Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01655

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01655

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Цэрэннадмидийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн засаг даргад холбогдох,

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. 2016 онд сургуулийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан багш болон эцэг эх, төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар бүтээлч санал, санаачлага гарч байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурал болж сургуульдаа үлдэцтэй зүйл хийж бүтээхээр санал гарч, сургуулийн анги танхимын урсгал засвар, тохижилтын ажилд сурагч бүрийн эцэг эхчүүдээс 10 000 төгрөг хандивлах шийдвэр гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүх багш ажилчдын нэгдсэн хурлыг хуралдуулсан. Тус хурлаас багш ажилчид 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлахаар шийдвэрлэсэн. Багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21 780 716 төгрөг, төсвөөс 14 800 000 төгрөг төвлөрснийг сургуулийн урсгал засвар, тохижилтын дараах ажлуудад зарцуулсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 11 сарын дундуур манай сургууль дээр ирж ажил байдалтай цаг гаруй хугацаанд танилцсан боловч сургуулийн захирал надад болон багш, ажилчдад ямар нэгэн тайлбар хийгээгүй яваад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр захирлын ажлыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай захирамжийг танилцуулсан. Нийслэлийн боловсролын газар нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр судлан дүгнэлт гаргалгүй Нийслэлийн Засаг даргад санал оруулж, ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тайлбарт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн 117 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж хуулийн хүрээнд хийгдсэн. Ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тайлан болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ш.Цэрэннадмидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасны дагуу Ш.Цэрэннадмидыг багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс хандив цуглуулсан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэж болохоор байна. Ш.Цэрэннадмид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, БСШУСайд, Сангийн сайдын 2008 оны 56/64 дүгээр тушаал Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийн 2.8, 3.6, Засгийн газрын 2016 оны Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 1, 2.2, Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Илтгэх хуудас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулагдаж, 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/20 тоот захирамжийг хүчингүй болгож, Ш.Цэрэннадмидыг Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн засаг даргын тамгын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 829 114 төгрөг гаргуулж Ш.Цэрэннадмидад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Ш.Цэрэннадмидад олгож, Нийслэлийн засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 242 096 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хандив нь сайн дурын үндсэн дээр хандивлагчдын хүсэл сонирхолд нийцэж сайн дураараа өгсөн байхыг хэлэх бөгөөд Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдож байна. Мөн Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт зааснаар сургуулийн захиралд хандив, тусламжийн мөнгийг бэлнээр захиран зарцуулах эрхийг олгоогүй. Гэтэл шүүх маргаан бүхий асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Сургуулийн захиал нь сургуулийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх мэдлийг нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ. Түүнчлэн сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг орон нутгийн засаг захиргаанаас олгосон төсвийн хэмжээнд бус харин түүнээс давуулах, эцэг, эхчүүдээс албан журмаар хандив авах бодит ямар шаардлага байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 1615 суралцагчаас тус бүр 10 000 төгрөг, төгсөгчдийн хандив нэрээр бага, дунд, ахлах бүлгийн зарим суралцагчаас нийт 1 800 000 төгрөг хураасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх 4/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдуулан иргэн Ч.Урантогос, Д.Баатардорж нарын гаргасан гомдлын мөрөөр шалгалт хийсэн байх ба шалгалтаар нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидыг сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 14 486 700 төгрөгийн хандивын орлогыг төрийн сангийн дансаар дамжуулаагүй, төгсөх ангийн хүүхдүүдээс төгсөлтийн хандив нэрээр 1 800 000 төгрөг, ойн хандивын 9 670 000 төгрөг, нийт 11 472 000 төгрөгийг бэлнээр авч өөрөө захиран зарцуулсан зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Түүнчлэн хэргийн 72-73 дугаар талд авагдсан Эс Эм Аудит ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн аудитын дүгнэлтээр урсгал засварт хүүхдүүдээс хураасан 16 011 000 төгрөг, багш нарын 2 дугаар улирлын урамшуулалд 11 719 700 төгрөг, тоглолт хийсэн билетийн орлогоор 7 350 000 төгрөг бүрдүүлсэн боловч гарын үсгийн бүрдэл, санхүүгийн тэмдэг дутуу, кассын тайланг сар тутам гаргаагүй, хэдэн төгрөгийн үлдэгдэл байгааг харах боломжгүй зөрчил гаргасан гэж дурджээ.

 

Нэхэмжлэгч сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хандивын мөнгө хураасан байх боловч уг мөнгийг хувьдаа завшсан болох нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн аудитын дүгнэлт, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шалгалтын танилцуулга, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн илтгэх хуудас зэрэг баримтаар хангалттай тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-17.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/39 дүгээр тогтоолоор тус сургуулийн 10 жилийн ойг 2017 оны 01 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгосны үндсэн дээр сургуулийн багш, ажилчдын хурлаар сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж, багш, ажилчид 2 дугаар улирлын мөнгөн урамшуулал 50 000 төгрөг хандивлах, сурагч тус бүрээс 10 000 төгрөг хурааж 3 000 төгрөгийн засварт, 7 000 төгрөгийг ойд хандивлахаар шийдвэрлэсэн байна. Хандивын мөнгөөр тус сургуулийн спорт зааланд белтаж /үзэгчийн суудал/, электрон онооны самбар хийж, сургуулийн гадна тохижилт, сургуулийн хашааг шинэчилж бетонон суурь цутгах, сургуулийн хаалгыг шинэчлэх, довжоо дээр налуу зам бий болгох, цэцгийн мандалтай усан оргилуур, аквариум, унадаг дугуйн зогсоол, дуу бичлэгийн студитай болох, урлагийн заалны тайзыг өргөтгөх, сургуулийн гэрэлтдэг хаяг, усжуулалтын систем хийх, мөн цахим хичээл хийхэд зориулж 8 ангид телевизор тавих, бүх давхрыг ус цэвэршүүлэгчтэй болгох, сурагчдын бүтээлийн самбар хийх зэрэг ажлуудыг хийсэн нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж, 6.2.10-т санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг зөрчвөл ажилтан хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидийг хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.10-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ