Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 345

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1304 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 341 дүгээр магадлалтай, М.М-д холбогдох 1908032711616 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт М-ын М нь

2019 оны 6 дугаар сарын 3, 9-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-тай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэлдээ “... М.М нь 2019 оны 06 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-тай “Хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед өвдөг зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл шүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус дүүргийн прокурорын газраас М.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1157 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд: “Шүүгдэгч Ж.Б нь хэргийн үйл баримт, нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь хамтран амьдрагч Б.Б-г 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн харилцааны үл ойлголцлын улмаас үсдэж чирж, зодсон болох нь, мөн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч М.М нь “хүүхдээ өмөөрч муухай ааштай болголоо" гэх шалтгаанаар хамтран амьдрагч Б.Б-тай маргаж, түүний толгой, хоёр чих рүү нь 2-3 удаа цохиж зодсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Б.Б-гийн биед учирсан өвдөгт зулгаралт цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үүссэн. Харин шинжээчийн 7195 тоот дүгнэлтээр “Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар шинжээч дүгнэлт гаргасан байх ба, уг дүгнэлт гаргасан шинжээч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд “дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” талаар мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь тухайн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаардахаар хуульчилсан. Гэтэл прокуророос тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, өөр өөр цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.Түүнчлэн хүний бие махбодод шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж болно.

Гэтэл шүүгдэгч М.М-гийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Бг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан өвдөгт зулгаралт цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мөн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хохирогчид учруулсан хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь дээр дурдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа нь шүүгдэгчийн үйлдэл тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзнэ” гэж дүгнээд шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд:  “... хохирогч Б.Б “... 2019 оны 6 дугаар сарын 9-ний өглөө манай том хүү уйлсан чинь нөхөр М “чи хүүхэд өмөөрсөөр байгаад муухай ааштай уйлдаг болгочихлоо” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа. хоёр чих рүү бас 2- 3 удаа цохиж зодсон Мягмарсүрэнд цохиулснаас болж миний толгой өвдөж чих хөхөрсөн. Тэр өдрөөс 7 хоногийн өмнө хүүхэд уйлснаас болж бид маргалдахад миний үснээс зулгаагаад газар чирээд өвдөг гэмтээсэн. 2019 оны 6 дугаар сарын 9-ний өглөө чих рүү гараараа цохиж чихний гэмтлийг учруулсан ...” гэж мэдүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны  6 дугаар сарын 13-ны өдрийн 7195 дугаартай “Б-ийн биед өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Дээрх дүгнэлтийн талаар шинжээчээс тодруулахад шинжээч Н.Туяа “... Б.Б-гийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлуүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”гэж мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй. Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээс эсрэг мэдүүлэг өгсөн байна

Хохирогч Б.Б-гийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үүссэн байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй харин нэг өдөр үүссэн байвал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн журам гэмтлийн ээрэг тогтоох шалгуурт байхгүй байна.

Прокуророос М.М нь хохирогч Б.Бтай 2019 оны 6 дугаар сарын 3, 6 дугаар сарын 9-ний өдрүүдэд “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар марган зодсон гэж зөвхөн ганцхан удаагийн үйл баримтаар яллах дүгнэлт үйлдсэн ба 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ямар шалтгаанаар хэрхэн яаж зодсон талаар огт дүгнээгүй тул энэ талаар яллах боломжгүй байна.

Прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар М.М-г 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн хэргийн талаарх агуулга, хэрэг үйлдсэн газар учруулсан хохирол, хэргийн нотлох баримтын талаар тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэв прокурорын дүгнэлтээр гэмтэл 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үүссэн гэж үзэх юм бол дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэдгийг шинжээч тайлбарласан бөгөөд өөр өөр цаг хугацаанд хохирогчийн биед учирсан гэх гэмтлийн зэрэг тогтоохооргүй “эмнэл зүйн шинж илрээгүй зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 сарын 5 ны өдрийн 422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар бол "шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг л тодорхойлох” ёстой байсан байна.

Иймээс гэмт хэргийн үйл баримт тогдоогдоогүй байхад “Үргэлжилсэн үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн прокурорын хуульд нийцээгүй яллах дүгнэлтээр бусдыг яллах боломжгүй” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан “Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч М.М нь 2 удаагийн үйлдлээр хохирогч Б.Б-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу тус хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хууль зүйн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

М.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн үйлдэл ба эдгээр үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шинжээчид үзүүлсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь цогцоороо хөнгөн гэмтлийн шинжийг хангасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нь 2 удаагийн үйлдлээр хохирогчийн биед халдсан, үүний улмаас хохирогчийн биед дээрх гэмтлүүд учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон ба дээрх 2 үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, учирсан хохирлууд нь нийлж нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эсүйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлсон.

Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг “... шүүгдэгчийн үйлдэл тус бүрдээ гэмт хэргийн шинж хангасан байхыг шаардаж буюу М.М-гийн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй” гэж илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, түүнд бичсэн прокурорын эсэргүүцэлд дурдсан хэргийн үйл баримт, яллагдагчийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо болон гэмт хэргийн шинжийн талаар дүгнэлгүйгээр, шинжээч дүгнэлтээсээ эсрэг мэдүүлэг өгсөн, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эмчид үзүүлсэн цаг хугацааны үеийн гэмтлийн зэргийг үнэлж гаргасан дүгнэлт бөгөөд тухайн цаг үед хохирогчийн өвдөгт зулгаралт цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд учирсан байсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн мэдүүлэг нь М.М-гийн 2 удаагийн үйлдлийн улмаас учирсан гэмтэл тус бүр нь бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход ач холбогдол бүхий, шинжээчийн дүгнэлтийг тодруулсан мэдүүлэг байх тул гаргасан дүгнэлтээс эсрэг мэдүүлэг гэж үзэхгүй.

 М.М нь хохирогчид 2019 оны 6 дугаар сарын 03, 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд 1 газарт, адил шалтгаанаар гэмтэл учруулсан байх тул прокуророос “М.М нь 2019 оны 06 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн ** дугаар гудамжны 36 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-тай “Хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон” гэж дүгнэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрвээ прокурорын яллах дүгнэлт хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1304 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 341 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...М.М-д холбогдох хэрэгт бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй, хэргийг бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Шүүгдэгч М.М нь 2019 оны 06 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд хамтран амьдрагч Б.Б-тай маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн буюу өөр цаг хугацаанд санаатай үйлдлээр бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинж болох хохирол, хор уршиг учруулсан тохиолдолд дээрх зохицуулалтыг баримталж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос М.Мг 2019 оны 6 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн ** дугаар гудамжны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-тай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан М.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.М нь хүний халдашгүй байх эрхийг зөрчин хохирогч Б.Б-гийн биед /2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн эрүүл мэндэд өвдөгт зулгаралт, цус хуралт 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёр чихний дэлбэнд цус хуралт/ хоёр удаагийн үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх боловч шинжээчийн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гаргасан мэдүүлэг, тайлбартаа дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар тодорхой тусгасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7195 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч М.Мгийн хоёр удаагийн үйлдэл тус бүр нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангахгүй болохыг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын хувьд “тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй” нь тус бүрдээ гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

Харин өөр өөр цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг нийлбэрээр нь хөнгөн гэмтэл учруулсан гэж гэмт хэрэгт шилжүүлэх байдлаар дүгнэх боломжгүй болно.

Нэгтгэн дүгнэвэл М.М-гийн үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр /гэмт хэргийн шинжгүй/ М.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

       Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1304 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт  шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд хяналтын шатны шүүхээс үүнийг зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт буюу 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт гэж өөрчлөх нь хуульд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1304 дүгээр цагаатгах тогтоолын 1 дэх хэсгийн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ...” гэснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ...” гэж өөрчлөн цагаатгах тогтоолын бусад заалт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 341 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН