Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 3041

 


 

2017 оны 11 сарын 13 өдөр

     Дугаар 102/ШШ2017/03041

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ард Аюушийн гудамж, 33 дугаар байр, 52 тоотод оршин суух, Хулууд овогт Дашзэвэгийн Бямбагарав /РД:ух69030208/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд оршин байх, НШГА холбогдох,

  

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 тоот шийдвэрээр иргэн Д.Б нь “Хас” банкинд 26,943,218 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюуш, Горькийн 33-52 тоот орон сууцийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин, төлбөр төлөгчийг байлцуулахгүй, гуравдагч хөндлөнгийн гэрч оролцуулах эсэх талаар санал авахгүйгээр, хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2, 36.2 дахь болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан билээ. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гомдол гаргасан боловч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3/347 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариуг эс зөвшөөрч байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх актыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт буюу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 тоот шийдвэрээр би “Хас” банкинд 26,943,218 төгрөг төлөхөөр болж, уг шүүхийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэлийн ажиллагааг хийж эхэлсэн. Ийнхүү ажиллагааг хийж, миний эд хөрөнгө буюу орон сууцыг битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Тодруулбал, нэгдүгээр эд хөрөнгийг битүүмжлэхдээ төлбөр төлөгчийг буюу намайг байлцуулаагүй, хоёрдугаарт эд хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, байлцуулаагүй. Ийм байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2, 36.2 дахь  хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт буюу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү.

Би тухайн үед буюу эд хөрөнгө битүүмжлэх гэж шийдвэр гүйцэтгэх албанаас ирэхэд байраа н.Ариунтунгалаг гэж хүнд түрээслэж байсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ч өөрийн хаягийг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюуш, Горькийн 33-52 тоот гэж өгсөн байсан. Гэхдээ битүүмжлэх ажиллагааг дахин шинээр хийлгэх хүсэлтэй байна, НШГАтай бол эвлэрэх боломжгүй, шүүхээрээ маргаанаа шийдвэрлүүлнэ гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Бын тус албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр 29-ний өдрийн 5892 дугаар шийдвэрээр Д.Баас 26.743.218 төгрөгийг Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Бын үүргийн барьцаалсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард гудамж Горькийн 33 дугаар байрны 52 тоот хаягт байрлах 43,89 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахаар хуульчлаагүй байх тул Д.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Төлбөр төлөгч Д.Б гуайтай уулзах гэхээр огт олдохгүй байсан бөгөөд барьцаанд тавьсан байранд очиход Д.Б нь уг орон сууцаа н.Ариунтунгалаг гэж хүнд түрээслээд өөрөө байхгүй байсан. Тэр хүнд нь шүүхийн шийдвэрийг танилцуулаад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн. Бид Д.Бт дахин битүүмжлэх ажиллагааг шинээр хийе, цаг, өдрөө тохироод хөндлөнгийн гэрч болон өөрийг нь оролцуулаад ахиж хийе гэж удаа дараа хэлсэн. Өнөөдөр ч шүүх хуралдаан дээр цаг, өдрөө тохироод ажиллагааг шинээр хийхээр эвлэрэхэд бэлэн байна. Гэвч Д.Б нь цаг хугацаа хожих гээд ч юм уу эвлэрэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.      

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч НШГА нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05892 дугаар шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэн бичигдсэн 102/ГХ2016/00183 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу 17250362 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.

 

НШГА нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлснээс хойш буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 дугаартай тогтоолоор Д.Бын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч НШГА холбогдуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горькийн 33 дугаар байрны 52 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-ыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцыг битүүмжлэхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй, эд хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй” гэж тайлбарлав.  

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхилоо. Учир нь төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулах ба бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болохыг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч болон хөндлөнгийн гэрчийг уг ажиллагаанд заавал оролцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй байна.  

 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч маргаан бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул маргааныг шийдвэрлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэглэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан НШГА холбогдох, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүйд тооцуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     

 

      

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ