Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

    2020           3             24                                       2020/ДШМ/341 

 

 

 

М.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор М.Сансарсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1304 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сансарсайханы 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 4 дугаартай эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд М.Мд холбогдох эрүүгийн 1908032711616 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овгийн М.М, 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВА97031716/;

 

М.М нь 2019 оны 6 дугаар сарын 3, 9-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 36 дугаар гудамжны 36 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Болормаатай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөгт зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Мг цагаатгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. 

Мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн тухай ойлголтод шинэлэг зохицуулалт болгон оруулсан “үргэлжилсэн үйлдэл”-ийг гэмт хэрэгт тооцох тухай зохицуулалт юм. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлсон. Үргэлжилсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай хуулийн дээрх ойлголт, томьёолол нь ямар нэгэн эргэлзээгүй, туйлын тодорхой байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн гэм буруутай, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь нийлээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байвал түүнийг гэмт хэрэг гэж үзэхээр байна. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг “...шүүгдэгчийн үйлдэл тус бүрдээ гэмт хэргийн шинж хангасан байхыг шаардаж буюу М.Мгийн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй” гэж илтэд буруу ойлгон тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаатай эдлүүлэхээр хуульчлан зохицуулж хамгаалсан. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго орших ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн тохирох хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан байна. Шүүгдэгч М.М нь гэр бүлийн харилцаатай буюу хамтран амьдрагч Б.Болормаатай 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүүхэд уйлууллаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэн чирж, зодсоны улмаас өвдөгт нь цус хуралт, зулгаралт гэмтэл учруулж, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож хоёр чихний дэлбэнд нилэнхүйд нь цус хуралт бүхий гэмтэл, хохирлыг тус тус учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Б.Болормаагийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа талаар хэрэгт авагдсан шинжээч эмчийн 7195 дугаартай дүгнэлтэд тодорхой тусгагдсан байна. Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг гэдэг нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний  бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос хойш буюу түр хугацаагаар сарниулсан” шалгуур шинжтэй байна гэжээ. Харин тус журмын 2.6-д эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан. Гэтэл Б.Болормаагийн биед учирсан гэмтэлд шинжилгээ хийх үед түүний биед “өвдөгт цус хуралт, зулгаралт, хоёр чихний дэлбэнд нилэнхүйд нь цус хуралт бүхий гэмтэл” тогтоогдсон буюу 2019 оны 6 дугаар сарын 3, 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрүүдэд тус тус үүссэн тухайн гэмтлүүдийн зовиур, шаналал, эмнэл зүйн шинж нь арилаагүй, тус гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал Б.Болормаад илэрч байжээ. Өөрөөр хэлбэл Б.Болормаагийн биед үүссэн тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд өөр өөр цаг хугацаанд үүссэн байж боловч тэдгээрээс үүсэх хор уршиг, шинж тэмдэг нь арилаагүй, нэг үр дагаврыг үүсгэж байгаад шүүх анхаарч, зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар М.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээд нь гэр бүлийн гишүүний буюу эхнэр, нөхөр, хамтран амьдрагч этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах болон бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх ба тус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж түүнд ял завших нөхцөл байдлыг үүсгэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1304 дугаартай “цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос М.Мг 2019 оны 6 дугаар сарын 3, 9-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 36-36 тоотод хамтран амьдрагч болох Б.Болормаатай “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед өвдөг зулгаралт, цус хуралт, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Мг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн байна. Учир нь,

 

хохирогч Б.Болормаа “...2019 оны 6 дугаар сарын 9-ний өглөө манай том хүү уйлсан чинь нөхөр Мягмарсүрэн “чи хүүхэд өмөөрсөөр байгаад муухай ааштай, уйлдаг болгочихлоо” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа, хоёр чих рүү бас 2-3 удаа цохиж зодсон. Мягмарсүрэнд цохиулснаас болж миний толгой өвдөж чих хөхөрсөн. Тэр өдрөөс 7 хоногийн өмнө хүүхэд уйлснаас болж бид маргалдахад миний үснээс зулгаагаад, газар чирээд өвдөг гэмтээсэн. 2019 оны 6 дугаар сарын 9-ний өглөө чих рүү гараараа цохиж чихний гэмтлийг учруулсан. ...” /хх 21/ гэж мэдүүлжээ.

 

Харин мөрдөгчийн шинжээч томилох тухай 2019 оны 6 дугаар сарын 10-ны тогтоол нь хохирогч Б.Болормаагийн 2019 оны 6 дугаар сарын 9-нд зодуулсан гэх үйлдэлд дүгнэлт гаргуулахаар заасан /9х/ бөгөөд уг тогтоолын дагуу тухайн өдөр зодуулсан гэх Б.Болормаагийн биед үзлэг хийж,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7195 дугаартай “...Болормаагийн биед өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /хх 23/ гэсэн дүгнэлт гарчээ.

 

Дээрх дүгнэлтийн талаар шинжээчээс тодруулахад шинжээч Н.Туяа “...Б.Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  ...” /хх 26/ гэж мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээс эсрэг мэдүүлэг өгсөн байна.

 

Хохирогч Б.Болормаагийн биед учирсан өвдөгт зулгаралт, цус хуралт, хоёр чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үүссэн байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин нэг өдөр үүссэн байвал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн журам гэмтлийн зэрэг тогтоох шалгуурт байхгүй байна.

 

            Прокуророос   М.М нь   хохирогч  Б.Болормаатай 2019 оны 6  дугаар сарын 3,  6 дугаар сарын 9-ны өдрүүдэд “хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар марган  зодсон гэж  зөвхөн ганцхан удаагийг үйл баримтаар яллах дүгнэлт үйлдсэн ба 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ямар шалтгаанаар хэрхэн яаж зодсон талаар огт дүгнээгүй тул энэ талаар яллах боломжгүй байна.

         

            Прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар М.Мг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн хэргийн талаарх агуулга, хэрэг үйлдсэн газар, учруулсан хохирол, хэргийн нотлох баримтын талаар тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэв прокурорын дүгнэлтээр  гэмтэл 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үүссэн гэж үзэх юм бол дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэдгийг шинжээч тайлбарласан бөгөөд өөр өөр цаг хугацаанд хохирогчийн биед учирсан гэх гэмтлийн зэрэг тогтоохооргүй “эмнэл зүйн шинж илрээгүй зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  2014 оны 12 сарын 5 ны өдрийн 422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар бол  “шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг л тодорхойлох” ёстой байсан байна.  

         

            Иймээс гэмт хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад “ үргэлжилсэн үйлдлээр хөнгөн гэмтэл  учруулсан” гэж дүгнэсэн прокурорын хуульд нийцээгүй  яллах дүгнэлтээр бусдыг яллах боломжгүй.

         

            Анхан шатны шүүхийн “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож М.Мг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Сансарсайханы 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 4 дугаартай эсэргүүцлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1304 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Сансарсайханы 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ