Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 352

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар магадлалтай, А.Б-д холбогдох 1903005610482 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, О.Даваажаргал, иргэний хариуцагч Г.Х, Х.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт А-ийн Б нь

2019 оны 05 дугаар сарын 26-ны оройн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х.Ц-ийн эзэмшлийн “Нуundai 5 tоn” загварын, 09-27 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, 1.1 Нэг: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, Монгол Улсын стандарт МNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашин тавих техникийн нэмэгдэл шаардлага: 7.3 Тоормосны систем: 7.3.1-д заасан “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй: 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замаас гарч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Бага Нарангийн 9 дүгээр гудамжны ** тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах Д.Б-ын эзэмшлийн зургаан ханатай монгол гэрийг дайрснаас гэрт байсан 11 настай, Б.Э-ийн амь насыг хохироож, 44 настай, Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч А.Б-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “У” ХХК болон Х.Ц нараас хувь тэнцүүлэн 18.960.844 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т, мөн 1.315.650 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжпэгч Б.А-д тус тус олгохоор” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, иргэний хариуцагч Х.Ц, иргэний хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч Г.Х нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан гомдолдоо “...Өмгөөлөгч З.Хүрэлсүх би, үйлчлүүлэгч А.Б-н эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхийн шатнаас эхлэн оролцсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. А.Б нь гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ. А.Б нь жолоочоор “У” ХХК-д ажилд ороод 1 сар хүрэхгүй хугацаанд ажилласан, хэрэг гарсан өдөр хүнд, овор ихтэй ачаатай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гэмт хэрэгт холбогдсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хуулийн этгээд буюу ажил олгогч “У” ХХК нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлдвэрлэгчээс тогтоосон норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгох, түүнчлэн Автотээврийн тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн техникийн хяналт, стандартчилал, үзлэг явуулахад тээврийн хэрэгсэл өмчлөгч хуулийн этгээдийн хүлээх үүргийг тус тус тодорхой хуульчилсан байна.

Гэтэл эдгээр хуулиар тогтоосон шаардлагыг ажил олгогч “У” ХХК бүхэлд нь биелүүлээгүй. Жолооч А.Б-г техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхад байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан үүргийг жолооч хангаагүй гэж буруутган дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл юм. Нэгэнт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоочид шилжүүлж ажилд гаргасан байх тул Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж жолоочийг буруутгах үндэслэлгүй, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тээврийн хэрэгслийн өмчлөгч ашиглалтын журмыг зөрчсөн эсэхийг эхэлж шалгасны дараа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн эсэхийг шалгаж үнэлэх байтал ажил олгогчийн шууд буруутай үйлдэлд жолоочийг давхар буруутгасан нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл, жолооч А.Б нь налуу газар уруудсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахаар жолоочийн бүхээгт бололцоотой бүхий л үйлдлийг хийсэн боловч /эвдрэлтэй тоормосны систем, шаардлага хангаагүй дугуйтай, хүнд, овор ихтэй, даац хэтэрсэн ачаатай/ техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж зогсоож чадаагүй, өөрөө хүндэвтэр зэргийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт ухаан орсон нөхцөл байдал тогтоогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/

Хамгийн ноцтой нь хэрэгт авагдсан баримтаар ачааны тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж хүнд овор ихтэй ачааг зориуд ачсан байхдаа жолоочийг ажилд гаргасан нөхцөл байдалд шүүхүүд огт дүгнэлт хийлгүй эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бүгд Найрамдах Солонгос Улсад ашиглаж байгаад импортоор оруулж ирсэн, насжилт ихтэй, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тодруулбал тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон Үндэсний стандартын шаардлагыг хангуулаагүй, Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон байхад жолоочийг ажилд гаргасан буруутай үйлдэлдээ ажил олгогч “У” ХХК Иргэний хуульд зааснаар гэм хорыг бүрэн хариуцах нь хууль ёс, шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ. Тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.2-т зааснаар торгууль ногдуулсан шийтгэвэр хэрэгт авагдсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар талд/ Хэрэг осол гарсан шалтгаан, нөхцөл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн гэх жолоочийн үйлдэлтэй бус, тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх олон журмыг зөрчсөн өмчлөгчийн үйлдэлтэй шууд холбоотой байхад анхан шатны шүүх буруу дүгнэж ял шийтгэлээ.

Энэ эрүүгийн хэрэгт жолооч, тээврийн хэрэгсэл, ачаа гэсэн 3 гол нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст шүүхээр эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл “ачаа”-тай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаагүй орхигдуулсан. Хэдийгээр 1 дүгээр хавтаст хэргийн 160-182, 193, 194 дүгээр талд бичгийн баримтууд авагдсан байгаа ч нотлох баримтын шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан гэж үнэлэх боломжгүй байгааг анхаарахыг хүснэ. Давж заалдах шүүхээс жолооч А.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнд буруутгах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь буруу бөгөөд хэрэгт шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж нотлоогүй байхад гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд хяналтын шатны шүүхээс хүсэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан жолооч А.Б-н үйлдлийг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал гаргасан гомдолдоо “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар магадлалаар шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 3 жил хорих ял шийтгэснийг эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт /15 дахь тал/ “жолооч А.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан боловч гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үндэслэлтэй тогтоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсгийн /13 дахь талд/ шүүгдэгч А.Б-д оногдуулсан ял шийтгэл нь “... түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал тохирсон байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар жолооч А.Б-г техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, даац хэтрүүлэн ачаа ачсан тээврийн хэрэгслээр зориуд ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч давж заалдах шатны шүүхээс “жолооч А.Б нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй эсэхийг шалгаж, хэрэв тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй байтал тэр үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан ...” гэж дүгнэсэн байна.

Бодит байдал дээр А.Б нь “У” ХХК-д ажилд ороод удаагүй, туршилтын хугацаанд ажиллаж байсан, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, автомашиныг засварлуулах талаар шаардлага удаа дараа гаргаж байсан боловч ажил олгогчийн зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй, засварт байсан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэдгийг мэдсээр байж ажилтанг зориуд ажилд гаргасан, ингэхдээ ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байгаа нь харагдаж байна.

Шүүгдэгч нь 4 дүгээр ангийн боловсролтой, эхнэр, 2 хүүхэдтэй бөгөөд Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан, амьдралын нөхцөл боломж муу, ажил хийх зайлшгүй шаардлагатай, уг хэрэг болох явцад өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг хувийн байдлаас нь дүгнэвэл ажил олгогчийн шууд эрхшээлд байсан нь харагдаж байгаа ба ажилд гарахаас татгалзах боломжгүй нь нөхцөлд байсан нь харагдаж байна. Дээрхээс үзвэл шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал болоод гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд тохироогүй, хэт хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд биеэр эдлэх хорих ялын хэмжээг багасгах бүрэн боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар А.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн зүйлд заасан доод хэмжээ болгон багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.Х гаргасан гомдолдоо “... Г. Хүрэлсүх би А.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байна. Г.Х миний бие энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, зөвхөн X.Ц-н утсаар өгсөн үүргииг гүицэтгэж туслалцаа үзүүлсэн. “Hyundai 5 ton” загварын 09-27 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч, мөн ажил олгогч биш. Иймээс Г.Х надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Х.Ц гаргасан гомдолдоо “...А. Б холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа X. Ц миний бие уг хэргийн хохирогч нарт учирсан хохирлын нийт мөнгөн дүн 20.276.496 төгрөгөөс 3/2 буюу 13.517.662 төгрөгийг хэсэгчлэн нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлж байна. Үлдсэн 3/1 буюу 6.758.081 төгрөгийг А.Б хариуцаж төлнө гэж үзэж байна. Учир нь би жолооч А.Б-г Дундговь аймаг буюу урьд зүг рүү ачаа тээвэрлүүлэхээр томилсон. Толгойтын Бага наран буюу хойд зүг рүү явахыг зөвшөөрөөгүй. Иймээс эсрэг зүг рүү чиглэл өөрчлөн дураараа компаниас А.Б-г хүрэх, буцах замыг туулж энэ хугацаанд зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ашиглаж, учруулсан хохирлынхоо өөрт ногдох хувийг өөрөө хариуцах нь хуульд нийцнэ. Гэр рүүгээ явбал жижиг суудлын машинаар явахыг урьдчилан сануулж, зөвлөж байсан. Энэ нь зөвхөн манай байгууллага ч биш бүх л том оврын машин эзэмшдэг хувийн хэвшлийн байгууллагуудад хэвшил болсон сайн зүйл юм. А. Бат-Эрдэнийг хохирол төлбөрөө төлж дуустал жолоочоос өөр ажлын байраар хангаж туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хохирлоо төлөх буюу төлөхийг илэрхийлснээр А.Б-д хөнгөн ял шийтгэл авах боломж бүрдэнэ гэж ойлгож байна. Иргэн X.Ц-д 8.560.000 хохирол, 5.000.000 гаруй төгрөгийн хор уршиг учраад байгааг шүүх анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин “У” ХХК буюу захирал Г.Х нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй гуравдагч этгээд болохыг X.Ц би гэрчилж байна. Миний утсаар өгсөн үүргийг биелүүлсэн хүн, хариуцлагыг би хариуцна.

Иймд У ХХК буюу Г.Х-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Х.Ц нь тоормосны систем бүрэн бүтэн “Hyundai 5” загварын тээврийн хэрэгсэл ачааг хүлээлгэж өгсөн, иргэн А.Б нь хүлээн авсан байдаг. Тоормосны систем бүрэн бүтэн байдал нь жолооч хүлээн авсан газраас, жолоочийн гэр хүртэл хотын захын хөдөлгөөнд оролцож өгсүүр, өндөрлөг, налуу замуудаар явж очсон шууд санаатай, хэт болгоомжгүй байдал нь бодит үйлдлээр нотлогддог. Харин буцаж уул руу уруудах үед тоормосны системд гэмтэл гарсан байдаг. Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 37, 38 дугаартай дүгнэлт .... баруун хойд талын тоормосны наклад тос мэт зүйлээр бохирдсон байна, осол гарах үед жолоочийн самбаачлах үйлдэл, гэмтэл осол жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан уу гэх мэт олон асуудлаар маргахыг хүсэхгүй байна. Зөвхөн жолооч өөрөө чиглэл зөрчиж явсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан мөн (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ) дээрх нотолбол зохих зүйлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах,прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шалгах ажиллагааны үед тогтоогоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн  тогтоолын тодорхойлох хэсэгт бичээгүй байна. (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дэх зүйлийн 2.1) Зөвхөн ганцаараа үйлдсэн үйлдлийнхээ бодит хохирлоос төлж, өөрөө төлбөрийн хариуцлага хүлээх ёстой. Иргэн X. Ц, А.Б нарт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэхээр байна. Ингэснээр А. Бат-эрдэнийн эрх зүйн байдал ч дээшлэх боломжтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.

Иргэний хариуцагч Г. Х нь ажил олгогч X.Ц ажилтан А. Б-ийн хувьд 3 дахь этгээд юм Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш байна. Тиймээс анхан, давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр ийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заалтуудыг хүчингүй болгох үндэслэл байна. Ингэснээр Эрүүгийн хэргийн хянан шалгах ажиллагаа хууль ёсны болох юм” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөнөөс бусдын амь насыг болгоомжгүй хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл оношилгоонд орсон талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг иргэний хариуцагч тал ойлгох нь зүйтэй. Бусдын амь насыг хохироосон, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирлыг нэн түрүүнд иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, О.Даваажаргал, иргэний хариуцагч Г.Х, Х.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09-27*** улсын дугаартай “Нуundai 5 tоn” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Бага нарангийн 9 дүгээр гудамжны 13/б тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах 6 ханатай гэрийг дайрснаас гэрт байсан бага насны хүүхэд Б.Э-ийн амь насыг хохироож, түүний эцэг Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээч нарын дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Шүүх А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн “... гэм буруугүйгээр хор уршиг учруулсан А.Б-н үйлдлийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, өмгөөлөгч О.Даваажаргалын “... хорих ялыг багасгаж өгнө үү”, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батдоржийн “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү”, иргэний хариуцагч Г.Х-ийн “... надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”, иргэний хариуцагч Х.Ц-ийн “... Г.Хэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанар, түүний улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг ухамсарлах /ойлгох, мэдэх/ боломжгүй байсан нь тогтоогдвол гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үздэг.

Хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн кримналистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3738 дугаартай “... Автомашины урд болон хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй, хэмжээтэй дугуй тавьсан байна ... зүүн хойд наклад нь ослын өмнө үүссэн /гэмтэл/ байх боломжтой гэж үзсэн... хойд тэнхлэгийн тоормос ослын өмнө бүрэн барихгүй байсан байх боломжтой” гэсэн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гаргасан мэдүүлэг тайлбар, шүүгдэгч А.Б-н “... уг машины тоормос нь муу ажилладаг байсан, би гэлдэрч явдаг байсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд тухайн тээврийн хэрэгсэл техникийн шаардлага хангахгүй, бүрэн бус байсан, үүнийг жолооч мэдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Б-г Замын хөдөлгөөний дүрэмд заасан /тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, түүнээс үүсэх хор уршгийг урьдчилан мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ /нэг хүний амь нас хохирсон, нэг хүний биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Б-н “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч А.Б осол болох тухайн цаг хугацаанд “У” ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан, томилолтын дагуу тээврийн хэрэгсэл дээрх тоног төхөөрөмжийг Дундговь аймаг руу хүргэх зорилгоор явж байсан болох нь шүүгдэгч А.Б-н “... би “У” ХХК-д 2019 оны 04 сард жолоочоор ажилд орсон... машиныг өмнө нь намайг барьж ажилд яв гэхэд нь би явахгүй гэдгээ хэлдэг байсан... уг машиныг асаахад гидрийн шингэн асгараад байхаар нь би захирал Г.Х, түүний хүү Х.Ц нарт явахгүй гэж хэлэхэд зүгээрээ шингэнийг нь нэмээд яв, хөнжил гудсаа аваад яваарай гэж хэлсэн”, иргэний хариуцагч Х.Ц-ийн “... А.Б-г би өөрийнхөө энэ ачааны машиныг жолоодуулахаар ажилд авсан ... сард нэг сая төгрөгөөр цалинжуулна гэж аман тохиролцоо хийгээд ажиллаж байсан”, иргэний хариуцагч Г.Хийн “... жолооч А.Бтэй гэрээ хийсэн байсан ... Дундговь аймагт худаг гаргахаар ажиллаж байсан ... жолооч А.Б-г явуулсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “Нуundai 5 tоn” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Ц, “У ХХК”-ийн захирал Г.Х нарыг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин иргэний хариуцагч Х.Ц нь жолооч А.Б-г бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ажилд гаргасан буюу Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд А.Б “чиглэл өөрчилж явсан, Дундговь аймаг руу ачаа тээвэрлүүлэхээр томилсон” гэх боловч энэ нөхцөл байдал нь түүнийг гэм хорын хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх, шүүгдэгч дангаар хариуцах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, О.Даваажаргал, иргэний хариуцагч Г.Х, Х.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, О.Даваажаргал, иргэний хариуцагч Г.Х, Х.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН