Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2020/00745/И |
Дугаар | 125 |
Огноо | 2020-12-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 125
2020 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 207/МА2020/00125 |
Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.082.495 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Б.Мөнгөнцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч Бавуудэмбээ овогтой Мөнгөнцэцэг нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, ЗГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого, барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Хаан банкан дахь 5323010608 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 80484447, 88264447 дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төрөг хадгаламж зээлийн хоршоо-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 496.885 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.583.830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.805 нийт 2.303.521 төгрөг болж хуримтлагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл: 496.885 /Дөрвөн зуун ерэн зургаан мянга найман зуун наян таван/ төгрөг, хүү: 1.583.830 /Нэг сая таван зуун наян гурван мянга найман зуун гучин/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 222.805 /Хоёр зуун хорин хоёр мянга найман зуун таван/ төгрөг, Нийт: 2.303.521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн төгрөгийг гаргуулах. Иймд хариуцагч Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нартай байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2.303.521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, Д.Баянжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Зээлдэгч Бавуудэмбээ овогтой Мөнгөнцэцэг нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, ЗГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Хаан банкан дахь 5323010608 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 80484447, 88264447 дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төрөг хадгаламж зээлийн хоршоо-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. 2020 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2.303.521 төгрөг нэхэмжилсэн боловч одоогийн байдлаар төлөлт хийгдээгүй. Тухайн зээлийн хугацаа нь 2020 оны 08 сарын 01 -ны өдөр дуусгавар болж байгаа тул зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүүний төлбөр 312.710 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 3.466.266 төгрөг нийт 3.778.976 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл: 3,466,266 /Гурван сая дөрвөн зуун жаран зургаан мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөг, хүү: 312,710 /Гурван зуун арван хоёр мянга долоон зуун арван / төгрөг, Өмнөх нэхэмжлэлийн дүн: 2,303,521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн/ төгрөг, нийт: 6,082,495 /Зургаан сая наян хоёр мянга дөрвөн зуун ерэн таван/төгрөгийг гаргуулах. Иймд хариуцагч Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нартай байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,082,495 /Зургаан сая наян хоёр мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, Д.Баянжаргал нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Зээлдэгч Бавуудэмбээ овогтой Мөнгөнцэцэг нь Гялс төрөг хадгаламж зээлийн хоршоо-той 2018 оны 10 сарын 26-ны өдөр ЗГ/2852 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /Таван сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2019 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийг бүрэн төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд бизнесийн орлого муудсан тул Махimus фитнес клубд ресепшиний орон тоонд ажилд орсон иймд сар бүрийн цалингаасаа зээлийн төлбөрөө хийнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Манай байгууллага нь Б.Мөнгөнцэцэгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анх байгуулсан зээлийн гэрээний сарын хүү болох 8%-ийг бууруулан 5% болгон зээлийн гэрээг байгуулсан. Нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр зээлийн гэрээ байгуулах шаардлагатай тул 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/4185 тоот зээлийн гэрээ байгуулж 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр болсон. Энэхүү сунгасан хугацааны турш мөн л адил төлөхгүй байнга шаардуулж байсан тул манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Мөнгөнцэцэг би Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Мөнгөнцэцэг би 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээл авч , Мөнгөнцэцэг миний ХААН банкны 5323010609 данснаас Гялс төгрөгийн 5094685590 дансанд 3 сарын турш 1 529 000 төгрөг төлж барагдуулан , нэмж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг нэмж зээл авч үүнээс хойш мөн миний дээрх данснаас болон бэлэн өгсөн мөнгө 3 236 000 төгрөгийн төлөлт хийсэн. Мөн миний нөхөр А.Тальлаасүрэн ХААН банкны 5024453594 данснаас мөн эргэн төлөлт хийж байсан. Одоо манай нөхөр хөдөө байгаа учир дансны хуулгыг авч үнийн дүнг гаргаж чадахгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надтай тооцоо нийлэхгүйгээр тулган шаардаж, Монгол банканд мэдээлэл явуулж хар жагсаалтанд оруулна хэмээн сүрдүүлж үлдэгдэл 4 000 000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн. Миний тооцоогоор зээлсэн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож , нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Бавуудэмбээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Бавуудэмбээ би 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Гялс хадгаламж зээлийн хоршооны Орхон салбараас 2 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгө 4 000 000 байхаар дээрх гэрээнүүдэд батлан даагч болсон. Миний хувьд Гялс хадгаламж зээлийн хоршооноос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын төлөөлөгч Т.Мөнхтуяа, Д.Баянжаргал нар нь 2019 оны 08 дугаар сард өмнөх зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 сая төгрөг болсон, энэ 4 сая төгрөг дээрээ шинээр гэрээ хий, хийхгүй бол Монгол банканд мэдээлэл явуулж хар жагсаалтад оруулна гэж хэлээд, тооцоо ч нийлэлгүй хүчээр гарын үзэг зуруулсан. Одоо нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Мөнгөнцэцэг миний ХААН банкны 5323010608 тоот дансанд 4 сая шилжүүлсэн зүйл байхгүй юм. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөнцэцэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:
Б.Мөнгөнцэцэг миний бие Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Миний бие Б.Мөнгөнцэцэг нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээл авч, үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өдөр бүр 25 000 төгрөг төлж байгаад мөн өдөр нэмж-4 080 000 төгрөг зээлээд гэрээ байгуулсан юм. Иймд Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 2018 оны 08 дугаар сарын 09 болон мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтын шаардлагад нийцсэн хэлбэрээр гаргуулж, хэргийн материалд хавсаргаж өгнө үү. Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос гаргасан хариу тайлбарт ....хүүг бууруулж зээлийн гэрээ байгуулсан, нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр гэрээ байгуулах шаардлагатай тул гэрээ байгуулсан гэжээ. Зээлийн гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон ......эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор мөн үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, эдгээр хэлбэр шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хоршоо нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо, эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр нэг ч удаа хангаж байгаагүй, гэрээний гол нөхцөл болох хүү, зээлийн хүү хэрхэн бодож авах талаар тохиролцоогүй, 2018 оны 08, 10 дугаар сард байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй хэрнээ нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тооцсон, хуульд зааснаар зээлийг тодорхой хугацаатай зээлдэг байтал зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зээл авсны маргаанаас өгөхөөр зээлийн гэрээнд тусгасан зэрэг нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж, 2018 оны 08 сараас хойш намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анх зээл хүссэн өргөдөл бичүүлж авахдаа 5 хувийн хүүтэй зээл олгож өгнө үү гэж бичүүлж авсан хэрнээ зээлийн гэрээнд 5 хувь гэдгээ урамшуулал гэх утгаар оруулсан байсан, \үүнийг тухайн үед байгуулсан гэрээ байхгүй тул яг ямар утгаар оруулсныг тодорхой хэлж мэдэхгүй байна\ мөн зээлийн хүү хэтэрхий өндөр өөрөөр хэлбэл жилийн хүү 96%, сарын хүү нь 8% \5%\ байгаа нь бусад банк болон эрх бүхий бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас хэт өндөр байна, 2018-2020 оны хугацаанд Банкны дундаж бизнесийн зээлийн жилийн хүү 63-57% буюу нэг сарын хүү 2.1-1.9%, цалингийн зээлийн хүү 48-36%, нэг сарын хүү нь 1.6-1.2%, бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллагын бизнесийн зээлийн жилийн хүү 72-66%, нэг сарын хүү 2.4-2.2% байна. Миний бие Б.Мөнгөнцэцэг анх лангуу түрээслэн жижиглэнгийн худалдаа эрхэлж үр хүүхдээ тэжээх зорилготой зээл авсан гэтэл одоо лангууны түрээсээ төлж чадахгүй түрээслэгчид бүх бараа хураалган алдсан санхүүгийн хүнд нөхцөлд орсон байна. Худалдаа эрхэлж буй надад өдөр бүр эргэн төлөлттэй, нэг өдөр алгасахад хүү болон нэмэгдүүлсэн хүү бодон өгсөн мөнгийг үндсэн зээлээс хасагдах ямар ч нөхцөлгүй зээлийн хүүг бодох аргачлалаар бодож үйл ажиллагааг минь дампууруулсанд гомдолтой байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон анх нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо болон Орхон салбар нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж, ашиг олох зорилгоор гишүүн гэх нэр төдий зүйлээр дулдуйдаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгээс ч хэт өндөр хүү тогтоосон нь хуульд заасан ашгийн төлөө бус байх үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөнгөнцэцэгээс 1.048.000 төгрөг гаргуулан Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 0340 495 төгрөгийг, мөн В.Бавуудэмбээд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай шугамын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2018-08-09-ны өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.520 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөнцэцэгээс 29.702 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.,-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.
Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь зээлдэгч Б.Мөнгөнцэцэгтэй 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185/, ЗГ/4185 тоот зээлийн шугамын гэрээг байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг олгосон байдаг. Талууд гэрээг хийхдээ хууль ёсны дагуу харилцан тохиролцож хийсэн ба ямар нэгэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар буруу үйлдэл хийгээгүй.
Тиймээс зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.1.5 болон 8.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, зээлдэгчийн хоршооны гишүүн дэх нэрийн дансанд зээлийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 196.1.1., 56.1.1., 56.5.-д заасан заалтыг баримтлан шийдвэрээ гаргасан нь хэт нэг талыг өмгөөлсөн шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 56.1.1.-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан байдаг.
Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд Иргэний хуулийн 56.1.1.-ийг тайлбарласан байдаг бөгөөд үүнд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна гэж тайлбарласан. Гэтэл Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байхгүй юм.
Иргэний хуулийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан гэрээ албан бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байна. Иргэний хуулийн 56.1.1., 56.5-д заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэр нь өөрөө утга авцалдаагүй, хэт нэг талыг барьсан, зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6.082.495 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нэмэгдүүлсэн шаардлагаа хариуцагч Б.Мөнгөнцэцэг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Мөнгөнцэцэг, В.Бавуудэмбээ нар нь нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Б.Мөнгөнцэцэг нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 дугаартай шугамын зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 4 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан мөн өдөр нь зээлдэгчийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн, хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, В.Бавуудэмбээ нь хамтран зээлдэгчээр оролцсон зэрэг нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-4185 дугаартай зээлийн шугамын гэрээнд үндэслэж байгаа хэдий ч өмнө нь авсан зээлийн гэрээгээ үндэслэж шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг тул Б.Мөнгөнцэцэгийн дансанд Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос нийт 6.555.000 төгрөг шилжиж орсноор хариуцагч нь 5.507.000 төгрөг буцаан төлсөн болох нь талуудын тайлбар дансны хуулгуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хариуцагч Б.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгчид 1.048.000 төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагч урьд авч байсан зээлийн үлдэгдэл дээр гэрээ хийсэн 4 сая төгрөг дансанд шилжүүлээгүй гэсэн тайлбар гаргаж буй боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй, хэрэгт зээлийн тооцоолол гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх 1.048.000 төргөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд нийцсэн дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээний харилцаанд зээлийн тооцоолол зайлшгүй шаардлагатай ба үүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болох учиртай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ