Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01364                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ /РД: /-т холбогдох,

Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206000060 дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018.03.21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018.04.13-ны өдөр зохион байгуулсан Б.Бын өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Б өөрийнх нь өмчлөлийн орон сууцад хийсэн эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Сэлэнгэ эстимэйнт ХХК-ийн гаргасан 2018.03.21-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б.Бын өмчлөлийн орон сууцыг 2018.03.13-ны өдөр хураан авсан тухай тогтоол үйлдсэн. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь 2018.03.21-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл орон сууцыг хурааж аваад ердөө 8 хоногийн дараа тогтоол нь гарсан. Хуульд зааснаар эд хөрөнгийг хурааж авсны дараа талуудаас үнийн санал авах ёстой. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэ тохиролцуулах арга хэмжээ хийгдэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл энэ арга хэмжээ авагдаагүй. Сэлэнгэ эстимэйт ХХК нь Б.Бын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 76,295,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь үзэхдээ “миний байр хуучны байр, гэхдээ ийм хэмжээнд үнэлэгдэхгүй эд хөрөнгийг багаар үнэлсэн байна” гэсэн. Энэ үнэлгээний 70%-иар тооцож албадан дуудлага худалдаанд оруулдаг. Албадан дуудлага худалдаанд оруулахаар байр нь үнэгүйдэх, өмч хөрөнгөөр хохирох байдалд хүрч байна. 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын хувьд албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байдаг. 2018.03.28-ны өдрийн тогтоолд Б.Бын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч н.Оюун гэх хүний төлбөрийг төлөхийн тулд дуудлага худалдаанд оруулахаар заасан байдаг. Б.Бын зүгээс н.Оюун гэх хүнд төлбөр төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ч гэсэн Б.Боос төлбөр гаргуулж н.Оюун гэх хүнд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь хууль зөрчиж үндэслэлгүй гарсан байна. Тийм учраас анхны албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц:Түмэндэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1035 дугаар шүүгчийн захирамжаар Б.Боос 35,236,475 төгрөгийг гаргуулж Ж.Оюунтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 20 дугаар байрны 34 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Б.Бод үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд талууд харилцан тохиролцох боломжгүй шинжээч томилж үнэлгээ гаргах хүсэлтийг ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г томилж үл хөдлөх хөрөнгийг 76,295,000 төгрөгөөр үнэлсэн.Төлбөр төлөгч Б.Бод үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг дурдан 2018 оны 4/5157 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, хоёр дах албадан дуудлага худалдаанд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус тус оруулж, тогтоол мэдэгдэлийг төлбөр төлөгч Б.Бод гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан үнийн санал аваагүй, үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжпэл нь үндэслэлгүй, Оюун гэсэн нэрийн тухайд Оюунтуяа гэж залруулах боломжтой тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Б.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

Нэхэмжлэгч Б.Б  өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206000060 дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018.03.21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018.04.13-ны өдөр зохион байгуулсан Б.Бын өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргажээ.

           

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

           

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.01-ний өдрийн 01035 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Оюунтуяа нэхэмжлэлийн шаардлага 44,850,000 төгрөгнөөс 9,850,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б 2016.11.25-ны өдрийн дотор төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШГА-нд даалгажээ.

 

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Б.Бод холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 2017.11.06-ны өдрийн 17291033 дугаар тогтоол гарсан, 2017.12.26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2018.01.30-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол гарсан, улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Төлбөр авагч Ж.Оюунтуяа, төлбөр төлөгч Б.Б нар барьцааны зүйл болох орон сууцыг шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2018.03.13-ны,14-ний өдөр тус тус бичгээр ирүүлсэн байх бөгөөд 2018.03.15-ны өдрийн 72 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгийг 76,295,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018.04.13-нд, хоёрдахь албадан дуудлага худалдаанд 2018.05.11-нд тус тус оруулж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

 

Төлбөр авагч Ж.Оюунтуяагийн нэрийг албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолд Ж.Оюун гэж ташаа бичсэн нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206000060 дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018.03.21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018.04.13-ны өдөр зохион байгуулсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.04.18-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ