Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01873

 

“С И”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1663 дугаар магадлалтай,

“С И”ХХК-ний нэхэмжлэлтэй

Л.Ахолбогдох

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Аийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах агуулахын 2, 3 давхрын өргөтгөл барилгыг гэрээнд заасан хугацаанд ”С И”ХХК-д эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийг Л.Адаалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “С И”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: БНСУ-ын “С И”ХХК нь Монгол Улсад нийгмийн халамж үзүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явуулах зорилгоор Самдунг олон улсын салбар төлөөлөгчийн газар гэсэн нэртэй төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээж, иргэн Л.Атэй хамтран ажиллах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, түүний өмчлөлийн 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулахад 2, 3 давхрын өргөтгөл хийж, уг барилгыг Иннова констракшн ХХК-аар 2013-2014 онд бариулсан. Уг барилга нь БНСУ-ын засгийн газрын байгууллага болох Койкагийн хөрөнгөөр баригдсан. Барилгын газрын өмчлөгч Л.А, түүний нөхөр М.Төмөр нар гэрээний үүргээ зөрчин 2015 оны 05 дугаар сараас сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тул ”С И”ХХК 2015 оны 07 дугаар сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх гэрээ цуцлах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн боловч Л.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс “С И”ХХК нь барилгыг эзэмшин үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд Л.Аийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулах дээр 2, 3 давхрын өргөтгөлийн барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээнд заасан хугацаанд ”С И”ХХК-д эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг Л.Адаалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А шүүхэд гаргасан тайлбартаа: “С И”олон улсын салбар төлөөлөгчийн газар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс манай эзэмшлийн гарааш дээр 2, 3 давхрыг барихаар тохиролцохдоо 2 эксковатор болон Монголд оруулж ирсэн бүх юмны ашгийн 50 хувийг өгнө гэх мэтээр амлаж байсан. Амлалтанд нь хууртаж бүтэн 1 жилийн хугацаанд цалингүй, орлого олох хугацаагаа алдаж, мөн 2, 3 давхрын барилгад өөрийн 23 000 000 төгрөгийг оруулсан. Хамтын ажиллагааны гэрээнд уг барилгын ажил дууссан цагаас хойш гэж тодорхой бичсэн ба одоо ч барилгын ажил дуусаагүй байна. Гэрээг 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай ”С И”ХХК эзэмшихээр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д эд хөрөнгө эзэмших эрх нэхэмжлэгч тал олж аваагүй байхад энэ заалт хэрэгжихгүй, барилга бүрэн баригдаагүй байхад шууд эзэмшигч болох нөхцөл байхгүй. Нийгмийн халамж үзүүлэх барилга нь бүрэн баригдаагүй байхад хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо Орбитын 36-625 тоотод байрлах автомашин хадгалах агуулах дээрх 2, 3 давхрыг хамтын ажиллагааны гэрээний дагуу ”С И”ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг Л.Адаалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Аээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”С И”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1663 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. 1. Хэргийн 113 дугаар талд авагдсан “Самдунг интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр 2013 оны 10 сарын 01-ний өдөр байгуулагдсан Самдонг төрийн бус байгууллагыг 2016 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн “С И”ХХК болгон өөрчлөн байгуулж, Самдонг төрийн бус байгууллагын эрхэлж буй үйл ажиллагааг “С И”ХХК хариуцан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна...гэжээ. Гэтэл хх-ийн 41 хуудсанд Самдонгийн олон улсын салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрөл нь 2013 оны 10 сарын 01-ний өдөр олгогдож 2016 оны 10 сарын 01-нд хугацаа нь дууссан. БНСУ-д төвтэй Самдонгийн олон улсын салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацаа нь дууссан үйл ажиллагаа явуулаагүй байхад давж заалдах шатны шүүхийн магадлал буруу гарсан. Салбар төлөөлөгчийн газрын хүсэл зориг нийгмийн халамж үзүүлж, сургалт үйлдвэрлэл явуулах байсан, компаний хүсэл зориг гадаад худалдаа байсан. Эдгээрийг цаг хугацааны хувьд бүрэн дүүрэн ойлгоогүй давж заалдах шатны шүүх хийсвэр байдлаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр магадлалаа буруу гаргасан байна. 2. “Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг тодорхойлох эрхийн хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн эзэмшлийн гарааш дээр нэмж 2,3 дугаар давхар бүхий барилга бариулан барилгын ажил дууссан нөхцөлд уг барилгыг 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг зөвшөөрч тохиролцон хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэвч барилгын 3-р давхрын ажлыг дуусгах түүнчлэн ашиглалтанд орсон 2-р давхрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 186.1, 13.2-дах хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн бол шударгаар хэрэгжүүлэх учиртай гэжээ”... Гэтэл бусдын өмчлөлийн газар дээр буюу хх-н 136 дах талд уг маргаан бүхий газрын өмчлөгч нь М.Төмөр болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмчлөгч М.Төмөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж магадлал гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн машин хадгалах агуулах дээр 2, 3 давхарын өргөтгөл барилгыг барихдаа өмчлөгч М.Төмөрийн зөвшөөрөлгүйгээр Л.Алганцэцэг болон Самдонгийн олон улсын салбар төлөөгчийн газар хоорондоо хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг асуудлыг авч хэлэлцээгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасан журмын дагуу нотлох баримтын тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд хэдэн сарын хэдэнд ямар гэрээ байгуулсан талаар зөв ойлгоогүй, салбар төлөөлөгчийн газар, хуулийн этгээдийн чиг үүргийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийн заалтыг зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Үүнийг хяналтын шатны шүүхээс залруулага хийж болохгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. 

Нэхэмжлэгч “С И”ХХК нь хариуцагч Л.Ахолбогдуулан  Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв талбайтай гарааш дээр нэмж барьсан 2, 3 давхрын барилгыг эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэх агуулгатай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь 2 эксковатор, мөн үйл ажиллагааны ашгийн 50 хувийг өгнө гэсэн боловч амлалтаасаа буцсан, барилга барихад 23 000 000 төгрөг оруулсан, барилга бүрэн баригдаагүй, гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа...” гэсэн үндэслэл зааж, маргасан байна. Хариуцагчийн өмгөөлөгч энэ үндэслэлээр гомдол гаргаснаас гадна газар эзэмших эрх бүхий этгээд нь М.Төмөр болохыг шүүх анхаараагүй гэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхийг хүсчээ.

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ болохыг хоёр шатны шүүх дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-д заасан зохицуулалтын дагуу 2, 3 давхрын барилгыг эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Самдонг ТББ-ыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “С И”ХХК болгон өөрчлөн байгуулсан, нэхэмжлэгч нь уг гэрээний тал болох нь баримтаар тогтоогджээ. /хх-113/ “С И”ХХК нь хариуцагчийн эзэмшлийн гарааш дээр нэмж 2, 3 давхар бүхий барилга барихаас 2 дугаар давхрыг барьж ашиглалтад оруулсан, 3 дугаар давхрыг барьж дуусаагүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө “С И”ХХК нь Л.Ахолбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, барилгын 2,3 давхрыг барихад гарсан зардал 462 738 779 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 630 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 760 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 764 дугаар тогтоолоор “...гэрээнээс татгалзах хуульд заасан нөхцөл байдал бий болоогүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэрээ хүчин төгөлдөр, үргэлжилж байгаа тул гэрээний талууд хэн аль нь үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар талууд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчид нь хэрхэн хамтран ажиллах, 2, 3 давхарын өргөтгөлийн барилга дундын эд хөрөнгө мөн эсэх, нэхэмжлэгч нь барилгыг эзэмшилдээ авч үйл ажиллагааг явуулах бол хариуцагч нь ямар оролцоотой байх, ямар үр ашиг хүртэх зэргийг тодорхой болгож, хамтран ажиллах шаардлага байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар   сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1663 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА