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчлан тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх” үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр дээрх хуульд заасан байна.
Давж заалдах шатны шүүхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчлийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх тусгайлсан бүрэн эрхийг олгоогүй байхад Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь өөрийн санаачилгаар Д.А-д Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулан хууль зөрчжээ.
Д.А-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үндэслэлтэй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн буюу Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх байжээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн энэ хэсгийг хангаж, Д.А-д шийтгэл оногдуулсан магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Д.А-д холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэвэл зохихыг дурдсугай.
3. Прокурор Ш.Батсүхийн бичсэн эсэргүүцлийн “магадлалыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгөх”-ийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН