Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00131

 

 

 

 

 

 

2018 01 08

131

 

Б.Бямбагаравын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 102/ШШ2017/03041 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бямбагаравын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Бямбагаравын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 тоот шийдвэрээр Д.Бямбагараваас 26 943 218 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюуш, Горькийн 33-52 тоот орон сууцийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин, төлбөр төлөгчийг байлцуулахгүй, хөндлөнгийн гэрч оролцуулах эсэх талаар санал авахгүйгээр, хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2, 36.2 дахь болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гомдол гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/347 тоот хариуг эс зөвшөөрч байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр 29-ний өдрийн 5892 дугаар шийдвэрээр Д.Бямбагараваас 26 743 218 төгрөгийг Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Бямбагаравын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард гудамж Горькийн 33 дугаар байрны 52 тоот хаягт байрлах 43.89 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч Д.Бямбагарав гуайтай уулзах гэхээр огт олдохгүй байсан бөгөөд барьцаанд тавьсан байранд очиход Д.Бямбагарав нь уг орон сууцаа н.Ариунтунгалаг гэж хүнд түрээслээд өөрөө байхгүй байсан. Тэр хүнд нь шүүхийн шийдвэрийг танилцуулаад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахаар хуульчлаагүй байх тул Д.Бямбагаравын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол-ыг хүчингүйд тооцуулах тухай Д.Бямбагаравын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бямбагарав давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэхдээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон Ариунтунгалагт шүүхийн шийдвэрийг танилцуулаад ажиллагааны болон хөндлөнгийн гэрч оролцуулах эсэх талаар санал аваагүй, битүүмжлэх актад хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасныг өөрийн үзэмжээр тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 3041 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч уг маргаанд хамаарах хуулийг хэрэглээгүй тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Д.Бямбагарав нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 дугаартай эвлэрлийн гэрээг баталсан захирамжаар Д.Бямбагараваас 26 797 250 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1329 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Д.Бямбагаравын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард Аюуш Горькийн 33 дугаар байрны 52 тоот 1 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот тогтоолоор битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдах үед байлцах эрхтэй боловч тэрээр уг эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд уг ажиллагаанд орон сууцны эзэмшигч З.Ариунтунгалаг оролцсон, түүнд битүүмжилсэн эд зүйлд нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй байх, дур мэдэн захиран зарцуулахгүй байхыг сануулах зэрэг ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 30.2 дахь хэсэгт бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Шүүх шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх ёстой байтал шийдвэр гүйцэтгэлийн тодорхой ажиллагаа явуулах тухайн заалтыг буюу мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 102/ШШ2017/03041 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 гэснийг 34 дүгээр зүйлийн 34.3 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ