Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00687

 

“Э Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01948 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00165 дугаар магадлалтай,

“Э Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Э.Нд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантулга, хариуцагч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н нь 2016 оны 06 сарын 27-ны өдөр “Э Б”ХХК-аас барьцаагүй 1 320 000 төгрөгийг зээлж 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохирч хэлцэл хийсэн. Э.Н нь зээлийн төлбөрөө өдий хүртэл төлөхгүй байх тул зээлийн гэрээний төлбөрт 1 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл хэлэлцэгдэхгүй байх тул тайлбар өгөх шаардлагагүй. Мөнгө төлөх графикийг Э.Н өөрөө төлнө гэж бичиж гаргаж өгсөн гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Өөрийн танил н.Лхагвасүрэнгээр дамжуулан түүний найз “Э Б”ХХК-аас уг зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд хааяа мөнгө өгч, зээлийн хүү 160 000 төгрөгийг сар бүр төлж, гэрээний хугацааг 11 сараар сунгасан юм. Зээлийн гэрээний төлбөрийн 1 320 000 төгрөгийг барьцаанд тавьсан хөөргийг минь үзүүлэхгүй байсан болохоор төлөөгүй. Барьцааны хөөрөг нь эртний хийцийн дунд гарын халтар манан, шүрэн толгойтой, алтан нуухтай, халбага нь 2 хулганын дүрс бүхий алтан утсаар ороосон, зааны ясан халбагатай хөөрөг юм. Д.Болдбаатар нь зээлийн барьцаанд авсан дээрх хөөргийг надад буцааж өгөөгүй байж зээлийн үлдэгдэл 1 320 000 төгрөгийг нэхэж байна. Хөөргийг бусдад шилжүүлсэн, одоо хөөрөг хаана байгаа нь тодорхой биш, түүний хувьд миний хөөргийг хууль бусаар захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг үндэслэн учирсан хохирол болох хөөрөгний үнэ 6 000 000 төгрөгийг Д.Болдбаатараас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01948 дугаар шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Э.Нгаас 1 320 000 төгрөгийг гаргуулж “Э Б”ХХК-д олгож, Э.Нгийн “Э Б”ХХК-аас хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Э.Нд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 36 070 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 34 130 төгрөгийг улсаас, 36 070 төгрөгийг хариуцагч Э.Нгаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00165 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын гомдолдоо: Б.Ганбат миний биө магадлалыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардаж аваад давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргаагүй, магадлал нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь: Магадлалын хянавал хэсэгт: “...Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг түүний өмгөөлөгчийн хүсэлтээр буцаасан нь буруу нэхэмжлэгчээс энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэгчээс тэмдэглэлийн дэвтэр гаргуулах хүсэлтийг хангасан атлаа биелэлтийг хангаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: -Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хуралдаанд ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан, энэ нь хурлын тэмдэглэлд бичигдсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат миний бие “...өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн гэрчээр хариуцагч хөөргөө ирж авсан гэдгийг хариуцагчтай хамт ирж хөөрөг авч явсан найзыг нь гэрчээр дуудсан байсан юм, гэхдээ сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаан бол энэ удаад гэрчээс хөөрөгний талаар тодруулахаа болий, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаад нэмж хэлэх зүйл алга” гэж хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хэлсэн байдаг тул сөрөг нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч тэмдэглэлийн дэвтэр байгаа, үүнийг гаргаж өгөхийг хүсэж шүүгчийн захирамж гарсан хэдий ч дээрх хүсэлтэнд дурьдсан хар дэвтэр гэх зүйл нэхэмжлэгчид байдаггүй, байхгүй зүйлийг шаардсан талаар удаа дараа, мөн шүүх хурал дээр ч мөн тайлбарлаж хэлсэн байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Б”ХХК нь хариуцагч Э.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь барьцаанд тавьсан хөөрөгний үнэ 6 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэлийг буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Магадлалд заасан үндэслэлээс гадна зээлийн барьцаанд хөөрөг тавьсан эсэх талаарх зохигчдын мэтгэлцсэн асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй, зохигчийн хооронд зээлийн гэрээ эсвэл барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон эсэхийг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогджээ. Иймд “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

“Э Б”ХХКомпани 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож, зээл 1 320 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагч Э.Н “...2014 онд “Э Б”ломбардаас 2 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны сүүл хүртэл хүүд 1 760 000 төгрөгийг төлсөн. Энэ өр бараг төлөгдөж дууссан. 2016 оны 6 сард 1 320 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гээд баталгаа гаргуулсан бөгөөд уг мөнгийг зээлж аваагүй юм. Миний барьцаанд өгсөн хөөргийг үзүүлэхгүй байсан учраас энэ мөнгийг төлөөгүй...” нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл бус зээлдэгч буюу Э.Нгийн үүргээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай баримт болохыг шүүх анхаараагүй байна. “Э Б”ХХКомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд ...барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх ба талуудын хооронд зээлийн гэрээний ямар төрлийн харилцаа үүссэн, эрх зүйн харилцааг шүүх үндэслэл бүхий тодорхойлсон гэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч/хх-20,21/, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулжээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг зээлийн гэрээний барьцааны зүйл болох хөөргийг захиран зарцуулсан тул хөөрөгний үнэ 6 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тусгасан байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг бүрэн эдлэх бөгөөд нэхэмжлэлээ ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг эрхээ олгох замаар хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл уг эрхийг бусдад шилжүүлээгүй байхад анхан шатны шүүх түүний өмгөөлөгчийн хүсэлтээр сөрөг нэхэмжлэлийг буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчжээ.

Зохигчийн хооронд хэзээ, ямар төрлийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэдгээрийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, барьцааны зүйл байгаа эсэх, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ, сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн 210/МА2018/00165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны сарын 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 36 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА