Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00298

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00298

 

 

 

Ш.Т- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03275 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш.Т- гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоотын зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Цолмонтой 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Цолмон улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ч.Батцэцэгийн нэр дээрх орон сууцны гэрчилгээг С.Цолмонгийн нэр дээр шилжүүлснээс болж Ч.Батцэцэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон дээрх орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Цолмон нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг би мэдээгүй. Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь С.Цолмонгийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд тэрхүү эрхийг хязгаарласан эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр гараагүй учир өмчлөх эрхийг Ш.Т- д шилжүүлэн бүртгэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ч.Батцэцэгт дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр намайг орон сууцнаас албадан гаргасан.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Т- гийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цолмонгоос Ч.Батцэцэгт буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцны үнийг С.Цолмонгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Мөн дээрх шийдвэрээр намайг маргаж буй байр орон сууцнаас албадан гаргахаар заагаагүй. Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөх эрх Ш.Т- д шилжин хууль ёсны шударга эзэмшигч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоогдсон байдаг. Энэхүү шүүхийн тогтоолоор миний эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 468 дугаар гүйцэтгэх хуудсаар эхэлсэн боловч миний өмчлөх эрхийг сэргээх ажиллагаа явагдаагүй, өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шаардлагыг тавихад таныг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй гэсэн. Улмаар би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргахад эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2015 оны 3/15938 дугаар тоот бүхий эрх түдгэлзүүлсэн албан бичгийг цуцалсан шийдвэрийг ирүүлэх шаардлагатай гэсэн. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр НШШГГ-т үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасан боловч тус газраас мөн хууль бус шаардлага буюу төлбөр төлөгч Ч.Батцэцэг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн орон сууцыг таны өмчлөлд шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Дээрх байдлаар Ч.Батцэцэг төлбөр төлөгчтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаан бүхий орон сууцны асуудал хамааралгүй, миний өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, үүнийг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэсэн байсан учир дахин шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бус ажиллагаа явуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгүүлэн хууль ёсны өмчлөгч миний эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг НШШГГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дугаар захирамжаар С.Цолмон нь Ч.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Батцэцэг, С.Цолмон нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Батцэцэгт буцаан шилжүүлэх, Ч.Батцэцэг нь С.Цолмонгийн нэхэмжилсэн 35 100 000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, төлбөр авагчид шилжүүлсэн боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр ажиллагааг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь төлбөр төлөгч Ч.Батцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй, төлбөр төлөгч иргэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул гуравдагч этгээдийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо С.Цолмонгоос нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд тус газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар НШШГГ-т холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ш.Т- гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Т- гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Т- давж заалдах гомдолдоо: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.Цолмонтой худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцыг худалдан авахдаа бусад газарт барьцаатай байгаа эсэх, тухайн орон сууцанд худалдагч байгаа эсэх гэх мэт бүхий л ажиллагааг тодруулсны үндсэн дээр худалдан авч, 54 000 000 төгрөгийг өгсөн.

Уг байр нь С.Цолмонд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ч.Батцэцэгээс шилжиж ирсэн байх ба уг ажиллагааг Ч.Батцэцэг нь хууль зөрчиж явагдсан гэж шүүхэд хандан, шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр тэрхүү байр төлбөр авагчид шилжин очсон ажиллагааг хууль бус байсныг тогтоож хүчингүй болгосон. Ингээд тухайн ажиллагааг хариуцагч байгууллага 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар буцаах боломжгүй нөхцөл үүссэн гэдэг үндэслэлээр зөвтгөн явуулах байсан. Намайг байрнаас минь албадан гаргаж гэрчилгээг хүчингүй болгон, төлбөр төлөгч этгээдэд байрыг шилжүүлснийг шүүхэд хандаж хүчингүй болгуулсан.

Гэтэл уг ажиллагааг зөвтгөж миний нэр дээр гэрчилгээ гаргахын оронд хариуцагч байгууллага нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 3/15938 дугаартай албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. С.Цолмон, Ч.Батцэцэг нарын хооронд гарсан шийдвэрийг биелүүлэх ажиллагаа дуусгавар болсон байхад би орон сууцыг худалдан аваад, энэ биелэгдсэн байдлыг эргэж буцаах аргагүй болсон байхад хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар тухайн байрны зах зээлийн үнэлгээг гаргаж, зөрүүг Ч.Батцэцэгт олгон шийдвэрлэхийн оронд намайг хохироож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ш.Т- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 байр, 44 тоот орон сууцны зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дугаар захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж С.Цолмонгийн өмчлөлд бүртгэгдсэн байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байр, 44 тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байжээ. /хх-141/ Шүүгчийн 1019 дугаар захирамжаар Ч.Батцэцэг нь С.Цолмонд 35 100 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь түүний өмчлөлийн 44 тоот орон сууцыг дээрх төлбөрт суутган, орон сууцны өмчлөх эрхийг С.Цолмонгийн нэр дээр 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн бүртгэгдсэн байна. /хх-21, 141/

Улмаар С.Цолмон, Ш.Т- тай 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 44 тоот орон сууцны Ш.Т- д худалдаж улмаар өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжин бүртгэгджээ. Ийнхүү Ш.Т- нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй болсон байна.

Ч.Батцэцэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1425 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх шийдвэрийг үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Т- г 44 тоот орон сууцнаас албадан гаргаж орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгийн нэр дээр шилжин бүртгэгдсэн байна. /хх-141/

Дээрх ажиллагааг Ш.Т- эс зөвшөөрч, орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн, мөн уг байрыг албадан чөлөөлсөн ажиллагааг тус тус хүчингүй болгуулж, байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн /хуучин нэрээр/ 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2636 дугаар шийдвэрээр Ш.Т- гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. /хх-34-38/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар Ш.Т- гийн гомдлоор хэргийг хянаад 514 дугаар тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны явуулсан 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. /хх-39-41/ Энэ нь Ш.Т- г уг орон сууцны өмчлөгч биш гэсэн утгатай бус харин өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой байхад шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагаа явуулж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Уг зүйлийн 36.2 дахь хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэх, ингэхдээ шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Ш.Т- нь уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч тал буюу төлбөр төлөгч биш байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3/15938 дугаартай албан бичгээр маргаж буй 44 тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-119/ Тус бүртгэлийн хэлтсээс уг мэдэгдэлд заасан ажиллагааг хийсэн болох нь хэргийн 160 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8/595 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх ажиллагаа нь нэхэмжлэгч Ш.Т- гийн өмчлөх эрх, уг эрхийн хүрээнд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг буюу захиран зарцуулах эрхийг зөрчсөөр байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2015 оны 3/15938 дугаартай мэдэгдэх хуудсаар 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасанд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03275 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө, 29 байр, 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцыг захиран зарцуулах эрх сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгасугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т- д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД