Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01710

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01710

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2018 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчинүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Болдын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б.Болдын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 03 сарын 13-ны өдөр хураан авч, эд хөрөнгийн үнэлгээний тайлан 2018 оны 03 сарын 21-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл орон сууцыг хурааж аваад ердөө 8 хоногийн дараа тогтоол нь гарсан. Хуульд зааснаар эд хөрөнгийг хурааж авсны дараа талуудаас үнийн санал авах ёстой. Сэлэнгэ эстимэйт ХХК нь Б.Болдын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 76 295 000 төгрөгөөр үнэлсэн нь албадан дуудлага худалдаанд оруулахаар байр нь үнэгүйдэх, өмч хөрөнгөөр хохирох байдалд хүрч байна. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын хувьд албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2018 оны 03 сарын 28-ны өдрийн тогтоолд Б.Болдын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч н.Оюун гэх хүний төлбөрийг төлөхийн тулд дуудлага худалдаанд оруулахаар заасан байдаг. Б.Болдын зүгээс н.Оюун гэх хүнд төлбөр төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ч гэсэн Б.Болдоос төлбөр гаргуулж н.Оюун гэх хүнд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зүйл байхгүй. Иймд албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь хууль зөрчиж үндэслэлгүй гарсан тул дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1035 дугаар шүүгчийн захирамжаар Б.Болдоос 35 236 475 төгрөгийг гаргуулж Ж.Оюунтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Болдын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 20 дугаар байрны 34 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Б.Болдод үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд талууд харилцан тохиролцох боломжгүй шинжээч томилж үнэлгээ гаргах хүсэлтийг ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-г томилж үл хөдлөх хөрөнгийг 76 295 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Болдод үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг дурдан 2018 оны 4/5157 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, хоёр дах албадан дуудлага худалдаанд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус оруулж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Болдод гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Б.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан үнийн санал аваагүй, үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй, Оюун гэсэн нэрийн тухайд Оюунтуяа гэж залруулах боломжтой тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б.Болдын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 03с арын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.Болдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт  үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын давж заалдах гомдолд: Б.Болдын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 03 сарын 13-ны өдөр хураан авч 8 хоногийн дотор шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн мэдэгдэл байдаг. Хуулиар эд хөрөнгийг хураан авсны дараа талуудаас үнийн санал авах ёстой байдаг боловч үнийн санал аваагүй. Хариуцагч нь эд хөрөнгийг хураан авсны дараа талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй. Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор Б.Болдын өмчлөлийн орон сууцыг Ж.Оюуны барьцаа хөрөнгө гэж тодорхойлон түүний төлбөрийг төлөхөд зориулан албадан дуудлага худалдаанд оруулахаар заасан. Гэтэл Б.Болдоос Ж.Оюунд төлбөр төлөх талаар шүүхийн шийдвэр байхгүй. Анхан шатны шүүх хууль зөрчсөн ажиллагааг техникийн алдаа байсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Болд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааг хүчингүйд болгох нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэдэг зарчимтай байна.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01035 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ж.Оюунтуяад 35 000 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч тал барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан байна. 

 

Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгөд үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын хэн аль нь шинжээчээр үнэ тогтоолгох хүсэлт ирүүлсэн нь хэргийн 72-73 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны болон дуудлага худалдаагаар эд хөрөнгийг худалдахаар шаардаж байгаа этгээдээр болон өмчлөгчдийн хооронд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх журамтай. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 76 295 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгчид хүргүүлсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Тэрээр энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болох ёстой боловч энэ хугацаанд гомдол гаргаагүй байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 04 дүгээр сарын 13-нд, хоёрдахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус оруулахыг төлбөр төлөгчид мэдэгдэж, холбогдох ажиллагаа хуульд заасан журмын хийгдсэн байна. Харин дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолд төлбөр авагч Ж.Оюунтуяагийн нэрийг Ж.Оюун гэж алдаатай бичигдсэн байх боловч уг тогтоолд шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр, төлбөр төлөгч, төлөгчийн нэр зөв бичигдсэн байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ