Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00655

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03041 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дүгээр магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

НШГАнд холбогдох

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 тоот шийдвэрээр Д.Баас 26 943 218 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюуш, Горькийн 33-52 тоот орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин, төлбөр төлөгчийг байлцуулахгүй, хөндлөнгийн гэрч оролцуулах эсэх талаар санал авахгүйгээр, хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2, 36.2 дахь болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гомдол гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/347 тоот хариуг эс зөвшөөрч байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр 29-ний өдрийн 5892 дугаар шийдвэрээр Д.Баас 26 743 218 төгрөгийг Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард гудамж Горькийн 33 дугаар байрны 52 тоот хаягт байрлах 43.89 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч Д.Б гуайтай уулзах гэхээр огт олдохгүй байсан бөгөөд барьцаанд тавьсан байранд очиход Д.Б нь уг орон сууцаа н.Ариунтунгалаг гэж хүнд түрээслээд өөрөө байхгүй байсан. Тэр хүнд нь шүүхийн шийдвэрийг танилцуулаад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахаар хуульчлаагүй байх тул Д.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03041 дүгээр шийдвэрээр 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан НШГАнд холбогдох, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол-ыг хүчингүйд тооцуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03041 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 гэснийг 34 дүгээр зүйлийн 34.3 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 5892 тоот шийдвэрээр Д.Б-аас 26 943 218 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу НШГА нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэж буй нь өмчлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 сарын 8-ны өдрийн 131 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулах эсэх талаар тохиролцох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болно. 2. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард Аюуш, Горькийн 33-52 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар санал тусгаагүй болно. 3. Шийдвэр гүйцэтгэх хуулинд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай шийдвэр тэмдэглэл хөтлөөгүй болно. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн байлцуулах эрхийг хэрэгжүүлээгүй болно. 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх акт үйлдэхдээ төлбөр төлөгчийг байлцуулах ёстой гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард Аюуш, Горькийн 33-52 тоот орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот битүүмжлэх актыг хүчингүйд тооцон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч НШГАнд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Тэрээр хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа өөрийг нь байлцуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Д.Б нь эвлэрлийн гэрээг баталсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5892 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 26 797 250 төгрөгийг Хас банкинд төлөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1329 дүгээр шүүгчийн захирамж, мөн өдрийн 183 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Төлбөр төлөгч Д.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард Аюуш Горькийн 33 дугаар байрны 52 тоот 1 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/0412 тоот тогтоолоор битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулах, харин бусад тохиолдолд өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болохыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасан тул төлбөр төлөгч Д.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх үед хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь хууль зөрчихгүй. Төлбөр төлөгч нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдах үед байлцах, тогтоолтой танилцах, тайлбар гаргах эрхтэй ба хариуцагчаас түүнийг эрхийг хязгаарлаагүй, уг ажиллагаанд орон сууцны эзэмшигч З.Ариунтунгалаг оролцсон, НШГА хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн 131 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА