Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00016

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1710 дугаар магадлалтай

Б.Бын нэхэмжлэлтэй,

Нт холбогдох

2018 оны 03 дугаар сарын 21-нйи өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б.Бын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 03 сарын 13-ны өдөр хураан авч, эд хөрөнгийн үнэлгээний тайлан 2018 оны 03 сарын 21-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл орон сууцыг хурааж аваад ердөө 8 хоногийн дараа тогтоол нь гарсан. Хуульд зааснаар эд хөрөнгийг хурааж авсны дараа талуудаас үнийн санал авах ёстой. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Б.Бын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 76 295 000 төгрөгөөр үнэлсэн нь албадан дуудлага худалдаанд оруулахаар байр нь үнэгүйдэх, өмч хөрөнгөөр хохирох байдалд хүрч байна. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын хувьд албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2018 оны 03 сарын 28-ны өдрийн тогтоолд Б.Бын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч н.Оюун гэх хүний төлбөрийг төлөхийн тулд дуудлага худалдаанд оруулахаар заасан байдаг. Б.Бын зүгээс н.Оюун гэх хүнд төлбөр төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Нт ч гэсэн Б.Боос төлбөр гаргуулж н.Оюун гэх хүнд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зүйл байхгүй. Иймд албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь хууль зөрчиж үндэслэлгүй гарсан тул дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1035 дугаар шүүгчийн захирамжаар Б.Боос 35 236 475 төгрөгийг гаргуулж Ж.Оюунтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Б.Бод үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд талууд харилцан тохиролцох боломжгүй шинжээч томилж үнэлгээ гаргах хүсэлтийг ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж үл хөдлөх хөрөнгийг 76 295 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Бод үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг дурдан 2018 оны 4/5157 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус оруулж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Бод гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан үнийн санал аваагүй, үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй, н.Оюун гэсэн нэрийн тухайд Оюунтуяа гэж залруулах боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар Нт холбогдох Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1710 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Бын нэхэмжлэлтэй Нт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.23-ны өдрийн 1710 дугаартай магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.2, 54.1, 55.1, 55.2, 55.3 дугаар зүйлүүдийг хэрэглээгүй гэж үзэж байна. Н нь эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, тэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад, давж заалдах шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна. Б.Бын өмчлөлийн орон сууцыг 2018.03.13-ны өдрийн 17291033/4 тоот тогтоолоор хураан авч, түүнээс хойш ердөө 8-хан хоногийн дотор шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018.03.22-ны өдрийн мэдэгдэл байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан. Тэгвэл орон сууцыг хураан авсан 2018.03.13-ны өдрөөс хойш үнэлгээ хийлгэсэн 2018.03.21-ний өдрийн хооронд хамаарах 8 хоногийн хугацаанд шийдвэр гүйцэтгэгч нь Б.Боос орон сууцны үнийн санал аваагүй, улмаар талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ аваагүй. Н нь Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018.03.28-ний өдрийн 4/06 тоот тогтоолоор Б.Бын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч Ж.Оюуны барьцаа хөрөнгө гэж тодорхойлоод, улмаар Ж.Оюуны төлбөрийг төлөхөд зориулан албадан дуудлага худалдаанд олгуулахаар заасан байдаг. Тэгвэл Б.Боос төлбөр гаргуулж, Ж.Оюунд олгуулахаар шийдвэрлэсэн ямар нэгэн шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг, баримт материал огт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь бодитой, баримттай, уг хууль зөрчсөн ажиллагааг техникийн алдаа байсан, хүчингүйд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж буйд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2018.07.23-ны өдрийн 1710 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Б.Б нь Нт холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байх ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна.

Б.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01035 дугаартай Шүүгчийн захирамжаар Ж.Оюунтуяад 35 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл ...төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах тул шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсны дараа худалдан борлуулах үнийн санал авах үүрэгтэй.

Гэтэл эд хөрөнгийг хураахаас өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгчөөс эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авах тухай мэдэгдэл хүргүүлсний дараа/хх-65/ 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол үйлджээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилж, Үнэлгээний тайлан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гарсан байна.

Хэрэгт шинжээчийн үнэлгээг  мэдэгдэх тухай баримт байх боловч тухайн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авсныг нотлосон баримтгүй тул үнэлгээг хуульд заасан хугацаанд танилцуулсан гэж үзэх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасан хугацаанд талуудад мэдэгдээгүй, тэдний санал хүсэлтийг авах ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.

Энэ нь төлбөр төлөгчийг Шинжээчийн үнэлгээтэй танилцуулаагүй тул үнэлгээний талаар гомдол гаргах, өөрийн хөрөнгөө бие даан борлуулах санал гаргах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 62 дугаар зүйлийн 62.1.-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна.

Улмаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдааны комисст санал оруулж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргаж, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1710 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 63 дугаар зүйлийн 63.1.-д зааснаар Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байрны 34 тоот орон сууцыг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД