Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00165

 

 

 

 

 

 

2018 01 12

210/МА2018/00165

 

 

Ээжийн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 182/ШШ2017/01948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ээжийн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Нарантуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулах үндсэн, хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ээжийн буян ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э.Нарантуяа нь 2016 оны 06 сарын 27-ны өдөр Ээжийн буян ХХК-аас барьцаагүй 1 320 000 төгрөгийг зээлж 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохирч хэлцэл хийсэн. Э.Нарантуяа нь зээлийн төлбөрөө өдий хүртэл төлөхгүй байх тул зээлийн гэрээний төлбөрт 1 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл хэлэлцэгдэхгүй байх тул тайлбар өгөх шаардлагагүй. Мөнгө төлөх графикийг Э.Нарантуяа өөрөө төлнө гэж бичиж гаргаж өгсөн гэжээ. 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Өөрийн танил н.Лхагвасүрэнгээр дамжуулан түүний найз Ээжийн буян ХХК-аас уг зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд хааяа мөнгө өгч, зээлийн хүү 160 000 төгрөгийг сар бүр төлж, гэрээний хугацааг 11 сараар сунгасан юм. Зээлийн гэрээний төлбөрийн 1 320 000 төгрөгийг барьцаанд тавьсан хөөргийг минь үзүүлэхгүй байсан болохоор төлөөгүй. Барьцааны хөөрөг нь эртний хийцийн дунд гарын халтар манан, шүрэн толгойтой, алтан нуухтай, халбага нь 2 хулганын дүрс бүхий алтан утсаар ороосон, зааны ясан халбагатай хөөрөг юм. Д.Болдбаатар нь зээлийн барьцаанд авсан дээрх хөөргийг надад буцааж өгөөгүй байж зээлийн үлдэгдэл 1 320 000 төгрөгийг нэхэж байна. Хөөргийг бусдад шилжүүлсэн, одоо хөөрөг хаана байгаа нь тодорхой биш, түүний хувьд миний хөөргийг хууль бусаар захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг үндэслэн учирсан хохирол болох хөөрөгний үнэ 6 000 000 төгрөгийг Д.Болдбаатараас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Э.Нарантуяагаас 1 320 000 төгрөгийг гаргуулж Ээжийн буян ХХК-д олгож,

 Э.Нарантуяагийн Ээжийн буян ХХК-аас хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Э.Нарантуяад буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 36 070 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 34 130 төгрөгийг улсаас, 36 070 төгрөгийг хариуцагч Э.Нарантуяагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Нарантуяа давж заалдах гомдолдоо: Би н.дЛхагвасүрэнгээр дамжуулан 2014 онд нэхэмжлэгч компанийн ломбарданд шүрэн толгойтой халтар манан хөөрөг 2 000 000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Энэ зээл нь сарын 8 хувийн хүүтэй бөгөөд сард 160 000 төгрөгийн хүүг жил гаран төлсөн. Энэ хугацаанд Лхагвасүрэнгээс 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй нэмж зээлдэн авч, 6-7 сарын хугацаанд сар бүр 80 000 төгрөгийн хүү төлсөн. Лхагвасүрэн, Болдбаатар нар миний хөөргийг 3 000 000 төгрөгт зарсан, өр авлага байхгүй гэсэн боловч, 2 000 000 төгрөгт бодоод ишигтэй ямаа авсан тул зөрүү 1 320 000 төгрөг нэхсэн. Сүүлд Болдбаатар намайг элдвээр дарамталж, хуурамч бичиг бичүүлж, гарын үсэг зуруулсан тул үүнийг нотлох гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Ээжийн буян ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, 1 320 000 төгрөгийг надад шилжүүлэн өгөөгүй тул хөөргөө буцаан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээрх нөхцөл бодит үнэн тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ээжийн буян ХХК нь хариуцагч Э.Нарантуяад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг түүний өмгөөлөгчийн хүсэлтээр буцааж, мөн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх ба давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрээр нэхэмжлэгчийг зээлийн гэрээний барьцааны зүйл болох хөөргийг захиран зарцуулсан тул хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

Хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Э.Дамба оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбар гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч өөрөө ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж болно гэжээ. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь буруу.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан агуулгаас үзвэл нэхэмжлэл гаргасан тал шүүх хуралдаанд шаардлагаа дэмжиж ирээгүй бол шүүх эсрэг талын хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад энэ талаар нэхэмжлэгчээс тодруулалгүй хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагч нь зээл, зээлийн хүүд 1 760 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тэмдэглэлийн дэвтэр гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 8812 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 182/ШШ2017/01948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нарантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ