Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 68

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн *******- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн ******* овогт гийн Хохирогчийн өмгөөлөгч овогт гийн Гэрч овогт Э-ийн - овогт Ч-ийн Ун- Шинжээч овогт ийн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******-д холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Завхан аймгийн сумын багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогтой ийн *******-. Регистрийн дугаар: /ИУ********/

Шүүгдэгч Д.*******- нь эхнэр Д.Уу-ийг зодож ураг зулбуулсан буюу Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Д-ийн *******- нь Завхан аймгийн сумын нутагт байх гэртээ 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд хохирогч Д.Уу-ийг зодсон хэргийн үйл баримт нь эхнэр Д.Уу-ийн “...Д.*******- ... 2016 оны 10 сарын 27-ны өдөр дээлний шилбэ хадаж байсан чинь чи хүний нэг өдөр хаддаг юмыг яасан удаан хаддаг юм бэ гээд намайг бүснээс чирч гэрээс гаргаж унагаагаад толгой руу гараа зангидаж цохиод, хөлөөрөө ууц, нуруулуу өшиглөсөн... Маргааш өглөө нь буюу 10 сарын 28-ны өдөр бие засахад доошоо бага зэргийн улаан туяатай зүйл гарсан. Тэгээд дахиж гараагүй тогтчихсон. ...2016 оны 10 сарын 30-ны өглөө чи бага сүү саасан байна гэж уурлахаар нь үхэрт сүүгээ уулгачихсан юм гэж хэлсэн чинь хувхай хүүр чинь харж байхгүй яасан юм, үхэрт сүү уулгалаа гээд загнаад зодох гээд хөөхөөр нь би зугтааж гэр тойрч гүйж яваад гэрээсээ гарсан чинь араас гарч ирээд үснээс гараараа чирээд зүүн талын шанааны үснээс зулгаасан чинь зүүн талын шанаа өвдөхөөр нь би *******- лүү болиоч гээд харсан чинь *******-гийн гарт миний шанааны үс атгаатай... байсан. Тэгээд би босоод гэр лүүгээ орох гээд явсан чинь араас 2 том чулуугаар шидэж нуруу луу оносон. Би зугтаагаад гэр лүүгээ орсон чинь араас орж ирээд чамайг боож ална гээд миний дээлний бүсээр оосорлоод үзүүрийг нь 2 тийш нь татахаар нь би *******- байя, би дахиж алдаа гаргахгүй, үнээндээ сүү уулгахгүй, боож үхлээ ш дээ гэж хэлсэн чинь намайг боохоо болиод тавьсан. Тэгээд би гэрээс гараад аргалдаа явсан. Араг үүрээд аргал түүгээд явж байхад доошоо халуу оргиод юм гоожоод байхаар нь харсан чинь цус нөж гарсан байсан... “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Д.Уу-ийн дээрх мэдүүлэг нь сумын хүн эмнэлгийн салбарын сувилагч С.Со- Д.Уу-т сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх үед үс нь халцарсан, нурууны ар хэсэгт хөхрөлт гэмтэл үүссэн байсан талаар мэдүүлсэн гэрч С.Со-ын “...2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би ...Уу-т сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн. ...зүүн талын шанаа орчимдоо үс нь халцарч унасан шинж тэмдэг байсан. Биеийн ар хэсэг буюу нуруундаа хоёр хэсэг газар хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлгээр, Д.*******-гийн гэрт Э.-тай хамт очсон гэрч П.Ад-ийн “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******- зодоход нь Уу-ийн доошоо цус гарахаар нь айгаад *******-д хэлж чадаагүй гэсэн. 10 сарын 30-ны өдөр Уу- яриад аргал түүж явна гээд уйлаад байсан... би түргэн аваад ... Гэрт нь ороход охин маань зүүн талын орон дээрээ хэвтчихсэн зүүн талын шанааных нь үс гарын алганы хэмжээтэй зулгаагаад авсан байсан... Би хүүхдээсээ наад үс чинь яачихсан юм гэхэд Д.*******- өглөө намайг үнээнд сүү уулгалаа гээд зодоод гэрт оруулж ирээд бүсээр боогоод байхаар нь би үхлээ шүү дээ гэсэн чинь тавьсан гэсэн...” мэдүүлгээр давхар батлагдаж байна. Д.Уу-ийг зодох үед хохирогч жирэмсэн байсан болох нь хохирогчийн “....би 2016 оны 10 сарын 20-ны үеэр гэртээ байхдаа оройхон шээсэндээ жирэмсний тест дүрж үзсэн чинь 2 улаан зураас гарсан. Тэгэхээр нь би тэр зураасыг *******-д үзүүлж ийм 2 улаан зураас гарсан байна гэхэд жирэмсэн болохоор 2 улаан зураас гардаг гэсэн гэж хэлсэн. Тэгээд л би өөрийгөө жирэмсэн гэж мэдсэн. Би *******-гээс өөр хүнд жирэмсэн талаараа хэлээгүй. Би эмчийн хяналтанд ороогүй, эмчид ч үзүүлээгүй...“ гэсэн мэдүүлгээр, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуудлагаар Д.*******-гийнд очиж Д.Уу-ийг сумын хүн эмнэлэгт хүргэж ирсэн, хүн эмнэлгийн салбарт ирээд Д.Уу-ийн шээсэнд жирэмсний сорил тавьж үзсэн талаараа мэдүүлсэн гэрч Э.-ын “... Дараа нь жирэмсний тест шээсэнд нь дүрж үзэхэд хоёр улаан зураас гарсан юм. Ер нь онош бол зулбалт гэж үзсэн. Жирэмсэн байж байгаад зулбасан үед жирэмсний тестээр шалгахад 2 улаан зураас гарах боломжтой” гэсэн мэдүүлгээр, мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөн жирэмсэн эсэхийг магадлах сорилыг хохирогчийн шээсэнд тавьсан талаараа мэдүүлсэн гэрч Ч.Ун-гийн “...Д.Уу-ийг 2016 оны 11 сард эмнэлэгт ирэхэд нь би жирэмсний тест тавьж үзсэн юм. Тэр үед жирэмсний тест шээсэнд нь дүрж үзэхэд хоёр зураастай гарч байсан. Тест хоёр зураас зааж байгаа нь жирэмсэн байгааг илэрхийлж байгаа юм” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Ийнхүү Д.Уу-ийн жирэмсэн байсан гэсэн мэдүүлэг нь Э.-, Ч.Ун- нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Д.Уу- нь тухайн үед болсон байдлыг шууд тусгаж мэдүүлсэн тул түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн гэж үзнэ. Мөн гэрч Э.-, Ч.Ун- нар нь Д.Уу-ийн шээсэнд жирэмсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан үйлдлээ шууд тусган мэдүүлсэн бөгөөд гэрч нарыг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж үзнэ. Д.*******-д зодуулсны дараа Д.Уу-ийн ураг зулбасан болох нь шүүгдэгчийг зодсоны дараа үеэс эхлэн умайгаас цус гарсан талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр, сумын хүн эмнэлэгт хүргэж ирсэн Э.-ын “Би доошоо гараад байгаа зүйлийг нь харахад жижиг, жижиг нөжтэй цус гарсан байсан. Тэр цус нь дуудлага өгөхөөс 2-3 өдрийн турш биений юм ирж байгаа юм шиг гарч байсан гэж хэлсэн. Эмнэлэг рүү авч явах шаардлагатай байсан тул сумын эмнэлэгт хүргэж эмнэлэгт хэвтүүлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, сумын хүн эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн “эхо” буюу хэт авиан шинжилгээгээр умайн хөндийг шинжлэхэд “...умайд 3,4х1 хэмжээтэй эхо холимог хэсэгтэй умайн араар сул шингэнгүй” байсныг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дахин шинжилгээ хийхэд эхо холимогийн хэсэг үгүй болсныг нотолсон өвчний түүх, ураг зулбалт буюу Полный оборт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх баримт, тухайн үед ураг бүрэн зулбалт гэсэн оношийг “Полны оборт” гэж алдаатай бичсэн байсан талаараа мэдүүлсэн гэрч С.Тө-ийн мэдүүлэг, хохирогч сумын хүн эмнэлэгт бүрэн зулбалт, умайд шавхаргатай оношоор 3 хоног эмчилгээ хийлгэсэн талаар гаргасан эмч С.ийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Д.Уу-ийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ураг зулбасан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин Д.*******-гийн 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд Д.Уу-ийг үснээс нь зулгааж чирж зодсон мөн нуруу руу нь чулуугаар шидсэн үйлдлийн улмаас ураг зулбасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдэлтэй хохирогчийн ураг зулбасан хор уршиг шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Д.*******-гийн Д.Уу-ийг зодож ургийг зулбуулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийг 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан буюу ураг зулбуулсан гэмт хэргийн шинжтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй дүйцэж байгаа бөгөөд уг хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялд торгох ялыг шинээр нэмж, хорих ялын доод хэмжээг урьд байснаас багасган тогтоожээ. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл хамаарч байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Д.*******-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Д.*******-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хохирогч жирэмсэн байсан эсэх, жирэмсэн байсан бол ураг ямар хугацаатай байгаад зулбасан нь тодорхойгүй байна. Жирэмсний сорил бол жирэмсэн байсан гэдгийг нотлохгүй учир хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү“ гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хохирогч жирэмсэн байсан, шүүгдэгчийн үйлдийн улмаас ураг зулбасан нь хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч шүүхэд гаргасан хүсэлтдээ хохирол нэхэмжлээгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд 5000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаараа шүүхэд ямар нэгэн нотлох баримт нэмж гаргаж ирүүлээгүй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 1004700 төгрөгийн зардлын баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. Дээрх баримтуудаас 1 дүгээр хавтасны 207-р хуудас дахь 13000 төгрөгний, 208-р хуудас дахь 5200 төгрөгний, 209-р хуудас дахь 379500 төгрөгний зардлыг хохирогч ямар эмчилгээнд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, уг зардлыг хохирогчид зориулсан эргэлзээтэй байна. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50000 төгрөгний дүн бүхий нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын баримтаар гарсан зардлыг хэн хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, зардлыг хохирогч зарцуулсан нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудаар гарсан зардал 447700 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцлоо. Хэргийн 1-р хавтасны 205-р хуудас дахь шинжилгээний төлбөрт төлсөн 79000 төгрөгийн, 208-р хуудас дахь 250000 төгрөгний эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан шатахууны зардал 114000 төгрөг, 2017 оны 05 сарын 09-ний өдөр шатахуун худалдан авсан 114000 төгрөгний нийт 557000 төгрөгний зардлын баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт гэж үнэлэн хохирогчид төлүүлэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч хохирогчид нийт 829000 төгрөгийг төлсөн нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн “829000 төгрөг *******-гээс авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 5000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн хохирогчид төлсөн 829000 төгрөгийг хасч 4171000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д-ийн *******-гийн үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******-г 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******-д оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000 /арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.*******-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч иргэний нэхэмжлэлээс 4171000 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгчийн эзэмшлээс эр хонь 5, эм хонь 12, эр ямаа 4, эм ямаа 4 /нийт 25 толгой бог мал/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.*******- тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ