Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1521

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/01521

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Ш.Т-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:НШШГГ-т холбогдох

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоотын зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ш.Т нь С.Цолмонтой 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн үед уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Цолмон улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ч.Батцэцэгийн нэр дээрх орон сууцыг С.Цолмонгийн нэр дээр шилжүүлснээс болж Ч.Батцэцэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэр гарч маргааныг шийдвэрлүүлсэн байдаг.Төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Цолмон нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг Ш.Т мэдээгүй.Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь С.Цолмонгийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд тэрхүү эрхийг хязгаарласан эрх бүхийн байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байхгүй байсан учир өмчлөх эрхийг Ш.Тд шилжүүлэн бүртгэсэн.Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа буруу буюу хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ч.Батцэцэгт дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Тг орон сууцнаас албадан гаргасан.Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон дээрх орон сууцны анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө гэж заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Тгийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цолмонгоос Ч.Батцэцэгт буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны үнийг С.Цолмонгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан.Мөн дээрх шийдвэрээр Ш.Тг маргаж буй байр орон сууцнаас албадан гаргахаар заагаагүй.Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөх эрх Ш.Тд шилжин хууль ёсны шударга эзэмшигч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоогдсон билээ.Энэхүү шүүхийн тогтоолоор Ш.Тгийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 2 дугаар сарын 12-ны 468 дугаар гүйцэтгэх хуудсаар эхэлсэн боловч миний өмчлөх эрхийг сэргээх ажиллагаа явагдаагүй, өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байна.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуул гэхээр таныг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй учир өмчлөгчөөр тогтоогдож байж, орон сууцандаа орох боломжтой гэсэн хариуг өгч байгаа нь үндэслэлгүй байна.Улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөх эрх сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/2692 дугаартай албан бичигт Батцэцэгт олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны өмчлөх эрхийг сэргээж бүртгэх нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсний дагуу Ш.Т 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргасан.Мэдүүлгээ холбогдох материалуудын хамт хавсарган гаргатал Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2015 оны 3/15938 дугаар тоот бүхий эрх түдгэлзүүлсэн албан бичгийг цуцалсан шийдвэрийг авчрах шаардлагатай гэсэн.Энэ дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр НШШГГт үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасан боловч тус газраас мөн хууль бус шаардлага буюу ...төлбөр төлөгч Ч.Батцэцэг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн орон сууцыг таны өмчлөлд шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэл орон сууц худалдан борлуулан иргэнд холбогдуулан шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.Дээрх байдлаар Ч.Батцэцэг төлбөр төлөгчтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны асуудал хамааралгүй, миний өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, үүнийг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бртгэлд бүртгэсэн байсан учир дахин шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бус ажиллагаа явуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгүүлэн хууль ёсны өмчлөгч Ш.Тгийн эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг НШШГГт даалгаж өгнө үү гэв.

 Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар С.Цолмон нь Ч.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Батцэцэг, С.Цолмон нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Батцэцэгт буцаан шилжүүлэхийг Ч.Батцэцэг нь С.Цолмонгийн нэхэмжилсэн 35 100 000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаарт бүтгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, төлбөр авагчид шилжүүлсэн боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр ажиллагааг хүчингүйд ажиллагааг тооцсон.Шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн.Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь төлбөр төлөгч Ч.Батцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй, төлбөр төлөгч иргэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул гуравдагч этгээдийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээх үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролоо С.Цолмонгоос нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд тус газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар Ч.Батцэцэгийн нэхэмжлэлтэй С.Цолмонд холбогдох хэргийн хариуцагч С.Цолмон нь Ч.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Батцэцэг, С.Цолмон нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоотод байршилтай орон сууцыг Ч.Батцэцэгт буцаан шилжүүлэхийг, Ч.Батцэцэг нь С.Цолмонгийн нэхэмжилсэн 35 000 000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна.

 Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 4324 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх 1019 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Ч.Батцэцэгт шилжүүлсэн байна.

 Гэтэл Ч.Батцэцэг нь төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоотод байршилтай орон сууцыг төлбөрт нь тооцож, уг орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С.Цолмонд шилжүүлсэн байна.

 Нэхэмжлэгч Ш.Т нь С.Цолмонтой 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан.

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Ч.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байрнаас албадан гаргах тухай тогтоол, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 3/15938 дугаартай мэдэгдлийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцтай холбогдсон ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн байна.Иймд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү гэжээ.

 Ийнхүү шүүх 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай Ч.Батцэцэгийг орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжийг албадан биелүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь маргаантай болсон, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ.Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.

 Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С.Цолмонд шилжүүлсэн, С.Цолмон нь 2011 оны 7 дугаар сарын 08-ны тухайн орон сууцыг Ш.Тд худалдсан, тухайн орон сууцнаас Ш.Тг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр албадан гаргаж, мөн өдрөө Ч.Батцэцэгийн нэр дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн тухай үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2636 дугаар шийдвэрээр Ш.Тгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагаа болон албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах, тухайн орон сууцны өмчлөгч болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Иймд хариуцагч байгууллагаас бүртгэлийн байгууллагад 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Улмаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар НШШГГт холбогдох 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай Ш.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН