Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1304

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт М-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0327 11616 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт М-ын М Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны 36 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Болормаатай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:

            Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0327 11616 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:

 

  1. Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... Би Мөнхбатын М-тэй 2016 онд танилцаж, хамт амьдраад 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Анхбаяр, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Бархасбадь гэдэг хүүтэй болсон. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 36-36 тоотод гэр барьж тусдаа амьдарч эхэлсэн. Бид хоёр хааяа гэр бүлийн хэрүүлээс болж маргалдаж муудалцдаг. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өглөө манай том хүү уйлсан чинь нөхөр М “чи хүүхэд өмөөрсөөр байгаад муухай ааштай, уйлдаг болгочихлоо” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа, хоёр чих рүү бас 2-3 удаа цохиж зодсон. М-д цохиулснаас болж миний толгой өвдөж чих хөхөрсөн. Тэр өдрөөс 7 хоногийн өмнө хүүхэд уйлснаас болж бид маргалдахад миний үснээс зулгаагаад, газар чирээд өвдөг гэмтээсэн. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өглөө чих рүү гараараа цохиж чихний гэмтлийг учруулсан. Тэр өдрөөс 7 хоногийн өмнө намайг үсдэж чирэхэд өвгөнд гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

                                                                                                                             

  1. Гэрч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “... Б.Болормаа, М.М нарт 2019 оны 02 дугаар сард гэр барьж өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 09-ний орой Болормааг ах Бямба-Осор нь 2 хүүхдийнх нь хамт манай гэрт хүргэж өгсөн. Тухайн үед 2 чих нь хөхөрсөн, өвдөг нь халцарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

  1. Гэрч Х.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... Миний охин Болормаа М гэх залуутай хэдэн жилийн өмнөөс гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. 2019 оны 3 дугаар сараас хойш хадмынхаа хашаанд гэр барьж тусдаа амьдарсан. ...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай охин төрсөн ах Бямба-Осор руу яриад “нөхөртөө зодуулчихлаа, ирж ав” гэсний дагуу ах нь очиж аваад манай ээжийнд аваачиж өгсөн гэсэн. Маргааш өдөр нь цагдаад өргөдөл өгөөд, охин Болормааг шүүх эмнэлэгт үзүүлэх үед хоёр чих нь хөхрөөд хавдсан, өвдөг нь шалбарсан байсан тул өвдгийг нь юунаас болж шалбарсан талаар асуухад хэд хоногийн өмнө нөхөртэйгээ муудалцаад, намайг чирээд шалбалсан, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ өмөөрлөө гэж цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

  1. Гэрч Б.Бямба-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... 2019 оны 6 дугаар сарын 09-ний өглөө дүү Болормаа залгаад “нөхөртэйгээ муудалцаад байна, та ирээд аваач” гэсний дагуу гэрт нь очиход хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд би дүүг хоёр хүүхдийнх нь хамт эмээгийнд хүргэж өгсөн. Тэр өдрийн орой нь эмээ Баяртогтох над руу утсаар ярихдаа “нөхөр нь чих рүү нь алгадсан, улайсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

  1. Шүүгдэгч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “... Эхнэр бид хоёр танилцаад 4 жил орчим болсон, дундаасаа хоёр хүүхэдтэй. 2019 оны 3 дугаар сард бага хүү төрөх үед бид хоёр тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай хүү янз бүрийн үг хэлээд байхаар нь “миний хүү болохгүй” гэж хэлэхэд хүү уйлсан. Тэгтэл Болормаа “чи миний хүүхэд рүү юм хэлдэг хэн бэ” гэж уурлаад бид хоёр хэрэлдэж байгаад би уурандаа эхнэрийнхээ толгой, хоёр чих рүү нь 2-3 удаа алгадсан. Тэгээд удалгүй ах нь ирж над руу уурлаж байгаад явсан. Энэ өдрөөс хэд хоногийн өмнө эхнэр бид хоёр жаахан зүйлээс болж маргалдаж байгаад “гэртээ орооч” гээд татахад газар унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7195 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун өвдөгний гадна 3х2 см хөхөлбөр өнгийн захаараа шаргал туяатай цус хуралттай, баруун өвдөгт 1х1.5 см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай. Хоёр чихний дэлбэн нилэнхүйдээ хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:                                                                               

-Болормаагийн биед өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

7. Шинжээч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Өвдөгт зулгаралт гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын эхэнд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

            8. Хохирогч Б.Болормаагийн хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 67 дугаар тал),

 

9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-50 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

10. Шүүгдэгч М.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар тал), "Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 73-77 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 36-36 тоотод хамтран амьдрагч болох Б.Болормаатай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч М.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.М-гийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Прокуророос шүүгдэгч М.М-г 2019 оны 6 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны 36 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Болормаатай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба, дараах үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэв.

 

Хэргийн үйл баримт, нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь хамтран амьдрагч Б.Болормааг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн харилцааны үл ойлголцлын улмаас үсдэж чирж, зодсон болох нь:

-хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 09-ний ...өдрөөс 7 хоногийн өмнө намайг үсдэж чирэхэд өвгөнд гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-гэрч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Б.Болормаагийн 2 чих нь хөхөрсөн, өвдөг нь халцарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-гэрч Х.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Болормааг шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...өвдгийг нь юунаас болж шалбарсан талаар асуухад хэд хоногийн өмнө нөхөртэйгээ муудалцаад, намайг чирээд шалбалсан гэсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-шүүгдэгч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс ...хэд хоногийн өмнө эхнэр бид хоёр жаахан зүйлээс болж маргалдаж байгаад “гэртээ орооч” гээд татахад газар унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-шинжээчийн 7195 тоот “...Болормаагийн биед өвдөгт зулгаралт, цус хуралт, ...гэмтэл тогтоогдлоо. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал) зэргээр тогтоогдсон.

Мөн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч М.М нь хүүхдээ өмөөрч муухай ааштай болголоо гэх шалтгаанаар хамтран амьдрагч Б.Болормаатай маргаж, түүний толгой, хоёр чих рүү нь 2-3 удаа цохиж зодсон болох нь:

-хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өглөө манай том хүү уйлсан чинь нөхөр М “чи хүүхэд өмөөрсөөр байгаад муухай ааштай, уйлдаг болгочихлоо” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа, хоёр чих рүү бас 2-3 удаа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-гэрч Х.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Болормааг шүүх эмнэлэгт үзүүлэх үед хоёр чих нь хөхрөөд хавдсан байсан. ...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ өмөөрлөө гэж цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-гэрч Б.Бямба-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 6 дугаар сарын 09-ний ...орой нь эмээ Баяртогтох над руу утсаар ярихдаа “нөхөр нь чих рүү нь алгадсан, улайсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

-гэрч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед Б.Болормаагийн 2 чих нь хөхөрсөн, өвдөг нь халцарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Шүүгдэгч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай хүү янз бүрийн үг хэлээд байхаар нь “миний хүү болохгүй” гэж хэлэхэд хүү уйлсан. Тэгтэл Болормаа “чи миний хүүхэд рүү юм хэлдэг хэн бэ” гэж уурлаад бид хоёр хэрэлдэж байгаад би уурандаа эхнэрийнхээ толгой, хоёр чих рүү нь 2-3 удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), 

-шинжээчийн 7195 тоот Б.Болормаагийн биед “...өвдөгт зулгаралт, цус хуралт ...” бүхий гэмтэл тогтоогдсон гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Б.Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үүссэн. Тодруулбал: 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч М.М нь хохирогч Б.Болормааг зодож, түүний өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлийг учруулсан, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мөн шүүгдэгч нь хохирогчийг зодож “хоёр чихний дэлбэнд цус хуралт” гэмтэл тус тус учруулсан байна.

Харин шинжээчийн 7195 тоот дүгнэлтээр “Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар шинжээч дүгнэлт гаргасан байх ба, уг дүгнэлт гаргасан шинжээч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд “дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” талаар мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь тухайн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаардахаар хуульчилсан.

Гэтэл прокуророос тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, өөр өөр  цаг хугацаанд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Түүнчлэн хүний бие махбодид шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж болно.

Гэтэл шүүгдэгч М.М-гийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Болормааг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан өвдөгт зулгаралт цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй,

-мөн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хохирогчид учруулсан хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь дээр дурдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэгт  хамаарахгүй байгаа нь шүүгдэгчийн үйлдэл тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлт, гэм буруугийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар   зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагтаатгах үндэстэй байна.

 

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5,  36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт М-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М-г цагаатгасугай.

 

2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг  тус тус дурдсугай.

 

            3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            5. Эрх бүхий этгээд шүүхийн цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА