Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01663

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01663

 

 

 

 

 

 

 

 

 

Самдунг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Алтанчимэгт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах агуулахын 2, 3 давхрын өргөтгөл барилгыг гэрээнд заасан хугацаанд Самдунг интернэшнл ХХК-д эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийг Л.Алтанчимэгт даалгах тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: БНСУ-ын Самдунг интернэшнл ХХК нь Монгол Улсад нийгмийн халамж үзүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явуулах зорилгоор Самдунг олон улсын салбар төлөөлөгчийн газар гэсэн нэртэй төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээж, иргэн Л.Алтанчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, түүний өмчлөлийн 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулахад 2, 3 давхрын өргөтгөл хийж, уг барилгыг Иннова констракшн ХХК-аар 2013-2014 онд бариулсан. Уг барилга нь БНСУ-ын засгийн газрын байгууллага болох Койкагийн хөрөнгөөр баригдсан. Барилгын газрын өмчлөгч Л.Алтанчимэг, түүний нөхөр М.Төмөр нар гэрээний үүргээ зөрчин 2015 оны 05 дугаар сараас сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тул Самдунг интернэшнл ХХК 2015 оны 07 дугаар сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх гэрээ цуцлах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн боловч Л.Алтанчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс Самдунг интернэшнл ХХК нь барилгыг эзэмшин үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд Л.Алтанчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулах дээр 2, 3 давхрын өргөтгөлийн барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээнд заасан хугацаанд Самдунг интернэшнл ХХК-д эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг Л.Алтанчимэгт даалгаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Л.Алтанчимэгийн тайлбарт:  Самдунг интернэшнл олон улсын салбар төлөөлөгчийн газар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс манай эзэмшлийн гарааш дээр 2, 3 давхрыг барихаар тохиролцохдоо 2 эксковатор болон Монголд оруулж ирсэн бүх юмны ашгийн 50 хувийг өгнө гэх мэтээр амлаж байсан. Амлалтанд нь хууртаж бүтэн 1 жилийн хугацаанд цалингүй, орлого олох хугацаагаа алдаж, мөн 2, 3 давхрын барилгад өөрийн 23 000 000 төгрөгийг оруулсан. Хамтын ажиллагааны гэрээнд уг барилгын ажил дууссан цагаас хойш гэж тодорхой бичсэн ба одоо ч барилгын ажил дуусаагүй байна. Гэрээг 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай Самдунг интернэшнл ХХК эзэмшихээр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д эд хөрөнгө эзэмших эрх нэхэмжлэгч тал олж аваагүй байхад энэ заалт хэрэгжихгүй, барилга бүрэн баригдаагүй байхад шууд эзэмшигч болох нөхцөл байхгүй. Нийгмийн халамж үзүүлэх барилга нь бүрэн баригдаагүй байхад хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо Орбитын 36-625 тоотод байрлах автомашин хадгалах агуулах дээрх 2, 3 давхрыг хамтын ажиллагааны гэрээний дагуу Самдунг интернэшнл ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг Л.Алтанчимэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Алтанчимэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Хэргийн 40 дүгээр хуудсанд хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэн мэдэгдэл өгсөн гэж нэхэмжлэл болон талуудын тайлбарт хэн аль нь гэрээнээс татгалзаж байгаагаа хэлдэг. Энэ байдал нь нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал 2015 оны 07 сард уг гэрээнээс татгалзсан байна.

Самдунг Интернэшнл ХХК нь 2015 оны 07 сард гэрээнээс татгалзсанаа илэрхийлсэн тул шаардах эрхээ алдсан тул анхдагч үүрэг буюу үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болно. Өөрөөр хэлбэл энэ өдөр гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа мэдэгдсэн байна. Хэргийн 41 дүгээр талд Самдонгийн олон улсын салбар төлөөгчийн газрын зөвшөөрөл нь 2013 оны 10 сарын 01-ний өдөр олгогдож, 2016 оны 10 сарын 01-ний өдөр хугацаа нь дууссан. БНСУ-д төвтэй Самдонгийн олон улсын салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацаа нь дууссан үйл ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан.

Л.Алтанчимэг нь гадаадын хөрөнгө оруулалттай Самдунг интернэшнл ХХК-тай гэрээ байгуулаагүй. Энэ компани 2016 оны 03 сарын 14-ний өдөр байгуулагдсан. Самдунг интернэшнл ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч нь надтай 2014 оны 07 сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд гэрээнээсээ нэхэмжлэгч татгалзаагүй бол барилгын ажил дууссан тохиолдолд 5 жилээр эзэмшүүлэх асуудал яригдаж эзэмшүүлэх гэрээ энэ үед хийгдэх ёстой байсныг шүүх зөв ойлгож дүгнэж чадаагүй. Эзэмших гэрээний асуудал яригдаагүй, хамтран ажиллах гэрээ хийгдсэн боловч нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч тал барилгын ажлаа ч дуусгахгүй өөрсдөө шүүхэд хандсан гэдгийг хурал бүр дээр хэлж байхад шүүх үйл ажиллагаа явуулах боломжийг хариуцагч олгоогүй гэж дүгнэлт хийсэн. 2014 оны 07 сарын 01-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээнд барилгын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай Самдунг интернэшнл ХХК эзэмшихээр гэрээ хийнэ гэсэн боловч энэ гэрээгээ хийгээгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас 3 давхрын барилгын ажил одоо ч дуусаагүй байна. Салбар төлөөлөгчийн газрын хүсэл зориг нийгмийн халамж үзүүлж, сургалт үйлдвэрлэл болон гадаад худалдаа явуулах байсныг шүүх хийсвэр байдлаар дүгнэсэн. Маргаан бүхий газрын өмчлөгч нь М.Төмөр болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмчлөгч М.Төмөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн машин хадгалах агуулах дээр 2,3 давхрын өргөтгөл барилгыг барихдаа өмчлөгч М.Төмөрийн зөвшөөрөлгүйгээр Л.Алтанцэцэг болон Самдунг интернэйшнл ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК нь хариуцагч Л.Алтанчимэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв талбайтай гарааш дээр нэмж барьцсан 2, 3 давхар барилгыг эзэмшүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв талбайтай гарааш дээр нэмж 2-3 давхар барьж, барилын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай эзэмших гэрээ байгуулах, хариуцагч нь өөрийн газар болон гараашийг ашиглах хугацаа дууссаны дараа өөр хүмүүст худалдах болон бусад өөрчлөлт хийх тохиолдолд харилцан тохиролцох үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 39/

 

Талууд дээрх хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 113 дугаар талд авагдсан Самдунг интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Самдонг ТББ-ыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Самдунг интернэшнл ХХК болгон өөрчлөн байгуулж, Самдонг ТББ-ын эрхэлж буй үйл ажиллагааг Самдунг интернэшнл ХХК хариуцан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь талууд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул барилгыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-ийн хариуцагч Л.Алтанчимэгт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, барилгын 2,3 давхрыг барихад гарсан зардал 462 738 779 төгрөг гаргуулах шаардлагыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 630 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 764 дугаар тогтоолоор гэрээнээс татгалзах хуульд заасан нөхцөл байдал бий болоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь гарааш дээр нэмж 2, 3 дугаар давхар бүхий барилга барих үүрэг хүлээснээс 2 дугаар давхрыг барьж ашиглалтад оруулсан, 3 дугаар давхрыг барьж дуусаагүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг тодорхойлох эрхийн хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн эзэмшлийн гарааш дээр нэмж 2, 3 дугаар давхар бүхий барилга бариулан, барилгын ажлыг дууссан нөхцөлд уг барилгыг 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг зөвшөөрч тохиролцон хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэвч барилгын 3 дугаар давхрын ажлыг дуусгах түүнчлэн ашиглалтад орсон 2 дугаар давхрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн бол шударгаар хэрэгжүүлэх учиртай.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-ийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх, гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хариуцагч Л.Алтанчимэгээс шаардах эрхтэй гэж үзсэнийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ