Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/01948

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

   Дугаар 182/ШШ2017/01948

      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ЭБ” ХХК 

Хариуцагч: Э.Н

зээлийн гэрээний үүрэгт 1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, гэрч Э.Б, Ш.Г, В.Э, С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Э.Н нь 2016 оны 06 сарын 27-ны өдөр “ЭБ” ХХК-аас барьцаагүй 1.320.000 төгрөгийг зээлж 2016 оны 12 сарын 27 хүртэл хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохирч хэлцэл хийсэн. Э.Н нь зээлийн төлбөрөө өдий хүртэл төлөхгүй явж байх тул зээлийн гэрээний төлбөрт 1.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Сөрөг нэхэмжлэл хэлэлцэгдэхгүй байх тул тайлбар өгөх шаардлагагүй. Мөнгө төлөх графикийг Э.Н өөрөө төлнө гэж бичиж гаргаж өгсөн байдаг гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны сүүлчээр хариуцагч эртний хийцийн, дунд гарын өөрийн халтар манан хөөргөө “ЭБ” ломбардад барьцаалан уг ломбардаас сарын 8 хувийн хүүтэй, 2.000.000 төгрөг зээлж авсан гэдэг ба 2015 оны сүүлч хүртэл хүүг төлж явсан, хүүд 1.760.000 төгрөг төлсөн гэдэг. Энэ өр бараг төлөгдөж дууссан байна. Нөгөө талаар Э.Н нь 2016 оны 06 сарын 27-ны өдөр “ЭБ” ХХК-аас нэг төгрөг ч аваагүй бөгөөд 1.320.000 төгрөгийг авсан мэтээр баталгаа гаргуулж авсан нь өмнөх 2014 оны сүүлчээр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл. Баримтанд огноо байхгүй, хэдийд авсан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөл 240.000 төгрөг л төлөх байх.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэл гаргагч өөрөө ирээгүй тул буцааж болно гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Өөрийн танил н.Л-ээр дамжуулан түүний найз “ЭБ” ломбардын эзэн Д.Б-т хэлүүлж уг зээлийг авсан билээ. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд хааяа мөнгө өгч, зээлийн хүү 160.000 төгрөгийг сар бүр төлж, гэрээний хугацааг 11 сар сунгаж явсан юм. Зээлийн гэрээний төлбөрийн 1.320.000 төгрөгийг барьцаанд тавьсан хөөргийг үзүүлэхгүй байсан болохоор төлөөгүй. Барьцааны хөөрөг нь эртний хийцийн дунд гарын халтар манан, шүрэн толгойтой, алтан нуухтай, халбага нь 2 хулганын дүрс бүхий алтан утсаар ороосон, зааны ясан халбагатай хөөрөг юм. Д.Б нь зээлийн барьцаанд авсан дээрх хөөргийг надад буцааж өгөөгүй байж, мөн зээлийн үлдэгдэл 1.320.000 төгрөгийг нэхэж байна. Хөөргийг бусдад шилжүүлсэн, одоо хөөрөг хаана байгаа нь тодорхой биш, түүний хувьд миний хөөргийг хууль бусаар захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байх тул ИХ-ийн 495.1, 495.2-д заасныг үндэслэн учирсан хохирол болох хөөрөгний үнэ 6.000.000 төгрөгийг Д.Б-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

            Гэрч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н эгч бид 2 намайг оюутан байхад Дэнжийн 1000-ын цагаан 2 давхар байранд байрлах ЭБ дэлгүүр дээр очиж зээлсэн мөнгөний хүү гэж 160.000 төгрөгийг эгч өгч байсан. Би одоо сургуулиа төгссөн. Оныг санаж хэлж чадахгүй байна, би 2013 онд оюутан болж байсан гэв.

Гэрч Ш.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайх ЭБ гэж компанитай, ломбардтай. Э.Н нь зах дээр ажилладаг,удаа дараа мөнгө зээлддэг байсан, төлөөгүй нь энэ юм. Тэр барьцааны хөөргөө авсан гэв.

Гэрч В.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нгийн хуурай эгч нь. Тэр хөөргөө барьцаанд тавьж ЭБгаас мөнгө зээлсэн гэж байсан. 1 сая төгрөг гэл үү нэхээд байна гэж Н надтай очиж байсан, Болдоо гарын үсэг хийж өг гээд Н бид 2 зөвлөж байгаад мөнгө төлөх баримтыг надаар бичүүлсэн юм. Тэр үед мөнгө аваагүй гэв.

Гэрч С.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н бид зах дээр наймаа хийдэг найзууд. ЭБгаас бид дандаа мөнгө зээлж буцааж төлж байдаг. Н 2014 онд хөөргөө барьцаалж 3.000.000 төгрөг зээлж байсан, түүнийгээ төлж явсан. Мөн 2015 оны хавар 1.000.000 төгрөг зээлж авч байсныг нь мэднэ, хүү тооцоогүй авсан. 2016 онд Э эгчтэй ирж, бичиг хийж өгч байсан. Б чамайг байсан тул өгсөн гэж намайг дуудаж, би ч байсан. Хүүгүй авсан 1.000.000 төгрөг, урд зээлийн үлдэгдэл 320.000 төгрөг, нийт 1.320.000 төгрөгийг төлнө гэсэн бичиг Н хийж өгч байсан гэв.

Шүүх мөнгө төлөх тухай бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1.320.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолно гэж Э.Нгийн  2016 оны 06 сарын 27-ны өдөр бичиж өгсөн “ЭБ ХХК-аас 1.320.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд 2016 оны 12 сарын 27-ны хугацаанд хэсэгчлэн ямар нэг маргаангүй бүрэн төлж дуусгана. Төлөх зарчим ...” гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч, түүний өмгөөлөгч энэ бичгээр нэхэмжлэгчээс мөнгө зээлдэн аваагүй, урьд хөөрөг барьцаалж авсан 2.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг бичсэн, урьд авсан мөнгийг төлж дууссан, хүүд гэж  1.760.000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Мөнгө төлөх тухай бичигт уг бичгийг үйлдэх тухайн үед мөнгө өгч авсан тухай тэмдэглэгдээгүйгээс гадна тухайн үед мөнгө аваагүй, харин Э.Н “ЭБ ХХК-аас 2015 оны хавар хүүгүйгээр зээлдэн авсан 1.000.000 төгрөг, 2014 онд зээлдэн авсан 3.000.000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 320.000 төгрөг, нийт 1.320.000 төгрөгийг төлөхөөр бичсэн бичиг болохыг гэрчүүд тайлбарлаж байна. Гэрч С.Л нь Э.Нтай найзууд ба ЭБ ХХК-аас мөнгө зээлдэхэд нь хамт очиж, хэдэн төгрөг зээлдэж байсныг тодорхой ярьж мэдүүлж байна. Бусад гэрчүүдийн хувьд Э.Н “ЭБ ХХК-аас яг хэдэн төгрөг зээлдэн авч байсан, хэдийг төлж хэд үлдсэн байж болохыг тодорхой мэдүүлж чадахгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн 2014 онд зээлдсэн зээлийн хүүд гэж 1.760.000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид лавтайяа өгсөн гэж тайлбарласнаас үзэхэд мөн онд зээлдсэн мөнгөнөөс төлөгдөөгүй хэсэг үлдсэн нь тодорхой байна.

 Түүнчлэн хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа зээлийн гэрээний төлбөрт 1.320.000 төгрөг дутуу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, барьцаанд тавьсан хөөргийг үзүүлэхгүй болохоор төлөхгүй байсан хэмээн бичжээ.

Иймд хариуцагчаас 1.320.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд илүү мөнгө төлснийг буцаан олгов.

Хариуцагч нэхэмжлэгчээс зээлийн барьцаа болох хөөргийг буцаан өгөлгүй захиран зарцуулсан гэж хөөрөгний үнэнд 6.000.000 төгрөг гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаахыг хариуцагчийн өмгөөлөгч хүссэн тул сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.2-ыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.   Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Э.Нгаас 1.320.000 төгрөгийг гаргуулж “ЭБ” ХХК-д олгосугай.
  2. Э.Нгийн “ЭБ” ХХК-аас хөөрөгний үнэ 6.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Э.Нд буцаасугай.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 36.070 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 34.130 төгрөгийг улсаас, 36.070 төгрөгийг хариуцагч Э.Нгаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД